14-р Далай лам
Данзанжамц | |
---|---|
14-р Далай лам | |
2012 он | |
Засаглал | 1940 он – өнөө хүртэл |
Өмнөх дүр | 13-р Далай лам Түвдэнжамц |
Мэндэлсэн | 1935 оны 7 сарын 6 (89 нас) Хятад, Хөхнуур, Тагцэр |
14-р Далай лам (Арван дөрөвдүгээр Далай лам), Дээрхийн гэгээнтэн хэмээх Данзанжамц (1935 оны 7-р сарын 6-нд төрсөн, одоо 89 настай) — Буддын шашны урсгал болох шарын шашны тэргүүн лам бөгөөд төвөд үндэстний оюун санааны удирдагч Далай ламын арван дөрөв дэх дүр буюу одоогийн амьд сэрүүн дүр юм. Жанрайсаг бурхан (Мэлмийгээр болгоогч)-ы хувилгаан гэгдэх бөгөөд амьд бодьсадва гэдэг.
14-р Далай лам Данзанжамц төвөдийн уламжлалаар Амдо газар буюу Хөхнуур мужид төрсөн бөгөөд 1933 онд нас барсан 13-р Далай ламын хойд дүрээр тодорч 1940 онд залагдсанаас хойш Төвөддөө амьдарч байгаад 1959 онд 24 насандаа БНХАУ-ын цэргийн хүчтэй сөргөлдөж, улс төрийн шалтгаанаар Төвөдөөс дүрвэж Энэтхэгийн Дарамсалад оршин суух болсон.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]1935 оны 7-р сарын 6-нд Төвөдийн уламжлалт Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу тариачин төвөд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэн нарын насанд хүрсэн 7 хүүхдийн нэг болон төржээ. Хүүг төрөхөд түүнд Лхамдонров гэж нэр хайрласан. Ууган эгч Цэрэндулам түүнээс 16 нас эгч бөгөөд түүнийг дагалдан дүрвэж одоо Төвөдийн хүүхдийн сууринг үүсгэн байгуулж Далай ламын хажууд байна. Том ах Түвдэнжигмэдноров нь 13-р Далай ламын адислалаар нутгийн Тагцэр ринбүчи хувилгааны 6-р дүрээр тодорчээ. 5-р ах Данзанчойжил нь 16-р Нгари ринбүчигээр тодорсон. Эгч Жавзанбадам нь насаараа Төвөдийн хүүхдийн суурингийн ажлыг хийсэн.
Далай ламаар тодорсон нь
[засварлах | кодоор засварлах]1909 онд 13-р Далай лам Түвдэнжамц бурхны шашинтай холбогдолтой газруудаар даянчилж явах үеэрээ Тагцэр суурингаар орж тус нутгийн байгалийн сайхныг биширч, үүгээр дараа заавал ирнэ гэж байсан ажээ. 1933 оны 12-р сарын 17-нд 13-р Далай ламыг таалал төгссөнөөс 4 жил өнгөрсөн хойно "өмнөх дүр таалал төгсөхдөө эхлээд зүүн өмнө зүгт бие цогцос нь налаад дараа нь зүүн хойд зүгт шилжсэнийг" тэмдэг гэж үзэн 1937 онд тодруулахаар гурван хэсэг бүрэлдэхүүн зүүн өмнө, зүүн, зүүн хойд зүгт гарчээ. Лам нар боломжит нэр дэвшигчдийн мэдээллийг Хамын хойд нутагт сууж асан 9-р Ванчин богдод хүргүүлвээс 3 хүүхдийн нэрийг сонгожээ. Ванчин богд нэг жилийн дотор мөн тэнгэрт халив.
Төвөдийг түр хамаарагч Ретин ринбүчигийн зөгснөөр "алтадмал дээвэр, оюу хавтан бүхий том хийдийг дурдаж, тэндээс зүүн тийш толгод руу эргэх замтай, түүний эсрэг талд өвөрмөц дээвэртэй жижиг байшин" байсныг үндэслэн Тагцэр нутгийн хүүг үнэн дүр мөн хэмээсэн нь Лхамдонров хүү байв. Тэдний гэрт очсон ламууд дундаас төлөөлөгчдийн толгойлогч "Хэрвээ чи намайг хэн гэдгийг мэдвэл би чамд өгье" гэж асуухад өөр нутгийн анх удаа уулзсан хүн атал хүү "Сера лам, Сера лам" гэж Лхасын аялгуугаар хэлсэн гэдэг. Дараа ахин очиж зорьсон үнэн учраа хэлж зарим эд өлгийн зүйлсийг үзүүлэхэд 13-р Далай ламын эд зүйлсийг бусад эд зүйлээс ялган таньжээ.
1936 оноос Ма бүлэглэлийн Ма Буфан хотон жанжин Хөхнуур орчмыг Дундад Иргэн Улс (ДИУ)-г төлөөлөн эрхшээж байсан тул Төвөдийн засгийн газраас хэлэлцээ хийж 400 мянган мөнгөн юаниар Ма Буфаны гарыг цайлгаж хүүг Лхас руу авч явахыг зөвшөөрүүлжээ. Тэр хоёр жилийн хугацаанд хүү Хөхнуурын Гүмбүм хийдэд сууж байсан. Улмаар 1939 оны 7 сарын 10-нд хүү эцэг эхийн хамт урт жингийн цуваагаар гарч 3 сар хүнд хэцүү аян замыг туулж 1939 оны 10-р сард Төвөдийн нийслэл Лхас хотод хүрэлцэн очсон байна. Ма Буфан 20 цэрэг гарган хамгаалуулж, Далай ламыг зөвшөөрсөн ДИУ-аас түүнд нэмж 50 000 аян замд зориулж өгчээ.
Ретин ринбүчи нь 14-р Далай ламд өргөмжлөгдсөн Лхамдонров хүүд Данзанжамц гэдэг номын нэр хайрлажээ.
Шашны тэргүүн
[засварлах | кодоор засварлах]Өргөмжилсөн нь
[засварлах | кодоор засварлах]Үе үеийн Далай ламыг шавь нар нь энэрэл нигүүлслийн бодьсадва бөгөөд Жанрайсаг бурхан (Мэлмийгээр болгоогч)-ы хувилгаан хэмээн сүсэглэдэг юм. Бодьсадва хэмээх нь "шашин амьд амьтны тусыг бүтээхийн тулд нирваан бололгүйгээр орчлонд төрөл авахаар сонгосон төрөлхтөн мөн" гэж үздэг ажээ.
14-р Далай ламыг залах ёслолд Лхас хотын Будала ордонд 1940 оны 2-р сарын 22-ны өдөр эхлээд төвөд зан заншлаар болоод дараа нь Хятад болон гадаадын төлөөлөгчдийг оролцуулжээ. Тухайлбал Британийн Энэтхэгийг төлөөлж Сэр Басиль Жон Голд (англи. Sir Basil John Gould ) оролцжээ. Тэрээр харьж очоод Хятадын төлөөлөгч Ү-г идэвхгүй байлаа гээд Төвөд болон Хятадын хэвлэл мэдээлэл гэх юмгүй, дэлхийн том үйл явдлыг ойшоосонгүй эсвэл худал болгон бичихээр байна гэж шүүмжилжээ.
Номд суралцсан нь
[засварлах | кодоор засварлах]Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам зургаан настайгаасаа тухайн үеийн томоохон эрдэмтэн лам, ринбүчи нараар ном заалгаж эхэлжээ. Түүний сургалтын хөтөлбөрт нь их, бага таван ухаан багтдаг байжээ. Их ухаанд учир шалтгааны ухаан, Төвөдийн урлаг соёл, самгарди хэл, тэжээхүй ухаан ба Буддын гүн ухаан орно. Үүнээс Буддын гүн ухаан нь мөн дотроо таван аймгаас бүрэлдэнэ. Тэдгээр нь пражнапарамита буюу билгийн чиндад хүрэхүй, мадхъяамака буюу төв үзэл, винай буюу сахил санваарын ёс, абхидхарма буюу метафизик, прамана буюу логик ба танин мэдэхүй болно. Таван бага ухаан нь яруу найраг, хөгжим, драм, одон зурхай, үг зүй, ёгт нэр зэрэг болно. 1959 онд буюу 23 насандаа тэрбээр Лхасын Жохан сүмд жил тутмын ерөөл хурлын үеэр дамжаа барьсан байдаг. Ингээд тэрбээр дамжаагаа онцгой сайн барьж Буддын гүн ухааны хамгийн дээд, орчин үеийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй дүйцэхүйц лхарамба гэвш мяндаг хүртсэн байна.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Түүхийн явцад Далай лам Лхасд суун Төвөд даяар шашин төрийг хослон барих үүрэг нөлөөтэй болж ирсэн. Энэ нь 5-р Далай ламын 1642 оноос эхлэн 1950-аад оныг хүртэл (1705-1750 оны хоорондыг эс тооцвол) 200 гаран жил үргэлжилжээ. 13-р Далай лам 1912 онд Төвөдийн тусгаар тогтнолыг зарлан тунхагласан ба харин урьд нь Төвөд нь тусгаар боловч 1642-1720 онд хошууд монгол хаад, 1720-1912 онд манж Чин улсын ивээлт орон байжээ.
ДИУ-ын ерөнхийлөгч Чан Кай Ши 1942 онд Хөхнуурын жанжин Ма Буфанд Төвөд рүү довтлоход бэлдэхийг тушаасан ба тушаал ёсоор Төвөдийн хил рүү цэрэг хөдөлгөж зарим сүмийг довтолж байв. Чан Кайши Төвөдийг Японтой хамтарвал агаараас бөмбөгдөнө гэж сүрдүүлсэн байна.
Төвөд БНХАУ-ын хэсэг болсон нь
[засварлах | кодоор засварлах]Хятадын иргэний дайнд эцэстээ 1949 онд коммунист цэргийн хүчин ялж Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) байгуулагдсанаас 1 жилийн дараа 1950 оны 10-р сард Төвөдөөс зугтсан 10-р Ванчин богдын урин залсны учир хэмээх шалтгаанаар Хятадын Ардын Чөлөөлөх Арми Төвөд рүү довтолж зэр зэвсэг муутай Төвөдийн цэргийг төвөггүй ялж өөрсдийнх нь үзэж буйгаар "Төвөдийг чөлөөлсөн" гэж эзлэн авснаас хойш Төвөд нь БНХАУ-ын нэгэн хэсэг болжээ. 1950 оны 11-р сарын 17-нд 15 настай Далай ламыг Түвдийн бүрэн эрхт түр захирагчаар томилжээ. Энэ бага залуу насандаа удирдагч болсон цаг үед аргагүй нөхцлийн улмаас Бээжин рүү Төвөдийн засгийн газрын төлөөлөгчдийг 16 настай 10-р Ванчин богдын нөлөөн доор илгээжээ. Төлөөлөгчид шахаанд орж 1951 оны 5-р сарын 23-нд тусгаар тогтнолоос ухарсан шийдвэр буюу Арван долоон зүйл гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ шийдвэрийг мөн Далай лам нь БНХАУ-ын удирдагч Мао Зе Дун руу цахилгаан утас цохиж зөвшөөрчээ.
1954-1955 оны хооронд 19 настай Далай лам бараг нэг жилийн дотор Хятадыг тойрон аялж хувьсгалт удирдагчидтай уулзан танилцжээ. Энэ үед Хятадын социалист үзэл санаа, ач холбогдол, бүтээн байгуулалтыг үзэж сонсож биширчээ. 1954 оны 9-р сард удирдагч Мао Зе Дунтэй Ванчин богдын хамтаар уулзаж БНХАУ-ын үндсэн хуулийг баталсан Ардын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон ба тус хурлаар Ванчин богдын хамтаар Ардын их хурлын Байнгын зөвлөлийн орлогч дарга албан тушаалд томилогдож байв. Харин жилийн дараа дахин уулзахдаа Мао Зе Дун Далай ламд "шашин бол хор" гэж хэлсэн нь Далай ламын үндсэн сүсэг бишрэлд халдсан, дургүйг хүргэх зүйл болжээ.
1956 онд Далай лам Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр Энэтхэгээр тойрохдоо ерөнхий сайд Жавахарлал Неругээс танай улсад оршин суух улс төрийн орогнол олгох эсэхийг асуусанд Неру түүнд бид Хятадтай 1954 онд энхийн гэрээ байгуулсан учраас боломжгүй гэсэн хариу өгч байжээ.
Дүрвэн гарсан нь
[засварлах | кодоор засварлах]1959 онд Лхаст Хятадын эсрэг хэд хэдэн томоохон бослого болж байх үеэр хүнд байдалд орсон 14-р Далай лам дагалдагсдын хамт Төвөдын өмнөд хөрш Энэтхэг рүү дүрвэн зугтсан байна. Тэр ондоо Хятадын эрх баригчид Төвөдийн босогчдын үймээнийг дарж авсан түүхтэй. Далай ламын араас Энэтхэг рүү 80 мянга гаруй төвөд иргэн Хятадын эрх баригчдаас зугтан дүрвэсэн байдаг. Энэ үеэс Далай лам хилийн чанд дахь Төвөдийн Засгийн газрыг байгуулж 2011 оны 4-р сарын 27-ны өдөр хүртэл тэргүүлсэн бөгөөд түүний оронд Лувсан Сэнгээ Засгийн газрын тэргүүн болжээ.
14-р Далай лам Гадаадын олон оронд айлчилж шашны ном айлддаг байна. Жишээ нь ОХУ-д 1979, 1982, 1986, 1991, 1992, 1994, 1996 болон 2004 онд айлчилж байжээ.
Далай лам Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсч НҮБ-д удаа дараа хандсан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей гурван тогтоолыг (1959, 1961, 1965) баталсан. Түүний үйл ажиллагааны үр дүнд Хятадад хандан Төвөдөд хүний эрх, Төвөд иргэдийн өөрийгөө тодорхойлох эрхийг хүндэтгэхийг уриалсан юм. Тэрээр 1987 онд Төвдийг энх тайвны бүс болгон зарлах, Хятадуудыг Төвөдөд олноор суурьшуулахыг зогсоох, хүний эрх, эрх чөлөөг сэргээх, өвөрмөц экологийг хадгалах, Төвөдөд цөмийн хаягдал булшлахыг хориглох зэрэг “Таван цэгийн энх тайвны төлөвлөгөө”-г дэвшүүлсэн юм. Энэхүү төлөвлөгөөнийхөө төлөө тэрээр 1989 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Албан ёсны Бээжин энэ алхмыг барууныхан Хятадад хандсан найрсаг бус бодлогын илрэл гэж үзжээ. Хятадын эрх баригчид "Төвөдийн асуудал" байгааг үгүйсгэж, одоогийн Далай ламыг "үндэсний эв нэгдэлд заналхийлж буй салан тусгаарлагч" гэж үздэг байна.
Бүтээлүүд:
[засварлах | кодоор засварлах]- "Миний нутаг, миний ард түмэн" (My Land and My People, 1962),
- "Төвөдийн Бурханы шашин" ('Tibetan Buddhism', 1990),
- "Харийн нутаг дахь эрх чөлөө" (Freedom in Exile, 1992),
- "Энэрэн нигүүлсэхүйн ёс зүй" (The Ethic of Compassion, 1999),
- "Хайрыг хэрхэн бэлэглэх вэ?" (2007).
Монголд хийсэн айлчлалууд
[засварлах | кодоор засварлах]Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монгол Улсад нийт 9 удаа айлчилжээ.
Анхдугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]1979 оны 6 сарын 15 буюу билгийн тооллын XVI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн Буддистуудын Энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мигзэм", "Дөрвөн мөрт мигзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.
Хоёрдугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]1982 оны VIII сарын дундуур буюу билгийн тооллын XVI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" хэмээх номыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурханы авшиг", "Жамсран бурханы жэнан" зэрэг ном айлдаж Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.
Гуравдугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]1991 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байв. Дээрхийн Гэгээнтэн бээр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь-Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурханы тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав.
Дөрөвдүгээр айлчлал
[засварлах | кодоор засварлах]1994 оны IX сар буюу билгийн тооллын XVII жарны модон нохой жил морилон ирэв. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурханы зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"- ийн лүн хайрлав.
Тавдугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]1995 оны VIII сар буюу билгийн тооллын XVII жарны модон гахай жилийн намрын эхэн сард тав дахь удаагаа Монголд морилон иржээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам Монголд анх удаа МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын вангийн их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурханы шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав.
Зургаадугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчилсан. "Бодь мөрийн зэргийн гурван эрхэм", "Шүтэн барилдахуйн магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.
Долоодугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]2006 оны VIII сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн Далай багш лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд буй.
Наймдугаар айлчлал
[засварлах | кодоор засварлах]2011 оны XI сарын 7-11. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн бээр оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт", "Шүтэн барилдлагын магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь-Эхийн насны авшигийг тус тус айлдсан юм.
Есдүгээр айлчлал
[засварлах | кодоор засварлах]2016 оны XI сарын 18-23. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдаж “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг хийв.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1959 онд Рамона Магсайсайн шагнал
- 1989 онд Нобелийн энхтайвны шагнал
- 2006 онд Конгрессийн алтан медаль
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Далай ламын албан ёсны цахим хуудас: https://www.dalailama.com/
- Далай лам
- Энхтайвны Нобелийн шагналтан
- Португалын их сургуулийн хүндэт доктор
- Вилхелмийн нэрэмжит Вестфалены Их Сургуулийн хүндэт доктор
- Марбургийн их сургуулийн хүндэт доктор
- Тарту Их Сургуулийн хүндэт доктор
- Инээмсэглэлийн одонгийн кавалер
- Конгрессын хүндэтгэлийн алтан медаль шагналтан
- Рамон Магсайсайн шагналтан
- Вроцлавын хүндэт иргэн
- Будапештын хүндэт иргэн
- Канадын хүндэт иргэн
- Парисын хүндэт иргэн
- Ромын хүндэт иргэн
- Палермогийн хүндэт иргэн
- Варшавын хүндэт иргэн
- Хятадын ардын их хурлын гишүүн
- Шашны тэргүүн
- Төвөдүүд
- Хятадын хүн
- 1935 онд төрсөн