Цэндийн Дамдинсүрэн
Цэндийн Дамдинсүрэн | |
---|---|
| |
Төрсөн: | 1908 оны 9 сарын 14 Дорнод аймгийн Матад сум |
Өнгөрсөн: | 1986 оны 5 сарын 27 (77 насалсан) Улаанбаатар |
Гарал үүсэл | Хатагин |
Яс үндэс | Хатагин |
Боловсрол | Дээд |
Төрөл | шүлэг, өгүүллэг, үргэлжилсэн үг, тууж |
Шагнал | Монгол Улсын төрийн шагналыг 1946, 1947, 1951 онуудад 3 удаа, Ардын уран зохиолч цолыг 1986 онд анх удаа тус тус хүртсэн. |
Xамтрагч | Бямбын Ринчен |
Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэн (1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төрсөн-1986 онд Улаанбаатар хотод нас барсан). -БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч хүн юм.
1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн, 1942-1959 онд "Үнэн" сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-63 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1963 оноос ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. БНМАУ-ын АИХ-ын депутатаар дөрвөн удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон.
Тэрээр монголын шинэ бичгийг зохиох ажилд 1940-оод оны эхээр идэвхийлэн оролцож кирилл үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна. Мөн XIII зууны үед зохиогдсон Монголын нууц товчоо бүтээлийг орос хэлнээс орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэнээр орчин үеийн уншигчид уг түүхийн эх сурвалжтай танилцах таатай боломж нээгдсэн байна. Монголын шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч. Монголын шинэ кирилл бичиг үсгийг зохиосон "эцэг" гэгддэг.
Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн билээ. Сургуульд орсон цагаасаа л бид энэ их хүний дүрмийг нь зохиосон шинэ үсгээр нүдээ нээн, “Цагаан цасан малгайтай…” хэмээн цээжилж, дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гээд үргэлжлүүлэн уншдаг байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Өвөг эцэг Шугарын Эргэзэндоной (186..-1927) бичиг үсэгтэй малчин ард байсан, эмэг эх Гундантангад (187..-1909). Эцэг Э.Цэнд (1882-1923) Матад хошууны Тамгын газар бичээч байсан. Эх нь Г.Уламбаяр (1878-1939).
Өвөөгийнхөө санал болгосны дагуу Матад хошууны МАХН-ын үүрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьжээ. Намын байгууллагад ажиллаж байсан тэрбээр
- Дамдинсүрэн нь эцэг Цэндээр бичиг үсэг заалгаж уншиж бичиж чадах болсон байна. 1923 онд хошууны тамгын газарт бичээч, 1926 оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, Эвлэлийн Төв хороонд ажиллажээ.
- 1926 оноос Залуучуудын эвлэлийн Төв хороонд хэлтсийн дарга болж “Үнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ.
- Дараа нь Үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэ үедээ Улаанбаатарын 21 пүүсийн 240 гаруй ажилчин, мөлжигч данжаад нараа эсэргүүцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтад хүргэснийг Зөвлөлт Оросын нэгэн сонинд бичсэн байдаг аж. Тухайн үед феодалын хөрөнгө хураах ажил ид өрнөж байсан бөгөөд энэхүү комиссын нарийн бичгийн ажил түүнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны үед ажлаасаа халагдсан байна. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсүрэн мөн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж.
- 1932 онд Улаанбаатарт ирж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлагч болж мөн Зохиолчдын бүлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ.
- 1929 онд Зохиолчдын бүлгэмийг анх байгуулалцаж байсан тэрбээр мөн ондоо “Гологдсон хүүхэн” туужаа бичжээ. Уг зохиол Монголын утга зохиолын түүхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дүгнэдэг.
- Зохиолчдын бүлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагүй “Миний нутаг” шүлэгт нь 500 төгрөгийн шагнал олгон, бүлгэмийнхээ хөрөнгө болгож байсан түүхтэй.
- 1933 онд ЗХУ-ын Ленинградын Бага ястны дээд сургууль 1934 оны 3-р сараас Ленинградын дорно дахины дээд сургууль шилжин суралцаж 1938 оны 2-р сард төгссөн байна.
- 1938 он амьдралынх нь хар жил, эх орондоо буцаж ирээд, 11-р сард Дотоод яаманд баригдан, жил гаруй хоригдоод, цагаадан суллагдсан гэдэг. БНМАУ-ын ирээдүйн Ерөнхий сайд болон удирдагч Юмжаагийн Цэдэнбалын хамтран зүтгэгч болов. Ц. Дамдинсүрэн улс төрийн шахалтаар шоронд хоригдон, цаазаар авах ялд тулгагдаж, хуучин монгол бичгийг шинэ кирилл бичигт хөрвүүлэх ажилд гар бие оролцож байжээ.
- 1938 оны 11-р сарын 4-ний өдрөөс Дотоод яам баривчилж хорьж байгаад 1940 оны 1-р сарын 27-нд суллагдсан байна.
- 1940-1942 онд Шинжлэх ухааны хүрээлэнд ажилласан байна.
- 1942 - 1946 онд "Үнэн" сонины редактораар ажиллаж байсан.
- 1946-1950 онд ЗХУ-ын Ленинградын дорно дахины дээд сургуулийн аспирантурд суралцаж 1950 оны 10-р сарын 24-нд Москва хотноо "Гэсэрийн туужийн түүхт үндэс" сэдэвт зохиолоороо дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
- 1950 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдсон.
- 1953 онд Зохиогчдын хорооны даргаар томилогдсон.
- 1961 онд Шинжлэх ухааны академич болсон.
- 1969 онд 50 мянган үгтэй Орос-монгол толь бичгийг А.Лувсандэндэвийн хамт зохион, он тооллын хүснэгт хавсаргасан учир МАХН-ын Төв хорооноос буруутгагдан, шүүхийн тогтоолоор 5600 төгрөг төлөх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал түүний амьдралд бишгүй олон тохиолдож байв.
- 1971-1973 онд ЗХУ-ын Ленинградын Дорно дахин судлах институтэд ажилласан.
- 1972 оны 11 дүгээр сарын 2-нд Хэл бичгийн ухааны доктор цол хүртсэн.
- 1979-1981 Германы Хумбольдтын нэрэмжит их сургуулийн урилгаар Берлин хотод очиж, Ханс Детер Фитце, Гэндэнгийн Лувсан, Габриеле Наги нартай хамт “Герман-монгол толь” зохиолцжээ.
Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж зуун билэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ. Төвд бичиг сайн мэддэг хүнийг Хэл зохиолын хүрээлэнд авч ажиллуулсныг буруутган Төв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа түүнийг буруутган улмаар ажлаас нь халсан байна.
Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бүтээл гарган ном зохиол хэвлүүлсэн түүнийг үндсэрхэг үзэлтэн хэмээн олонтоо хавчин гадуурхаж байжээ.
Цэндийн Дамдинсүрэн 1986 оны 6-р сарын 5-нд таалал төгсжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Ленинград хотын Их сургуулийн монгол хэлний анги төгссөн Л.В.Зевинатай 1936 онд гэрлэсэн.
1937 онд хүү Дамдинсүрэнгийн Лев төрсөн.
1942 онд хүү Дамдинсүрэнгийн Костантин төрсөн.
1946 онд хүү Дамдинсүрэнгийн Михаил төрсөн.
1954 онд охин Дамдинсүрэнгийн Дулмаа төрсөн.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ц.Дамдинсүрэн орос, герман, англи, манж, төвд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон байна.
Зохиол
[засварлах | кодоор засварлах]Яруу найргийн
[засварлах | кодоор засварлах]- 1929 онд, 21 насандаа "Гологдсон хүүхэн" туужаа зохиосон
- 1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлэг
- 1934 онд, 26 насандаа “Буурал ижий минь” эрхэмсэг шүлэг
- 1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” хэмээх 6 мөчлөг бүхий гайхамшигт шүлэг нь түүний яруу найргийн гол бүтээл нь юм
- 1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.
Үргэлжилсэн үгийн
[засварлах | кодоор засварлах]- "Рашааны дусал" зэрэг Энэтхэг үлгэрээс сэдэвлэн сургаалын маягаар бичсэн бол "Гологдсон хүүхэн"[1] туужаа шинэ Монголын амьдралыг дүрслэн бичжээ.
- "Хоёр цагаан юм" өгүүллэг
- "Солийг сольсон нь" өгүүллэг
- "Хачин хурим"
- Чөтгөртэй таарсан нь
- Чемодантай юм
- Бух Гомбо
Орчуулгын бүтээл
[засварлах | кодоор засварлах]Эрдэм шинжилгээний
[засварлах | кодоор засварлах]- "Монголын утга зохиолын ардчилсан чиглэл" - /1955/,
- "Монголын утга зохиолыг судалсан түүх" - /1956/,
- "Соёлын өвийг хамгаалъя" - /1959/,
- "Монголын эртний уран зохиолын товч өгүүлэл" - /1958/,
- "Монголын уран зохиолын судлалын зарим асуудал" - /1959/ зэрэг утга зохиолын нийтлэг асуудлыг судалсан эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэн.
- Монголын уран зохиолын тоймын I дэвтэр: XIII-XVI зууны үе - 1957 онд Улаанбаатарт, 1957 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.
- Монголын уран зохиолын тоймын II дэвтэр: XVII-XVIII зууны үе - 1977 онд Улаанбаатарт, 1982 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.
- Монголын уран зохиолын тоймын III дэвтэр: XIX зууны үе - 1968 онд Улаанбаатарт, 1989 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.
Монголын эртний зохиолын судалгаа шинжилгээний
[засварлах | кодоор засварлах]Ц.Дамдинсүрэн Халхын Лувсанпэрэнлэй, Өөлдийн Намхайжамц, Цахарын Лувсанчүлтэм, Боржгин Равжаа хийгээд Чойжи Одсэр, Шаравсэнгэ, Сономгарва, Гэлэгжамц нарын орчуулагчдын бүтээл, Ишбалжир, Агваандорж, Жамьянгарав нарын шүлэг бүтээлүүдийг нарийвчлан судалжээ. Мөн Нагаржунайн "Рашааны дусал", "Таван шастир" үлгэрийн цоморлог, "Шидэт хүүрийн үлгэр", "Субашид"-ын тайлбар зэрэг зохиолыг нягтлан үзээд, Монгол болон дорно дахины уран зохиолын харилцаа холбоо, хамаарлыг хөгжлийн түүхийг гарган тавьжээ.
- Үндэсний утга зохиолын дурсгалт бичиг "Монголын нууц товчоо"-г эртний Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж эхлэн /1941/, дуусгаад 1947 онд хэвлүүлжээ.
- "Хоёр загалын тууж" - /1956/,
- "Чингис хааны 9 өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шаштир" - /1956/,
- "Убаши хунтайжийн тууж" - /1956/,
- "Хуульч Сандагийн зохиолуудын тухай" - /1957/,
- "Оюунтүлхүүрийн тайлбар" - /1958/,
- "Мандухай сэцэний домог" - /1958/ зэрэг судалгаа шинжилгээний өгүүллүүдийг бичжээ.
- “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж зуун билэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ.
Орчуулгын
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн болон Орос Зөвлөлтийн олон сонгодог зохиолтой Монгол уншигчдыг танилцуулсан юм.
- А.С.Пушкиний "Олег сэцэний дуулал",
- А. С. Пушкиний "Алтан загасны үлгэр" зэрэг зохиолыг эх хэлээрээ орчуулсан нь ардын аман зохиол лугаа нийтийн хүртээл болжээ.
- Ф. Шиллер, М.Лермонтов, О.Бальзак, Ш. Петеефи, В.Маяковский нарын дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын шүлэг зохиолыг эх хэлнээ орчуулжээ.
Бусад
[засварлах | кодоор засварлах]- 1941-1942 онд Монгол үсгийн дүрэм[2] боловсруулж, Ядамжавын Цэвэлтэй хамтарч "Монгол үсгийн дүрмийн зөв бичих толь", 1951
- БНМАУ-ын Төрийн дуулал - /1951/
- 1942 онд Ш. Лувсанвандантай хамтран 30 мянган үгтэй "Орос монгол толь",
- 1967-1969 онд А.Лувсандэндэвтэй хамтран 50 мянган үгтэй "Орос монгол толь" 2 дахь боть,
- Өгүүлэл, найруулал, нийтлэл, тэмдэглэл, шог өгүүллэг, зэрэг сэтгүүл зүйн бараг бүх төрлүүдээр бүтээлээ туурвисан байдаг.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бүл болсон аж. Түүний дөрвөн хүү нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Өдгөө тэд бүгд ОХУ-д амьдарцгаадаг.
Цол хэргэм
[засварлах | кодоор засварлах]- 1950 онд Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн - сэдэв: "Гэсэрийн туужийн түүхэн үндэс"
- 1957 онд профессор цол,
- 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр,
- 1971 онд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хүртжээ.
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- 1932 онд МАХН-ын гишүүн
- 1953 - 1955 онд Зохиолчдын Эвлэлийн Хорооны гишүүн,
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал - 1946 "Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл" зохиосны төлөө
- БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал 2 дахь удаа - 1947 Монголын нууц товчоог орчин цагийн хэлнээ хөрвүүлсний төлөө
- БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал 3 дахь удаа - 1951 БНМАУ-ын Төрийн дууллын үгийг зохиосны тул
- БНМАУ-ын анхны Ардын Уран Зохиолч цол - 1986
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Ардын уран зохиолч, гурван удаагийн Төрийн соёрхолт, хэл бичгийн ухааны доктор, профессор, хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор буюу 1998 онд Чойбалсан хотын Төв номын сангийн өмнө түүний хөшөөг босгосон байна.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Tsendiin Damdinsuren". Mongol Internet.com. Эх хувилбараас архивласан: 18 Нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 25 November 2011.
- ↑ "80 жилийн дараа монгол үсгийн дүрмийн цахим толь бүтээгджээ". zuv.bichig.dev. Татаж авсан: 26 December 2021.
- Википедиа:Онцлох өгүүлэл
- Цэндийн Дамдинсүрэн
- Монголын зохиолч
- Монголын яруу найрагч
- БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
- Монгол хэлнээс орчуулагч
- Монгол хэл рүү орчуулагч
- Орос хэлнээс орчуулагч
- Төвөд хэлнээс орчуулагч
- Монгол Ардын Намын гишүүн
- Монголын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Монгол хэл
- Монголч эрдэмтэн
- Монгол улсын ардын уран зохиолч
- XX зууны манлай
- Монгол Улсын Төрийн шагналтан
- ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
- Матадын хүн
- Монголчууд
- 1908 онд төрсөн
- 1986 онд өнгөрсөн
- Монголын Нууц Товчоо