Алфа Ромео
Алфа Ромео Автомобиль С.п.А. | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Società per Azioni |
Үүсгэн байгуулагдсан | 1910 оны 6 сарын 24 |
Төв байр | Турин, Итали |
| |
Салбар | Автомашин |
Цахим хуудас | www.alfaromeo.com |
Алфа Ромео (Итали: Alfa Romeo) нь италийн автомашин үйлдвэрлэгч хувьцаат компани юм. Компанийн төв нь италийн Турин хотод байрладаг. Тус компани нь 1910 онд италийн Милан хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр Фиат Крайслер Автомобилд харьяалагддаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Суудлын автомашин
[засварлах | кодоор засварлах]Эхэн үе болон улсад харьяалагдсан (1910-1948 онд)
[засварлах | кодоор засварлах]Алфа Ромеогийн суурь үйлдвэр нь Миланы Портелло дүүрэгт 1906 онд үүссэн бөгөөд түүний дараагийн салбар үйлдвэрийг францын бизнесмен Александре Даррак италид төвтэйгээр Социетà Анонима Италиана Даррак гэх нэртэйгээр үүсгэн байгуулж байжээ. Гэвч Александре Даррак нь сайн гэсэн эд ангиудаа зөвхөн францад үйлдвэрлээд байсан нь италичуудад таалагдахгүй байв.[2] Ингээд 1909 онд энэ салбар орчмын нутгийн хэд хэдэн хөрөнгөтөнгүүд нийлэн тус үйлдвэрийн ихэнх хувьцааг худалдан авч өөрийн гэсэн автомашиныг хөгжүүлэхээр болов. Шинэ үүссэн компанийн зохион бүтээгчээр Жусеппе Мероси, захиралаар Уго Стелла ажиллахаар болжээ.[2]
1910 оны зургаадугаар сарын 24-нд Ломбард мужийн компанийн захирал нь компанийнхаа нэрийг Società Anonima Lombarda Fabbrica Automobili (үгчлэн орчуулбал: "Хувьцаат компани, ломбардын автомобилфабрик") гэж нэрлээд A.L.F.A. хэмээн товчлон нэрлэх болов. Энэ үйл явдал нь өнөөдөр тус компанийнг үүсгэн байгуулсан албан ёсны өдөр хэмээн тооцдог.[3] Яг тэр жилдээ тус компани Меросигийн анхны хийц болох 24 HP автомашины загварыг зах зээлд гаргасан бөгөөд тус тэрэгний хөргөх нүүргэвч дээр Алфа гэж маркийн нэрээ бичсэн байна. Үүний зэрэгцээ авто спортод зориулан хоёр Алфа 24 HP гаргасан бөгөөд дараа жил нь буюу 1911 оны тавдугаар сарын Тарга Флориод оролцжээ.[4]
1914 онд дэлхийн 1-р дайн эхлэв. Үүнээс шалтгаалан автомашины үйлдвэрлэлээс зэвсгийн үйлдвэрлэлд шилжлээ. 1915 онд Даррак үлдсэн байсан хувьцаагаа бүгдийг нь зарсан. 1915 оны есдүгээр сарын 21-нд хөрөнгө мөнгөний асуудалтай байсан компанийн нийт хөрөнгийн 95%-г Банка Италиана ди Сконто авчээ. 1915 оны есдүгээр сарын 28-нд тус компани бүх хөрөнгөө зарав.[5] 1915 оны арванхоёрдугаар сарын 2-нд неаполиос гаралтай инженер Никола Ромеогоор удирдуулсан Аккомандита Инж. Никола Ромео & Ко гэх нэртэй зэвсгийн үйлдвэр тус үйлдвэрийг өөртөө нэгтгэн авчээ. Дайны жилүүдэд сум болон онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэн борлуулж нэлээд ашигтай ажилласан байна. Ажилчдын тоо нь 200-гаас 4000 болон өслөө.[6]
Дайны дараа 1919 оноос эхлэн Портеллод ахиад суудлын автомашины үйлдвэрлэлээ сэргээв. 1920 онд компанийн нэрийг шинэ эзэмшигчийн нэрийг оруулан маркийн нэрээр бүртгэсэн нь Алфагаас Алфа Ромео болголоо. 1923 оны автомашины уралдаанд амжилттай оролцон Тарга Флорио авто уралдаанд давхар ялалт байгуулав.[7] 1925 онд автомашины анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явагдсан бөгөөд энэ тэмцээнд Алфа Ромео автомашины анхны дэлхийн аварга болжээ. [8]
Дайны дараах үйлдвэрлэлийн шилжилт нь тийм ч амар байсангүй. 1926 онд Алфа Ромео төлбөрийн чадваргүй болсоны улмаас дарангуйлагч Бенито Муссолинигийн оролцоотойгоор италийн банктай гэрээ хийн тэдний эрхэнд орлоо.[9] Никола Ромеог шахан хавчсанаар түүний оролцоо ч сулран 1928 онд компаниа орхин гарчээ.[5] 1920-иод оны сүүл гэхэд Жусеппе Мероси ч мөн тус компанийнг орхин гарав.[10] Тус компанийн уралдааны жолооч байсан Энцо Феррари өөрийн гэсэн компани байгуулахаар бас л орхин гарчээ.
1933 онд Алфа Ромео улсын мэдэлд шилжив. Гэвч компанийн өөрийн техник технологийн амжилтаар хоцорч орхигдсонгүй, тиймээс ч 1930-аад тэдний үйлдвэрлэж байсан загвар болoх 8C 2900 нь тухайн үеийн цувралаар үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн хурдан автомашинд (205 км/ц) тооцогдож байв.
Дэлхийн 2-р дайн төв үйлдвэрийн тавны гурвыг сүйтгэсэн бөгөөд дайнаас буцаж ирсэн ажилчдын хүчээр сэргээн босголтын ажил эхэлсэн байна. Ингээд 1946 оноос эхлэн шинэ сэргээн босгосон үйлдвэрт үйлдвэрлэгдсэн автомашины цуваа "Алфа Ромео С.п.А" гэх нэртэйгээр гарч эхэлжээ.
Өгсөлт ба уруудалт (1948-1986 он)
[засварлах | кодоор засварлах]Дайны өмнөх жилүүдэд зах зээлд гаргаж байсан зэрэглэл өндөртэй автомашины үйлдвэрлэл нь ихэд жижиг үйлдвэрлэл байв. Харин дайны дараа бусад нэрийн автомашинуудын үйлдвэрүүдтэй адил нийтэд зориулсан автомашины загварыг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн ба үүнд 1954 онд зах зээлд гаргасан Жулиетта болон 1962 оны дундаас гаргасан Жулиа зэрэг загварууд орно.
-
Алфа Ромео Жулиетта (1954–1962)
-
Алфа Ромео Жулиа (1962–1978)
-
Алфа Ромео 33 (1990-1994)
Автомашины олон олон уралдаанд Алфа Ромео Жулиа зэрэг загвараараа амжилттай оролцсон нь 1960-д болон 1970-д онд Алфа Ромео нь дунд давхаргынханд өндөр зэрэглэлийн чанартай спорт загварын автомашин үйлдвэрлэдэг гэх нэр хүндэд хүргэжээ. Цувралаар үйлдвэрлэж буй загвартаа дискэн тоормос, таван араат хурдны хайрцаг, ялангуяа хөдөлгүүрүүддээ хоёр дээр байрлалтай тахир гол болон хэд хэдэн карбюраторыг угсарсан нь бусад энэ зэрэглэлд автомашин үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болсоноор барахгүй зарим нь тэдний техникийг ч сүүлд авч (жишээ нь BMW) ашигласан байна. Үнийн хувьд Жулиа нь түүнтэй адилхан ангилалд орох BMW 2002-с харьцангуй хямд байсан учир худалдан авагчдыг өөртөө илүү татаж чаддаг байлаа. 1961 оноос Алфа Ромео бразилийн Фабрика Национал де Моторес компанитай хамтран ажиллах бөгөөд сүүлд 1968 онд тус компанийнг бүрэн эзэмшилдээ авчээ. Энэ үйлдвэртээ Алфа Рио гэх загварыг европын зах зээлд зориулан гаргаж байж. 60-аад онд мөн Алфа Ромео Рено-той патент солилцоx зорилгоор хамтран ажилласан байна.
1971 оны сүүлээр жижиг дунд ангилалд орох Алфасудыг худалдаанд гаргав. Энэ загвар нь Алфа Ромеогийн үйлдвэрлэсэн анхны урдаа хөтлөх тэнхлэгтэй загвар байсан учир тэдний хувьд техникийн шилжилт хийсэн үе байлаа. Үүний хажуугаар урьдны трансаксле хийцийг эргээд ашиглах болсон ба түүнээ 1972 оны хавраас эхлэн үйлдвэрлэсэн Алфеттад угсарч эхлээд түүнээс хойш бүх дунд ангилалдаа ашиглав. Энэ хийцийг нь Порше ч мөн 70-аад оны сүүлээс ашиглах болжээ. Гэвч аль аль компани нь зах зээл дэх хүссэн борлуулалтаа хийж чадаагүй юм. Улсын харьяат үйлдвэр учраас Алфа Ромео үе үе улсаас тавьсан шаардлагын өмнө бөхийх хэрэгтэй болдог байв.
Алфасудыг үйлдвэрлэхийн тулд өмнөд италид шинэ үйлдвэр барьжээ. Тэр хүртэл Алфа Ромеогийн бүх үйлдвэр италийн хойд хэсэгт байсан. Ингэж өмнө зүгт салбар үйлдвэр барих шалтгаан нь зөвхөн тухайн бүс нутаг дахь ажилгүйдэлтэй тэмцэх байв.[11] Энэ үйлдвэр нь ашиглалтанд орсоноос хойш жилийн дараагаас Алфа Ромеод алдагдалд оруулжээ. Учир нь үйлдвэрлэлтийн бүтээмж муу болохоор үйлдвэрлэгдэж байгаа автомашин бүрт шилжүүлэн тооцоход ойролцоогоор 1000 маркийг нэмж төлж байж.[12] Үйлдвэрээ хаана гэхээр улс төрийн шалтгаанаар хааж болдоггүй, хийсэн бүтээгдэхүүний нь чанар муудан[13] Алфа Ромеогийн өөрийн түвшинд хүрч чадахгүй байлаа.
Бусад бүх автомашин үйлдвэрлэгчдийн адилаар газрын тосны хямрал нь Алфа Ромеог ч бас тойроогүй. Энэ хямралын эсрэг арга хэмжээнд 1978 оноос эхлэн дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлсэн байна. 1986 онд гэхэд Алфа Ромео хүчин чадлынхаа зөвхөн тал хувийг л ашиглаж байлаа.[11]
Ачааны автомашин, автобус, онгоцны хөдөлгүүр
[засварлах | кодоор засварлах]1930 онд Алфа Ромео хөнгөн загварын ачааны автомашины үйлдвэрлэсэн бөгөөд үүний дараа Бюссингийн суурь хийц дээр тулгуурлан хүнд хийцийн ачааны автомашиныг ч үйлдвэрлэв. Дэлхийн 2-р дайны үед Алфа Ромео эхлээд италийн зэвсэгт хүчинд зориулсан ачааны автомашин үйлдвэрлэсэн бол сүүлд германы вермахтад ч бас нийлүүлж байжээ.
Хэрэглээний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ дайны дараа ч цааш нь үргэлжлүүлсэн хэдий ч үйлдвэрлэлтийн тоо хэмжээ нь энэ төрлийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх өрсөлдөгчдөөсөө хэзээ ч илүү гарч байсангүй. 1960-аад оноос хойш Фиат болон Савиемтай хамтран хөнгөн загварын ачааны автомашины загварыг хөгжүүлэв. Харин хүнд хийцтэй ачааны автомашины үйлдвэрлэлээ 1967 онд зогсоосон байна. Бразилд хүнд ачааны автомашинаа 1988 он хүртэл ФНМ маркийн нэртэйгээр үйлдвэрлэжээ. ФНМ нь дараа нь Фиат концерний Ивеко группэд нэгджээ. 1990-ээд он хүртэл Фиат Дукато болон Ивеко Дайли хэмээх жижиг тарнспортеруудыг Алфа Ромео маркийн нэрээр борлуулж байжээ.
Тус үйлдвэрийн бас нэгэн чухал бүтээгдэхүүний тоонд троллейбус[14] ордог. Италийн олон хотууд, цаашлаад дэлхийн олон оронд Алфа Ромеогийн үйлдвэрлэсэн троллейбусыг ашиглаж байсан ба эдгээрийн ихэнх нь 1972 он хүртэл хугацаанд үйлдвэрлэгдэн гарсан загварууд байв.
Үүнээс гадна тус компани дэлхийн 1-р дайны үед болон 1930-аад оноос хойш онгоцны хөдөлгүүрийг их хэмжээгээр үйлдвэрлэж байв.
Техник
[засварлах | кодоор засварлах]Алфа Ромео компанийн хувьд зөвхөн дизайн хөөх бус техник бас чухал байр суурь эзэлдэг. Компани байгуулагдсанаас хойш гурван жилийн дараа буюу 1913 онд л гэхэд Алфа Ромеогийн инженерүүд авто спортод зориулан дээрээ байршилтай хоёр тахир голтой, цилиндр бүрд дөрвөн клапан, шаталтын талбай нь дээврийн хэлбэртэй, цилиндр бүрд давхар ноцоогч бүхий өндөр чадлын хөдөлгүүрийг зохион бүтээж байв. Жишээ нь 1930-аад онд үйлдвэрлэж байсан 6C-загварт гэхэд л клапан бүрд давхар пүрштэй хийцтэй хийгдэж байжээ. Мөн 8C-загвартаа дэлхийд анх удаа цилиндрийн толгойг хөнгөнцагаанаар хийсэн хийцийг ашигласан байна.
1958 оноос таван араатай хурдны хайрцагийг цувралаар үйлдвэрлэн худалдаанд гаргав. GTA загварын их биеийг 1960-аад онд хөнгөн хийцтэй болгохын тулд даацын биш бүх эд хэсгийг хөнгөнцагаан ашигласан байдаг. 1983 оноос эхлэн 33 загвараа олон төрлийн бүх дугуйн хөтлөгчийн системтэйгээр санал болгов. 1997 онд Алфа Ромео дизель хөдөлгүүрийн шууд шүршилтийн технологи болох коммон райл системийг нийтэд танилцуулсан анхны автомашин үйлдвэрлэгч болов.
2009 оноос хойш Алфа Ромео МиТо загвартаа дэлхий даяар анх удаа бүрэн автомат оруулгын клапангийн удирдлагыг мультиайр нэртэйгээр худалдаанд гаргасан. Ийм төрлийн хөдөлгүүрт нь оруулгын тахир гол байхгүй бөгөөд оруулгын клапан нь цахилгаан-гидравликаар цилиндрээ сонгон шаардлагатай үед нэг тактанд хэд хэдэн удаа удирдлагаар нээгдэх боломжтой юм. Клапангийн явалт болон нээлттэй байх хугацаа нь өөр өөрөөр хувьсан өөрчлөгдөх боломжтой.
Автомашины марк
[засварлах | кодоор засварлах]Маркийн тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Алфа Ромеогийн маркийн тэмдэг нь Миланы гүнлиг болон Милан хотын сүлднээс бүрдэнэ.[15]
Энэхүү хоёр хуваасан маркийн тэмдэг нь үүссэн цагаасаа хойш бараг л өөрчлөгдөөгүй. Зүүн талын хагаст цагаан дэвсгэр дээр улаан загалмайтай, баруун талын хагаст хүүхэд идэж буй лууны титэмтэй толгой дүрстэй. Зүүн талын дүрс нь Милан хотын сүлд бөгөөд христийн загалмайг сануулах ба улаан өнгөөр иргэдийг, цагаан өнгөөр тариачдыг төлөөлүүлэн тэдний нэгдлийг илэрхийлжээ. Энэхүү дүрс нь 12-р зууны сүүлээс хотын албан ёсны сүлд болсон аж. Баруун талын хагас нь сүүлд нэмэгдсэн ба тухайн үеийн Миланы гүнлигийг захирч байсан Висконтийн гэр бүлийн хамгийн эрх мэдэлтэй нэгэн гишүүний саналаар бүтээгдсэнийг 13-р зууны сүүлээр хотын сүлд тэмдэгт нэмж оруулсан аж.
Алфа Ромео нь 1910 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн Милан хотын сүлд тэмдэгийг маркийн тэмдэг болгон түүн дээр АЛФА МИЛАНО гэсэн нэмэлт бичигтэй байв. 1919 онд тус бичгийг АЛФА-РОМЕО МИЛАНО болгон өөрчлөв. 1925 онд Алфа Ромео анхныхаа дэлхийн аварга цолыг авсаны дараа бахархал болгон тэмдэгээ тойруулан лаврын навчаар бүтэн тойруулсан дүрс нэмжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдгээрээс хоёроос гурван дүрсийг хассан аж. 1972 он хүртэл хотын сүлд тэмдэгийг Алфа Ромео бичгийг таслах зураастайгаар хэрэглэж байв.
-
1951 оны Алфа Ромеогийн маркийн тэмдэг
-
1956 оны Алфа Ромеогийн маркийн тэмдэг
-
4C дээр байгаа Алфа Ромеогийн маркийн тэмдэг (2013 он)
Хөргөлтийн нүүргэвч
[засварлах | кодоор засварлах]Бусад автомашины маркийн адил Алфа Ромео ч өөрийн гэсэн хөргөлтийн нүүргэвчтэй. Алфа Ромеод үүнийг Scudetto (жижигхэн бамбай, scudo - "бамбай") хэмээн нэрлэнэ. Энэ нарийхан доошоогоо үзүүртэй, хөргөлтийн нүүргэвч нь 1930-аад он бий болжээ. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн дугаар нь автомашины голд биш шилжүүлсэн хажуудаа байрлалтай юм. Ингэснээр дээрх бамбайн дизайнд саад болохгүйгээс гадна гадаад үзэмжинд нь нөлөөхгүй гэж үздэг байна.
Үйлдвэрийн газрууд
[засварлах | кодоор засварлах]Автомашин үйлдвэрлэл нь Миланы Портелло дүүрэгт анх үүсгэн байгуулагдсан үйлдвэртээ эхэлсэн бол 1961 оноос хойш Миланы ойролцооx Арезед салбар үйлдвэр, 1969 онд неаполийн Помильяно-д’Арко хотод нээгдсэн үйлдвэрүүд нэмэгдэв. 1984 оноос 1986 оны хооронд Ниссантай хамтран Алфа Ромео Арнаг Пратола-Серрад угсралтыг нь хийв.
2008 оноос хойш Фиат групп МиТог Туринд байх Мирафиори үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн ба харин Жулиетта (Тип 940)-г Лацио мужийн Кассино хотод үйлдвэрлэж байна.
Үүнээс гадна олны танил болсон автомашины дизайны компаниуд болох Бертоне болон Пининфарина зэрэгтэй гэрээгээр автомашин хийлгэж байжээ.
Гадаадад байх салбар үйлдвэрүүд нь Өмнөд Африк болон Бразилд байрладаг.
Моторт спорт
[засварлах | кодоор засварлах]Алфа Ромео нь аль 1913 онд уралдааны тэрэг зохион бүтээж байв. Алфа Ромеогийн хувьд 1920-иод он болон ялангуяа 1930-аад онууд авто спортын цэцэглэлтийн үе байлаа. 1950 онд шинээр үүсэн бий болсон Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд тэр жилдээ шууд л Жузеппе Фаринагаар дэлхийн аварга болсон бол дараа жил нь Хуан Мануэль Фанжиотой дэлхийн аварга болжээ. 1960-аад онд моторт спортын үйл ажиллагаагаа Автодельта-д шилжүүлжээ. Үүний дараа тоуренваген спортод хүч үзэх болов. Бараг хорин жил шахам энэ төрөлд амжилттай оролцсон ба олон олон ялалтын тавцанд гарч байлаа.
Aвтомашины загвар
[засварлах | кодоор засварлах]Суудлын тэрэг
[засварлах | кодоор засварлах]Урьдны загварууд
[засварлах | кодоор засварлах]Тээврийн хэрэгслийн төрөл анх гарсан оноор | |
---|---|
1910-аад он |
1910–1911 12 HP |
1920-иод он |
1921–1922 20-30 ES Спорт |
1930-аад он |
1931–1934 8C 2300 |
1940-өөд он | |
1950-иад он |
1950–1959 1900 |
1960-аад он |
1960–1964 Дуфине лицензийн үйлдвэрлэл |
1970-аад он |
1970–1977 Монтреал |
1980-аад он |
1983–1994 33 |
1990-ээд он |
1992–1998 155 |
2000-аад он |
2000–2010 147 |
Одооны загвар
[засварлах | кодоор засварлах]Одоо үйлдвэрлэж буй загвар |
2008-оноос хойш Мито |
---|
Бартаат замын тэрэг
[засварлах | кодоор засварлах]Ачааны автомашин
[засварлах | кодоор засварлах]- Алфа Ромео 430
- Алфа Ромео 500
- Алфа Ромео 800
- Алфа Ромео 900
- Алфа Ромео 950
- Алфа Ромео Милле (Алфа Ромео 1000)
- Алфа Ромео AR6 (Фиат Дукато)
- Алфа Ромео AR8 (Ивеко Дайли)
Автобус
[засварлах | кодоор засварлах]- Алфа Ромео 900
- Алфа Ромео 950
- Алфа Ромео Милле (Алфа Ромео 1000)
- Алфа Ромео F12 (жижиг автобус, 1967-1982,)
Троллейбус
[засварлах | кодоор засварлах]- Алфа Ромео 110AF
- Алфа Ромео 140AF
- Алфа Ромео 900
- Алфа Ромео Милле (Алфа Ромео 1000)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Алфа Ромео, албан ёсны цахим хуудас англи хэл дээр
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Harald Wester new CEO of Alfa Romeo Automobiles (Memento 6. Гуравдугаар сар 2016 цахим архивт) PDF; 30 kB, Fiat Group Automobiles S.p.A., 2010-01-22
- ↑ 2.0 2.1 "Automobile quarterly". Automobile quarterly, Band 44, Ausgabe 3. Princeton Institute for Historic Research. Татаж авсан: 2009-09-29.
- ↑ autoweb.com:"Alfa Romeo celebrates 90 years of success"
- ↑ "6^ Targa Florio". Татаж авсан: 2009-09-26.
- ↑ 5.0 5.1 "1915: A.L.F.A. diventa Alfa Romeo". Alfa Romeo. Татаж авсан: 2009-09-26.
- ↑ Vera Zamagni. "The economic history of Italy 1860-1990". p. 221. Татаж авсан: 2009-08-16.
- ↑ "Targa Florio 1923". StefanÖrnerdal. Татаж авсан: 2009-09-03.
- ↑ Hans Etzrodt. "The 1925 Automobile World Championship". Эх хувилбараас архивласан: 2007-08-13. Татаж авсан: 2009-09-09.
- ↑ Franco Amatori. "Beyond the Firm: Business Groups in International and Historical Perspective". Google. Татаж авсан: 2009-11-17.
- ↑ "Automobile quarterly". Automobile quarterly, Band 44, Ausgabe 3. Princeton Institute for Historic Research. Татаж авсан: 2009-09-29.
- ↑ 11.0 11.1 Der Spiegel: Ungleiche Partner, 1986
- ↑ Der Spiegel: Es war ein Drama, 1984
- ↑ "Ein Bild von einem Auto". AUTO BILD 28/2005. 2005-07-27. Татаж авсан: 2009-08-23.
- ↑ Seit 66 Jahren unter Strom Штутгартер Цайтунг. нийтлэгдсэн 2010-11-02, хандсан 2015-01-08
- ↑ Heraldik; Wappen – ihr Ursprung, Sinn und Wert (von Ottfried Neubecker, ISBN 3-8105-1306-7)