Jump to content

Дашзэвэгийн Жаргалсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жаргалсайхан (дуучин)-с чиглүүлэгдэв)
Дашзэвэгийн Жаргалсайхан
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрДашзэвэгийн Жаргалсайхан
Тайзны нэрЧингисийн Жагаа
Хөгжмийн урсгалРок, поп, диско
ЗэмсэгГоцлол дуучин,Гоцлол гитар, Хөгжмийн зохиолч, Яруу найрагч, Рок урлаг судлаач
Идэвхтэй1972–одоо
СтудиJaga music entertainment
Хамтардаг уран бүтээлчидБаянмонгол чуулга 1979-1981
Соёл-Эрдэнэ хамтлаг 1980-1994
Оч хамтлаг 1983-1986
Чингис хаан 1989-одоо

Дашзэвэгийн Жаргалсайхан (Чингис Жагаа; 1959 онд Улаанбаатарт төрсөн) нь Монголын софт рок хөгжмийн Чингис хаан хамтлагийн удирдагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Ардын жүжигчин хүн юм. Түүнийг Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг хэмээн хэвлэл мэдээллийнхэн, хөгжмийн хүрээнийхэн үздэг. Тэрбээр Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч бөгөөд 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ. [1]

Д.Жаргалсайхан Монголын урлагийн гэр бүлд төржээ. Түүний аав Ч.Дашзэвэг нь 20 гаруй томоохон хөшөө дурсгалыг бие даан босгосон Монголын монументаль чиглэлийн том төлөөлөгч, нэрт уран барималч, уран зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хүн юм.[2] Ээж Г.Бадам нь ардын хөгжимчин, хөгжмийн багш байсан төдийгүй хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд 50 шахам жил хөдөлмөрлөсөн, Монгол Улсын Гавьяат багш хүн билээ.[3] Таван настайд нь аав ээж нь төрсөн өдрийн бэлэг болгон авч өгсөн гармони хөгжим дээр чадварлаг тоглож сурсан Жаргалсайхан цэцэрлэгийнхээ уран сайханд "зүтгэж" эхэлжээ. Нийслэлийн арван жилийн 6-р дунд сургуульд сурч байхдаа Зургаан хошуу нэртэй хамтлаг байгуулж Сөгнөгөрийн пионерын зуслан, Үдлэг Баянгол, Батсүмбэрийн сангийн аж ахуйн төв, 6-р сургуулийн хөдөлмөр зуслан, Улсын асрахын газар зэрэгт тоглодог байсан. 1977 оноос ЗХУлсын Эрхүү хотын Их сургуулийн Орос хэлний бэлтгэл анги, 1978 оноос Ленинград хотын Архитектурын их сургуульд (ЛИСИ) суралцсан. 1985 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны дэргэдэх Д.Лувсаншарав, Б.Шарав нарын хөгжмийн зохиомжийн (композицийн) курст хамрагдсан. 1988 онд Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр элссэн. [4] 1979 онд Монголын эстрад урлагийн анхдагч болох Улсын Филармонийн Баянмонгол чуулгын дуучин болсноор уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. 1980 оноос Соёл-Эрдэнэ хамтлагт дуучин, хөгжимчнөөр орсон ба Баянмонгол чуулгад ч дуучнаар давхар ажиллаж байжээ. 1983-1986 онд цэргийн алба хаахдаа Ардын армийн 016-р нэгтгэлийн дэргэдэх Оч хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар ажиллаж байсан. 1989 оноос Чингис хаан хамтлагаа байгуулсан нь түүний уран бүтээлийн амьдралд цоо шинэ, нэгэн том хуудас нээгдсэн явдал байлаа. Хэдийгээр өөрийн хамтлагаа байгуулсан ч 1997 он хүртэл Соёл-Эрдэнэ хамтлагт уран бүтээлээ туурвисаар байсан.

Уран бүтээлийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, хөгжимчин Д.Жаргалсайхан нь хэдийгээр хотод төрж өссөн ч уран бүтээлч аав ээжийгээ даган хөдөө нутгийн амьдралыг багаас үзсэний учир монгол ахуй, ардын ёс заншил, нүүдэлчний соёлын нэгээхэн хэсгүүд нь түүний дууны уран бүтээлд хожим тусгалаа олсон нь ажиглагддаг. Монголын өнгөрсөн дайчин түүх, хүлэг морь, хүчит бүргэд, сэтгэлд уяатай нутгаа санасан хүүгийн сэтгэл, үнэн хайр, бага насны дурсамж, ганцаардал, мөрөөдөл, ухаарал, аав ээжийн элбэрэл, жаргал хүлээсэн зовлон, нарлаг Монгол орон тэр чигээрээ түүний дуунуудад багтаж ирсэн. Тэрбээр дууныхаа аялгуу, шүлэг хоёрыг өөрөө зохиож, өөрөө дуулж хөгжимдөх (нэгдүгээр биеийн урлаг) арга барилыг Монголын рок поп урлагтаа үндэслэснээс гадна уран бүтээлийн ажлынхаа хажуугаар Монголын хөнгөн хөгжмийн урлагийн үүсэл, хөгжлийн талаар судалж хэд хэдэн ном, судалгааны товхимол хэвлүүлжээ. [5]

Уран бүтээлийн он жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1983 онд цэргийн албанд байхдаа Чингис хаан рок-дууллын шүлгээ зохиосон нь үзэл суртлын хүлээстэй социализмын үед их эзэн хаанаа алдаршуулан дуулах зориг, хүсэл эрмэлзэлтэй байсныг нь харуулдаг. 1986 онд цэргээс халагдаж ирээд тус шүлгээ дуу болгосныхоо дараа хөгжмийн найруулга дээр нь нэлээд нягт нямбай ажиллаж эхэлжээ. Соёл-Эрдэнэ хамтлагтайгаа Чингис хаан рок-дууллаа дуулж хөгжимдөхийг нь сонссон хөгжмийн нэрт судлаач, яруу найрагч Жамцын Бадраа Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл болжээ хэмээн Жаргалсайханд баяр хүргэж байжээ. Чингис хаан-рок дуулал нь Олон улсын уралдаан тэмцээнд дуулагдах бүрдээ дээд болон тусгай шагнал хүртэж байсан сайн бүтээл юм. Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1990-ээд онуудад Жаргалсайхан түүхэн, томоохон баяр наадмын зохион байгуулагчдын урилгаар олон тоглолт хийж байсны дотор Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн их ойн даншиг наадам (1990 он), Польшийн Легница хотын төлөө Бат хааны цэрэг Герман, Чех, Польшийн рыцариудтай тулалдсаны 750 жилийн түүхт ойд зориулсан баярын арга хэмжээ (1991 он), Буриадын Улаан-Үд хотноо явагдсан Ази, Номхон далайн орнуудын оюутан, залуучуудын их наадам (1992 он), Чингис хаан хамтлагтайгаа Сингапур улсад 1 жилийн хугацаат гэрээ байгуулан ажилласан, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт болсон Өндөр гэгээн Занабазарын түмэн мэлмий гийсний их ойд зориулсан даншиг наадам (1995 он) зэргийг нэрлэж болно. Үүний дараа тэрбээр бичгийн ширээнийхээ ард хэсэг сууж Соёл-Эрдэнэ хамтлагийн 25 жилийн ойд зориулж Үл тасрах аялгуу номоо бичиж хэвлүүлсэн юм. Өнөөдөр энэ ном уншигчдын хайгаад хайгаад олохгүй ховор нандин зүйлийн нэг болжээ. Жаргалсайхан 1997 оны Улаанбаатарт хуралдсан Дэлхийн Монголч эрдэмтдийн VII их хуралд Монгол ардын дуу хөгжми орчин цагийн Монголын рок поп урлагт нөлөөлсөн нь хэмээх тун сонирхолтой илтгэлийг тавьж гадаадын Монголч эрдэмтдийн анхаарлыг үндэснийхээ рок поп урлаг руу хандуулж чадсан нь Үл тасрах аялгуу номоо бичсэнтэй холбоотой байлаа. Рок-хөгжим судлалын ажлаа гүнзгийрүүлж, шүлгийн номоо хэвлэлд бэлтгэх, дууны шүлгээ бичих зэргийн хажуугаар аялан тоглолтоо тогтмол хийж байсан юм. Зах зээлийн эхэн үед төвийн урлагийн байгууллагууд хөдөө орон нутагт явж урлаг соёлоор үйлчилж чадахгүй болсон үед Чингис хаан хамтлаг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор хөдөөгийн хөдөлмөрчдөдөө хүрч үйлчилж чадаж байснаараа өнөөдрийнхөө оршин тогтнох үндсээ тавьсан гэж үздэг.

Түүний зохиож дуулсан Аяа анд минь хаалгыг минь тогшооч, Төрсөн өдрийн дуу, Хуримын дуу, Чингисийн баатрууд, Бүргэд, Сэтгэлийн толь, Сэтгэлийн үг, Сайхнаа чи минь сайхнаа, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Ерөөлийн дуу, Чамайг юу ч өөрчлөөгүй, Нүдэн охин, Шувууд нутаг буцаагүй, Өөрөөр дуулж би чадсангүй (Тиймээ) зэрэг олон арван хит дуунууд нь хэдийнээ монгол дууны алтан сан хөмрөгт зүй ёсоор багтсан төдийгүй монгол түмний оюуны өв болжээ.[6]

Д.Жаргалсайханы шүлэг болоод хөгжмийг нь зохиосон дуунуудыг монгол судлаач гадаадын эрдэмтэн мэргэд зохиол бүтээлдээ онцолсон нь бий. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номыг зохиогч Жак Уэтерфорд Монголд ирээд хөдөө нутгаар аялж явахдаа түүний “Чингисийн баатрууд” дууг анх сонсоод төрсөн гүнзгий сэтгэгдлийнхээ нөлөөн дор номоо бичиж эхэлснээ дурьдсан байдгаас гадна дээрх номдоо Чингис хаан рок дууллын шүлгээс орчуулж Is it our Fault we have forgotten our history хэмээн эшлэл болгон оруулсан байдаг.[7] Америкийн Индианагийн их сургуулийн эрдэмтэн багш, хөгжим судлаач, доктор Питер Марш Чингис хаан хамтлагийн Д.Жаргалсайханы уран бүтээлд оюун санааны хувьд гүнзгий орсноо хожим өөрийн номдоо онцлож, "Чингисийн Жаргалсайхан бол Монголын Боб Дилан" гэж тодорхойлсон байдаг.[8]

Тоглолтын тоон үзүүлэлтээс

[засварлах | кодоор засварлах]

1975-2020 он буюу нийт 45 жилийн хугацаанд дуучин Д.Жаргалсайхан ойролцоогоор 2500 гаруй удаагийн тоглолт хийж, дунджаар сард 5 удаа тайзан дээр гарч байсан ба бие даасан, бүрэн тоглолтууд дунджаар 2-3 цаг үргэлжилж байсныг 1975 оноос хөтөлсөн түүний тоглолтын жагсаалтаас тоймлон гаргасан болно. Зөвхөн 1995-1999 онуудад Чингис хаан хамтлагтайгаа 200 гаруй тоглолт, нийт 600 гаруй цагийг (Сард тутамд 3 цагийн тоглолт 3-4 удаа хийгдэж байсан) Монголынхоо хөдөө орон нутагт хийсэн ба аймаг сумын соёлын ордон, клубийн суудал ашиглалтыг ойролцоогоор 200-300 хүн гэж үзвэл нийтдээ 60 гаруй мянган хүнд 5 жилийн хугацаанд үйлчилсэн байх юм. Үүнд: Улаанбаатар хот болон, гадаад улсад хийсэн тоглолтуудыг тооцоогүй болно. [9]

Чингис хаан хамтлагтай Улаанбаатар хотод хийсэн бие даасан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1999 оны 12 сард |Жаргалсайханы удирдсан Чингис хаан хамтлаг өөрийн шилдэг дуугаар бүтсэн домогт ХХ зуун концертоо Монгол Бөхийн өргөөнд 3 хоног дараалан тоглосон байна.
  • 2002 оны 3 сард ХХ зуун концертын хаалтын тоглолт нь Монгол бөхийн өргөөнд мөн 3 хоног амжилттай тоглогдож байжээ.
  • 2007 оны 11 сард UB palace-ийн их танхимд 4 өдөр дараалан амжилттай тоглогдсон THE BEST OF CHINGGIS KHAAN концерт. Энэ нь хамрагдсан үзэгчдийн тоогоор тухайн үеийнхээ дээд амжилтыг тогтоож UB palace-ийн Оны тоглолт'-оор шалгарч байв. [10]
  • 2023 оны 9 сарын 16-нд XXI зуун тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийв

Аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

Д.Жаргалсайхан Чингис хаан хамтлагийнхаа ХХ зуун концертоор CHINGGIS KHAAN-WORLD TOUR 2000 дэлхий тойрсон аялан тоглолтыг Америкийн Нэгдсэн Улс, Англи, Герман, Чех, Польш (2006 оны 4 сар), Унгар, Швед, Ирланд, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Оросын Холбооны Улс, Хятад зэрэг улс орнуудад амжилттай хийсэн юм. Мөн 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулж шилдэг дууныхаа концертоороо CHINGGIS KHAAN-ASIAN TOUR 2006 Азийн аялан тоглолтыг зохион байгуулж, гадаад ертөнцөд Монголын рок хөгжмийг сурталчлахад хувь нэмрээ оруулсан юм. Дэлхий тойрсон эдгээр аялан тоглолтоос гадна бүсийн хэмжээний олон хүнийг хамруулсан томоохон тоглолтуудыг Д.Жаргалсайхан Чингис хаан хамтлагтайгаа хэд хэдэн удаа хийж ирсэн юм. 1999, 2003, 2014 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Бор тал, Баянгол, Ховогсайр, Өрөмч, Рашаант, Ил тарвагатай зэрэг газруудад тус тус амжилттай аялан тоглож байв. Мөн 2001, 2014, 2019 онуудад БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот, Шилийн хот, Ордос, Бугат, Сайхан тал, Баруун үзэмчин, Зүүн үзэмчин зэрэг газруудад тогложээ. Үзэж сонирхох хүмүүс заал танхимд нь багтахгүй байснаас үзэгч залуус болон хууль сахиулагчдын хооронд асуудал байнга үүсэж байсан гэдэг. Д. Жаргалсайханы шүлэг, хөгжмийг нь өөрөө зохиож, дуулсан Аяа анд минь хаалгыг минь тогшооч, Төрсөн өдрийн дуу, Хуримын дуу, Чингисийн баатрууд, Бүргэд, Сэтгэлийн толь, Сэтгэлийн үг, Сайхнаа чи минь сайхнаа, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Ерөөлийн дуу, Чамайг юу ч өөрчлөөгүй, Нүдэн охин, Шувууд нутаг буцаагүй, Өөрөөр дуулж чадсангүй (Тиймээ) зэрэг олон арван дуу нь хэдийнээ монгол дууны алтан сан хөмрөгт зүй ёсоор багтсан төдийгүй Өвөр Монгол, Буриад, Халимаг зэрэг монгол туургатан ард түмний дунд ч дуулагдсаар байгаа билээ.

Оролцож байсан олон улсын их наадам

[засварлах | кодоор засварлах]
  • 1990 оны 8-р сард Казакстаны Алматы хотын "Медео" цэнгэлдэх хүрээлэнд 30 шахам орны шилдэг уран бүтээлчид оролцсон Азийн дуу хоолой олон улсын уралдааны Тэргүүн байрын шагналыг хүртэж эрдэнийн чулуун шигтгээтэй алтан цом болон 5000 рублиэр шагнуулж байсан.
  • 1991 оны 10 сарын 27-нд Японы нийслэл Токио хотын "Бүдоокан цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн өнцөг булангаас ирсэн 16 рок хамтлагтай мөр зэрэгцэн "Дэлхийн шигшээ" рок поп хөгжмийн уралдаанд оролцож "Чингис хаан" дуугаараа уг тэмцээний Ерөнхий зохион байгуулагч "Ямаха" пүүсийн тусгай шагнал (Band Explosion’91 World Final Yamaha, Special Staff Prize)- ыг хүртжээ.[11]
  • 1991 оны 10 сарын 28-нд Японы Токио хотын төв Шинжүкүд байрладаг рок хөгжмийн алдартай төвд (PIT INN HALL in SHINJUKU-KU, TOKYO, 3-17-4 SHINJUKU) бие даасан тоглолтоо Японы хөгжмийн хүрээнийхэн, Японы хөгжмийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч нарт зориулан хийжээ.
  • 1992 болон 1997 онуудад Японы Ширатака хотод болсон "Азийн амьд хөгжмийн солилцоо-92" (ASIAN LIVE MUSIC EXCHANGE IN SHIRATAKA), "Азийн амьд хөгжмийн солилцоо-97" хөгжмийн наадмуудад амжилттай оролцсон байна.
  • 2016 онд Монгол хэлтэй үндэстнүүдийн 8-р их наадам Халимаг улс

Гадаад орнуудад хийсэн аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Газар
1984 Оч хамтлаг ЗХУ-ын Читийн орчим
1986 Соёл-Эрдэнэ Герман
1986 Соёл-Эрдэнэ Эрдэнэт хот. Монгол Зөвлөлтийн залуучуудын их наадам
1988 Д.Жаргалсайхан ЗХУ-ын Молдав
1989 Соёл-Эрдэнэ ЗХУ-ын Буриад
1989 Соёл-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО
1990 Чингис хаан хамтлаг “Азийн дуу хоолой” (Voice Of Asia), Алма-Ата, Казакстан
1991 Чингис хаан хамтлаг Band Explosion’91 World Final Yamaha, Токио, Япон
1991 Соёл-Эрдэнэ Халимаг, ОХУ
1991 Соёл-Эрдэнэ Польш, Легница
1992 Чингис хаан ASIAN LIVE MUSIC EXCHANGE IN SHIRATAKA - 92, Япон, Ширатака
1992 Чингис хаан Буриад, Ази, Номхон далайн орнуудыг оюутан залуучуудын их наадам
1993-1994 Чингис хаан Сингапур улсад 1 жилийн гэрээ байгуулан ажилласан
1996 Чингис хаан Сингапур улсад 1 жилийн гэрээ байгуулан ажилласан
1997 Д.Жаргалсайхан БНАСАУ-ын Пхеньяан, Хаврын баяр наадам
1999 Чингис хаан хамтлаг БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хийсэн аялан тоглолт
2000 Chinggis khaan-World Tour 2000 Америк, Англи, Герман, Чех, Польш, Унгар, Швед, Ирланд, БНСУ, БНАСУ, Орос, БНХАУ
2000 Чингис хаан хамтлаг БНХАУ-ын ӨМӨЗО
2001 Д.Жаргалсайхан Европ Европын орнуудад амьдарч байгаа монголчууддаа
2001 Чингис хаан ХХ зуун Солонгос улс
2001 Чингис хаан ХХ зуун ОХУ-ын Москва хот
2003 Чингис хаан БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хийсэн аялан тоглолт
2004 Д.Жаргалсайхан Америк дахь монголчууддаа зориулсан тоглолт
2005 Д.Жаргалсайхан Европ дахь монголчууддаа зориулсан тоглолт /Варшавт Б.Сарантуяагийн хамт 4 сард тоголсон/.
2006 Asian tour-2006 БНСУ, ОХУ-ын Буриад, БНХАУ
2007 Чингис хаан Цагаан сар -2007 Солонгос улс дахь монголчууддаа зориулсан тоглолт
2008 Д.Жаргалсайхан Америк дахь монголчууддаа зориулсан тоглолт
2010 Д.Жаргалсайхан Америк болон Япон дахь монголчууддаа зориулсан тоглолт
2012 Чингис хаан хамтлаг Япон дахь монголчууддаа
2014 6:45 Өвөр Монголд 25 жил БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан Уйгарын өөртөө засах орон
2016 Чингис хаан хамтлаг Солонгос улс
2016 Д.Жаргалсайхан Монгол хэлтэй үндэстнүүдийн 8-р их наадам, Халимаг улс
2017 Чингис хаан Europian tour-2017, Европын Герман, Австри, Чех, Бельги, Швед, Турк улс
2019 Чингис хаан хамтлаг БНХАУ-ын ӨМӨЗО
  • Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол телевизийн хамтарсан 8х3 нэртэй поп дууны анхны шалгаруулах уралдааны Тэргүүн байрыг өөрийн зохиож, дуулсан Төрсөн өдрийн дуу-гаараа хүртэж байсан нь түүний анхны шагнал юм. (1982 он)
  • Монголын Урлагийн Ажилтны Холбооны Шилдэг уран бүтээлчийн шагнал (1990 он)
  • Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан (1991 он)
  • Монголын рок поп хөгжмийн шилдэг эрэгтэй дуучин Пентатоникийн дээд шагнал (1997 он)
  • Монгол улсын Гавьяат жүжигчин цол (1998 он)
  • Тамирчны ялалт хямдхан олдоогүй дууг зохиож дуулсны учир Монголын Үндэсний Олимпын Хорооны Алтан очир одон (2000 он)
  • Монголын хөгжмийн шагнал гардуулах Алтан микрофон наадмын Үзэл бодолдоо үнэнч дээд шагнал (2000 он)
  • Алтан микрофон наадмын Амьд домог номинацын дээд шагнал (2002 он)
  • Америкийн нэрт кино жүжигчин Стивен Сигалын нэрэмжит Холливүүдийн Алтан Од алтан цом (2002 он)
  • Дэлхийн Эв нэгдлийн холбооноос дэлхийн суут хүн Чингис хааны судлал, сурталчилгаанд оруулсан үнэт хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Тэнгэрлэг үйлстэн өргөмжлөл (2004 он)
  • Хаалгыг минь тогшооч, Эрхүүгийн хавар цомгууд нь Монголдоо хамгийн олон жил, хамгийн эрэлт хэрэгцээтэйгээр, хамгийн өндөр үнэтэйгээр борлогдож байгаа СД хэмээн Алтан цомог өргөмжлөлийг Hi-Fi records-оос хүртээсэн. (2005 он)
  • Төрсөн өдрийн дуу, 18 нас минь намайг бүү орхиоч, Харийн нутаг давчдаад байна зэрэг дуунуудыг хөгжмийн урлагийн үнэт бүтээл хэмээн үнэлэн Монголын Алтан дуу хэмээн батламжилсан (2007 он)
  • Мөрөөдсөөр байх болно дууны клип нь UBS music awards-ын шилдэг графикийн шагнал (2008 он)
  • Соёл-Эрдэнэ хамтлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчдийн Монголын рок поп урлагийн хөгжилд оруулсан их хувь нэмрийг үнэлэх үед Д.Жаргалсайханд Алдрын од одонг хүртээжээ. (2013 он)[12]
  • Монголын Зохиолчдын эвлэлийн шагналыг Хаалгыг минь тогшооч, Шувууд нутаг буцаагүй, Тамирчны ялалт хямдхан олдоогүй зэрэг дууны шүлэг бичсэний төлөө хүртээсэн байна. (2019 он)
  • Монгол Улсын Ардын жүжигчин цол (2021 он)

Аудио хуурцаг болон цомог

[засварлах | кодоор засварлах]
Нэр Төрөл Гарсан жил
1 Сэтгэлийн үг хуурцаг 1988
2 Чамайг юу ч өөрчлөөгүй хуурцаг 1991
3 Бүргэд хуурцаг 1993
4 Сарны бүжиг хуурцаг 1994
5 Хаалгыг минь тогшооч хуурцаг 1995
6 Дуулах гэж амьдарсан хуурцаг 1996
7 Мэнгэ төөрсөн амраг хуурцаг 1997
8 ХХ зуун VHS кассет 2000
9 Хаалгыг минь тогшооч CD 2000 [13]
10 Би эргэж ирнэ CD 2003
11 Бодлын дуу CD 2004
12 Эрхүүгийн хавар CD 2004 [14]
13 Бидэнд ялгаа байхгүй DVD 2004
14 Chinggis khaan live in Soul DVD 2004
15 Өөрөөр дуулж би чадсангүй CD 2012 [15]
16 Шувууд нутаг буцаагүй CD 2012 [16]
17 Нүдэн охин DVD 2017
18 Гүрэн Монгол чинь хүлээнэ CD 2019 [17]
19 Чингис хаан CD 2019
20 Зургаа дөчин тав CD 2019

Зохиосон жүжгийн хөгжим

[засварлах | кодоор засварлах]
  • С.Михалковын "Бардам туулай" жүжгийн хөгжим (Улсын Драмын театрт Б.Мөнхдоржийн найруулгаар тавигдсан, 1988 он)

Зохиосон дан хөгжим

[засварлах | кодоор засварлах]
  • "Бид" /рок композиц/ 1988 он
  • Идэр тамирчин /марш/ 1984 он
  • Халагдах цэрэг /марш/ 1985 он
  • Жаавай хонгор /Баруун монгол ардын дууны найруулга/ 1986 он
  • Хоожоомаа /Баруун монгол ардын дууны найруулга/ 1987 он
  • Үлэмжийн чанар /Монгол ардын дууны найруулга/
  • Бид бүгд /дан хөгжим/ 1989 он
  • Азтай цаг /Төгөлдөр хуурын аяз/ 1992 он
  • Бодол хургасан тал /Морин хуурт зориулсан гоцлол/ 1997 он


Бичиж, эмхэтгэж хэвлүүлсэн номууд

[засварлах | кодоор засварлах]
  • Монголын залуучууд, Залуучуудын Үнэн сонинд Хөшигний цаана хэмээх буланг санаачлан хөтөлж байсан. 1987-1991 он
  • Соёл-Эрдэнэ чуулга дуулж байна дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Ө.Наранбаатар дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Д.Галсанбат дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • З.Зундарь дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Г.Жаргалсайхан дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Г.Жаргалсайхан дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Д.Жаргалсайхан дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Үл тасрах аялгуу – 1996 он - Монголын анхны поп хамтлаг болох “Соёл-Эрдэнэ” байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж гаргасан бүтээл юм. Монгол оронд рок поп хөгжим үүсэж, хөгжсөн замналыг дэлгэрэнгүй өгүүлсэн ном юм.[18]
  • Зүрхнээс зүрхэнд дууны шүлгийн эмхэтгэл – 1999 он
  • Зургаа дөчин тав хуучин монгол бичгээр эмхэтгэсэн дууны шүлгийн ном - 2014
  • Мөрөөдсөөр байх болно хуучин монгол бичгээр эмхэтгэсэн дурдатгалын ном - 2017

Тавьсан илтгэлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1997 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтдийн VII их хурал дээр Д.Жаргалсайхан Монголын ардын дуу хөгжми орчин цагийн рок поп хөгжимд үзүүлсэн үр нөлөө гэсэн илтгэл тавьсан байна. [19]
  • 2001 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Д.Жаргалсайхан Монголын рекламын ассоциаци болон Монголын Гадаад харилцааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Монгол улсын гадаад сурталчилгаа сэдэвт үндэсний зөвлөгөөнд оролцон Монголын соёл урлаг Монгол орны гадаад сурталчилгааны тэргүүнд байх ёстой сэдэвт илтгэл тавьжээ.
  1. president.mn: Д.Жаргалсайхан: Хэрмэл жүжигчний л амьдрал ийм байдаг байх, нийтлэгдсэн 2016-05-04
  2. hunnu.mn:[permanent dead link] Газар газарт өнө удаанаар түүний бүтээлүүд сүндэрлэсээр л…, нийтлэгдсэн 2015-01-30
  3. mass.mn: Г.Бадам:Би хүүгийнхээ хөгжмийн анхны багш нь, нийтлэгдсэн 2014-11-26
  4. writersunion.mn: (Memento 18. Дөрөвдүгээр сар 2021 цахим архивт) МЗЭ-ийн бүх гишүүд нэрсийн жагсаалтаар
  5. mmnews.mn: (Memento 18. Дөрөвдүгээр сар 2021 цахим архивт) Д.Жаргалсайхан: Би эх орноо халин дэвэн нисч буй бүргэдтэй адилтгадаг, нийтлэгдсэн 2019-04-25
  6. 24news.mn: Д.ЖАРГАЛСАЙХАН: ХАРИУЦЛАГАД ХҮЛЭГДСЭН ОН ЖИЛҮҮДИЙГ ТУУЛЖ ДЭЭ, ГЭХДЭЭ БУЦАХ ЗАМ БАЙХГҮЙ
  7. en.unesco.org: Genghis Khan and the Making of the Modern World
  8. www.mongoluls.net: Mongolia Sings its Own Song
  9. gogo.mn: Холерын үеэр "Чингис хаан" хамтлаг Хөтөлд тоглосон нь, нийтлэгдсэн 2020-12-02
  10. gogo.mn: Холерын үеэр "Үзэгчдийн хүлээлтийг тайлсан софт рок үдэш, нийтлэгдсэн 2007-11-15
  11. yamaha-mf.or.jp: BAND EXPLOSION '91 World Championship
  12. mass.mn: Соёл -Эрдэнэ хамтлаг “Алдрын од” шагнал хүртлээ, нийтлэгдсэн 2015-07-30
  13. music.apple.com: Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч CD
  14. open.spotify.com: Эрхүүгийн хавар CD
  15. open.spotify.com: Өөрөөр дуулж би чадсангүй CD
  16. open.spotify.com: Шувууд нутаг буцаагүй CD
  17. open.spotify.com: Гүрэн Монгол чинь хүлээнэ CD
  18. monkoha.com: Үл тасрах аялгуу
  19. jstor.org: The Seventh International Congress of Mongolists