Порденоны Одорик

Порденоны Одорик (1286-1331) бол 14-р зууны эхэн үед амьдарч байсан Италийн францискан хуврага, дорно дахинд шашин түгээн дэлгэрүүлэгч, нэрт аялагч юм. Түүний 1318-1330 онд хийсэн Энэтхэгийн далайгаар Монголын Юань улсад шашин дэлгэрүүлэхээр явсан аялал, тэрхүү аяллын тэмдэглэл нь түүнийг олонд алдаршуулсан.

Одорикийг дүрсэлсэн номын зураг

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Италийн зүүн хойно байдаг Фриули мужийн Порденоне хотын Вилланова тосгонд 1286 онд төржээ. Түүний эцэг нь Бохемийн хаан II Оттокарын албат Порденоне хотын сурвалжит баян Маттиуссигийн итали гэр бүлээс гаралтай. Харин Отто Хартигийн бичсэн Католикийн нэвтэрхий тольд Одорик ламыг Чех гаралтай гэж бичжээ.

Тэрээр бага насандаа Францискан ёсны тангараг өргөж, Фриулийн нийслэл Удине хотод байх сүмд элсэв. 1296 онд Балканы хойг, дараа нь Оросын Өмнөд хэсэгт байсан монголчуудад номлогчоор явсан.

1318 оны 4 сард дорно зүгийн Ази тив рүү шашныг дэлгэрүүлэхээр илгээсэн. Падуагаас гарч Венец хотоор дамжиж Константинополь руу явж, тэндээс хөлөг онгоцонд суун Хар тэнгисийг гатлан Требизонд хотод очив. Тэндээс Армени, Медиа, Перс орж Францискан ёсны шашны сүмүүд байгуулж, түгээх зорьж байсан. Ил Хаант Улсад очсны дараа Султание хотоос Кашан, Иездээр орж, тэндээс Персеполис, Шираз, Багдад мужуудаар дамжаад Персийн булангаас далайгаар явахаар болж Ирландын Жеймс гэлэнгийн хамтаар Ормузаас Энэтхэг рүү аялан Мумбай хотын орчмын Тане гэх жижиг хотод очсон. Тэнд хэсэг саатаад Малабарын арлын эрэг дагуух Кодунгаллур, Куйлон хотоор зорчив. Тэндээс Коморын хошууг тойрч Короманделийн эрэг хүртэл яван Гэгээн Томасын сүмд зочилсон байна. Тэндээс Пури хотод очиж, Хиндү шашны бурхан Жаганнатагийн сүйх тэрэгний баярын тухай тэмдэглсэн нь барууны ертөнцөд анх удаа мэдэгджээ. Энэтхэгээс гарч Суматра руу аялан, далайн эрэг орчмын боомтоор явж, Ява, Борнео, Чампа хүрч Их Никобар гэх аралд хүрч очсон байна. Тэндээс Гуанжөү орж, Гуанжөүгээс Фужөү, Жөжян руу орж, тэндээс Ханжөү (Кансай) хот орсон байна. Мөн цааш явахдаа Наньжинаар дайран өнгөрч Хөх мөрнийг гаталж, Их сувгаар Ханбалик дахь Их хааны ордон хүртэл аялжээ. Тухайн үед Есөнтөмөр жинь ван, Юань улсын их хаан болоод байсан цаг үе юм. Тэрээр 1324-1327 оны хооронд гурван жилийн турш Ханбаликт үлдэж шашны хэрэгтээ зүтгэж байсан. Тэрбээр Катарина Вилионигийн булшны чулуу олдсон Янжоу хотод зочилжээ.

Одорик өөрийн буцах замын тэмдэглэлээ бараг бичиж үлдээсэнгүй тул аль газраар явсан зам мөр нь тодорохойгүй үлдсэн. Буцаж ирсний дараахан Одорик Падуа дахь Гэгээн Антониогийн номын ордонд хавсаргасан Миноритын байшинд очоод, тэнд 1330 оны 5-р сард Солагнагийн Фриар Уильямд латин хэл дээр бичүүлжээ.

Авиньон дахь папын ордны зүг явж байхдаа Одорик Пизад өвдөж, төрөлх аймгийнхаа төв Удине руу буцаж очин 1331 оны 1 сарын 14 нд нас баржээ.

Одорикийн аяны тэмдэглэлийн хэвлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Өнөө үед Одорикийн 1350-иад онд хамаарах Латин, Итали, Франц хэл дээрх 73 гар бичмэл үлдсэн бөгөөд бүгд Францын үндэсний номын санд хадгалагдаж байна.

Тус гар бичмэлүүдийг анх удаа 1513 онд Песаро хотод Апостол Зено (1668-1750) гэх хүн lingua inculta e rozza хэмээх нэртэйгээр хэвлүүлэв. Жиованни Баттиста Рамусио Одорикын тэмдэглэлийг анх удаа 1574 онд Итали хэлээр орчуулжээ.

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://archive.org/details/cathaywaythither01yule/page/n7/mode/2up
  2. https://archive.org/details/lesvoyagesenasie00odor/page/n13/mode/2up
  3. https://archive.org/details/sopralavitaeivia00dome