Ся (16 улс)
Арван зургаан улсын үеийн Ся (хятад хэл: 夏; пиньинь: Xià) (407-431) хэмээх улсыг хятадын түүхэн сурвалжид Ху Ся (胡夏), Умард Ся (北夏), Хэлянь Ся (赫連夏) гэж тэмдэглэдэг нь эртний Ся улсаас ялгахын учир юм. Хожуу Цинь улсын жанжин Өмнөд Хүннүгийн Тефу[1] овгийн Лю Бобо 407 онд Шуофан жюньд (одоогийн ӨМӨЗО-ны нутаг Ордосын нутаг) Хожуу Цинь улс-Тоба Вэй улс хоёрын найрамдлын гэрээг эсэргүүцэж бослого гарган, өөрийн биеэ Хүннүгийн их шаньюйд өргөмжлөөд, Ся улсыг байгуулжээ. Лю Бобо бээр их шаньюй болсны дараа өөрийн Лю хэмээх хятад овгийг сольж Хэлянь гэх шинэ овог хэрэглэж эхэлснээр хожмын түүхэнд Хэлянь Бобо гэж дуурсагдах болсон. Хэлянь Бобогийн аав Лю Вэйчэнийг 391 онд Тоба Вэй улсын эсрэг байлдаж яваад алуулсан учраас бослого гаргах шалтаг болсон гэдэг. Ингээд Ся улсыг байгуулсны дараа Хожуу Цинь улсын эсрэг их бага хэмжээний тулаан хийж, 416 онд Гуаньжуны бүс нутаг, тэр дундаа Хожуу Цинь улсын нийслэл Чаньань хотыг эзэлж томоохон ялалт байгуулжээ. Хэлянь Бобо 425 онд өөд болсны дараачаас тус улсыг хойд, зүүн хойд зүгээс Тоба Вэй, баруун зүгээс Түгүхүнь улс довтолсоор 431 онд Тоба Вэй улсад эзлэгдэж мөхсөн.
Хятадын түүх |
---|