Jump to content

1924 оны Өвлийн Олимп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Шамонигийн олимп-с чиглүүлэгдэв)
Өвлийн олимпын анхдугаар наадам
I Olympic Winter Games

Зохиогдсон хот  Франц, Шамони
Оролцсон улс 16
Оролцогчдын тоо 258
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
7 төрөл, 16 цогц медаль
Нээлтийн ёслол 1924 оны 1 сарын 25
Хаалтын ёслол 1924 оны 2 сарын 5
Наадмыг нээгч Гастон Видаль
Тамирчдын тангараг Камилле Мандриллон
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Стад Олимпик

Өвлийн олимпын анхдугаар наадам буюу Шамонигийн олимп (Англи: I Olympic Winter Games) нь 1924 оны 1 сарын 25-наас 2 сарын 5 хүртэл Альпийн нурууны Монблан оргилын бэлд орших, Францын Шамонид зохион байгуулагдсан өвлийн олимпын наадам юм. Тухайн үедээ Францын ҮОХ-ноос Олон Улсын Өвлийн Спортын долоо хоног (Франц: Semaine Internationale des Sports d'Hiver) гэдэг нэрээр, туршилтын журмаар зохион байгуулагдсан бөгөөд дараагийн жил нь Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхий Ассемблейгаар Өвлийн олимпын анхдугаар наадам гэж нэрлэхээр тогтсон байна.

1924 онд ийнхүү эхэлсэн өвлийн олимп 1992 он хүртэл зуны олимптой нэг жилд зохион байгуулагддаг байв.

Уран гулгалт Лондон, Антверпены олимп, хоккей Антверпены олимпын хөтөлбөрт багтаж байсан ч өвлийн спортын төрлүүд нь улирлаас шалтгаалдаг билээ. 1921 онд Лозаннад болсон Олон Улсын Олимпын Хорооны хурлаар өвлийн спортын төрлүүдийг дэлгэрүүлэх, ижил боломж олгох талаар шийдэж, урт удаан хугацааны мэтгэлцээний эцэст "Олон улсын өвлийн спортын долоо хоног"-ийг 1924 онд Шамонид зохион байгуулахаар шийдсэн юм.

Өвлийн олимпын түүхэнд анхны алтан медалийг тус наадмын нээлтийн хөтөлбөр болох тэшүүрийн 500 метрийн төрөлд Чарльз Жевтрав хүртсэн байна. Тэшүүрийн бусад төрөлд Жулиус Скутнабб, Клас Тюнгберг нар тэргүүлсэн аж.

Соня Хени 17-хон настайдаа эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд оролцов. Хэдийгээр тэр сүүлийн байрт орсон ч фэнүүдийн дунд алдаршиж, дараагийн 3 олимпын аварга болсон билээ.

Гиллис Графстрём 1920 оны зуны олимпын уран гулгалтын төрөлд түрүүлсэн амжилтаа бататгаж, спортын нэг төрлөөр, гэхдээ өвөл зуны олимпын аль алинд нь алтан медаль авсан хүн болж түүхэнд үлдэв.

Канадын хоккейн баг өрсөлдөгч багуудаасаа хол тасархай болохоо харуулж, хэсгийн тоглолтонд Швейцар, Чехословак, Швед, Их Британийн багуудтай тоглохдоо 110 гоол оруулж, дөнгөж 3-хан гоол алдсан байна.

Графстрёмтой адилаар, Канадын хоккейн баг 1920 оны Антверпены зуны олимпоос алтан медаль авсан амжилтаа Шамонид давтав. Канадууд хоккейн спортын олимпын хөтөлбөрт багтсан эхний 7 олимпын 6-д нь түрүүлж, дэлхийд ноёрхож байсан билээ.

Спортын төрлүүд

[засварлах | кодоор засварлах]

7 төрлийн спортын 16 цогц медалийн төлөө тамирчид өрсөлдсөн. Олон эх сурвалжид кёрлинг, цэргийн манааг албан ёсны бус, үзүүлэх төрөл байсан гэж бичдэг. Гэхдээ тухайн үедээ тийм ялгаа байгаагүй. 2006 оны 2 сард ОУОХ кёрлингийг тус олимпын албан ёсны хөтөлбөрт багтаж байсан гэж тооцохоор шийдэж, медальтнуудыг нь албан ёсны дүнд оруулахаар болсон байна.

Оролцсон орнууд

[засварлах | кодоор засварлах]

16 орны тамирчид анхны өвлийн олимпын наадамд оролцжээ.

 Эстонийн нэг тамирчин тэшүүрийн төрөлд оролцохоор бүртгүүлсэн боловч уралдаагүй байна.

Медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1  Норвеги 4 7 6 17
2  Финланд 4 4 3 11
3  Австри 2 1 0 3
4  Швейцар 2 0 1 3
5 Америкийн Нэгдсэн Улс 48Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс 1 2 1 4
6  Нэгдсэн Хаант Улс 1 1 2 4
7  Швед 1 1 0 2
8  Канад 1 0 0 1
9  Франц 0 0 3 3
10  Бельги 0 0 1 1