Jump to content

Дэн Сяопин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэн Сяопин

Дэн Сяопин (хятад уламжл. 鄧小平, хялбар. 邓小平, пиньинь Dèng Xiăopíng; төрөхдөө Дэн Сяньшэн (хятад уламжл. 鄧先聖, хялбар. 邓先圣, пиньинь Dèng Xiansheng); 1904 оны 8-р сарын 22-нд төрсөн- 1997 оны 2-р сарын 19-нд нас барсан) -Хятадын алдарт нам, төрийн зүтгэлтэн. Албан ёсоор улсын тэргүүний албан тушаал хашаагүй боловч 1978-1989 онуудад Хятадыг удирдаж байсан хүн.

Хятадын "Соёлын хувьсгал" хэмээх зарлагдаагүй иргэний дайныг дараах нурсан улсыг өвлөн авсан Дэн Сяопин Хятадын удирдагчдын хоёр дахь үеийн гол төлөөл юм. Тэрээр "Хятадын онцлогтой социализм" -ын зарчмыг боловсруулан хятадын шинэ сэтгэлгээг нэвтрүүлж, Хятадад эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж улмаар улс орноо өнөөгийн дэлхийн зах зээлийн томоохон тоглогчийн нэг болгож чадсан хүн юм.

Хятадын Сычуань мужийн Гуаньяан дүүргийн Чунцинь хотоос 100 км-т орших Пайфан тосгонд хөдөөний сэхээтний гэрт 1904 оны 8-р сарын 22-нд төрсөн. Чэнгду-гийн Их сургуулийн хууль, улс төрийн ангийг төгссөн түүний эцэг- Дэн Вэньмин ууган хүүдээ боловсрол олох нь чухал гэж мэдээд Чунцинь хотын хамгийн сайн сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлсэн байдаг ажээ. Сургуульд сурч байх үедээ Дэн нэрээ сольж өөрийгөө Дэн Сисянь (хятад уламжл. 鄧希賢, хялбар. 邓希贤, пиньинь Dèng Xīxián) гэж нэрлэх болсон байна. Эхийг нь Дань Ши гэдэг байсан бөгөөд Дэн айлын ууган хүү байжээ. Тэрээр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй байжээ.

Дэн 1919 онд 15 настайдаа Франц улсыг зорьж 1920 оны 12-р сард 210 оютнуудын хамт "Андрэ Лион" усан хөлөг онгоцоор Францын Марсель боом хотод очсон байдаг. Эдгээр оюутны дотор Хо Ши Мин, Жоу Эньлай, Пол Пот нар байсан гэдэг. Францад очоод мөнгөөр их дутагдаж ихэнхи цагаараа ажил хийж байжээ. Төмрийн уурхай, «Рено» автомашины үйлдвэр, гал сөнөөгч, хоолны газрын үйлчлэгч зэрэг олон төрлийн ажил хийдэг байжээ. Францад байх хойгуур нь түүний эх нас барж эцэг нь хэд хэдэн удаа амжилтгүй гэрэлсэн байдаг.

Францад Дэн Сяопин бусад нөхдийнхөө нөлөөн дор өргөн дэлгэрч байсан марксизмын үзэл санаанд автаж, суртал ухуулгын ажил хийдэг байжээ. 1922 онд тэрээр Хятадын Коммунист Залуучуудын Холбоонд, 1923 оны хоёрдугаар хагаст Дэн Хятадын Коммунист Намд тус тус элсэж, Хятадын Коммунист Залуучуудын Холбооны Европын салбарын удирдагчдын нэг болсон байна.

1926 оны 1-р сард тэрээр Францаас Зөвлөлт Орос орон руу И.Сталины нэрмжит Дорнын Ажилчдын Их Сургуульд суралцахаар явжээ. Москва дахь тус сургуульд Чан Кайшигийн хүү Зян Зинготой хамт нэг ангид сурч байсан гэдэг. Энэ үед ЗСБНХУ-д Эдийн засгийн шинэ бодлогын /НЭП/ эсрэг хурц тэмцэл өрнөж байсан бөгөөд Дэн Оросын большевикуудын үзэл бодол, капитализмаас социализм руу шилжих үеийн тухай Николай Бухарины үзэл бодолтой танилцах боломж олдсон гэж үздэг. Удалгүй 1927 оны 9-р сард тэрээр эх орондоо эргэн ирсэн байна.

Улс төрийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]
Дэн Сяопин, 1937 онд

Дэн Сяопин эх орондоо буцаж ирээд нууц бүлгэмд ажилладаг болжээ. Хятадын Улаан армийн их аянд оролцож явахдаа намын улс төрийн ажилтан болсон байна. Анхлан дивизийн комиссар, дараа нь алдарт "Наймдугаар арми"-ийн комиссар болж дэвшисэн юм. 1928 онд тэрээр Гуанси дахь Гоминданы Засгийн газрын эсрэг бослогыг удирдсан боловч удалгүй бослого дарагдаж, тэр Зөвлөл засаглал тогтсон Зянси руу нүүжээ. Эдгээр он жилүүдэд Дэн улс төрийн ажилтан, цэргийн дипломатчийн туршлага хуримтлуулж, асар их зүйл сурч мэдсэн гэдэг. Хятадын Иргэний дайны үеэр залуу Дэн өмнөд хятадаас умард руу явагдсан "Их нүүдэл"-д амжилттай оролцож, 1934 оны 12 дугаар сард ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын даргаар дахин томилогдлоо. Дэн улс төрийн комиссараар ажиллаж байхдаа Хятад Японы дайнд болон Гоминдантай хийсэн тэмцэлд хэд хэдэн амжилттай цэргийн ажиллагаа зохион байгуулжээ. Дэн Сяопин 1947 оны 11-р сард Чан Кайши өөрөө суурьшиж байсан Гоминданы хүчний эсрэг довтолгоог удирдаж байжээ. Мөн оны 12-р сарын 1-нд Чунцинг эзлэн авсан юм. Гоминданы хятадад байсан энэ сүүлчийн бэхлэлтийг 1948 оны 12-р сарын 10-нд коммунист цэргүүд эзлэн авсан бөгөөд тэр өдөр Чан Кайши тэргүүтэй Гоминданыхан Тайвань арал руу зугтсан байна.

БНХАУ байгуулагдсан жилүүд

[засварлах | кодоор засварлах]

1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ-ыг байгуулсны дараа Дэн тус улсын баруун өмнөд бүс нутагт намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ. Тэрээр их удирдагч Мао Зэдуны бодлогыг дэмжиж, шинэ засгийн газрын хэд хэдэн чухал албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 1952 оны 7-р сард Мао Зэдун түүнийг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор Бээжинд шилжүүлэн татан авсан юм. 1953 оны зун Дэн Сяопин БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн хорооны нэгдүгээр орлогч дарга, Сангийн сайдаар тус тус томилогдсон байна.

1954 оны 4 дүгээр сард түүнийг ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газар, зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилов. Мөн оны 9-р сард түүнийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор баталсан байна.

1955 оны 4-р сард түүнийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээр сонгожээ. 1956 оны 9 дүгээр сард ХКН-ын VIII их хурлын дараа Төв Хорооны анхны бүгд хурлаар Улс төрийн товчооны гишүүн, Улс төрийн товчооны байнгын хороо, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Энэ нь Хятадын Коммунист намын Төв хорооны /Мао Зэдун/ даргын удирдлагаар намын өдөр тутмын ажил, ялангуяа нарийн бичгийн дарга нарын газрыг удирддаг намын хоёр дахь тушаал байв. Ингэж Дэн Сяопин намын дээд удирдлагад орж иржээ. Ийнхүү сонгогдоход олон хүчин зүйл нөлөөлсний, иргэний дайнд байгуулсан гавьяа, Франц, Зөвлөлтөд эзэмшсэн боловсрол болон дэлхийн бодлогын асуудлаар хэнтэй ч санал солилцдог, гадаадынхны өмнө биеэ зөв авч явдаг чанар нь юуны түрүүнд орсон гэж үздэг.

1957 оны 2-9 дүгээр саруудад Маогийн өмнөөс тэрээр "намын цэвэрлэгээ" болон бүх Хятадын "Зуун цэцэг дэлбээлцгээе" кампанит ажил явуулж, үүний дараа сэхээтний эсрэг кампанит ажлыг удирдсан байна.

Лю Шаоцы-тай тэрээр ойртсон байна. "Их үсрэлт" хийх бодлого нуран унасны дараа Дэн Сяопин, Лю Шаоцы нар ХКН-д байр сууриа бэхжүүлэв. Тэд хамтдаа Маогийн "Их үсрэлт"-ийн бодлогын алдааг засахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэл хийж, улмаар намд нөлөөлж, хүн ардын дунд нэр хүндтэй болж эхэлсэн байна.

Дэн Сяопин. АНУ-ын төлөөлөгчдийн хамт

1961 онд Гуанжоу хотод болсон нэгэн хурал дээр тэрээр өөрийнхөө хамгийн алдартай Муур цагаан эсвэл хар байх нь хамаагүй, хулгана барьж чаддаг байх нь чухал" гэсэн үгийг хэлсэн байдаг юм.

1963 онд ХКН-ын төлөөлөгчдийг тэргүүлэн ЗХУКН-тай харилцаа хэвийн болгох хэлэлцээрт оролцов. Үүгээр Дэн Сяопин марксист-ленинист шугамаас хазайсан болохоо зөвлөлт "ах нартаа" харуулж, зөвлөлтийнхний үүрдийн дайсан болсон гэлцдэг.

1966 онд "Соёлын хувьсгал" эхэлж Дэн бүх албан тушаалаасаа халагдсан юм. 1966 оны 8 дугаар сард Дэний хашиж байсан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал татан буугдсан байна. 1967 оны 4 дүгээр сарын 1-нд ХКН-ын төв хэвлэл болох "Жэньминь жибао" болон "Хунчи" зэрэг сонинд Дэн Сяопиныг анх удаа "Лю Шаоцын нэрээр засгийн эрхэнд байгаа, капиталист замаар явсан хамгийн том хүн" гэж нээлттэй зарласан байна. 1967 оны 7-р сарын 29-нд соёлын хувьсгалч ажилчид Дэн болон түүний эхнэрийг жагсаал руу чирж, доромжилж, зодож, дараа нь гэрийн хорионд оруулсан ажээ. Улаан хамгаалагчид түүний хүү Дэн Пуфанг барьцаалж, эхлээд эрүүдэн шүүж, дараа нь 3 давхрын цонхоор шидэж насан туршид нь тахир дутуу болгожээ. 1969 оны 10-р сарын 22-ны өдөр Дэн эхнэр, хойд эхийн хамт Бээжингээс Нанчан руу хүргэж, хуучин явган цэргийн сургуульд гэрийн хорионд байлгаж, тракторын үйлдвэрт жирийн ажилчин болгон явуулсан байна. Энэ үед Дэн шүүхэд дуудагдаж, шоронд нас барсан Лю Шаоцы-г бодвол би илүү азтай юм гэж өөрийгөө үзэж байжээ.

Францад залуудаа найзалж эхэлсэн, хорт хавдраар өвчилсөн Ерөнхий сайд Жоу Эньлай өөрийн залгамжлагчаар Дэн Сяопиныг сонгож, түүнийг улс төрд эргүүлэн авчрахыг Мао Зэдунд итгүүлж чаджээ. 1973 оны 3-р сард Жоу Эньлай өөрийн Засгийн газарт түүнийг Ерөнхий сайдын орлогч болгож, ХКН-ын X их хурлаар Төв хорооны гишүүнээр сонгуулж, 12 дугаар сард Мао Зэдуны санал болгосноор түүнийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүдийн бүрэлдэхүүнд оруулжээ.

1974 оны 4-р сард Дэн Сяопин Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд Мао Зэдуны "Гурван тулгуурт ертөнц" -ийн онолын талаар илтгэл тавьж үг хэлсний дараа Хэнри Киссинжертэй хэлэлцээр хийсэн байна. Аравдугаар сард Мао өөрөө Дэн Сяопиныг ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын даргаар томилсон байна.

Жоу Эньлай 1976 оны 1-р сард нас барсан байна. Дэн Сяопины улс төрийн өсөлтөд Жоу Эньлай чухал үүрэг гүйцэтгэж байсан тул түүний үхэл нь Төв Хороонд Дэнийг дэмжих хүнгүй болгожээ. Оршуулгын дараа "Дөрвөн бүлэг дээрэмчид" Маогийн зөвшөөрлөөр "Дэнийг шүүмжил, зөв ​​зүйлтэй тэмц" нэртэй кампанит ажил эхлүүлжээ. Хуа Гофэн Жоу Эньлайгийн залгамжлагчаар тодорсон байна. Тэр жилийн 2 дугаар сарын 2-нд Төв Хороо яаралтай удирдамж баталж, Дэн Сяопиныг гадаад харилцааны салбарт ажиллахаар шилжүүлсэн бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ түүнийг намын аппаратын албанаас зайлуулсан хэрэг байлаа. Дэн дараахь саруудыг гэртээ өнгөрөөж, хувь заяаныхаа шийдвэрийг хүлээж байв. 3 дугаар сарын 3-нд Мао Соёлын хувьсгал хууль ёсны болохыг баталгаажуулсан удирдамж гаргаж, удирдамжийг дагаж Дэнийг шүүмжлэх кампанит ажил эхлүүлжээ. "Дөрвөн бүлэглэл" хувьсгалын эсрэг өдөөн хатгалга гэж үздэг бүлгийн гишүүд Дэн Сяопинг энэ үйл явдлыг зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа бөгөөд Мао түүнийг бүх албан тушаалаас нь огцруулсан ч намын гишүүн хэвээр үлдээжээ. 1976 оны 4-р сарын 7-нд Дэн Сяопиныг баривчилж, маргааш өглөө нь "Жэньминь жибао" сонинд Дэнийг хувьсгалын эсрэг элемент хэмээн зарласан Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын талаар нийтлэл гарав.

Мао Зэдун 1976 оны 9-р сарын 9-нд нас барж хятадын улс төрийн байдалд өөрчлөлтүүд эхэлсэн. 10-р сард "Дөрвөн бүлэглэл"-ийг баривчлахад гол үүрэг гүйцэтгэсэн Батлан ​​хамгаалахын сайд Е Цзяньин болон ХКН-ын бусад ахмад дайчид намын шинэ дарга Хуа Гофэнгээс Дэн Сяопины цагаатгаж улс төрийн албан тушаалыг нь сэргээхийг шаардаж эхэлсэн байна. 1977 оны 7-р сард ХКН-ын Төв Хорооны Бага хуралаар Дэн Сяопин Төв Хорооны гишүүн, Улс төрийн Товчоо ба Байнгын Хорооны гишүүн, Төв Хороо ба Цэргийн Зөвлөлийн орлогч дарга, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, ХАЧА-ийн Жанжин штабын даргын албан тушаалд эргэн очжээ.

1978 оны 11 дүгээр сараас 12-р саруудад ХКН-ын Төв Хорооны ажлын хуралдаанаар Дэний талыг дэмжигчид Хуа Гофенгийн бүлэглэлийг бут цохиж, Дэн Сяопин Хятадын бодит удирдагч болсон юм. БНХАУ-д реформ шинэчлэлийг эхлүүлсэн ХКН-ын Төв хорооны 1978 оны алдарт Гуравдугаар бүгд хурлыг сэдсэн гол хүн бол Дэн Сяопин юм. Түүнийг оролцоотойгоор нам улсын үй олон ажилтнуудыг цагаатган, эргүүлж дэвшүүлсний дотор рефоормыг хамтран хэрэгжүүлсэн гавьяатан Ху Яобан, Жао Зыян нар байсан.

Дэн Сяопин бол 1978 оны 12-р сард хуралдсан ХКН-ын Төв Хорооны алдарт III бүгд хурлаар дэлхий дахинаа зарласан БНХАУ-ын эдийн засгийн реформ шинэчлэлийг эхлүүлсэн гол эзэн нь юм. Тэрбээр “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй!” гэсэн томьёоллоороо Хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хөгжил дэвшилд тэмүүлэх, ард түмнээ ядуурлаас ангижруулах нь чухал гэдэг асуудал дэвшүүлж, тэр зорилгодоо ч эх орноо хүргэж чадсан хүн юм.

1978 оны 11-р сард "Бээжингийн хавар" хэмээх улс төрийн богино хугацааны либералчлал эхэлсэн түүхтэй. "Бээжингийн хавар"-ын үеэр Соёлын хувьсгалыг нээлттэй шүүмжлэхийг зөвшөөрч Дэн өрсөлдөгчдөөсөө аажмаар ангижирч эхлэв. Соёлын хувьсгалын талаарх олон нийтийн шүүмжлэлийг хөхиүлэн дэмжих замаар тэрээр Соёлын хувьсгалын үеэр байр сууриа олж авсан хүмүүсийг зайлуулж түүнтэй адил зовж шаналж байсан хүмүүсийн байр суурийг бэхжүүлж эхэлсэн байна. Улмаар Дэн Сяопины нэр хүнд өдөр бүр нэмэгдэж байлаа.

Дэн Сяопины ачаар Хятад болон Барууны орнуудын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орж сайжирсан юм. Дэн гадаадад айлчлалууд их хийж барууны удирдагчидтай хэд хэдэн удаа найрсаг уулзалт хийж хятад улс нээлттэй болж эхэлсэн юм.

1979 оны 1,2 дугаар сард Дэн Сяопин АНУ-д албан ёсоор айлчилж, Ерөнхийлөгч Жимми Картертай Цагаан ордонд түүхэн уулзалт хийж хоёр улс дипломат харилцаа тогтоосон байдаг.

Хятад-Японы харилцаа идэвхижиж Дэн Япон Улсыг хурдацтай хөгжиж буй эдийн засгийн хүч чадлын жишээг дурдаж тус улсын туршлага нь ирээдүйн эдийн засгийн өөрчлөлтийн хүрээнд Хятад улсад сургамж болж болох юм гэж хэлж байжээ.

Өөр нэг ололт бол 1984 оны 12 дугаар сарын 19-нд Их Британи, БНХАУ-ын хооронд 1997 онд Хонконгийг Хятадад буцааж өгөх тухай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Дэн үүний дагуу 50 жилийн турш Их Британийн 99 жилийн турш засаглаж ирсэн Хонконгийн улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчлөхгүй байхаар тохиролцсон байдаг. Үүнтэй ижил төстэй гэрээг Португалтай байгуулж Макаог Хятадад буцааж өгөхөө амласан байдаг.

Дэн "Нэг улс-хоёр систем" -ийн зарчмыг зарлаж БНХАУ үүнийг Тайваньтай нэгтгэх талаар хэлэлцээ хийхээ зарласан юм.

Мөн 1986 оны 5-р сарын 16-нд Бээжин хотноо ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёвтай уулзаж "Өнгөрсөнийг хааж ирээдүйг нээх" хэрэгтэй гэж Дэн Сяопины хэлсэнээр Хятад-Зөвлөлтийн харилцаа сэргэж эхэлсэн түүхтэй.

Дэн Сяопины үзэл баримтлал

[засварлах | кодоор засварлах]

Дэн Сяопин шинэчлэлийн онолдоо улс төрийн дэмжлэг үзүүлэхийг баримталдаг үзэл сурталч байсан. Гэсэн хэдий ч олон судлаачид эдийн засгийн шинэчлэл нь Дэн-ийн хувийн санаа бодол биш Ерөнхий сайд Жоу Эньлай "дөрвөн шинэчлэл" -ийн зарчмын тэргүүлэх чиглэлийг хамгийн түрүүнд сурталчилж байсан гэж үздэг. Түүгээр ч үл барам олон шинэчлэлийг мужийн удирдагчид боловсруулж, хэрэгжүүлж, заримдаа төв засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлдэг байв. Хэрэв шинэчлэл амжилттай болсон бол түүнийг өргөн хүрээнд хэрэгжүүлж, улс орон даяар шинэчлэл болж хөгжсөн юм. Бусад олон шинэчлэлийг "Азийн эдийн засгийн барууд" гэгчийн туршлагын нөлөөн дор ч хийсэн.

Хөдөө аж ахуйн салбарт "ард түмний коммун" -ын ихэнх нь татан буугдаж, тариачид ихэнхдээ гэр бүл өөрийгөө тэтгэх аж ахуйд шилжсэн. Шинэчлэлийн хоёрдахь үе шатанд (1984-1992) төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог буулгаж, зах зээлийн эдийн засагт шилжсэн.

Дэн мөн Хятадад "эдийн засгийн тусгай бүс" байгуулах санаачилга гаргасан бөгөөд үүний ачаар тус улсад гадаадын хөрөнгө оруулалтууд татагдаж эерэг хандлага нэвтэрсэн байна.

Дэн Сяопин /1904-1997/

Дэн Сяопин 1989 онд Цэргийн төв комиссын даргын албан тушаалаас өгсөний дараа бүх бусад албан тушаалаасаа мөн огцрохоор албан ёсоор шийдсэн юм.

1992 онд Дэн улс төрийн тавцанг үүрд орхисон юм. Гэвч Хятад улс "Дэн Сяопиний эрин үе" -ийг туулж дуусаагүй байв. Дэн албан тушаалгүй байсан ч Хятадын дотоод, гадаад бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлэн, оюун санааны удирдагч хэвээр байсан. Дэн "Хятадын эдийн засгийн шинэчлэл, социалист шинэчлэлийн гол архитекторч" /architect of contemporary China/ гэж нэрлэддэг. Тэрбээр ахмад үеийн бусад улстөрчдөд хэрхэн нэр төртэй тэтгэвэрт гарч бусдад зам тавьж өгөх талаар сайн үлгэр дууриалал үзүүлсэн билээ. Тэрбээр удирдагчдыг нас барах хүртлээ удирдах албан тушаал хашдаг байсан туршлагыг нэг мөр устгасан гэж үздэг. Түүнийг ямар ч цол, гуншингүй зүгээр л "Нөхөр Дэн" гэж нэрлэдэг болсон юм.

Дэн Сяопины үхэл

[засварлах | кодоор засварлах]

Дэн Сяопин 1997 оны 2-р сарын 19-нд 93 дахь насандаа таалал төгссөн. Үхлийн албан ёсны шалтгаан нь Паркинсоны өвчинтэй холбоотой уушгины халдварт өвчин байсан гэдэг. Дэн Сяопины гэрээслэлийн дагуу түүний шарилыг чандарлаж, үнсийг нь далай дээр цацсан байна. Улс орон даяар гашуудал зарлаж хоёрдугаар сарын 20-ны 19 цагт Тяньанмэны талбайд БНХАУ-ын Төрийн далбааг бөхийлгөх ёслол болж хоёр хоногийн  дараа болох байсан Шинийн 15-ны соёлын бүх арга хэмжээг цуцалж байжээ.

1997 оны 2-р сарын 20-нд НҮБ тугаа бөхийлгөн хүндэтгэл илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт хүрэлцэн гүн эмгэнэл илэрхийлжээ. Дэлхий нийтээрээ түүнийг ийнхүү хүндэтгэж байлаа.

Түүнийг эрх баригчид албан ёсоор “агуу марксист, пролетарийн агуу хувьсгалч, төрийн зүтгэлтэн, цэргийн удирдагч, дипломатч; Хятадын Коммунист нам, Хятад, Ардын чөлөөлөх арми, БНХАУ-ын гол удирдагчдын нэг; Хятадын эдийн засгийн шинэчлэл, социалист шинэчлэлийн агуу архитекторч" гэж зарласан байна.