Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчин
United States Armed Forces
Форт Майер дахь АНУ-ын зэвсэгт хүчний ёслолын жагсаал
Виржиниа муж улсын Арлингтон хотын Форт Майер дахь АНУ-ын зэвсэгт хүчний ёслолын жагсаал
Салбарууд АНУ-ын Армийн тамга АНУ-ын Арми

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тамга АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын тамга АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус
АНУ-ын Агаарын цэргийн хүчний тамга АНУ-ын Агаарын цэргийн хүчин
АНУ-ын Эргийн харуул АНУ-ын Эргийн харуул

Удирдлага
Ерөнхий командлагч Барак Обама
Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт М. Гэйтс
Нэгдсэн Штабын дарга Майкл Маллен
Цэргийн нас 17-45[1]
Цэргийн
алба хаах насны
72,715,332 эрэгтэй, нас 18-49 (2008),
71,638,785 эмэгтэй, нас 18-49 (2008)
Цэргийн
албанд тэнцэх
59,413,358 эрэгтэй, нас 18-49 (2008),
59,187,183 эмэгтэй, нас 18-49 (2008)
Цэргийн алба хаах
насанд хүрч буй
2,186,440 эрэгтэй (2008),
2,079,688 эмэгтэй (2008)
Цэргийн жинхэнэ алба хаагчид 1,436,642 [2] (байр 2)
Бэлтгэл бие бүрэлдхүүн 848,056 [3]
Зардал
Төсөв $583 тэрбум (2008)[4]
ДНБ-нд эзлэх хувь 4.04 (2007)

Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчин англ. United States Armed Forces нь Америкийн Нэгдсэн Улсын цэргийн нэгдсэн хүчин юм. Америкийн хувьсгалын дайны үеэр Их Британийн эсрэг шинэ тулгар улсаа хамгаалах зорилгоор Тивийн конгрессоос АНУ-ын зэвсэгт хүчнийг анх байгуулсан юм. 1776 онд тусгаар тогтнолоо тунхаглахаас өмнө 1775 онд Америкийн Нэгдсэн Улсын Арми, Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн явган цэргийн корпус, Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчинг тус тус байгуулжээ. Америкийн Нэгдсэн Улсын Эргийн харуул 1790 онд байгуулагдсан. Дэлхийд хамгийн томд тооцогдох агаарын цэргийн хүчинтэй байсан боловч дөнгөж 1947 онд л Америкийн Нэгдсэн Улсын Агаарын цэргийн хүчинг бие даасан хүчин болгон зохион байгуулжээ.

Анх байгуулагдсан цагаасаа хойш зэвсэгт хүчин АНУ-ын түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Барбарийн дайн болон 1812 оны дайнуудад ялан дийлснээр үндэсний эв нэгдлийн мэдрэмж, үндэсний өвөрмөц царайгаа олж авчээ. 1812 оны дайныг Америкийн Тусгаар тогтнолын хоёрдугаар дайн гэх нь бас бий. Гэсэн ч АНУ-ыг үндэслэн байгуулсан эцгүүд байнгын цэргийн хүчин байгуулахаас болгоомжилж, Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэх хүртэл энхтайван цагийн армийг албан ёсоор байгуулаагүй юм.[5]

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийхээ ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын наргийн бичгийн дарга, АНУ-ын Батлан хамгаалах департамент, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний департамент зэвсэгт хүчнийг зохицуулахад оролцдог. Есдүгээр сарын 11-ны халдлагын дараа АНУ-ын дотоод дахь аюул заналтай тэмцэх АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментийг байгуулахад хүрсэн.

Зэвсэгт хүчин нь бараг 3 сая бие бүрэлдхүүнтэй бөгөөд үүний тал нь цэргийн жинхэнэ албан хаагч бол үлдсэн тал нь бэлтгэл хүчинд тооцогддог. Зэвсэгт хүчин сайн дураар цэрэгт элсэхийг хүссэн маш олон хүмүүсээс бүртгэж авдаг тул хугацаат цэргийн алба шаардагддаггүй. Бие бүрэлдхүүний ихээхэн хэсэг нь зэвсэгт хүчний хангалтад ажилладаг бөгөөд энэхүү хангалтын хэсэг C-5 Galaxy, C-17 Globemaster, C-130 Hercules зэрэг тээврийн нисэх онгоц бүхий маш том баазтай. Агаарт шатахуун цэнэглэдэг шатахуун тээгч нисэх онгоцууд шаардлагатай түлш шатахуунаар хангадаг. Цэргийн нисэх онгоц тээгч 11 хөлөг онгоц, тэнгисийн цэргийн хүчний бусад хөлөг онгоцуудын хамтаар дэлхийд хамгийн хүчирхэг, уян хатан зэвсэглэлийг бүрдүүлдэг бөгөөд заримдаа Hyperpower гэгдэх нь бий.

Зохион байгуулалт[засварлах]

Бүх салбар нь АНУ-ын төрийн тусгай албадын бүрэлдхүүнд ордог бөгөөд АНУ-ын Үндсэн хуулийн дагуу иргэний удирдлага дор байх бөгөөд Ерөнхий командлагч болох АНУ-ын Ерөнхийлөгчид захирагдана. Эргийн харуулаас бусад бүх салбар нь мөн л иргэний албан тушаалтан болх АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар удирдуулсан АНУ-ын Батлан хамгаалах департаментийн бүрэлдхүүнд орно. Эргийн харуул энх цагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментийн харъяанд байх боловч дайны цагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний департаментаар дамжуулан АНУ-ын Батлан хамгаалах департаментийн харъяанд орно.[6]

Цэргийн ажиллагааг дипломат ажиллагаатай уялдуулан зохицуулах зорилгоор Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр удирдуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажилладаг. Ерөнхийлөгчийн дор АНУ-ын Батлан хамгаалах департаментийг хариуцсан засгийн газрын танхимын гишүүн болох АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга ажилладаг. Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын нарийн бичгийн даргад Нэгдсэн штаб зөвлөдөг бөгөөд түүнд Нэгдсэн штабын дарга, дэд даргаар удирдуулсан салбарын штабын дарга нар ордог.

Түүх[засварлах]

Чоктоо омгийн ахлагч/АНУ-ын генерал Пушматаха, 1824.

АНУ-ыг байгуулахаас өмнө буюу байгуулах явцад цэргийн хүчнийг муж улсуудын захирсан цэргийн бэлтгэлгүй орон нутгийн хамгаалах хүч бүрдүүлдэг байв. Тивийн Конгрессоос анх удаа Тивийн армийг байгуулахаар шийдвэр гаргах үед энэ арми нь муж улсуудаас ирсэн орон нутгийн хамгаалах хүчнүүдээс бүрдэж байлаа. Генерал Жорж Вашингтоны удирдлага дор энэ арми Америкийн Хувьсгалыг ялалтад хүргэсэн боловч хувьсгалын дараа татан буугдсан ажээ.

Гэхдээ удалгүй байнгын арми, тэнгисийн цэргийн хүчин шаардлагатай байгаа нь тодорхой болсон. 1794 онд Конгрессоос хэд хэдэн цэргийн хөнгөн хөлөг онгоц байгуулах шийдвэр гаргаснаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний суурь тавигджээ. Гэхдээ энэ хүчин нь маш жижиг байсан бөгөөд дайны үед голдуу муж улсуудын орон нутгийн хамгаалах хүчин дээр тулгуурладаг байлаа.

Улс байгуулагдсанаас хойш Америкийн Иргэний дайныг хүртэл хугацаанд Америкийн цэргийн хүчин Барбарийн далайн дээрэмчдийн эсрэг тулалдаж ялснаас гадна, 1812 оны дайнаар Британичуудтай тулалдаж, статус квогийн байдалтай дайныг дуусгасан бөгөөд Мексик-Америкийн дайнаар мексикчүүдээс баруун өмнөд хэд хэдэн нутаг дэвсгэрийг салгаж авчээ.

1861 онд Америкийн Иргэний дайн эхлэхэд цэргийн олон хүчин, үүний дотор тус улсын шилдэг олон генерал Америкийн Холбооны Улсын талд оржээ. 600 мянган хүний амийг авч одсон удаан үргэлжилсэн дайны эцэст 1865 онд Нэгдсэн Улс байгуулснаар Иргэний дайн өндөрлөжээ.

Антиетамын тулалдаан. 1860 оны АНУ-ын хүн амын тооллогоос харахад 13-43 насны бүх цагаан арьст эрчүүдийн 8% нь Иргэний дайнд амь үрэгджээ.[7]

Иргэний дайнаас хойш 1890-ээд оныг хүртэл цэргийнхнийг сул чөлөөтэй байхыг зөвшөөрсөн боловч нүүдэллэн суурьшигчид АНУ-ын төв хэсэг рүү нүүхэд АНУ-ын Арми уугуул америкчуудтай тулалдахад хүрч байлаа. XIX зууны эцэс гэхэд Америк дэлхийн шинэ гүрэн болон хурдан өсч байлаа. Тус улсын цэрэг Испани-Америкийн дайн, Филиппин-Америкийн дайнд тулалдаж, Латин Америкт хэд хэдэн удаа интервенци явуулж байсан. Түүнчлэн Тэдди Рузвельт Америкийн хүчин чадлыг дэлхий даяар харуулахын тулд Агуу цагаан флотыг дэлхийг тойруулахаар илгээж байв. 1903 оны Орон нутгийн хамгаалах хүчний тухай хуулиар АНУ-ын Үндэсний гвардийг байгуулжээ.

АНУ 1917 онд Дэлхийн нэгдүгээр дайнд орсон бөгөөд Холбоотны ялалтад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн хоёр дайны хооронд АНУ-ын зэвсэгт хүчин суларсан боловч Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэхэд зэвсэгт хүчнийг буцаад бэлэн байдалд оруулжээ. АНУ-ын Армийн цэргүүд Хойд Африк, Италийг эзлэн авсан хүчний нэгэн томоохон хэсгийг бүрдүүлж байсан бөгөөд Ди өдөр Францын эрэг дээр бууж байлаа. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Тэнгисийн явган цэрэг, Армийн цэргүүд Япон болон түүний холбоотнуудын эсрэг Номхон Далайд тулалдсан.

Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад АНУ ба түүний НАТО-гийн холбоотнууд, Зөвлөлт Холбоот Улс ба түүний Варшавын Гэрээний холбоотнуудын хоорондох хүчирхийлэлгүй тэмцэл болох Хүйтэн дайны эхлэл тавигдсан. АНУ-ын олон зуун мянган цэрэг хэзээ ч дэгдээгүй тэмцэл тулаанд бэлтгэж, Европт байршсан.

Гэхдээ АНУ-ын цэрэг Солонгос, Вьетнамд болсон дайнд оролцсон. Нэг талаас Хойд Солонгос, Хятад нөгөө талаас Өмнөд Солонгос, АНУ, НҮБ-ын бусад цэргийн оролцсон Солонгосын дайн эцэстээ статус кво анте байдалтай дуусчээ. Нэг талаас Хойд Вьетнам, нөгөө талаас Өмнөд Вьетнам, АНУ-ын нэгдсэн хүчний хооронд болсон Вьетнамын дайн гал зогсоосноор өндөрлөсөн бөгөөд АНУ-ын цэрэг тус улсаас гарсны дараа Хойд Вьетнам Өмнөд Вьетнамаа дайран эзэлсэн юм.

Нормандын Омаха эрэг дээр бууж байгаа.

1980-аад онд АНУ-ын цэрэг Панам, Гренадад тулалдсан. Түүнчлэн Ираны эсрэг Персийн буланд янз бүрийн ажиллагаа явуулж байлаа. Үүний зэрэгцээ Гөүлдвотер-Николсын хууль цэргийн зохион байгуулалтыг бүрэн өөрчилсөн юм.

1989 он гэхэд Зөвлөлт Холбоот Улс нуран унах нь тодорхой болсон байв. Гэхдээ 1991 онд Ирак Кувейт руу халдан довтлоход АНУ-ын цэрэг Персийн булангийн дайнд татагдан орсон юм. АНУ-ын цэргийн хүч болон бусад улсын цэргийн хүчний эвсэл Иракийн армийг хохирол багатай амархан ялсан нь дан сайн дурын цэргээс бүрдсэн хүчний тулалдах чадварыг өргөн хэмжээнд баталсан юм. Энэхүү богино хугацааны дайн өндөрлөж, Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1990-ээд оны турш АНУ-ын цэргийн хүч Югослав, Косово, Сомали болон дэлхийн бусад халуун цэгт янз бүрийн үүрэг гүйцэтгэсэн.

Одоогийн ажиллагаа[засварлах]

АНУ дэлхий даяар цэргийн ажиллагаанд оролцдог бөгөөд гадаад улсуудад 290,178 цэрэг байршуулж байна. Тэднээс 22,625 нь хөлөг онгоцон дээр байрладаг.[8]

Гадаад[засварлах]

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш АНУ-ын цэргийн хүчин Терроризмтай хийх дайнд оролцож байна. АНУ-ын удирдсан эвслийнхэн 2001, 2003 онд Афганистан, Ирак руу довтолж, өнөөг хүртэл тэдгээр улсад цэргийн хүчээ байрлуулсан хэвээр байна. 31,100 орчим цэрэг НАТО-гийн Генерал Дэвид Д. МакКернаны удирдлага дор Афганистанд байршиж байгаа бол Иракт 195,000 цэрэг байрлуулсан бөгөөд энэ ажиллагааг дэмжих үүднээс Герман, Итали, Япон, Өмнөд Солонгос, Нэгдсэн Вант Улсад 19,300 цэрэг байрлуулж байна.[9] Одоогоор Генерал Рэй Одерно Ирак дахь олон үндэстний цэргийн хүчийг захирч байна. Түүнчлэн Терроризмтай хийх дайны хүрээнд Африкийн эвэр, Филиппин, Ливид цэрэг илгээсэн.

Дотоод[засварлах]

АНУ-ын цэргийн хүчин АНУ-д болсон байгалийн гамшгийн үеэр тусламжийн үйл ажиллагаанд оролцдог. 2005 онд болсон Катрина хар шуургын дараа бүх тавин муж улсаас нийт 58,000 орчим Үндэсний гвардийн цэрэг ирж тусалж байлаа.[10] Хамгийн сүүлд 2008 онд Икэ хар шуургын өмнө ба хойно иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Үндэсний гварди тусалсан билээ.[11]

Бие бүрэлдхүүн[засварлах]

АНУ-ын цэргийн бие бүрэлдхүүн зүүнээс эхлэн: Тэнгисийн явган цэрэг, АЦХ, ТЦХ, Арми

2008 оны долдугаар сарын 31-ний байдлаар 1,436,642 хүн цэргийн жинхэнэ алба хааж байсан[12] бөгөөд Бэлтгэл хүчний долоон бүрэлдхүүн хэсэгт нийт 848,056 хүн бүртгэлтэй байлаа.[13] Зэвсэгт хүчин тэр чигтээ сайн дурын үндсэн дээр бүрэлддэг боловч АНУ-ын Ерөнхийлөгчийн хүсэлтээр АНУ-ын Конгресс сайшаасны дагуу цэрэг татлага явуулж болно. АНУ-ын зэвсэгт хүчин дэлхийд зөвхөн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн дараа орох олон бие бүрэлдхүүнтэй бөгөөд дэлхий даяар цэргээ байршуулдаг.

2007 оны эхээр Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Гэйтс Терроризмтай хийх дайны хэрэгцээнд нийцүүлж Арми, Тэнгисийн явган цэргийн корпусын нийт хэмжээг нэмэгдүүлэх санал Ерөнхийлөгчид танилцуулжээ.[14] Одоо байгаа төлөвлөгөөгөөр 2012 он гэхэд Армийн бие бүрэлдхүүнийг 547,400, Тэнгисийн явган цэргийн корпусын бие бүрэлдхүүнийг 202,000 хүртэл өсгөх ажээ. Энэхүү өргөжүүлэлтэд 2009-2013 онд нийт $90.7 тэрбум зарцуулах бөгөөд Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчнийг бага зэрэг цомхотгох юм.[15]

Ихэнх зэвсэгт хүчний нэгэн адил АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид цэргийн цолтой бөгөөд цол дэвших боломжтой юм.

Бие бүрэлдхүүнийг салбараар нь авч үзвэл[засварлах]

2008 оны долдугаар сарын 31-ний байдлаар [16] Эмэгтэй бие бүрэлдхүүний тоо 2007 оны есдүгээр сарын 30-ны байдлаар [17]

Салбар Цэргийнхэн Цэрэг Офицер Эмэгтэй Энгийн
United States Department of the Army Seal.svg Арми 538,128 445,952 87,662 71,756 260,416
USMC logo.svg Тэнгисийн явган цэргийн корпус 194,912 174,868 11,707 20,044
US-DeptOfNavy-Seal.svg Тэнгисийн цэргийн хүчин 332,832 276,474 51,877 49,775 180,323
Seal of the US Air Force.svg Агаарын цэргийн хүчин 328,439 258,604 65,304 65,252 156,181
USCG S W.svg Эргийн харуул 42,331
Нийт цэргийн жинхэнэ алба хаагчид 1,436,642 1,155,898 224,887 198,490 596,920
Армийн Үндэсний гварди 352,600
United States AR seal.svg Армийн бэлтгэл хүчин 205,000
ТЯЦ-ийн бэлтгэл хүчин 39,600
United States NR Seal.svg ТЦХ-ний бэлтгэл хүчин 66,700
Агаарын үндэсний гварди 106,756
Air Force Reserve Command.png АЦХ-ний бэлтгэл хүчин 67,400
United States Coast Guard Reserve emblem.png Эргийн харуулын бэлтгэл хүчин 10,000
Нийт бэлтгэл хүчин 848,056
БХД-ийн бусад бие бүрэлдхүүн 94,461

Бие бүрэлдхүүний байршил[засварлах]

Гадаадад[засварлах]

2008 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар, АНУ-ын Зэвсэгт хүчин 39 улс орны 820 гаруй баазад байрлаж байв.[18] Үүнээс Иракт 150,000, Германд 56,200, Японд 33,122, Өмнөд Солонгост 26,339, Афганистанд 31,100, Итали болон Нэгдсэн Вант Улсад тус бүр 9,700 цэрэг байршуулж байна. Эдгээр тоо тогтмол тоо биш бөгөөд байн байн янз бүрийн анги нэгтгэлийг гадаадаас эргүүлэн татах буюу гадаадад илгээдэг. Нийтдээ Европт 84,488, Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдхүүнд байсан улсуудад 154, Зүүн Ази, Номхон Далайд 70,719, Хойд Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Азид 7,850, Сахаараас өмнөх Африкт 2,727, дэлхийн баруун хагаст 2,043 цэрэг байршуулсан.

АНУ-ын дотор[засварлах]

Үүний дотор АНУ-ын нутаг дэвсгэр болон АНУ-д харъяалагдах далайн усанд байгаа хөлөг онгоцууд орно

Нийт 1,083,027 бие бүрэлдхүүн АНУ болон түүний нутаг дэвсгэрийн хүрээнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа болно (үүний дотор хөлөг онгоцон дээр):[19] Тэдний дийлэнх олонхи нь буюу 883,430 нь АНУ-ын эх газар дээр янз бүрийн баазуудаар таран байршсан. Түүнчлэн Хавайн арлууд дээр 36,827, Аляскад 19,828 цэрэг тус тус бий. Далайд 90,218 цэрэг байгаагаас 2,970 нь Гуамд, 137 нь Пуэрто-Рикод байрлаж байна.

Лавлах материал[засварлах]

  1. 17 настай хүмүүс эцэг эхийн зөвшөөрөлтэй АНУ-ын зэвсэгт хүчинд элсэж болно.
  2. http://siadapp.dmdc.osd.mil/personnel/MILITARY/ms0.pdf
  3. http://thomas.loc.gov/cgi-bin/query/F?c110:2:./temp/~c110dVJCdu:e120225:
  4. http://www.gpoaccess.gov/usbudget/fy08/pdf/budget/defense.pdf
  5. Moisés Naím. Megaplayers Vs. Micropowers. 2007 оны December 18-д хандсан.
  6. The United States Coast Guard has both military and law enforcement functions. 14 USC 1, states "The Coast Guard as established January 28, 1915, shall be a military service and a branch of the armed forces of the United States at all times." Coast Guard units, or ships of its predecessor service, the Revenue Cutter Service, have seen combat in every war and armed conflict of the United States since 1790, including the U.S. occupation of Iraq.
  7. Lambert, Craig (May–June 2001). The Deadliest War. Harvard Magazine. 2007-10-14-д хандсан.
  8. http://siadapp.dmdc.osd.mil/personnel/MILITARY/history/hst0803.pdf
  9. http://siadapp.dmdc.osd.mil/personnel/MILITARY/history/hst0803.pdf
  10. http://transcripts.cnn.com/TRANSCRIPTS/0509/06/se.01.html
  11. http://www.emergency.louisiana.gov/Releases/091608LDWFSARS2.html
  12. http://siadapp.dmdc.osd.mil/personnel/MILITARY/ms0.pdf
  13. http://thomas.loc.gov/cgi-bin/bdquery/z?d110:h.r.01585:
  14. Bender, Bryan (January 12, 2007), "Gates calls for buildup in troops", The Boston Globe, <http://www.boston.com/news/nation/washington/articles/2007/01/12/gates_calls_for_buildup_in_troops/> (retrieved on 2007-11-11)
  15. http://www.fas.org/sgp/crs/natsec/2009dodbud.pdf
  16. http://siadapp.dmdc.osd.mil/personnel/MILITARY/Miltop.htm
  17. http://siadapp.dmdc.osd.mil/personnel/MILITARY/rg0709f.pdf
  18. ACTIVE DUTY MILITARY PERSONNEL STRENGTHS BY REGIONAL AREA AND BY COUNTRY. U.S. Department of Defense (2008). 2008-09-19-д хандсан.
  19. United States Department of Defense. U.S. Military Deployment.

Гадны холбоос[засварлах]