Дархан цол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дархан (Орхоны бичээс: 𐱃𐰺𐰴𐰣‎, латин галиг: Tarqan, Монголоор: ᠳᠠᠷᠬᠠᠨ Darqan/Darkhan; Персээр: ترخان‎; хятадаар: 達干/達爾罕/答剌罕; Арабаар: طرخان‎; бусад дуудлага: Tarkan, Tarkhaan, Tarqan, Tarchan, Turxan, Tarcan, Turgan) бол эртний нүүдэлчдийн улс төрд гавьяа зүтгэлтэй ард иргэдэд олгодог эрхэм дээд соёрхлын цол байжээ. Нүүдэлчдийн дунд дархан цол нь эрт дээр үеэс уламжлагдан хадгалагдаж иржээ. “Дархан” гэдэг үг нь үндсэн утгаараа “онц, эрх бүхий чөлөөт иргэн” гэсэн утгатай.

XIII зууны Дархан цол[засварлах | edit source]

Эртний Хүннү, Түрэг, Уйгурын хаант улсын түүхэнд Тархан цолтны нэрс, үйл хэрэг цөөнгүй бичигдэн үлджээ. Түрэг, Уйгурт Тархан цолыг Хааны ойр төрлийн хөвгүүд дүү нар, овгийн ахлагчид сурвалжит ноёд хэрэглэж байсан. “Монголын Нууц Товчоо”, зэрэг сурвалжийн мэдээг үндэслэвэл дархан цол XIII-XIV зууны үед идэвхтэй хэрэглэгдэж байсан бөгөөд Чингис хаан бээр Монголын нэгдсэн улсыг байгуулахад онц их гавьяа зүтгэл үзүүлж, хааны амь насыг хамгаалсан хүмүүсийг дархан цолоор шагнаж байжээ. Жишээ нь Сүлдүсний Сорхан Шар, Уряут-Килингут овгийн Бадай, Хишилиг зэрэг 3 хүнд Их Монгол улс байгуулагдсаны дараа дархан цол олгосон байна. Дархан цол хүртэгсэд нь алба татвараас чөлөөлөгдөх, ав гөрөө, аян дайны олзоо өөрөө авах, эзэн хааны ордонд чөлөөтэй орж гарч болох, хаантай хамт хурим найрт саатаж зоог хүртэх, нутаг дархлан эзэмших, өөрийн хүсэл бодлоо эзэн хаандаа шууд айлтган хэлэх зэрэг онцгой эрхийг эрхэлдэг байжээ.

XV-XVII зууны Дархан цол[засварлах | edit source]

Дархан цол нь Их Юань улс, Умард Юань буюу Дөчин дөрвөн хоёрын Монгол улс, Манж Чин улсын үед ч хэвээр хэрэглэгдэж байсан бөгөөд дархан цолтой хүний тоо олширч байсан боловч эдлэх эрх мэдэл нь хязгаарлагдмал болж, Чингис хааны үеийн есөн үеэр нь дархалах, бэлчээр нутаг соёрхох ёс нь Юань улсаас хойш нэгээс гурван үеийн турш дархалж, зөвхөн татвараас чөлөөлөх, дээрээ ноёнгүй байх зэргийн тодорхой хязгаартайгаар эрх мэдлийг нь тогтоож байв.

Лувсанданзаны Алтан товч, Их Шар тууж зэрэг сурвалж бичигт Баянмөнх жононг 3 настайд нь Ойрадаас оргуулж, Монголын Урианхайн нутагт авч ирсэн дөрвөн хүнд үрийн үр хүртэл, Мандуул хааны зарлигаар дай дарх, ал жуух, алтан тамга соёрхож байсан. Батмөнх даян хаан, Далан Тэргүүний тулалдаанд баруун түмний цэргийг ялж төвшитгөхөд гавьяа байгуулсан Жарууд Халхын Баасан тавнан, Ордосын Төмөр тэргүүтэй 25 хүнд дай дарх, ал[1] жуух, алтан тамга, хүнд цолыг соёрхсон билээ.[2] Мөн Саган сэцний бичсэн Эрдэнийн товчид Далан тэргүүний тулаанд гавьяа байгуулсан "Цэгцэгийн үр дээрээ ноёнгүй болтугай гэж дархлав", "Ойрадын Сэгүсэ ахлахын үр долоон үе болтол албагүй болтугай гэж дархлав" гэж тэмдэглэсэн байдаг.

Юань улсаас хойш дархан цол нь дархан, дай дархан гэдэг хоёр шат дамжлагатай болжээ. Ямар нэгэн гавьяа зүтгэл байгуулсан хүнийг эхлээд дархан болгож, дахин гавьяа байгуулбал нэмж дай дархан буюу их дархан болгож байжээ. Тэдний эдлэх эрх нь өмнөх үетэй ижил тодорхой тооны өрхийг захирч алба татвараас чөлөөлөгдөж, ав хомрого аян дайны олзыг дангаар авах, 9 удаагийн ялнаас мултрах, найр хуримд чөлөөтэй оролцож болдог байв. Гэхдээ улс төрийн бутрал нь тухайн үеийн дархан нарын эрх мэдлийг эрх дарх олгосон ноён юмуу хааны шууд захиргааны отог аймгийн хүрээнд хүчинтэй байлаа. Улс төрийн бутралын сүүл үед харц гаралтай хүнээс гадна тайж, ноёд өөрийн цолны ард дархан чимэг хэрэглэж байсан. Жишээлбэл: Ар Халхын баруун гарын Ашихай дархан хунтайж,Чин гүрний Хорчины зүүн гарын дундад хошууны засаг ноён Манзушир дархан чин ван нарыг дурдаж болно.

Түүхэнд алдаршсан дархан цолтнууд[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Ал гэдэг нь Гал улаан өнгийг заасан монгол үг
  2. Ж.Гэрэлбадрах. Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг. УБ.,2010.т.85