Бор-Өндөр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Бор-Өндөр нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших хот юм.

Газарзүй[засварлах]

Бор-Өндөр хот нь далайн түвшнээс дээш 1300 метр өргөгдсөн бөгөөд Говь-цөлөрхөг бүсэд оршино. Хотын нутаг дэвсгэрийн хэмжээ 144 км².[1] Газарзүйн байршлын хувьд Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн зааг нутагт оршдог, говь хээрийн бүсэд хамаарагддаг, нийслэл Улаанбаатар хотоос 330 км, Хэнтий аймгийн төв Өндөрхаанаас 170 км-т оршдог.

Хүн ам[засварлах]

2001 оны байдлаар хотын хүн ам 6,406 байсан бөгөөд 2006 онд 8,510 болж өсчээ[2]. Бор-Өндөр нь Хэнтий аймагт аймгийн төв Өндөрхааны дараа орох хүн ам төвлөрсөн газар болно.

Бор-Өндөр хот нь 1994 өрхтэй, 7756 хүн амтай бөгөөд түүнээс байнга оршин суугч гадаадын иргэн 300 шахам байдаг. Нийт хүн амын 70 орчим хувь нь 35 хүртлэх насны залуучууд, 51 хувь нь эмэгтэйчүүд, хүн амын 45.1% нь орон сууцанд амьдардаг.

МУ-ын хөдөлмөрийн баатар Сурахын Ганхуяг, МУ-ын гавъяат жүжигчин Цэдэндоржийн Ичинхорлоо, гавъяат эдийн засагч Цэрэнгийн Дагдан, гавъяат уурхайчин Буувангийн Түмэндэмбэрэл Доржпүрэвийн Сүхбаатар зэрэг алдартнууд Бор-Өндөр хотод ажиллаж амьдардаг.

Боловсрол[засварлах]

Хувийн 1, төрийн 1 Монгол сургууль, 1 орос нийт 3 сургуультай. Төрийн дунд сургууль нь 1983 онд байгуулагдсан. Хувийн сургууль нь 1998 онд байгуулагдсан.

Эдийн засаг[засварлах]

Жонш олборлолт, боловсруулах үйлдвэр нь тус хотын эдийн засгийг тэтгэдэг бөгөөд Бор-Өндөр нь уурхай түшиглэн байгуулагдсан юм. Орос-Монголын хамтарсан Монголросцветмет компани тус жоншны уурхай, үйлдвэрийг эзэмшдэг. Үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн ОХУ, Украйн зэрэг орнууд руу төмөр замаар дамжин экспортлогддог[3].

Мөн Герман улсын “Констант” пүүсийн тусламжтайгаар баригдсан мах боловсруулах үйлдвэр ажилладагийн зэрэгцээ гахай үржүүлэх цогцолбор, Хэнтий аймгийн МХГ-ын эрүүл ахуйн хяналтын алба, Татвар, Нийгмийн даатгалын тасаг, УБТЗ-ын Бор-Өндөр өртөө, Гүний гаалийн салбар, Бор-Өндөр цогцолбор болон орос дунд сургууль, хувийн Их-Ирээдүй дунд сургууль, “Энхжин”, “Бүжинхэн” болон орос цэцэрлэг, Сум дундын II шүүх, прокурор, Цагдаагийн тасаг, ”Шударга ёс” хууль зүйн товчоо, Монгол шуудан, Хас банк, Хөдөө аж ахуйн банкны салбарууд, Эргэлтийн эмийн сан, Холбооны салбар, Нефть агуулах, Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Техникийн Их Сургуулийн харъяа Бор-Өндөр дэх Уул уурхайн сургууль зэрэг төрийн болон түшиглэсэн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Тус хотын нутаг дэвсгэр дээр хот тохижилт үйлчилгээний “Хэрлэн саарал” ХХК, “Бор-Өндөр хөгжил” орон нутгийн өмчит ААТҮГазар, архи ундааны “Хос-Оргил” ХХК, худалдааны “Пүрдэм” ХХК, “Дэлгэрнуур” ХХК, “Морьтын даваа” ЗБН зэрэг томоохон ААН, 100 гаруй жижиг дунд худалдаа үйлчилгээний цэг салбарууд хотын иргэдэд үйлчилж байна.

Бор-Өндөрт 39,218 толгой мал бий. Гэхдээ бэлчээрийн хомсдол ажиглагдаж буй[2] 2005 оны жилийн эцсээр 48,035 толгой мал тоологдсоноос тэмээ 97, адуу 3042, үхэр 1938, хонь 20735, ямаа 22,223 байна.

Түүх[засварлах]

Жоншны ордын нөөцийг ЗХУ-ын геологичид 1950-иад онд нээн илрүүлжээ. 1973 онд Зөвлөлт-Монголын хамтарсан үйлдвэр байгуулагдсан бөгөөд одоо 51%-г Монгол, 49%-г Оросын засгийн газар эзэмшдэг.

Бор-Өндөр хот нь анх БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 10 сарын 14-ний өдрийн 347-р зарлигаар Хэнтий аймгийн "Хэрлэн хороо" болон байгуулагдсан бөгөөд УИХ-ын 1994 оны 36-р тогтоолоор "Хэрлэн хот", УИХ-ын 1995 оны 7 сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн харъяа "Бор-Өндөр" нэртэй аймгийн зэрэглэлтэй хот, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд "Бор өндөр" хот 330 дахь сум боллоо.

Дэд бүтэц[засварлах]

Бор-Өндөр хот нь төмөр замын сүлжээнд холбогдсон. Мөн 43 км зайд байх Дархан сумын төв болон 144 км зайд байх Өндөрхаан хоттой сайжруулсан шороон замаар холбогдоно. Мөн 43 км зайд орших, Дорноговь аймгийн Хажуу-Улааны уурхай, 65 км зайд орших Иххэт сум, Айраг сум, 59 км зайд орших Даланжаргалан сумд хүртэл сайжруулсан шороон зам бий. Айраг сумаар дамжин засмал замын сүлжээнд холбогдон, Улаанбаатар хүрнэ.

Багануур-Чойрын зүүн бүсийн 110 кв-ын өндөр хүчдэлийн сүлжээнд холбогдсоны дээр МЦХК, Мобиком, Скайтелийн үүрэн телефоны компаниуд үйл ажиллагаа явуулж, интернэтийн 24 цагийн үйлчилгээ нэвтэрсэн.

Эшлэл[засварлах]

  1. www.burhanhaldun.mn, Бор-Өндөр хотын тухай [1]
  2. 2.0 2.1 Орон нутгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр: Хагас жилийн тайлан 2007[2]
  3. Монголросцветмет компанийн албан ёсны сайт [3]

Гадны холбоос[засварлах]