Физик
Физик (Грек: φύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.
Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг.
Оршил
[засварлах | кодоор засварлах]Физик нь «туршлагын» үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дүнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч хүртэл өргөн хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг байна.
Физикийн тулгуур онолууд
[засварлах | кодоор засварлах]- Сонгодог механик (классик механик) нь биесийн харилцан байршил өөрчлөгдөх хамгийн энгийн хөдөлгөөний шалтгаан, зүй тогтолыг судалдаг физикийн салбар юм. Сонгодог механикийн үндсэн хуулиудыг томьёолсон Ньютоны нэрээр "Ньютоны механик" гэж ярьдаг. Сонгодог механик нь хөдөлгөөнгүй биетүүдийг загварчилдаг статик, хөдөлж буй биетүүдийг загварчилдаг кинематик, ба хүчний үйлчлэл дор буй биетүүдийг загварчилдаг динамик гэсэн хэсгүүдэд хуваагддаг.
- Цахилгаан соронзон хэмээх салбар нь цахилгаан соронзон орны шинж чанарыг судална. Цахилгаан цэнэгтэй байх нь бөөмсийн үндсэн шинж чанар бөгөөд түүнтэй холбоотой үзэгдлүүдйиг энэ салбарт авч үздэг.
- Термодинамик нь дулааны үйлчлэл ба энергийн нэг төлөвөөс нөгөөд шилжих хувирал, эдгээрийн температур, даралт, эзэлхүүн, механик үйлчлэл, ажил зэрэгт нөлөөлөх нөлөөллийг судалдаг физикийн хэсэг юм. Тэлж буй хийнээс ашигтай ажил гаргадаг дулааны машиныг сайжруулах гэсэн оролдлогуудаас термодинамик үүссэн байдаг.
- Статистик механик нь термодинамиктай нягт холбоотой онол ба бүрдүүлж буй жижиг хэсгүүдэд нь статистикийн зарчмуудыг хэрэглэн макро системүүдийг судалдаг.
- Квант механик нь атомын хэмжээний ба түүнээс жижиг системүүд, тэдгээрийн цацрагтай харилцан үйлчлэлцэх үйлчлэлийг ажиглагдах хэмжигдэхүүнүүдийн тусламжтай судалдаг онолын физикийн салбар юм. Квант механик нь бүх төрлийн энергийг багц багцаар цацардаг гэсэн ажиглалтад үндэслэдэг.
- Харьцангуйн онол нь дараах хоёр онолоос бүтнэ:
- Харьцангуйн тусгай онол нь (1) вакум дахь гэрлийн хурд тогтмол ба гэрэл үүсгэгч ажиглагчийн аль алинаас хамаарахгүй, мөн (2) бүх инерциал тооллын системүүд дэх физикийн хуулиудын математик илэрхийлэл ижил байна гэсэн хоёр постулат дээр үндэслэгддэг. Эдгээр нь масс ба энергийн эквивалент чанар, хурдтай биеийн масс, хэмжээ ба хугацаа өөрчлөгдөх үзэгдлүүдэд хүргэдэг.
- Харьцангуйн ерөнхий онол, нь дээрх онолын гравитацийг оролцуулан тооцсон өргөтгөл юм.
Физикийн салбарууд
[засварлах | кодоор засварлах]Физикийн өнөөгийн судалгаанууд материаллаг ертөнцийг өөр өөрийн талаас тусгайлан судалдаг хэд хэдэн том салбарт хуваагддаг.
- Хатуу ба шингэн биеийн физик нь ихэнх үнэлгээгээр физикийн хамгийн том салбар бөгөөд бидэнтэй өдөр бүр дайралддаг ердийн хатуу болон шингэн биетүүд гэх мэт бодисын хэсгүүдийн шинж чанар атомыг бүрдүүлэгч хэсгүүдийн шинж чанарууд болон тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлүүдээс яаж урган гарч буйг судалдаг.
- Атом, молекулын физик ба оптик нь цөөн хэдэн атом молекулуудын (жишээ нь гэрэлтэй харилцан үйлчлэх) шинж чанаруудыг судалдаг. Сүүлийн үед энэ салбарын үлэмж хэсэг хэт өндөр вакуумд хашигдсан саяас тэрбум хүртэлх тооны атомын хамтын шинж чанарыг судалж байна. Энд жишээлбэл Бозе-Эйнштэйний конденцат хамаарах бөгөөд энэ салбар хатуу ба шингэн биеийн физиктэй нягт холбоотой.
- "Их энергийн физик" гэж бас нэрлэгддэг эгэл бөөмийн физик нь бүх материйг бүрдүүлж буй эгэл бөөмсийг оролцуулан атомоос үлэмж жижиг хэмжээтэй бөөмсийг судалдаг.
- Астрофизик нь физикийн хуулиудыг тэнгэрт явагдаж буй үзэгдлүүдийг тайлбарлахад хэрэглэнэ. Энд Нар ба нарны аймгийн бусад биетүүдээс эхлэн ертөнцийг бүхэлд нь авч үздэг.
Хорьдугаар зуунаас эхлэн физикийн тусгаар салбарууд маш нарийн болж хөгжсөн бөгөөд одоо үед физикчид бүх амьдралынхаа турш зөвхөн нэг салбарт ажиллах нь хэвийн үзэгдэл болоод байна. Альберт Эйнштейн (1879-1955) ба Лев Давидович Ландау (1908-1968) мэт физикийн олон салбарт амжилттай ажилладаг физикчид өнөө үед маш цөөрчээ.
Дорх хүснэгтэд физикийн нилээд хэдэн салбар ба дэд салбарыг жагсааж үзүүлэв.
Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.