Дорнод аймаг
Дорнод аймаг |
---|
Дорнод (худам монголоор ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ – дорунаду) — Монгол Улсын аймаг.
Ерөнхий
Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг.
Газарзүй
Дорнод аймаг Монгол орны хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.
Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут, Дайхар зэрэг рашаан бий.
Сумд
Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 63 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам 69,552 болж буурчээ.[2] Үүн дотор МУ-д оршин суугаа МУ-ын харъяат иргэн 68589, МУ-д оршин суугаа гадаадын харъяат болон харъяалалгүй хүн ам 284, гадаадад суугаа Дорнод аймаг, МУ-ын харъяат иргэн 679 бүртгэгджээ.[3]
Сумын нэр | Хүн ам (2009)[4] |
Суурин хүн ам (2010)[5] |
Нутаг дэвсгэр (км²)[6] | Нягтрал (хүн/км²) |
---|---|---|---|---|
Баяндун | 2,936 | 2,797 | 6,235 | 0.45 |
Баянтүмэн | 2,006 | 1,872 | 8,321 | 0.22 |
Баян-Уул | 4,451 | 3,816 | 5,623 | 0.68 |
Булган | 1,775 | 1,749 | 7,111 | 0.25 |
Гурванзагал | 1,388 | 1,030 | 5,252 | 0.20 |
Дашбалбар | 3,246 | 3,178 | 8,713 | 0.36 |
Матад | 2,526 | 2,476 | 22,831 | 0.11 |
Сэргэлэн | 2,198 | 1,559 | 4,169 | 0.37 |
Халхгол | 3,203 | 2,997 | 28,093 | 0.11 |
Хөлөнбуйр | 1,776 | 1,464 | 3,773 | 0.39 |
Хэрлэн* | 40,439 | 38,535 | 281 | 137.14 |
Цагаан-Овоо | 3,696 | 3,080 | 6,502 | 0.47 |
Чойбалсан | 2,691 | 2,501 | 10,152 | 0.25 |
Чулуунхороот | 1,609 | 1,533 | 6,539 | 0.23 |
Аймгийн дүн | 73,940 | 68,589 | 123,597 | 0.55 |
- * - Аймгийн төв Чойбалсан хот багтана.
Ан амьтан, ургамал
Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр, монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.
Аж үйлдвэр
Мал аж ахуй, газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт Эрээнцав, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд, Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давс, нүүрс (Адуун чулуу), холимог металл, газрын тос, уран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.
Цахим холбоос
Эшлэл
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
- ↑ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүн
- ↑ 2010 оны тооллогоорх Монгол улсын хүн амын тоо (аймаг, нийслэлээр)
- ↑ Дорнод аймгийн Статистикийн хэлтэс. Жилийн тайлан 2009 [1]
- ↑ 2010 оны тооллогоорх Монгол улсад оршин суугаа Монгол улсын харъяат иргэдийн тоо (сум, дүүргээр)
- ↑ Landuse office of Dornod Aimag g_tailan.xls