Үржингийн Хүрэлбаатар
Үржингийн Хүрэлбаатар | |
Бүтэн нэр | Үржингийн Хүрэлбаатар |
---|---|
Төрсөн он | 1954 он (68–69 настай) |
Төрсөн газар | Монгол, Говь-Алтай, Төгрөг |
Улс орон | ![]() |
Ажил үйл | яруу найрагч, сэтгүүлч |
Үржингийн Хүрэлбаатар (1954 онд төрсөн) гэж Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, шүүмж судлаач, дууны шүлгийн нэрт мастер.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Хүрэлбаатар 1954 онд Монгол улсын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Үржингийн хоёрдугаар хүү болон төрсөн.
УБИС-ийн хэл уран зохиолын ангийг 1977 онд, МЛИС-ийн сэтгүүлчийн ангийг 1984 онд, Унгар улсын Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг 1988 онд тус тус төгсч багш-сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн. Тэрээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор /1977-1980/-т эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаач, Улаанбаатар хотын намрын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл "Улаанбаатарын мэдээ" /1980-1990/ сонинд сурвалжлагч, хэлстийн эрхлэгч, Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл- "Улаанбаатар" /1990-1999/ сонины анхны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. «Улаанбаатар» сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдааныг санаачлагч, «Монголын сайхан бүсгүй» шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл "Нүгэл буян" /1992/, Улсын гаалийн Ерөнхий Газрын хэвлэл "Алтан босго" /1993/ сонин зэрэг арав гаруй сонинг үүсгэн байгуулсан. 1990-1992 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат, 1992-1996 онд Нийслэлийн Иргэлийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 1999-2008 онд МУНН-ын даргаар ажиллаж байсан.
2001 онд Гадаад хэл, сэтгүүл зүйн "Түгээмэл" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. "Арслан судлалын төв" /1995/, "Мишигийн Цэдэндорж" сан /1998/, Д.Намдаг судлалын төв /2001/, Монголын дууны яруу найрагчдын нийгэмлэг /2011/, Монголын сэтгүүл зүйн академи /2012/ зэрэг төрийн бус арав гаруй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлэн ажилладаг.
Ү.Хүрэлбаатарын гол судалгаа нь зохиолч, найруулагч Донровын Намдагийн тухай байлаа. Тэрбээр "Д.Намдагийн туршиц туурвил зүй" /жүжгийн зохиолын жишээн дээр УБ.,1998/ ганц сэдэвт бүтээл туурвиж хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Ү. Хүрэлбаатар нь монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай томоохон яруу найрагч юм. Түүний шүлгээр бүтсэн 500 гаруй дууг монголын ард түмэн чихэндээ ээмэг мэт зүүж, амандаа чихэр мэт хүлхсээр л байна.
2012 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан.
Ү.Хүрэлбаатар нь хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдан хүндлэгдсэн эрч хүч, идэвх санаачлагатай монголын тэргүүний сэхээтний нэг юм. Тэрбээр монголын сэтгүүл зүй, соёл урлаг, утга зохиол, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн юм. Эдүгээ монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна. Ялангуяа Олон улсын зохиогчдын эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын холбоо /CISAC/-ны гишүүн болж олон улсын хүрээнд монголын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах талаар томоохон алхам хийсэн нь монголын уран бүтээлчдийн бүтээлийг хамгаалах гол найдвар болж байна.
Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]
Ном[засварлах | кодоор засварлах]
Ганц сэдэвт зохиол
1. “Д.Намдагийн туршиц туурвил зүй” Жүжгийн зохиолын жишээн дээр. Ред. Ц.Мөнх Д.Цэнд УБ, 1998
2. “Экспериментальная поэтика Д.Намдага” УБ., 1998
Ном товхимол[засварлах | кодоор засварлах]
- “Сургуулийн ертөнцөд хийсэн сурвалжлага” УБ.,1988
- “Тэнгэрийн зүйдэл” УБ.,1995
- “Д.Намдагийн уран бүтээлийн онцлог” Ред. Х.Зандраабайдий. УБ., 1998
- “Малига бүргэдийн дэвэлт” УБ.,1998
- “Ерөнхий эрхлэгчийн зурвас” УБ.,1998
- “Бөхийн хорхойтны өдрийн тэмдэглэл” /Нэгдүгээр дэвтэр/ Ред. Д.Дамдин. УБ., 2000.
- “Газрын зүйдэл” УБ.,2001
- “Донровын Намдаг” XX зууны монгол зохиолчид. 9-р дэвтэр. Ред. Х.Сампилдэндэв нар. УБ., 2001
- “Миний хайртын төрсөн өдөр” Ред.Б.Лхагвасүрэн. УБ., 2002
- “Эрх саран” УБ., 2002
- "Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй" УБ.,2004
- "Чөдөр гурвалжин" УБ.,2015
- "Гандирсан" УБ.,2015
- "Тархины фитнес" УБ.,2015
- "Өлзийт өглөөний мэнд" УБ.,2017
- "Монголын шилдэг нийтлэл" УБ.,2018
- "Өвөө зээ хоёр" УБ.,2021
- "Гоо марал" УБ.,2021
- "Эмээ зээ хоёр" УБ.,2021
- "Цахим өгүүллэг" УБ.,2021
- "Оршил" УБ.,2021
- "Бясалган дуулах уу" УБ.,2021
- "Чи байх гэвэл шилдэг нь бай" УБ.,2022
Уран бүтээлийн тайлан тоглолт[засварлах | кодоор засварлах]
"Эрх саран" /2002/
"Түгээмэл аялгуу" /2004/
"Миний дуу-Миний аз жаргал" /2013/