Jump to content

Наваандоржийн Жадамбаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наваандоржийн Жадамбаа
1-р Улсын Их Хурлын дарга
Албан тушаал хашсан
1924 оны 11 сарын 28 – 11 сарын 29
ӨмнөхБогд хаан (Хааны хувьд)
Балингийн Цэрэндорж (үүрэг гүйцэтгэгч)
ДараахПэлжидийн Гэндэн
Хувийн мэдээлэл
Төрсөн1899
Баатар вангийн хошуу, Ар Монгол, Чин улс
(одоогийн Сэлэнгэ аймаг)
Нас барсан1939 (38–39 насалсан)
Монгол
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам (1921–1928)

Наваандоржийн Жадамбаа (Монгол бичиг:ᠨᠠᠸᠠᠩᠳᠣᠷᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠳᠳᠣᠩᠪᠠ
; 1899-1939) 1899 онд Түшээт хан аймгийн Баатар засгийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт төрсөн. Монгол улсын анхны бүгд найрамдах төрийн тэргүүн, нийгмийн зүтгэлтэн, орчуулагч, соён гэгээрүүлэгч байсан юм. 1924 оны 11 сард Богд хааныг таалал төгссөний дараа тэрээр Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч болсон ба ганцхан өдрийн дараа түүний оронд Пэлжидийн Гэндэн болсон юм.

Богд хааныг нас барсны дараа хойд дүр нь насанд хүртэл ихэнхдээ ноёд түшмэд улсыг удирддаг байв; гэвч энэ тохиолдолд Богд хааны хойд дүрийг тодруулахыг хориглож, тэр цагаас хойш Монгол улс Бүгд найрамдах Үндсэн хуультай болсон байна.

Тэрээр ард Наваандоржийн хоёр дахь хүү болж мэндэлсэн. Тэр багаасаа тариа тарих, мод бэлтгэж сал угсрах ажилд дагалдан ажилладаг байжээ. Мөн цахар Цэрэнбавуу гэдэг хүнээр монгол, манж, хятад хэл бичиг заалгаж, түүх шастир уншиж гэрийн боловсрол сайтай байжээ. 10 насандаа Их Хүрээний хятад, орос сургууль төгсөөд Эрхүү хотын бага, дунд сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаад Монголын засгийн газрын шийдвэрээр эргэж ирсэн байна. Тухайн тэр үед өргөн уудам нутагтай манай оронд цахилгаан мэдээ дамжуулах, хүлээн авах ажил онц чухал шаардлагатай байсан тул хятад, орос хэлтэйн дээр ерөнхий боловсролын үндэс эзэмшсэн боловсон хүчнийг дайчлан ажиллуулсан бололтой. Жадамба 1919-1921 онд Чойр дахь холбооны салбарт цахилгаан утас цохигч, түшмэл,

1921-1922 онд Гадаад яаманд орчуулагч, түшмэл, цэргийн сурган боловсруулах газарт эх зохиогч, Сангийн яаманд дэд сайд,

1922-1924 онд Монгол улсаас Зөвлөлт Холбоот Улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зөвлөх, хамаарсан элчин сайд,

1924-1925 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны дарга. Энэ үеэр "Ардын цэрэг" сонинг санаачлан гаргаж байсан.

1925-1926 онд МАХН-ын Төв Хорооны дарга, 1926-1928 онд Аж ахуйн яамны сайд, түүнээс хойших хэдэн жилд Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Сурган боловсруулах газрын дарга.

"Ардын цэрэг" сонины эрхлэгч, Банкны ерөнхий хорооны гишүүн, Ардын засгийн газрын товчооны гишүүн.

1929-1932 онд ЗХУ-ын Москва дахь Санхүү, аж ахуйн дээд сургуульд сурч төгссөн.

1932-1934 онд Зөвлөлт Холбоот Улсын банкны Москва мужийн конторт зөвлөх,

1934-1937 онд Москва дахь Монголын Худалдааны төлөөлөгчийн газрын худалдааны зөвлөх зэрэг төрөл бүрийн ажлыг гүйцэтгэж байжээ.

1937 оны 12-р сард Москвагаас баривчлан Монголд авчирч хувьсгалын эсэргүү хилс хэргээр 10 жил авч шоронд хоригдож байгаад 1939 онд нас баржээ.

1968 онд түүнийг БНМАУ-ын Дээд шүүхийн тогтоолоор цагаатгасан байна.[баримт хэрэгтэй]

Тэрээр германы зохиолч Рудольф Распэ-гийн "Мянгуужингийн түүх", английн зохиолч Жонатан Свифт-ийн "Гулливерийн аялан явсан түүх", оросын зохиолч Степан Злобины "Салават баатар", францын коммунист зохиолч Анри Барбюс-ын "Бид яллана", канадын Эрнест Сетон-Томпсоны "Чин зоригт баатарлаг биет адгууснуудын үлгэр", америкийн Уильям Жеймсийн (William James) "Үүлэн бор", америкийн эмэгтэй зохиолч Хэлэн Келлер-ийн "Амьд зүйлүүд дэлхий дээр хэрхэн бий болсон тухай", "Дэлхий дээрх янз бүрийн амьтан ба ургамлуудын байдал", "Газар дэлхийн ус хөрсний нууц", "Хүн анх хэрхэн бий болж гарсан бэ? " зэрэг номыг орчуулсан.

Өмнөх Төрийн тэргүүн
1924 оны 11 сарын 28 – 1924 оны 11 сарын 29
Дараах