Jump to content

Хар-Ус нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хар-Ус нуур
Хар-Ус нуур хөлдсөн байдал, баруун хэсэгт Хар нуурын хэсэг харагдаж байна (НАСА-гийн зураг, 2002 оны 12 сарын 13)
Байршил Ховд, Монгол улс
Солбицол 48°02′N 92°17′E / 48.033°N 92.283°E / 48.033; 92.283Солбицол: 48°02′N 92°17′E / 48.033°N 92.283°E / 48.033; 92.283
Онцлог Цэнгэг
Нуурт цутгах Ховд гол, Буянт гол
Нуураас гарах Чоно Харайх гол (Хар нуур руу урсана)
Ус цуглуулах талбай 74,500 км²
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 72.2 км
Өргөн 36.5 км
Талбай 1,486 км²
Дундаж гүн 2.1 м
Хамгийн гүн цэг 4.5 м
Усны хэмжээ 3.12 км³[1]
Усны хадгалагдах хугацаа 1.1 жил[1]
Хөвөөний түвшин 1,156.7 м
Хөлдөх хугацаа 11 сар - 4 сар
Нуурын арал Агваш арал
Эргийн суурин Дөргөн сумын төв
Хар-Ус нуур, Монгол
Хар-Ус нуур
Хар-Ус нуур

Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг.

Хар-Ус нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жилд дунджаар 0.12 км³-р багассанаар нуурын усны тэнцвэрийн түвшин 9 см-р доошилж байгаа гэсэн дүгнэлтийг дээрх судлаачид тооцож гаргажээ.[2]

Тус нуурын ус цуглуулах талбайн дал орчим хувьд нь Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт гол жилд 2.2 км³ орчим ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км өргөн Чоно-Харайх голоор Хар-Ус нуурт өгдөг.

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм.

Газарзүйн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Хар-Ус нуурын хотгор нь тектоник гарал үүсэлтэй ч ширгэж татарсанаас болж эрэг нь налуу талархаг болж эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан байна. Хар-Ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 274 км² талбайтай 30 орчим км урт, усны мандлаас 272 м өндөр Агваш хэмээх арал бөгөөд тэрээр Хар-Ус нуурыг хойт урд гэсэн тэнцүү биш хоёр хэсэгт хуваана.[3]. Энэ хоёр хэсгийг 1.2-2.0 метр гүн, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн, Юм нэртэй хоёр хоолой холбоно.[2]

Хойт далай нуур 400 км² талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй, хамгийн их гүн нь 1.8 метрээс хэтрэхгүй болсон. Бусад арлууд нь тэгш нам гадарга бөгөөд бүхэлдээ намагшиж зэгс зэргийн цоргот ургамал шигүү ургажээ.

Хар-Ус нуур нь говь хээрийн бүсэд орших ч газар зүйн тодорхой нөхцлийн улмаас цэнгэг устай байдаг. Энэ нуур ус хуралдуулах сав газраас урсаж ирэх гадаргын урсацаас нилээд зузаан элс хайраар тусгаарлагдаж оршихын сацуу сэвсгэр хурдсанд шүүгдэж нэвчих замаар гадагш урсгалтай байдгаас шалтгаалан цэнгэг устай болжээ гэсэн дүгнэлтийг судлаач Ж.Цэрэнсодном нар 1971 онд хийжээ.[2]

Хар ус нуурын ус, намгархаг газар нь Улаанбаатар хотоос 1,600 гаруй км, Ховд аймгийн Ховд хотоос зүүн тийш 20км зайд оршдог. Хар ус нуурын сав газар нь Их нууруудын хотгорын төв хэсэгт байрлах бөгөөд баруун талаараа Монгол-Алтайн нуруу, хойд талаараа Саяны нуруу, зүүн талаараа Хангайн нуруу, өмнө талаараа Говь-Алтай зэрэг нуруугаар хүрээлэгдсэн физик газарзүй, геоморфологийн хувьд өвөрмөц онцлогтой. Ховд, Буянт, Цэнхэрийн голууд цутгаж, Чонохарайхын гол эх авч урсана.

Хар ус нуурын орчимд 2 овгийн 4 зүйл загас бүртгэгдсэн байдаг. Эдгээр загасны зүйлүүд нь цэнгэг болон давстай усанд зохицон амьдрах өвөрмөц зохилдлоготой бөгөөд Монгол хадран (Thymallus brevirostris), Алтайн сугас (Oreoleuciscus potanini) нь агнуурын ач холбогдолтой. Хар ус нуурын загасны нийт нөөц 315 тонн, Хар нуурынх 590 тонн гэж тогтоогдсон бөгөөд дээрх нууруудаас жилд 90- 150 тонн загас барих боломжит нөөцтэй. Хар ус нуурын хотгор ба түүний орчин тойрны нутгаар хоёр нутагтан, мөлхөгчдын цөөн зүйл бүртгэгдсэн байдаг. Монгол орны мөлхөгчдөөс Цоохор хонингүрвэл (Phrynocephalus versicolor), Могой гүрвэл (Eremias multiocellata), Говийн гүрвэл (Eremias przewalskii), Рашааны могой (Elaphe dione), Бамбай хоншоорт могой (Aqkistrodon halys) элбэг тохиолдоно.

Хар ус нуур орчимд 17 багийн 35 овгийн 270 зүйлийн шувууд бүртгэгдсэн байдаг бөгөөд энэ нь Монгол орны хэмжээнд бүртгэгдсэн нийт шувуудын зүйлийн 20 орчим хувь юм. Нийт бүртгэгдсэн зүйлүүдийг оршин амьдрах хэлбэрээр нь ангилж үзвэл 140 зүйл нь нүүдлийн өндөглөдөг, 55 зүйл нь суурин, 45 зүйл нь дайран өнгөрдөг, 20 зүйл нь тохиолдлын таардаг, 3 зүйл нь зусдаг, 7 зүйл нь өвөлждөг зүйлүүд байна. Улаан номонд орсон шувуудаас дурдвал Борцгор хотон (Pelecanus crispus), Халбаган хошуут (Platalea leucorodia), Хар өрөвтас (Ciconia nigra), Цэн тогоруу (Grus vipio), Хархираа тогоруу (Grus grus), Хуруут хун (Cygnus olor), Гангар хун (Cygnus cygnus), Хошуу галуу (Anser cygnoides), Хээрийн галуу (Anser indicus), Цагаантолгойт ямаансүүл (Oxyura leucocephala), Усныцагаан сүүлтбүргэд (Haliaeetus albicilla), Алтайн хойлог (Tetraogallus altaicus) байдаг. Гангар хун (Cygnus cygnus), Алаг шунгаач (Bucephala clangula), Хумхин бохио (Mergus merganser), Цахиур бохио ШУВУУ (Mergus albellus), Зэрлэгшир нугас (Anas plathrynchos) зэрэг усны шувууд нь зарим жилүүдэд харз, задгай устай хэсгээр өвөлждөг байна.

Усны тэнцвэр[1]
(нэгж: мм/жил)
Гадарга дахь оролт Гадарга дахь гаралт Гүний усны
оролт-
гаралт
Хур тунадас Оролт Ууршилт Гаралт
56.4 1,979.2 942.7 675.3 -417.6
  1. 1.0 1.1 1.2 ""Mонгол орны гадаргын ус", Гомбын Даваа, Дамбаравжаагийн Оюунбаатар, Мичиаки Сүгита" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2021-02-09. Татаж авсан: 2012-05-14.
  2. 2.0 2.1 2.2 "ХАР-УС НУУР". altai-eco.mn. 2011-11-26. Эх хувилбараас архивласан: 2012-04-20. Татаж авсан: 2012-05-14.
  3. Medeelel.mn

Топографийн зургууд

[засварлах | кодоор засварлах]
  • M-46-XXXIII Масштаб 1: 200 000. 1972 он
  • M-46-XXXII Масштаб 1: 200 000. 1972 он
  • 46-L-II Масштаб 1: 200 000. 1971 он
  • 46-L-III Масштаб 1: 200 000. 1971 он