Jump to content

Хөрс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
This is a diagram and related photograph of soil layers from bedrock to soil.
А өнгөн хөрс; B дунд хөрс, латерит, реголит; C ул хөрс сапролит, элэгдэлд бага өртсөн реголит; доод хэсэг нь ул хад.

Хөрс нь эрдэс, органик матери, хий, шингэн ба тоологдошгүй олон организмуудын нийлмэл бөгөөд, тэд хамтдаа дэлхий дээрхи амьдралыг тэтгэж байдаг. Хөрс нь педосфер гэж нэрлэгдэх байгалийн биет ба дөрвөн чухал үүргийг гүйцэтгэдэг: ургамал ургах орчин; ус хадгалах, нийлүүлэх, цэвэршүүлэх хэрэгсэл; дэлхийн агаар мандлыг сайжруулагч; организмуудын амьдрах нутаг; эсрэгээр эдгээр нь буцаад хөрсийг сайжруулан нөлөөлж байдаг.

Хөрсийг, "дэлхийн арьс" гэж үздэг ба хөрс нь литосфер, гидросфер, атмосфер, биосфертэй шүргэлцэнэ.[1] Хөрс нь хатуу фаз (эрдэс ба органик матери) болон хийн төлөвт байх усыг агуулах сүвэрхэг хэсгээс тогтоно.[2][3][4] Иймд хөрсийг ихэвчлэн гурван төлөвт систем гэж үздэг.[5]

Хөрсний физик шинж чанарууд

[засварлах | кодоор засварлах]

Хөрсний физик шинж чанаруудыг ач холбогдол нь буурах дарааллаар нэрлэвэл, текстур (бүрдэл), бүтэц, сүвшил, консистенц, температур, өнгө, эсэргүүцэл зэрэг юм. Хөрсний текстур (бүрдэл) нь хөрсийг бүрдүүлэгчид болох элс, лаг, шавар 3-ийн харьцаагаар тодорхойлогдоно. Ач холбогдолоороо хоёрт орох шинж чанар бол бүтэц бөгөөд хөрс нь, төмрийн ислүүд, карбонатууд, шавар, цахиурын давхар исэл, гумус зэргээс тогтох ба тэд нийлэн харьцангуй тогтвортой хоёрдогч бүтэц үүсгэх зэрэг нь үүнд багтана. Хөрсний нягт, ялангуяа эзэлхүүн нягт нь хөрсний суултыг (нягтралыг) хэмжих хэмжүүр болдог. Хөрсний сүвшил нь хөрсний эзэлхүүний нэгэн хэсэг бөгөөд хий ба усаар дүүргэгдсэн байдаг. Хөрсний консистенц нь хөрсний хэсгүүдийн хоорондоо наалдах чадварыг илтгэдэг. Температур ба өнгийн хувьд өөрийн шинж чанаруудыг илтгэнэ. Хувийн эсэргүүцэл нь цахилгаан гүйдлийг эсэргүүцэх чанар ба энэ чанар нь металл, төмөрбетон байгууламжуудын зэврэх зэрэгт нөлөөлдөг. Хөрсний шинж чанарууд нь гүнээс хамааран өөрчлөгдөнө. Эдгээр шинж чанарууд нь хөрсний агааржилт ба ус шингээлт, ус хадгалах чадварыг тодорхойлж байдаг.


Хөрсний бүрдүүлэгчүүдийн ерөнхий үзүүлэлтүүд[6]
Үзүүлэлт Элс Лаг Шавар
Ус агуулах багтаамж Муу Дундаас их хүртэл Их
Агааржилт Сайн Дунд Ядмаг
Ус нэвчүүлэлт Өндөр Муугаас дунд хүртэл Маш муу
Органик бодисийн агуулалт Муу Дундаас их хүртэл Ихээс дунд хүртэл
Органик бодисийн задрал Хурдан Дунд Удаан
Хавар гэсэх Хурдан Дунд Удаан
Нягтрал/суулт Бага Дунд Өндөр
Салхины элэгдэлд өртөмтгий Дунд (Нарийн элс бол өндөр) Өндөр Бага
Усны элэгдэлд өртөмтгий Бага (Нарийн элс биш бол) Өндөр Агрегатлагдсан бол бага, үгүй бол өндөр
Хотойх/товойх боломж Маш бага Бага Дундаас маш өндөр
Нуур далангийн ус тусгаарлалт Ядмаг Ядмаг Сайн
Борооны дараа боловсруулалт хийх боломж Сайн Дунд Муу
Бохирдлоос шүлтжих Өндөр Дунд Бага (хагараагүй бол)
Ургамалын тэжээлийн бодисийг агуулах Ядмаг Дундаас их хүртэл Их
рН өөрчлөлтийг эсэргүйцэх Муу Дунд Өндөр
Хөрсний төрлүүд дэх шавар, лаг ба элсний харьцаа, АНУ-ын ХАА яамны ангилал
Өнгөт тогооны дэргэдэх төмрөөр баялаг хөрс, Кутенейн Үндэсний Хүрээлэн, Канад

Хөрсний бүрдүүлэгчид болох элс, лаг, шавар ба тэдгээрийн янз бүрийн харьцаа нь хөрсний текстурыг тодорхойлно. Сүвшил, нэвчилт, шингээлт, суух-хөөх зэрэг, ус агуулах багтаамж, элэгдэлд өртөмтгий эсэх зэрэг шинж чанаруудад хөрсний текстур нөлөөлдөг. АНУ-ын ХАА яамны, хөрсний текстурын ангилалын гурвалжинг үзүүлэв. Дан элс, лаг, шавар зэргийг хөрс мөн гэж үзэх ч, хүнс үйлдвэрлэх талаас нь авч үзвэл, зохих хэмжээний органик матери агуулсан холимог (loam) хөрсийг сонгодог гэж үздэг. Холимог хөрсний эрдэс бүрдүүлэгчийн харьцаа, 40жин.% элс, 40жин.% лаг үлдэгдэл 20жин.% шавар байдаг. Хөрсний текстур нь, хөрсний тэжээллэг бодис ба ус агуулах багтаамжид нөлөө үзүүлдэг.[7]

Элс ба лаг нь, эх чулуулагийн физикийн ба химийн элэгдлийн улмаас үүссэн бол, шавар нь өөрөөр, эх чулуулаг уусаж үүсгэсэн хоёрдогч эрдсийн тунадасаас гаралтай. Хөрсний ширхэгүүдийн хувийн гадаргуугийн нийлбэр нь маш том талбайг үүсгэх ба түүн доторхи тогтворгүй ионы цэнэгүүд нь хөрсний катион солилцооны чадавхийг, цаашилбал үржил шимийг тодорхойлдог. Элс нь идэвхи багатай, дараа нь лаг, шавар хамгийн идэвхи өндөртэй нь. Элс нь хөрсийг нягтрахаас хамгаалж, хөрсний сүвшилийг нэмэгдүүлдэг нь элсний хамгийн том давуу тал юм. Лаг нь минералогийн хувьд элстэй төстэй боловч, хувийн гадаргуу ихтэй тул химийн хувьд илүү идэвхитэй. Гэсэн хэдий ч, шавар нь хувийн гадаргуу маш өндөртэй бөгөөд, их хэмжээний сөрөг цэнэгийг агуулж байдаг учир, хөрсөн дэх шаварын агууламж нь түүний ус ба тэжээлийн бодисуудыг агуулах чадварыг тодорхойлдог. Шаварлаг хөрсүүд нь мөн, салхиний ба усны элэгдлийг эсэргүүцэх чадвар, лагархаг ба элсэрхэг хөрсүүдтэй харьцуулахад өндөртэй байдаг. Учир нь, шаврын жижиг хэсгүүд хоорондоо илүү нягт холбогддогт оршино.

Элс нь хөрсний хамгийн тогтвортой эрдэс, тэрээр, 2.0–0.05 mm (0.0787–0.0020 in) диаметртэй, ихэвчлэн кварцын хэсгүүдээс тогтдог, жижиг хайргыг агуулдаг (багтаадаг). Лагийн хэсгүүд 0.05 - 0.002 mm (0.002 - 0.00008 in) хэмжээтэй. Шаварын хэсгүүд нь оптик микроскопоор харагддаггүй 0.002 mm (7.9×10−5 in) буюу түүнээс бага диаметртэй хэмжээтэй.[8][9] Дундаж текстуртай хөрсүүдийн шавар хэсгүүд угаагдан доошилж дэд хөрсөнд хуримтлагдсан байдаг.

Чулуу ба хайрга болох 2.0 mm (0.079 in)-с дээш хэсгүүдийг хөрсний текстурыг тодорхойлохоос өмнө ялгадаг ч, нэрлэхдээ оруулан бичдэг. Жишээ нь, 20%-ийн хайргатай элсэрхэг хөрсийг хайргархаг элсэрхэг хөрс гэж нэрлэдэг.

Хэрвээ хөрсний органик материйн агууламж мэдэгдэхүйц их бол тийм хөрсийг органик хөрс гэж нэрлэдэг. Дараах тохиолдолд хөрсийг органик хөрс гэдэг:

  1. Эрдэс фракцийн шавар 0% ба органик матери 20% эсвэл дээш
  2. Эрдэс фракцийн шавар 0% - 50% ба органик матери 20 - 30%
  3. Эрдэс фракцийн шавар 50% эсвэл дээш ба органик матери 30% эсвэл түүнээс их.[10]

Хөрсний текстурын хэсгүүд болох элс, лаг, шавар хоорондоо нийлэн агрегатуудыг үүсгэдэг ба агрегатууд нь нийлэн хөрсний бүтцийн илүү том нэгж болох педолитүүдийг үүсгэнэ. Хөрсний текстурын хэсгүүд ба органик бодис, төмрийн ислүүд, карбонатууд, шавар, цахиур хоорондын адгезээр үүссэн агрегатууд, эдгээр агрегатуудын, хөлдөлт-хайлалтаас үүсэлтэй тэлэлт-агшилтын циклээс шалтгаалсан эвдрэл нь хөрсний ялгаатай геометр хэлбэрүүдийг үүсгэнэ. Педолитүүд нь хөрсний нэгж болон хөгжихдөө, янз бүрийн хэлбэр, хэмжээ, хөгжлийн зэрэгтэй болдог.[11] Хөрсний бүтэц нь, агааржилт, усны хөдөлгөөн, дулаан дамжуулалт, ургамлын үндэсийн ургалт, элэгдлийг эсэргүүцэх чадвар зэрэгт нөлөөлдөг. Ус нь эргээд, хөрсний бүтцэд хүчтэй нөлөөлдөг нь, түүний эрдсийг уусгах ба тунгаах, ургамлын ургалтад нөлөөлдөг зэрэгт оршдог.

Хөрсний текстур нь хөрсний эрдсийн бүрдэлээр тодорхойлогддог ба түүний төрөлхийн шинж чанар бөгөөд газар тариалангийн оролцоогоор өөрчлөгдөх боломжгүй бол, хөрсний бүтэц нь газар тариалан эрхэлж буй арга сонголт ба хугацаанаас хамааран сайжирч эсвэл мууддаг. Өөрөөр хэлбэл өөрчилж/өөрчлөгдөж болох шинж чанар юм.

Хөрсний бүтцийн ангилал:[12]

  1. Төрөл: Хэлбэр ба педолитын зохион байгуулалт
    1. Ялтсан: Педолитүүд нь хавтгай ялтсан, нэг нь нөгөө дээрээ давхарлагдсан, 1–10 mm зузаан. Ойн хөрсний А давхрага ба нуурын тунадасаас илэрсэн.
    2. Призмэн ба баганан: Призм хэлбэрийн, босоо хэмжээ нь урт педолитүүд, 10–100 mm өргөн. Призмэн педолитүүд тэгш оройтой бол, баганан педолитүүд нь бөмбөгөр оройтой. Натрийн өндөр агууламжтай, шаварын хэсгүүд нь хуримтлагдсан В давхаргад үүсэх хандлагатай.
    3. Өнцөгт ба мөлгөр: Тэгш хэмт бус кубэн блокон педолитүүд, 5–50 mm, өнцөгт нь хурц өнцөгүүдтэй, мөлгөр нь дугуй мөлгөр өнцөгүүдтэй. Ус нэвчүүлэлт багатай, шаварын хэсгүүд нь хуримтлагдсан В давхаргад үүсэх хандлагатай.
    4. Үрлэн ба үйрмэг: Сфер хэлбэртэй педолитүүд, 1–10 mm, органик материтай А давхрагаас ихэвчлэн олддог. Үйрмэг педолитүүдийг илүү сийрэг ба тохиромжтой гэж үздэг.
  2. Ангилал: Педолитүүдийн хэмжээ, утга нь дээрх төрлүүдээс хамаарна
    1. Маш нарийн: <1 mm ялтсан ба сфер; <5 mm блокон; <10 mm призмэн.
    2. Нарийн: 1–2 mm ялтсан ба сфер; 5–10 mm блокон; 10–20 mm призмэн.
    3. Дундаж: 2–5 mm ялтсан, үрлэн; 10–20 mm блокон; 20-50 призмэн.
    4. Том: 5–10 mm ялтсан, үрлэн; 20–50 mm блокон; 50–100 mm призмэн.
    5. Маш том: >10 mm ялтсан, үрлэн; >50 mm блокон; >100 mm призмэн.
  3. Зэрэглэл: Педолитүүдийн хөгжлийн зэрэг, өөрөөр хэлбэл педолитүүдийн бөх бат ба тогтвортой байдлыг тодорхойлох, түүнийг бүрдүүлэгчүүдийн хоорондын наалдалт.
    1. Хэврэг: Хэврэг наалдалттай педолитүүд нь элс, лаг, шавар болон салдаг.
    2. Хэвийн: Хөндөгдөөгүй хөрсөндөө тогтвортой ч, хөндөж салгавал агрегатууд болон задарна. Тохиромжтой зэрэг гэж үздэг..
    3. Хүчтэй: Педолитүүд нь хөндөөгүй байхад хоорондоо салангид, хялбар задардаггүй.
    4. Бүтэцгүй: Нэгэн том масс болон наалдсан хөрс, шавран үеүүд шиг, эсвэл, ямарч наалдалтгүй, элс шиг.

Өргөн (том) түвшинд авч үзвэл, хөрсний бүтцийн хэлбэрийг бий болгодог хүчүүд нь хөрсний хөөлт ба суултын үр дүн юм. Хөөлт ба суулт нь хэвтээ тэнхлэгт явагддагаас, босоо хандлагатай педолитүүд үүсдэг. Шаварлаг хөрсүүдийн өнгөн хэсгийн хаталт, арай гүн хэсгийнхээс ялгаатай байдгаас, хэвтээ хагарлууд үүсч, босоо (призмэн ба баганан) педолитүүдийг блокон болгон хуваадаг. Ургамлын үндэс, мэрэгчид, өт хорхой ба хөлдөлт-хайлалтын циклийн нөлөөгөөр педолитүүд сфер хэлбэрийг үүсгэдэг.

Дунд түвшинд авч үзвэл, ургамлын үндэс нь нүх сүвийг эзлэн усыг шахан зайлуулдаг ба ингэснээр сүвшил нэмэгдэж, микрохагаралууд үүсэн, агрегатуудын физик хэмжээ багасдаг. Нэгэн зэрэг, үндэс, мөөгний гиф, чийгийн улаан зэрэг нь микротунелиудыг үүсгэдэг ба энэ нь педолитүүдийг хагалан эвддэг.

Бага (жижиг) түвшинд авч үзвэл, агрегатын үүсэлт нь бактер ба мөөгөнцөрийн тусламжтай явагдах ба тэдгээр нь наалдамхай полисахаридуудыг ялгаруулдаг бөгөөд сүүлийнх нь хөрсний хэсгүүдийг жижиг педолитүүд болгон холбодог. Органик түүхий эдийг хөрсөнд нэмснээр, бактер ба мөөгөнцөрүүдийг хооллож, шаардлагатай хөрсний бүтцийг бий болгоно.

Хамгийн бага (жижиг) түвшинд авч үзвэл, хөрсний хэсгүүдийн нийлэх (агрегат үүсгэх) эсвэл салах процессд хөрсний хими нөлөөлнө. Шаврын хэсгүүд нь поливалент катионуудыг агуулах ба тэдгээр нь шаврын үеүүдийн нүүрэн хэсэгт сөрөг цэнэгийг бий болгодог. Нэгэн зэрэг шаврын ялтасын ирмэгт эерэг цэнэг үүсэх ба энэ хэсгээрээ өөр шаврын ялтасын нүүртэй холбогдоно, эсвэл флокуляцад орно. Нөгөө талаас, натри мэт нэг валенттай ионууд, поливаленттай катионыг зайлуулан байрыг нь эзэлвэл, тэд ирмэг дэх эерэг цэнэгийг сулруулж, нүүрний сөрөг цэнэгийг харьцангуй нэмэгдүүлдэг. Ингэснээр, шаврын сөрөг цэнэгтэй хэсгүүд хоорондоо түлхэлцэн, флокуляцад орон том хэсгүүдийг үүсгэхгүй. Шаврын жижиг хэсгүүд педолитүүдийн хоорондох завсруудаар орж битүүлнэ. Ингэж эвдэрсэн агрегаттай хөрс ус ба агаарын нэвчилтгүй болдог. Ийм давслаг хөрс нь гадаргуудаа баганан бүтцийг үүсгэх хандлагатай байдаг.[13]

Хөрсний нэгжийн нягт ихэвчлэн 2.60 - 2.75 gr/cm3 бөгөөд хөрс бүрийнх ойролцоо байдаг. Хөрсний нэгжийн нягт нь, органик материйн агууламж нэмэгдэх тусам буурч, төмрийн ислүүд ихтэй хөрснийх өндөр байдаг. Хөрсний эзлэхүүн нягт нь, түүний хуурай жинг, түүний эзлэхүүнд харьцуулсантай тэнцэнэ. Хөрсний эзлэхүүн нягтад агаар ба органик материуд бүгд багтана. Боловсруулсан холимог хөрсний эзлэхүүн нягт нь 1.1 - 1.4 g/cm3 байдаг.[14] Хөрсний эзлэхүүн нягт нь хөрсний төрлөөс хамааран маш их өөрчлөгдөнө. Эзлэхүүн нягт багатай байх нь ургамал сайн ургана гэсэн үг биш. Эзлэхүүн нягт өндөр байвал, хөрс нягтарсан эсвэл элсний агууламж өндөртэй байгааг гэрчилнэ. Мэдээж хэрэг хөрсний эзлэхүүн нягт нь нэгжийн нягаас ямагт бага байдаг.

Хөрсүүдийн эзлэхүүн нягт. Сүвшилийн хувийг, нэгжийн нягтыг 2.7 g/cm3 гэж үзэн тооцоолсон (занарынхаас бусдыг). [15]
Хөрс Эзлэхүүн нягт g/cm3 Сүвшил %
Хөвөнгийн талбайн боловсруулсан хөрс 1.3 51
Замын дугуй явдаг хэсэг 1.67 37
Зам 25 cm гүнд 1.7 36
Замын доорх хөндөгдөөгүй шаварлаг хөрс 1.5 43
Навчит ойн хайргархаг лаганцар хөрс 1.62 40
Элсэрхэг өнгөн хөрс 1.5 43
Задарсан занар 0.55 65

Нүх сүвүүд нь хөрсний эзлэхүүний, эрдэс ба органик материар эзлэгдээгүй харин, хий ба усаар дүүргэгдсэн орон зай. Хөрсний эзлэхүүний 50 хувь нь нүх сүв байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Хөрсний нүх сүв нь, органик материйг задлагч организмуудыг, гумусыг, ургамлын үндсийг хүчилтөрөгчөөр хангахад шаардагдахаас гадна, ус болон ууссан тэжээлийг хадгалах ба тээвэрлэх боломжийг олгодог. Хөрсний энэ шинж чанар нь, олон организмууд хоорондоо өрсөлдөхгүйгээр хүчилтөрөгчөөр хангагдахаар зохион байгуулагдсан байдаг нь, зөвхөн олон организм тухайн хөрсөнд байгааг тайлбарлаад зогсохгүй, мөн, үүргийн хувьд илүүдэлтэй организмууд зэрэгцэн оршдогийн шалтгаан болдог.[16]

Хөрсний сүвшлийг дөрвөн янзаар ангилдаг:

  1. Маш нарийн нүх сүв: < 2 µm
  2. Нарийн нүх сүв: 2-20 µm
  3. Дунд нүх сүв: 20-200 µm
  4. Том нүх сүв: 200 µm-0.2 mm

Харьцуулан хэлэхэд, ургамлын үндэсний нарийн үсний диаметр 8 -12 µm байдаг. Нүх сүвний хэмжээ 30 µm-с бага үед усыг барьж буй таталцалын хүч нь, усыг доош урсгах гравитацийн хүчээс их болдог. Энэ тохиолдолд хөрс намгархаг болж, амьсгалж чадахгүй. Ургамлын ургалтад нүх сүвийн хэмжээ (диаметр) нь нийт нүх сүвийн эзлэх хувиас илүү чухал. Дундаж текстуртэй холимог хөрсийг, нүх сүвийн хэмжээний хувьд сонгодог гэж үздэг. Их сүвэрхэг хөрс нь ус ба хийг хурдан тээвэрлэгдэх (хөдлөх) боломжийг олгодгоороо бага сүвэрхэг хөрсөөс давуу байдаг. Доод (жижиг) түвшинд, хөрсний текстур нь сүвшлийг тодорхойлж байдаг бол, дээд (том) түвшинд хөрсний бүтэц нь, хөрсний агааржилт, ус шингээлт ба нэвчилтэд хүчтэй нөлөөлдөг.[17] Хөрсний боловсруулалт нь, сүвшлийг нэмэгдүүлэх богино хугацааны арга бөгөөд, ингэснээр маш том хэмжээтэй нүх сүвийн эзлэх хувь нэмэгддэг ч, эцэст нь эсрэгээр, хөндөлтөөс үүсэлтэй хөрсний агрегатуудын эвдрэлийн нөлөөгөөр мууддаг.[18] Шаварлаг хөрсийн нүх сүвийн хэмжээ жижиг ч, нийт сүвшлийн хэмжээ нь элсэрхэг хөрснийхөөс илүү байдаг.

Нэмэлт мэдээлэл: Ус агуулалт ба Усны потенциал

Ус нь хөрсний үүсэл, бүтэц, тогтворжил, элэгдэл, хамгийн гол нь ургамлын ургалтад нөлөөлдөг. Ус нь дараах дөрвөн чухал үүргийг ургамалд гүйцэтгэдэг:

  1. Ургамлын протоплазмын 80%-95% бүрдүүлнэ.
  2. Фотосинтезд оролцоно.
  3. Тэжээлийг ургамалд шингэх, ургамал даяар тээвэрлэгдэх боломжийг олгодог уусгагч болно.
  4. Ургамалд биелэг (тургид) чанарыг олгодог ба энэ нь ургамлыг биеэ зөв байрлалд барих боломжийг олгодог.[19]

Холимог хөрсний эзэлхүүний тал хувийг хатуу бодис, дөрөвний нэгийг хий, дөрөвний нэгийг ус эзлэх ба энэ усны дөнгөж тал нь л дийлэнх ургамлуудад хүртээмжтэй (боломжит ус) байдаг.

Усанд автсан талбайн ус нь, гравитацийн ус байдлаар доош нэвчих ба энэ нь, усны адгезийн ба когезийн хүчүүд гравитацийн хүчийг эсэргүүцэх хүртэл үргэлжлэнэ. Гравитацийн хүчийг эсэргүүцэж эхэлсэн цэгийг хөрсний эсвэл талбайн ус агуулах чадвар гэдэг.[20] Энэ үед ургамал нь хөрснөөс усыг сорж[20][21] байх ёстой. Хөрс хэт хатаж эхэлмэгц, боломжит ус[20][22] ашиглагдаж дуусан, боломжгүй ус үлдэх ба ургамал энэ усыг авах хэмжээний сорох хүчийг бий болгож чаддаггүй. Ургамалын сорох даралт ус ихтэй үед 0 байснаа, хуурай хөрсөнд 1/3 bar болж өсдөг. 15 бар сорох даралтад, wilting percent, үр соёолдоггүй,[23][20][24] ургамал умайж хатан үхдэг. Хөрсөн дэх ус нь, гравитацийн, осмосын ба капиллярын хүчүүдийн нөлөөгөөр шилжиж хөдөлдөг. Ус хөрсөнд ормогц агаарыг зарим нүх сүвээс хөөж гаргадаг ба хөрсний агаар ба усны агуулалт эсрэг хамааралтай байдаг.

Усыг агуулж барих хүч

[засварлах | кодоор засварлах]

Усны устөрөгчийн атомын хөрсний хэсэгийн хүчилтөрөгчид үзүүлэх адгезийн хүч нь, усны устөрөгчийн атомын өөр усны молекулын хүчилтөрөгчид үзүүлэх когезийн хүчээс их тохиолдолд ус нь хөрсөнд хадгалагдана.[25] Талбай усанд автахад, хөрсний бүх нүх сүвүүд усаар дүүрнэ. Ус нь гравитацийн хүчний нөлөөгөөр, талбайн ус агуулах чадвар (УАЧ) гэдэг цэг хүртэл нэвчинэ. УАЧ цэгийн үед хамгийн жижиг нүх сүвүүд усаар, хамгийн томууд нь ус ба хийгээр дүүргэгдсэн байна.[26] УАЧ цэгт хүрэх үеийн хөрсний барин үлдэх нийт усны хэмжээ нь, хөрсний хэсгүүдийн хувийн гадаргуугийн үүрэгтэй холбоотой. Иймд, шаврын ба органикийн өндөр агууламжтай хөрсүүд УАЧ өндөртэй байдаг. Хөрснөөс усыг түлхэн эсвэл татан авах хүчийг соролт гэж нэрлээд байгаа ба энэ нь даралтын нэгж болох бар-р хэмжигддэг (105 паскаль буюу ойролцоогоор 1 ат). Адил утгыг илэрхийлэх чийгийн потенциал гэдэг нэршил мөн ашиглагддаг.[27]

Ус чийгийн ангилал

[засварлах | кодоор засварлах]

Усыг хөрсөнд бариж байгаа хүчүүд нь, усыг ургамал авах боломжийг тодорхойлж байдаг. Адгезийн хүч нь усыг эрдсийн эсвэл гумусын гадаргуутай хүчтэй холбодог бол, арай сул когезийн хүчээр өөрөө өөртэйгээ холбогдоно. Эхэндээ, ургамлын үндэс нь когезийн хүчээр сул холбогдсон хялбар авч болох усыг хэрэглээд, хөрсний хэсгүүдтэй адгезиэр холбогдсон усыг бага хэрэглэж болно. Гэвч, хөрсний ус багасах тусам, ус ба хөрсний хэсгүүдйиг холбож байгаа адгезийн хүчүүд нь усныг багасгасар, ургамлыг соролт нь дийлэхгүй хэмжээнд хүргэдэг.[28] Ингэж үлдсэн усыг боломжгүй ус гэж нэрлэдэг. Ургамал авч болох боломжтой ус ны хэмжээ нь, хөрсний текстур, гумусын агууламж болон усыг шингээх гэж оролдож буй ургамлын төрлөөс хамаарна. Кактус нь, жишээлхэд, газар тариалангийн ургамлуудаас илүү их сорох хүчийг гаргах чадвартай.

Дараах тайлбар нь холимог хөрс ба газар тариалангийн ургамлуудад хамааралтай. Талбай усанд автахад, ханасан гэх ба энэ үед бүх нүх сүвүүд усаар дүүрсэн байна. Ургамлын үндэс рүү усыг нэвчүүлэх сорох хүч тэгтэй тэнцэнэ. Ус гравитацийн нөлөөгөөр нэвчиж (нэвчсэн/нэвчиж буй усыг гравитацийн ус гэнэ), ургамлын усыг сорох хүч нэмэгдсээр 1/3 bar-т хүрнэ. Энэ цэгийг талбайн ус агуулах чадвар гэж нэрлэх ба энэ цэгээс хойш ургамлын сорох хүч нэмэгдсээр, эцэстээ 15 bar-т хүрнэ. 15 bar соролттой үеийн хөрсөн дэх усны агууламжийг wilting percent гэнэ. Энэ үед ургамал өөрийн усны хэрэгцээг хангаж чадахаа болих (нэгэн зэрэг ус нь ургамлаас ууршсаар л байна) ба ургамлын биелэг (тургид) чанар алдагдаж, умайж хатана. Дараагийн шатыг агаарын хатаалт, 1000 bar соролт, эцсийнхийг зуухны хатаалт 10,000 bar соролт тус тус харгалзана. Wilting percent цэгийн дараах хөрсөнд агуулагдах усыг боломжгүй ус гэдэг.[29]

Хөрсний хими нь, ургамлыг тэжээлээр хангах боломжыг, хөрсний физик шинж чанаруудыг, хөрсний микробиологи өвчлөлгүй эрүүл байх зэргийг тодорхойлдог. Нэмж хэлэхэд, хөрсний хими нь зэврүүлэх чанар, тогтворжил болон бохирдлыг шингээж, усыг шүүх зэрэг багтана. Хөрсний хими нь эрдэс ба органик коллоидуудын гадаргуун хими ба энэ нь хөрсний хими шинж чанаруудыг тодорхойлдог. "Коллоидууд нь уусдаггүй, хуваагддаггүй, молекулаас арай том, шингэн орчинд гадны нөлөөгүйгээр туналгүйгээр тогтох, хангалттай жижиг хэсэг. Дийлэнх хөрсүүд органик коллоид хэсэг болох гумус, мөн органик бус шаварын коллоид хэсгүүдийг агуулдаг." Коллоидууд нь маш өндөр хөгжилтэй хувийн гадаргуутай ба тэдгээрийн цэнэгийн нийлбэр нь, ионуудыг холбон татах, суллан чөлөөлөх өндөр чадварыг хөрсөнд олгодог. Коллоидуудын сөрөг цэнэгтэй тал нь катионуудыг холбон татах, суллан чөлөөлөх ба үүнийг катион солилцоо гэж нэрлэдэг. Катион солилцооны чадавхи (КСЧ) нь, хөрсний нэгж хуурай жинд ноогдох (орших) солилцох катионы тоо бөгөөд, 100 гр хуурай хөрсөн дэх эерэг цэнэгтэй ионы миллиэквивалентээр, эсвэл, нэг килограмм хөрсөн дэх эерэг цэнэгийн сантимолиор (cmolc/kg) илэрхийлнэ. Үүнтэй нэгэн адилаар, коллоидуудын эерэг цэнэгтэй тал нь анионуудыг холбон татах, суллан чөлөөлөх ба хөрсөнд анион солилцооны чадавхийг (АСЧ) олгодог.

Үндсэн өгүүлэл: Ургамлын тэжээл

Ургамал ургах ба нөхөн үржихэд арван зургаан элемент шаардлагатай. Үүнд, нүүрстөрөгч C, устөрөгч H, хүчилтөрөгч O, азот N, фосфор P, кали K, хүхэр S, кальци Ca, магни Mg, төмөр Fe, бор B, манган Mn, зэс Cu, цайр Zn, молибден Mo, хлор Cl зэрэг багтана.[30][31] Ургамлын амьдралын цикл бүрэн явагдахад шаардлагатай тэжээлийг шаардлагатай тэжээл, ургамлын ургалтад оролцдог боловч, амьдралын цикл бүрэн явагдахад гарцаагүй шаардлагатай бус тэжээлийг шаардлагатай бус тэжээл гэж нэрлэдэг. Ус ба нүүрсхүчлийн хийгээр нийлүүлэгддэг нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийг эс тооцвол, тэжээл нь хөрсний эрдэс бодисуудаас үүсдэг. Хэдийгээр, эрдсүүд нь тэжээлийн эх үүсвэр ч, хөрсний органик нэгдлүүд нь ургамалд хялбар шингэх дийлэнх тэжээлийн агуулах нь болдог. Тэжээл нь ургамалд шингэхийн тулд зохих ионы хэлбэртэй байх ёстой (ус ба CO2 эс тооцвол). Жишээ нь, сайтар нунтаглан цацсан хээрийн жонш болон апатит нь, ургамлыг сайн ургахад шаардлагатай кали болон фосфороор хангаж чаддаггүй.[32]

Ишлэл
  1. Chesworth, Ward, ed. (2008). Encyclopedia of soil science. Dordrecht, Netherlands: Springer. xxiv. ISBN 1-4020-3994-8. {{cite book}}: Unknown parameter |nopp= ignored (|no-pp= suggested) (help)
  2. Voroney, R. P. (2006). "The Soil Habitat". In Paul, Eldor A. (ed.). Soil Microbiology, Ecology and Biochemistry. ISBN 0-12-546807-5.
  3. Danoff-Burg, James A. "The Terrestrial Influence: Geology and Soils". Earth Institute Center for Environmental Sustainability. Columbia University. Archived from the original on 17 Хоёрдугаар сар 2009. Татаж авсан: 27 July 2014.
  4. Taylor, S. A.; Ashcroft, G. L. (1972). Physical Edaphology.
  5. McCarthy, David F. (1982). Essentials of Soil Mechanics and Foundations: Basic Geotechnics (2nd ed.). Reston, Virginia: Reston Publishing. ISBN 9780835917810.
  6. Nyle C. Brady & Ray R. Weil (2009). Elements of the Nature and Properties of Soils (3rd Edition). Prentice Hall. ISBN 9780135014332.
  7. R. B. Brown (September 2003). "Soil Texture" (PDF). Fact Sheet SL-29. University of Florida, Institute of Food and Agricultural Sciences. Archived from the original (PDF) on 4 Нэгдүгээр сар 2011. Татаж авсан: 8 July 2008.
  8. Russell 1957, pp. 32–33.
  9. Flemming 1957, p. 331.
  10. Donahue, Miller & Shickluna 1977, p. 53.
  11. Soil Survey Division Staff (1993). "Soil Structure". Handbook 18. Soil survey manual. Soil Conservation Service. U.S. Department of Agriculture. Archived from the original on 16 March 2008. Татаж авсан: 8 July 2008.
  12. Donahue, Miller & Shickluna 1977, pp. 55–56.
  13. "Soil Structure - Physical Properties". The Cooperative Soil Survey. Archived from the original on 16 Хоёрдугаар сар 2013. Татаж авсан: 19 October 2012.
  14. Donahue, Miller & Shickluna 1977, pp. 59–61.
  15. Donahue, Miller & Shickluna 1977, p. 60.
  16. Johnson, T.A., T.R. Ellsworth, R.J.M. Hudson, and G.K. Sims. 2013. Diffusion Limitation for Atrazine Biodegradation in Soil. Advances in Microbiology. 3(5): 412-420.
  17. Donahue, Miller & Shickluna 1977, pp. 62–63.
  18. "Soils - Part 2: Physical Properties of Soil and Soil Water". Татаж авсан: 19 October 2012.
  19. Donahue, Miller & Shickluna 1977, p. 72.
  20. 20.0 20.1 20.2 20.3 Wadleigh 1957, p. 48.
  21. Richards & Richards 1957, p. 50.
  22. Richards & Richards 1957, p. 56.
  23. Wadleigh 1957, p. 39.
  24. Richards & Richards 1957, p. 52.
  25. Donahue, Miller & Shickluna 1977, pp. 72-74.
  26. "CHAPTER 2 - SOIL AND WATER". Fao.org. Татаж авсан: 7 November 2012.
  27. Donahue, Miller & Shickluna 1977, pp. 72–75.
  28. Wadleigh 1957, p. 47.
  29. Donahue, Miller & Shickluna 1977, pp. 75–76.
  30. Dean 1957, p. 80.
  31. Russel 1957, pp. 123–125.
  32. Dean 1957, pp. 80, 81.
Эх үүсвэр
Wikibooks
Wikibooks
Wikibooks: Soils and paleosols – Сурах бичиг, зааврууд