Jump to content

Тугтөмөр хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Тугтөмөр Заяат хаан-с чиглүүлэгдэв)
Тугтөмөр хаан
ᠲᠤᠬᠲᠡᠮᠥᠷ ᠬᠠᠭᠠᠨ
Юань улсын хаан

Заяат хааны хөрөг
Хаанчлал1328.10.16–1329.04.03,
1329.09.08–1332.09.02
(4 жил, наймдугаар хаан)
Төрсөн огноо1304 оны 2 сарын 16
Өнгөрсөн огноо1332 оны 9 сарын 2
(28 насалсан)
Өнгөрсөн газарЮань, Дайду
ӨмнөхАригиба хаан
УдаахХүслэн хутагт хаан
ХатанБудшир хатан
ЭцэгХүлэг хаан
ЭхТангуд овгийн хатан
Ургийн овогборжигин
Төрсөн нэрМонгол: Тугтөмөр (ᠲᠤᠬᠲᠡᠮᠥᠷ)
Сүмийн цолЗаяат хаан (ᠵᠠᠶᠠᠭᠠᠲᠤ ᠬᠠᠭᠠᠨ)
Хятад: 元文宗 (Юань Вэньзун)
Оны цолТяньли, Жышүнь

Тугтөмөр заяат хаан[1] (1304 он 2 сарын 16-ий өдөр- 1332 он 9 сарын 2-гийн өдөр) — Юань улсын наймдугаар хаан байв. 1328-1329, 1329-1332 онд төр барьсан.

Хааны нэрийг Юань улсын судрын 32-р дэвтэрт Түтөмөр (图帖睦尔, tútiēmùěr), 1328-1332 оны үед бүтээгдсэн "Ямандаг бурхны мандал" (Vajrabhairava mandala[2]) гэх торгон нэхмэлд Хүслэн, Тугтөмөр хаад, тэдний хатдыг дүрсэлж, хүн бүрийн баруун дээд өнцөгт нэрийг нь бичсэн байдаг. Тэрхүү нэхмэлд хааны нэрийг төвөд бичгээр (ཐོགཐིམུར, thogthimur) Тугтөмөр гэж бичжээ.

Монголын ихэнх түүхийн эх сурвалжид Заяат хаан гэх цолоор нь тэмдэглэж буй. Харин Болор эрих хэмээх монгол сурвалжид Тугтөмөр хэмээж буй. Төвтөмөр гэх нэрийг хэзээнээс хэрэглэсэн нь тодорхойгүй.

Тугтөмөр хаан 1304 оны 2 сарын 16-нд Хайсан хүлэг хааны тангуд угсааны хатнаас мэндэлжээ. Хайсан хүлэг хаан, дүү Аюурбарбад буянт хаан нар хүүхдүүдээ ээлжлэн хаан болгохоор тохирсон боловч Буянт хаан тангаргаа зөрчин өөрийн хүү Шадбалд ор залгуулж, ахынхаа ахмад хүү Хүслэнг Юньнанийг захируулахаар, Тугтөмөрийг Хайнанийг захируулахаар хол одуулжээ. Есөнтөмөр хаан (1324-1328) Тугтөмөрийг нааш татан Жянькан хотыг захируулжээ.[3]

Хоёр хааны дайн

[засварлах | кодоор засварлах]

1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцсөн тул 10-р сард Бабухан их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Давлат шах, Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар балчир Аригиба ханхүүг Шандуд хаан өргөмжилжээ.

Харин Цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгч Яньтөмөр, Раднаашир ван зэрэг жанжид Дайдуд 10 сарын 16-нд Хайсан хүлэг хааны хүү Тугтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр монголчууд 1260 оноос хойш дахин зэрэгцсэн хоёр хаантай болов.[3]

Шанду, Дайдугаараа талцан дайтав. Аригибаийн шадар Ванчин ван, Цавчаал боомтыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Давлат шах түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн дийлджээ. Аригиба хааны мэдлийн Ляодунгийн хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Тугтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран ширүүн байлдаж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Артөмөр, Түмэндарь жанжид Тугтөмөр хааны цэрэгт дийлдэв.

11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Аригиба хаан, Давлат шах ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. [3]

Урьдын тангарагт Хайсан хүлэг хааны ахмад хүү хаан болно гэснээс Тугтөмөр хаан Алтайд суугаа эх өөр Хүслэн ахдаа хаан ор шилжүүлж, Яньтөмөр жанжнаар төрийн хас тамгыг хүргүүлсэн нь 1329 оны 4-р сарын хэрэг байв. Хүслэн хутагт хаан мөн ёсыг дагаж Төвтөмөр дүүгээ ор залгах ханхүү өргөмжилж Дайдуг хамааруулжээ.

Хүслэн хаан Давааны арын орноос Шанду руу чиглэн алгуур нүүн ирсэн ба 7-р сард Орхон гол, 8-р сард Хөдөө арал, 9-р сард Онгоцот гэдэг газар хүрч дүү Тугтөмөртэй уулзан их найр болсон бөгөөд найрын гуравдугаар өдөр идээнд хордон зуурдаар нас нөхцжээ.[3]

Дахин хаан суусан нь

[засварлах | кодоор засварлах]

Тугтөмөр хаан 1329 оны 9 сарын 8-нд Их амгалан харшид хаан ширээнд дахин залрав.

Улсын засгийн газрын зүүн гарын сайдаар Баян, баруун гарын сайдаар Доржийг томилж, Улсын засгийн газрын хэрэг эрхлэх дөрвөн сайдаар Чинча, Арслан, Жао Шиянь нарыг, Нууц бичгийн яамны түшмэлээр Тэгштөмөр, Төмөрбух, Чалибух, Төмөртогтох нарыг, Зарга шийтгэх түшмэлээр тангуд гаралтай Ринчинбал нарыг тус тус томилов.[3]

Улс төрийн цэвэрлэгээ

[засварлах | кодоор засварлах]

Хаан улс төрийн сөргөлдөгч хүчнийг дарав. Тухайлбал Тэмүдэрийн хөвүүд нарыг хороож, өмнөх балчир хаан Аригиба, түүний эх Бабухан нарыг цөллөгт явуулахад удалгүй таалал төгссөн. Есөнтөмөр, Аригиба хаан нарт нэхэн цол өргөмжлөхийг хориглосон түүхтэй. Дараа нь Хүслэн ахын талд ажиллалж байсан сайд нарыг баривчлан шийтгэв. Тугтөмөр хааны хатан Будшир, Яньтөмөр сайд нар хамжилцаж өмнөх хааны хатан Бабушаг хүүгээ хаан болгох гэсэн хэмээн хилс ял тулган хороосон.

Тугтөмөрийн үед Ляоянгийн монгол, солонгос, хятад цэрэг, Юньнаний ардууд бослого дэгдээснийг Яньтөмөр, Раднаашир жанжид нухчин дарав.[3]

Заяат хааны үед хятад хэлнээс күнзийн номыг монгол хэлнээ хөрвүүлж, бөө мөргөлийн тухай бичсэн номыг уйгур хэлнээс хөрвүүлж байсан. Тухайн үед бичгийн түшмэл Су Тяньцюэ «Юань улсын нэрт түшмэдийн хэргийн товчоо», хааны ордны оточ Хүсэхүй «Идээ ундааны жинхэнэ товчоо» мэтийн номоо бичжээ.

Ямандаг бурхны хөргийн доор зурагдсан хааны хөрөг

Хаан буддын шашныг ихэд сүсэглэн хөрш орнуудаас олон номыг авчран монгол хэлнээ хөрвүүлэх зарлиг буулган гүйцэтгүүлж байв.[3]

Таалал төгссөн нь

[засварлах | кодоор засварлах]

Хаан 1332 оны 9 сарын 2-нд 28 насандаа таалал төгсөв. Яньтөмөр хорлосон мэт байдаг. Алтандара хүүгээ ханхүү болгосон ч мөн тэр жил өнгөрчээ. Будшир хатандаа «Хүслэн ахын үр хөвүүд болох Тогоонтөмөр, Ринчинбал хоёрын аль нэгийг хаан өргөмжлөөрэй» хэмээн гэрээслэсэн гэдэг.

Ринчинбал хаан болоод Тугтөмөр хааныг Заяат хаан (Вэньзун) хэмээн нэхэн цоллож, «Гэгээн богд язгуурын элбэрэлт хаан» (Шэньминьюаньшяо) хэмээн нэхэн нэр өргөмжилжээ. Хожим Тогоонтөмөр хаан эцэг эхийн өш санаж Өвгөдийн сүм дэх харшийг нь устгаж, онгоныг нь нураасан.[3]

  • Алтандара хунтайж
  • Элтөгс хунтайж
  • Тайванна тайж
  1. Тугтөмөр хэмээх нэрийг нотлох Анхдагч эх сурвалжууд:
    • Юань улсын сударын 32-р дэвтэр Вэньзун хааны шастирт Түтөмөр (圖帖睦爾)
    • Ямандаг бурхны мандал нэхмэл зураг дахь энэ хааны хөрөг болон хөрөгний баруун дээрх төвөд үсгээр бичсэн нэрийг Тугтөмөр/Түгтөмөр гэж бичсэн байна. Энэ хоёр бол гол хоёр нотолгоо гэхэд хол зөрөхгүй. Мөн түүхийн судлагааны монгол, гадаадын өгүүлэл, ном бүтээлд Тугтөмөр, Tughtimur гэж бичсэн байдаг.
  2. "Vajrabhairava mandala | China | Yuan dynasty (1271–1368)". The Metropolitan Museum of Art (англи хэлээр). Татаж авсан: 2023-05-12.
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 3.7 Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. Улаанбаатар. 2010 он. 194-р тал
Өмнөх
Аригиба
Их Юань Улсын Их Хаан
1328-1329 он
Дараах
Хүслэн хутагт
Өмнөх
Хүслэн хутагт
Их Юань Улсын Их Хаан
1329-1332 он
Дараах
Ринчинбал эрдэнэцогт