Jump to content

Хужирт сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хужирт сум
ᠬᠤᠵᠢᠷᠲᠤᠰᠤᠮᠤ
Хужирт сум is located in Монгол
Хужирт сум
Хужирт сум
Солбицол: 46°53′51″N 102°46′0″E / 46.89750°N 102.76667°E / 46.89750; 102.76667Солбицол: 46°53′51″N 102°46′0″E / 46.89750°N 102.76667°E / 46.89750; 102.76667
Улс Монгол
Аймаг Өвөрхангай
Үүсгэн байгуулагдсан1934 он
Газар нутаг
  Нийт1,718 км2 (663 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 6,728
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Хужирт
Гандан норовлин хийд

Хужирт нь Өвөрхангай аймгийн сум юм.

Хужирт сумын нутаг, сумын төвөөс зүүн хойш 1 км орчим зайд орших хадтай багавтар уулыг Шунхлай гэнэ. Энэ уулын баруун талаар хүрэл зэвсгийн үеийн зуу орчим дөрвөлжин булш, хиргисүүр бий. Шунхлай уулын дөрвөлжин булш нь хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн түрүү үед буюу НТӨ II-I мянган жилд холбогдоно.

Хужирт сумын нутаг Их Монгол улсын үед Илдэн бэйлийн хошууны хэсэг, Абтай сайн ханы хүү Бахарай баатар, түүний хөвгүүн Цогт хун тайжийн ач Сутай Илдэнгийн албат байжээ. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Сайн ноён хан аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүсчээ.

1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Архангай аймгийн харьяанд байгуулагдаад 1934 оны 5 сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагджээ.

Хужирт сум нь Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Архангай аймгийн Хотонт сумтай хиллэх бөгөөд далайн түвшнээс дээш 1700-2360 м өргөгдсөн ойт хээрийн бүсэд багтах 171.78 мянган га талбайтай. Үүний дотроос 15030 га ой мод, 1175 га хадлан, тариалангийн талбайтай юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 390 км, аймгийн төв Арвайхээрхотоос 90 км зайтай оршдог.

Шунхлай, Гуа, Шивээт, Өндөр-Сант зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Тээл зэрэг голууд, Олон Бүрд, Хар Бүрд, Бөөрөг зэрэг нууртай.

Хужирт сумын төвд 39-60 хэмийн халуун рашаантай. Үүнд түшиглэж Хужиртын рашаан сувилал 1939 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү рашаан сувилал нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эрүүл мэндийн байгууллага юм. Социализмын үед Хужирт сум нь Монгол улсын аялал жуулчлал, рашаан эмчилгээний гол төв болж байв. Орхоны Хөндийн Соёлын дурсгалт газарт багтдаг олон тооны байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. Орхоны хөндийн дурсгалт газруудыг холбосон улсын чанартай зам баригдахаар төлөвлөгдсөн.

Мөн алт, нүүрс, вольфрам, гянт болд, боржин чулуу, барилгын материалын гол түүхий эд болох элс хайрга, тоосгоны шавар, шохойн чулуу зэрэг байгалийн баялагтай.

Ойдоо хус, хуш, шинэс, тоорой, улиас, бургас, монос, торлог зэрэг модтой бөгөөд самар, мойл, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс ургана. Алтан гагнуур, цээнэ, тарваган шийр, өнгө бүрийн дэгд, нохойн хошуу, царван, таван салаа, цагаан уул цэцэг, сөд, цагаан төмс, аньс зэрэг эмийн ургамалтай.

Дундажаар өвөлдөө 25 мм, зундаа 272 мм хур тунадас унадаг.

Хужирт суманд сургуулийн өмнөх боловсролын 4 байгууллага, 2 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Хужирт сумын дунд сургууль 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны дунд сургуулиудын нэг юм.

Хужирт сумаас төрсөн алдартнууд: