Олон улсын физикийн олимпиад
Олон улсын физикийн олимпиад (ОУФО) нь ахлах ангийн сурагчидын дунд жил бүр зохиогддог физикийн тэмцээн юм. Энэ нь олон улсын шинжлэх ухааны олимпиадуудын нэгд ордог. Хамгийн анхны ОУФО нь 1967 онд Польш улсын Варшав хотод зохиогдож байсан.
Орон бүрээс оролцох баг нь үндэсний хэмжээнд шалгарсан таван сурагч (оролцогч) болон багийн хоёр удирдагчаас бүрдэнэ. Мөн ажиглагч дагалдан явах боломжтой. Сурагчид онолын болон туршлагын бодлогуудыг бодох бөгөөд бие даан өрсөлдөнө. Сурагчидын амжилтыг алт, мөнгө, хүрэл медаль болон шагналт байраар урамшуулдаг.
Олимпиадын онолын хэсэг нь 3 бодлогоос бүрдэх бөгөөд 5 цагийн хугацаанд бодох ёстой. Энэ төрлийн бодлого нь ихэвчлэн хоёр болон түүнээс дээш хэсгүүдээс бүрддэг. Харин туршлагын ажил нь нэг юмуу хоёр ажлаас бүрддэг бөгөөд үүнд мөн 5 цагийн хугацаа өгдөг.
39-р ОУФО нь 2008 оны 7-р сарын 20-29-нд Вьетнамын Ханой хотод болсон, мөн 40-р олимпиад нь Мексик улсын Меридад 2009 оны 7-р сарын 11-19-ны хооронд болсон байна. Олон улсын физикийн 41-р олимпиад 2010 оны 7-р сарын 17-25-ны хооронд Хорват улсын Загреб хотод зохиогдсон. Хамгийн сүүлд 2011 онд 42-р ОУФО нь Тайланд улсын Бангкок хотод 7-р сарын 10-18-ны хооронд зохион байгуулагдлаа.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анхны ОУФО-г зохион байгуулахаас хэдэн сарын өмнө олимпиадад оролцох урилгыг төв Европын орнуудын хэмжээнд хүргүүлэв. Урилгыг зөвхөн Болгар, Чехословак, Унгар, Румын зэрэг улсууд хүлээн авч зохион байгуулагч орон Польштой нийлээд таван орон оролцохоор болсон. Баг бүр нь багийн нэг ахлагч, дунд сургуулийн гурван сурагчаас бүрдэж байв. Анхны ОУФО-д онолын 4 бодлого, туршлагын нэг ажлыг сурагчид бодох ёстой байлаа.
Хоёр дугаар олимпиадыг 1968 онд Проф. Резсо Кунфалви Унгар улсын Будапешт хотод зохион байгуулав. Энэ тэмцээнд нийт найман орон оролцсон. Ардчилсан Герман Улс, ЗСБНХУ болон Югослав зэрэг улсууд шинээр оролцсон юм. Өмнөх олимпиадын адил баг бүр 3 гишүүнтэй нэг ахлагчтай байв. Хоёр дугаар ОУФО болохоос тодорхой хугацааны өмнө дүрэм болон хөтөлбөрийн урьдчилсан хувилбарыг боловсруулсан юм. Сүүлд тэмцээнд оролцсон багийн ахлагч нараас бүрдсэн Олон Улсын Зөвлөл нь эдгээр баримтуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Энэ явдал II ОУФО болсноос хэдэн сарын дараа Чехословакийн Брнод болсон тусгай хуралдаан дээр болсон билээ.
Гурав дугаар ОУФО-г 1969 онд Проф. Ростислав Костял Чехословак улсын Брнод зохион байгуулав. Энэ удаад баг бүр дунд сургуулийн таван сурагч, 2 ахлагчтайгаар оролцов. Брнод болсон тэмцээнийг өмнө батлагдсан албан ёсны дүрмийн дагуу зохион байгуулав.
1970 онд ЗСБНХУ-ын Москва хотод дараагийн олимпиад болов. Орон бүрээс зургаан сурагч хоёр ахлагч оролцов. Энэ олимпиадын үеэр дүрмэнд бага зэрэг өөрчлөлт орсон.
1971 онд Болгар улсын Софид болсон тав дугаар ОУФО-аас хойш баг бүр таван сурагч, хоёр ахлагчаас бүрдэх болсон. 1978 болон 1980 онуудад ОУФО зохион байгуулагдаагүй юм. Энэ нь барууны орнууд тэмцээнд оролцох болсоноос үүдэлтэй. Олимпиадад оролцсон анхны капиталист орон нь ХБНГУ байв. Эхэндээ тэмцээнд оролцох болсон цөөн хэдэн барууны орнууд ОУФО нь хоёр жил тутамд барууны болон зүүний орнуудад ээлжлэн зохиогдоно гэсэн зарчмыг хүлээн авахаас татгалзсан юм. Тиймээс социалист орнууд 1978 болон 1980 онуудад олимпиад зохион байгуулахаас татгалзсан юм. Харин 1982 оноос эхлэн жил бүрийн олимпиадууд сэргэсэн бөгөөд учир нь тэр үед олимпиад зохион явуулах ачааллыг үүрэлцэх хангалттай олон барууны орнууд оролцож эхэлсэн. Өнөө үед тэмцээнийг ирээдүйд зохион байгуулах орнууд аль хэдийн тодорсон байгаа. ОУФО-г зохион байгуулах хүсэлтэй орнууд хүсэлтээ бусаддаа зохион байгуулах жилээсээ гурван жилийн өмнө мэдэгдэх ёстой. Үүний дараа тухайн улс нь хүлээх жагсаалтанд орох бөгөөд энэ нь жишээлбэл 2006 оноос 2050-иад он хүртэлх жагсаалт байна. Ээлжиндээ ОУФО-г зохион байгуулж чадаагүй орныг ОУФО-оос хасах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ тухайлбал 2000 онд Франц улсад тохиолдсон юм.
Тэмцээний зохион байгуулалт, бүтэц
[засварлах | кодоор засварлах]Тэмцээн буюу олимпиад нь хоёр өдөр үргэлжлэнэ. Нэг өдөрт нь онолын бодлогууд бодно. Онолын хэсэг нь дунд сургуулийн физикийн хичээлд заагддаг хөтөлбөрт байдаг бүлгүүдээс хамгийн багадаа дөрвийг хамруулан нийт 3 бодлоготой байдаг. Нөгөө өдөрт туршилтын ажил (бодлого) хийх бөгөөд энэ хэсэг нэг юм уу хоёр ажлаас бүрдэнэ. Энэ хоёр өдөр нь дундаа ядаж нэг өдрийн завсарлагатай байна. Дээрх хоёр өдөрт бодох хугацаа нь тус бүр таван цаг байна. Баг бүр нь ерөнхий боловсролын болон техник дунд сургуулийн сурагчдаас бүрдэх ёстой. Их сургууль болон коллежийн сурагчид оролцохыг хориглоно. Багууд голдуу таван сурагч болон хоёр ахлагчтай байдаг.
Олимпиадын медаль болон шагналт байр хүртэх болзол нь дараах дүрмийн дагуу хэрэгжинэ.[1]: Алтан медалийг нийт оролцогчдын хамгийн өндөр оноо авсан 6%-д олгоно. Мөнгөн медаль болон түүнээс дээш медалийн болзлыг хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 18% нь хангана. Хүрэл болон түүнээс дээш медалийн хувьд хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 36%. Шагналт байр болон түүнээс дээш байрын болзол нь нийт оролцогчдын хамгийн өндөр оноотой 60% ноогдоно. Бусад оролцогчид оролцсон тухай сертификат хүртдэг. Хамгийн өндөр оноо авсан оролцогч (Үнэмлэхүй аврага) нь алтан медалиас гадна тусгай шагнал хүртдэг.
Зохион байгуулагч орнууд
[засварлах | кодоор засварлах]- 2013 Дани
- 2012 Эстони
- 2011 Тайланд
- 2010 Хорват
- 2009 Мексик
- 2008 Вьетнам
- 2007 Изфахан, Иран
- 2006 Сингапур
- 2005 Саламанка, Испани
- 2004 Пухан, Солонгос
- 2003 Тайбэй, Тайвань
- 2002 Бали, Индонез
- 2001 Анталья, Турк
- 2000 Лайцестер, Их Британи
- 1999 Падова, Итали
- 1998 Рекьявик, Исланд
- 1997 Их Судбари, Онтарио, Канад
- 1996 Осло, Норвеги
- 1995 Канбера, Австрали
- 1994 Бээжин, БНХАУ
- 1993 Виллиамсбург, АНУ
- 1992 Хельсинк, Финланд
- 1991 Хавана, Куба
- 1990 Гронинген, Нидерланд
- 1989 Варшав, Польш
- 1988 Бад Ишл, Австри
- 1987 Жена, Ардчилсан Герман Улс
- 1986 Лондон, Их Британи
- 1985 Портороз, Югослав
- 1984 Сигтуна, Швед
- 1983 Бухарест, Румын
- 1982 Малент, ХБНГУ
- 1981 Варна, Болгар
- 1979 Москва, ЗСБНХУ
- 1977 Храдеч Кралов, Чехословак
- 1976 Будапешт, Унгар
- 1975 Густров, Ардчилсан Герман Улс
- 1974 Варшав, Польш
- 1972 Бухарест, Румын
- 1971 Софи, Болгар
- 1970 Москва, ЗСБНХУ
- 1969 Брно, Чехословак
- 1968 Будапешт, Унгар
- 1967 Варшав, Польш
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Statutes of the International Physics Olympiads". Эх хувилбараас архивласан: 2017-07-27. Татаж авсан: 2007-12-04.