Пан түрэгийн үзэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Пан түрэгийн үзэл нь түрэг угсаатныг Тураны буюу Түрэгийн нэгдмэл нэг улсад нэгтгэх зорилготой үзэл юм. Энэ үзэл нь түрэгүүдийг нэгтгэхээс гадна хөрш улс, үндэстнүүдийн нутгийг эзлэхэд чиглэгдсэн тул бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг. Туркуудын дэвшүүлэн гаргасан туранизм гэх үзэл нь алтай хэлний язгуурын хэлт ард түмнүүдийн хооронд холбоо тогтоохоос гадна түрэгүүдийг нэгдмэл нэг улсад багтаахад чиглэгддэг. Тэд алтай хэлний язгуурын гаралтай ард түмэнд япон, солонгосыг багтаадаг. Зарим түрэгүүд түрэг хэлээр ярьдаг бүх ард түмнүүдийг нэг улсад нэгтгэхийг дэмждэг бол нөгөө хэсэг нь түрэгүүд өөр гаралтай, өөр цустай олон ард түмнээс бүрддэг учир нэг улсад нэгтгэх нь зохимжгүй харин улс төрийн холбоо байж болох юм гэж үздэг.

Түрэгүүдийн тархалт

Түрэгийн үндэсний үзэл

Пан түрэгийн үзлийг дэмжигчид хоёр хэсэгт хуваагддаг. Эхний хэсэг нь түрэгийн түүхийг шинжлэх ухааны бодит судалгааны үндсэн дээр харахыг оролддог бол хэт даврагч буюу хэт үндэсний үзэлтэй хэсэг нь шинжлэх ухааны бодит үнэнд нийцэхгүй зөвхөн түрэгийн эрх ашигт тулгуурласан үзэл баримтлалыг бусад ард түмэнд тулган хүлээлгэхийг зорьдог. Хэт даврагч хэсгийн үзлээр түрэг бус маш олон улс, ард түмэн, тухайлбал парфян, скиф, тохар, усунь, индиан, шумер, ацтек скандинавын, айнү, аккад, ассир, финик, эламит, анзани, кассит, карий, хетт, миттани, хурий, монгол, мажар, секей, ирланд, баск, урарту, тройчууд түрэг гаралтай байсан байна.[1][2][3][4][5][6][7][8][9][10]

Мөн тэд эрт болон дундад зуунд Төв Азид байсан тунгус, төвөд, тангуд угсааны улсуудаас бусад бүх улс, жишээ нь Хүннү, Сяньби, Нирун, Кидан, Хар Кидан, Их Монгол Улс, Алтан Орд, Цагаадайн улс, Ил хаант улс, Бутралын үеийн Монгол улс, Дөрвөн Ойрд төдийгүй Минойн, Хятадын, Энэтхэгийн, лалын, эртний Египетийн, Этрускийн соёл иргэншлүүд түрэг гаралтай гэж үздэг.[11][12]

Аливаа угсаатны гарлын талаар янз бүрийн онол байж болох ч хэлзүй, археологи, антропологи, түүх, угсаатны зүй, генетик, домогзүй гэх мэт маш олон шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан түүхийн судалгааг хийдэг бөгөөд хамгийн олон талын баримтаар батлагдсан онолыг дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрдөг. Хэт үндэсний үзэлт түрэгүүд өөрийн талд ашигтай байж болох өчүүхэн төдий үндэслэл олвол тухайлбал гадны цөөн тооны эрдэмтэн түрэгүүдийн талд ашигтай санал гаргавал тухайн үндэстнийг шууд түрэг гэж зарладаг. Мөн гадны эрдэмтэд өөрсдийн онолыг дэмжээгүй байсан ч янз бүрийн хоосон зохиомол баталгаа гарган бусад үндэстнийг түрэг гэж бичдэг. Мөн "судалгаандаа" аль болох үнэн бодитой биш харин өөрсдийн талд ашигтай байж болох эх сурвалжуудыг ашигладаг. Гэтэл эрт болон дундад зууны олон түүхийн эх сурвалжуудад санаатайгаар гуйвуулсан болон алдаатай, тодорхойгүй бүдэг зүйлүүд нилээн байдаг.

Тэд түрэгүүд одоогийн нутагтаа нүүж ирээгүй эрт цагаас эхлэн Төв Ази, Анатолийн хойгт тасралтгүй суурьшиж байгаа, түрэгүүд эрт цагт Анатолиос Манжуур, тундраас Шар мөрөн хүртэл нутагт сууж байсан бөгөөд эдгээр нутагт өөр үндэстнүүд эрт цагт байгаагүй гэж батлахыг оролддог. Тэд Төв Ази, өмнөд Сибирийн бүх археологийн соёл мөн Зүүн Европын олон археологийн соёлыг түрэгүүдэд хамааруулдаг.

Иймэрхүү үзэл нь өөрийн үндэстнийг алдаршуулах, үндэсний үзлийг нь сэргээх, түрэгүүд гаднаас нүүж ирж одоогийн нутагтаа суурьшсаныг үгүйсгэх, газар нутгийн бүрэн байдлаа хадгалах, хөрш улс үндэстнүүдийн түүх, газар нутагт өнгөлзөж байгаагаа зөвтгөх зорилготой юм.

Тэдний үзлээр европ төвт колонийн системийг дэмжигч түүхчид түрэгүүдийн түүхийг санаатайгаар гуйвуулж өөр ард түмнүүдэд ашигтайгаар гуйвуулсан тул түүхэн үнэнийг сэргээж алдагдсан нутгаа эргүүлэн авах хэрэгтэй гэсэн суртал ухуулга хийж байна.[2] "Алдагдсан нутаг" гэдэгт монголчуудын нутаг бүхэлдээ орж байна. Өөр нэг хэсэг нь Зүүнгар, Монголын баруун хэсэг, Эрхүү мужийг түрэгийн нутагт оруулдаг. Энэ мэтчилэн түрэгийн нутагт ямар нутгийг хамааруулах талаар олон янзын үзэл байдаг. Түрэгийн хэт үндэсний үзэлтнүүд түрэгүүд эрт үед амьдарч байсан гэх бүх нутаг, түрэгүүд одоо тархан суурьшсан бүх нутаг төдийгүй түрэгүүд огт амьдарч байгаагүй, түрэгийн улсуудад хэзээ ч харъяалагдаж байгаагүй нутгуудыг хүртэл эзлэхийг зорьдог. Тухайлбал Сибирийг бүхэлд нь ирээдүйн Тураны улсын бүрэлдэхүүнд багтаадаг.

Эрт болон дундад зууны байдлаар орчин хилийг тогтоох нь тэр болгон түүхэн болон хуульзүйн бүрэн үндэстэй болохгүй бөгөөд түрэгүүд одоогийн нутагтаа хэд хэдэн удаагийн нүүдэл, байлдан дагууллын явцад суурьшсан байдаг. Түрэгүүдээс зөвхөн хакасууд л түрэгүүдийн эртний нутагт амьдардаг. Түрэгүүдийн одоогийн нутагт эрт, дундад зууны үед нүүдэлчин болон суурьшмал олон ард түмэн түмэн амьдарч байв. Түрэгүүдэд уусах, эзлэгдэх, шахагдан нутгаа орхин гарах зэргээр газар нутгаа алдсан угор, эвенк, иран, самодичууд гэх мэт олон үндэстнүүд бий.

Казахстаны профессор Серик Ажигали Монгол дахь казахуудыг явуулалгүй байлгаж байх нь стратегийн чухал ач холбогдолтой гэжээ.[13] Тэр ярилцлагандаа Монголын засгийн газар казахуудыг үлдээх сонирхолтой гэсэн нь үндэслэлгүй юм. Ерөнхий сайд асан Ж.Бямбасүрэн 90-ээд онд Казахстанаас ирсэн гадны төлөөлөгч Назарбаевын өрөөнд Казахстаныг Монголын хилд тулгаж зурсан газрын зураг байхыг харлаа гэж өөрт нь хэлснийг дурьдсан байдаг.[14][15] [16] Казахстан, Монголын хил хоорондоо 50 орчим км-н зайтай. Казахууд Баян-Өлгий дэхь газар усны монгол нэрийг казах болгон өөрчилж байна. Түрэгүүд маш олон ард түмнийг уусгасан байдаг ба аажим аажимаар бусдын нутаг руу түрэн орж суурьшдаг тул "хар хятад, хасаг байгаа газар бүх юм алга болдог" гэсэн үг гарчээ.

Түрэгүүд Афган дахь Туркестанийг Афганистанаас салгахыг санаархаж байгаа бол пуштунчууд узбек, казах, туркменууд тэнд уулаасаа байгаагүй, дундад зууны үед хэд хэдэн удаагийн нүүдлээр ирсэн тул түрэгүүд Афганистаныг орхин явах ёстой гэсэн байр суурь баримталдаг. 11-р зуунд сельжук түрэгүүд Армен улсыг эзэлж суурьшсанаар Армен дахь газар усны зарим нэр түрэг болж өөрчлөгдсөн[17] бөгөөд Азербайжан улс Армений бүх нутаг Азербайжаных байх ёстой гэж үздэг. Азербайжаны үнэдстний үзэлтнүүд урартучуудыг түрэгүүд байсан гэж үздэг бөгөөд Урарту улсын үеэс Арменд түрэгүүд амьдарч байсан гэж үздэг ч энэ онолыг дэлхийн эрдэмтэд дэмждэггүй. Харин дэлхийн олон эрдэмтэд урартучуудын гарлыг арменчуудтай холбодог бөгөөд европ гаралтай азербайжан, армен үндэстнүүд эрт цагаас өөр өөрийн нутагт тусдаа оршиж ирсэн гэж үздэг. Туркийн хэт даврагч үзэлтнүүд арменчууд өөрийн гэсэн газар нутаггүй байнга энд тэнд хэсүүчлэн амьдарч байсан, түүх соёлгүй ард түмэн гэж бичдэг. Гэтэл арменчууд Армений хаант улсаа МЭӨ 331 онд байгуулж (МЭӨ 331 – МЭ 428) өөрийн бичиг үсгээ 405 онд бий болгосон эртний төрт ёсны уламжлалтай ард түмэн бөгөөд үүнээс ч өмнө төрт улсаа байгуулсан байж болох юм.

Судлаач А.Галиев[18]

"Түрэгийн түүх гуйвуулагчид эрт цагт түрэгүүд хүчирхэг улстай байсан нь алга болсон гэж бичдэг. Тэдний онолоор түрэгүүд эргэн хүчирхэгжих ёстой. Мөн тэд ямар нэгэн "алтан үе" байсан тухай ярьдаг. Жишээ нь нэг казах түүхчийнхээр бол казахууд дугуй, уран барилга, өмд, тансаг орд харш гээд маш олон зүйлийг бий болгосон аж. Тэдгээр зүйлс яагаад одоо тэдэнд байхгүй байна вэ гэж асуухад дайснууд ирж бидний хамаг сайн сайхан зүйлсийг булаан авсан гэж хариулж байна. Иймэрхүү хуурамч "судалгааны" аюул нь дайснууд түрэгүүдийн нээлтийг төдийгүй газрыг нь булаан авсан тул газраа буцааж авах эрхтэй гэж ухуулж байгаад оршино.

Бусад улс, үндэстэнд дайсагнасан энэ үзэл жирийн иргэд төдийгүй эрх баригчид, улс төрчдийнх нь дунд ихээхэн тархсан бөгөөд зарим тохиолдолд төр засаг, тодорхой байгууллага, бүлэг хүмүүсийн зүгээс иймэрхүү хэт даврагч үзлийг зохион байгуулалттайгаар дэмжин дэвэргэж байна. Жишээ нь Казахстаны сурах бичигт европ гаралтай скифүүдийг түрэг хүмүүс буюу казахын өвөг дээдэс гэж бичдэг. Мөн түрэг улсуудын сурах бичигт хүннүг түрэг гэж бичдэг.

Түрэгийн улсуудад түүх гуйвуулах болон бусад хэт даврагч үзэл ихээхэн тархжээ. Узбекистан, Туркменистан, Азербайжан, Казахстан, Турк улсууд дарангуйлагч дэглэмтэй орнуудад тооцогддог ба Узбекистан, Азербайжан, Турк улсуудад үндэсний цөөнхөө түрэгжүүлэх, дарангуйлан устгах бодлого явуулж байгааг хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг. Эдгээр улсаас Туркменистан, Узбекистан нь хаалттай дэглэмтэй орнууд юм. Узбекистанд байгаа тажикуудыг хүн амын бүртгэлд узбек гэж бүртгэж тоог нь ихээхэн дарж мэдээлж байна гэж үздэг. Мөн өөр бусад байдлаар тажикуудын эрхийг зөрчих, хүчээр уусгах тохиолдол гарсаар байгаа гэж тажикистанчууд үздэг. Тажикистаны хил рүү Узбекистаны зүгээс гал нээх зэргээр өдөөн хатгах тохиолдол гарч байв. Тажикистан, Узбекистан улсуудын харилцаа "хүйтэн дайны" байдалд байна гэж судлаачид дүгнэдэг.

Иран угсааны ард түмэн болох тажикууд, перс, паштунчууд түрэгүүдийг Төв Азид ирэхээс өмнө скиф зэрэг иран аймгууд амьдарч байсан ба түрэгүүд тэдний түүх, газар нутгийг булаан авсан гэж үздэг. Иран, түрэгүүдийн дунд газар нутаг, түүхийн олон маргаан зөрчил байдаг.

2009 оны байдлаар Азербайжаны 9 сая хүн амын 91 хувийг азербайжанчууд бүрдүүлж байсан ба бусад нь лезгин, талыш, авар, цахур, тат, удичууд зэрэг Кавказийн уугуул үндэстнүүд юм. Азербайжан дахь үндэсний цөөнхүүд болон Европын Зөвлөлийн Парламентуудын Байгууллага тус улсын ерөнхийлөгч Г.Алиевийг үндэсний цөөнхүүдийг хүчээр уусгах геноцидийн бодлого явуулж байгааг буруутгаж байна.[19][20][21]

1936 оноос эхлэн Азербайжаны иргэний үнэмлэхэнд «тат», «талыш», «курд», «лезгин» гэх мэтээр үндэстэн бүрийн нэрийг бичихийг хориглож "азербайжан" гэж бичих болсон нь үндэсний цөөнхүүдийн бие даасан байдлыг бүдэгрүүлж аажимаар уусах байдалд хүргэжээ.

Азербайжан улс арменчуудын байгуулсан Уулын Карабахын салан тусгаарлагч улсын эсрэг Азербайжаны бүх үндэстнүүдийг тулалдуулж байгааг эсэргүүцсэн мэдэгдлийг рутул, талыш, авар, лезгин үндэстнүүдийн төлөөлөл 2011 онд гаргажээ.[22]

Османы эзэнт гүрний үед арменчуудын эсрэг геноцид зэрэг олон тооны геноцид үйлдсэнийг Турк улс үгүйсгэх оролдлого хийдэг ба одоо ч үндэсний цөөнхүүдээ дарангуйлах бодлого явуулж байна гэсэн шүүмжлэлд өртдөг.

2014 онд Казахстаны хэсэг судлаачид Будда бурхан казах гаралтай гэж батлах судалгааны ажил эхлүүлснээ зарлажээ.[23][24] Тэд Балба улс руу явахаар төлөвлөсөн ба судлаачдын бүрэлдэхүүнд генетикчид оржээ.

Казахстаны Спорт, аялал жуулчлалын яамны сайд Кайрат Закирьянов АНУ-н ерөнхийлөгч Барак Обама болон казахын дунд жузийн Барак султаны нэр ижил учир Обама түрэг гаралтай гэж үзжээ.[4] К. Закирьянов казах, япончуудын генийн сан 80%-тай ижил гэж баталж байна.[4]

1930-аад онд Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемаль Ата-туркийн бий болгосон наран хэлний онолоор бол дэлхийн бүх хэл эртний түрэг хэлнээс үүссэн байна:

Төв Азид эрт цагт байсан далай ширгэж хуурай цөл болсон нь түрэгүүд нутгаа орхин явахад хүргэжээ. Нэг хэсэг нь урагш нүүж хятадын соёл иргэншлийг үндэслэжээ. Нөгөө хэсэг нь Энэтхэгийг эзэлж гурав дахь нь Сири, Палестин хүрч улмаар Газрын дундад тэнгисийн эрэг даган Испанид очжээ. Эгейн тэнгист очсон нь Минойн соёл иргэншлийг бүтээжээ. Ата-туркийн үзлээр бол эртний грекийн соёл иргэншлийг үндсийг түрэг гаралтай хеттчүүд бүтээжээ. Мөн зарим түрэгүүд Британийн арал хүрчээ. Энэ онолоор бол Европт очсон түрэгүүд европчуудаас дээгүүр хөгжилтэй байсан бөгөөд агуйд амьдарч байсан европчуудыг түрэгүүд хөгжлийн замд нь оруулсан аж.[12]

Ататурк гучаад оны эхээр түрэг хүн хамгийн анхны соёлт хүн, түрэг хэл дэлхийн бүх хэлний язгуур хэл хэмээн тунхагладаг “Наран хэлний онол” гээчээ боловсруулжээ. Тэр онол ёсоор бол хамгийн анхны хүн (мэдээж хэрэг түрэг нөхөр байгаа) нарыг хараад “аа” буюу “аг” (г нь “гэр” гэдгийн г биш, “агаар” гэдгийн гүн угийн г мэт авиа, “ага” гэж бичсэн ч болох юм) хэмээн дуу алдсанаар хэл гэж юм үүсчээ. Нар гэж хамгийн анхны агуу юм болохоор тэр “аг” гэсэн үе нь анхандаа “нар”, “бурхан”, “ус”, “цаг хугацаа” зэрэг маш олон утгыг агуулж байсан бөгөөд түрэг хэлний ганц энэ үеэс дэлхийн бүх хэл үүссэн гэж байгаа. Ингээд Анкарагийн Их Сургуульд “Түрэг хэл, түүх, газарзүйн тэнхим” байгуулж, хичээлээ зааж эхлэхдээ албан ёсны хөтөлбөртөө ингэж тунгхагласан байна: “Төв Азид анхлан бий болсон Шумерүүд нь түрэг үндэстэн байсан бөгөөд тэдний түрэг хэлнээс дэлхийн бүх хэл үүсчээ... Нэн эртний хүн ийнхүү түрэг хүн байсан учраас нарны гэрэлд илүү ойр байж, туяанд нь нөлөөтсөнөөс болж, амьдралд нь сайн муу бүх зүйл илүү хүчтэй бүрэлдсэн байна...” Их сургуулийн албан ёсны хөтөлбөр шүү дээ, энэ.

Аскер – цэрэг: Турк хэлний “цэрэг” гэсэн утгатай “аскер” хэмээх үг бол латин хэлний exercitus араб хэлээр дамжин орж ирэхдээ дуудлага гажсан хэлбэр гэдэг нь тодорхой юм. Харин Ататурк үүнийг турк хэлний “ашик” буюу монгол хэлний “ашиг”-тай гарал, утга нэгтэй үг дээр “эр” хэмээх мөн л монгол хэлний “эр”-тэй адил гарал бүхий үгийг залгаж “ашик+эр = аскер”, өөрөөр хэлбэл “эх орондоо ашиг бүхий эр хүн” хэмээн тайлбарлажээ. Академи - Ататурк 1931 онд Туркийн Хэлний Хүрээлэн хэмээх байгууллагыг үндэслэсэн юм. Уг нь ч шинжлэх ухааны л байгууллага, гэвч тухайн үедээ их удирдагчийнхаа алдаа дутагдлыг засах байтугай бүр дэвэргэж, элдэв сонин тайлбар, гаргалгаа хийж байсны нэг жишээ нь “академи” хэмээх үгийн тайлбар юм. Тус хүрээлэнгийн тайлбарласнаар “академи” нь турк хэлний “ак” буюу “цагаан”, “адам” буюу “хүн” гэсэн хоёр үг нийлж үүссэн, “цагаан хүн” гэсэн турк үг ажээ. Хамгийн хөгжилтэй нь “адам” нь үнэндээ турк үг биш, араб хэлнээс зээлдсэн үг билээ. Амазон - Ататуркийн үнэхээр шүтэн биширч, итгэдэг байсан өөр нэг онол бол Америк тивийн уугуул иргэд бол тэр чигээрээ Берингийн хоолойг даван очсон түрэг нүүдэлчид хэмээх үзэл юм. Маш урт гол харагдсанд биширч түргээрээ “Ама узун” буюу монголчилбол “Гэвч урт” хэмээн хашгирсан нь “амазон” болжээ. Ниагара - “Не яаягара!” буюу “Юун шуугиан бэ?” гэж түргүүд гайхан хашгирснаас “Ниагара” гэсэн үг үүссэн гэжээ. Электрон - Электрик гэсэн үгийн гарлыг эртний уйгар буюу түрэг хэлний нэгэн салбар хэлнээс олсон байгаа юм. Яалтрик гэж уйгар хэлээр “цацрах, гялтганах, очтох, цахилах” гэсэн үг, үүнээс “электрик” гэсэн үүссэн гэжээ.[25]

Казахстанд казахантроп гэсэн хүний төрөл 2,5 сая жилийн өмнө амьдарч байсан гэх хуурамч онол гарч байв.[26]

2012 онд Киргизстаны сайтад "Тэд манай түүхийг сонирхож байна" гэсэн нийтлэл гарчээ.[27]

Яагаад узбек, казахууд манай жижиг ард түмнийг тайван байлгахгүй байна вэ. Тэд манай түүхийг мөстлөгийн үеэс нь эхлэн судалж манай түүхийг өөрийн болгохыг хүсч байна. Тэдэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй болвол зүгээр л хулгайлдаг. Жишээ нь казахууд бешбармак (нэгэн төрлийн махан хоол), шырдак] (ширдэг), эсгий гэр казахуудын бүтээл гэдэг байсан бол одоо Токмок дахь Бураны цамхаг казах хэв маягаар хийгдсэн гэж байна. Манас туулийг маань одоогоор хулгайлаагүй байгаад талархал илэрхийлье?Казахууд та нар эхлээд өөрсдийнхаа гарлыг тодорхой болгоод дараад нь өөр зүйлийн талаар марга.

Пан түрэгийн үзэлтнүүд Орос, Хятадын хүчийг сулруулж дараад нь өөрсдийн нутгаас гадна бусад үндэстний нутгийг авахаар төлөвлөж байна. Казахийн нийтлэлч Ермек Нарымбай Чечен бүрмөсөн салан тусгаарлах, Монголын нэгдсэн улс байгуулагдах зэрэг үйл явдлууд Оросын хүчийг сулруулах бөгөөд Орост дараах аргаар дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй гэжээ.[28] Үүнд: Казахстан улс Оросыг Дундад Азийн зах зээлээс шахан гаргах, ОХУ дахь Ард түмнүүдийн тэгш эрхийн төлөөх намыг дэмжих, Японыг Орос, Хятадын эсрэг холбоотон болгох, татаруудтай нууц холбоо тогтоох гэх мэт. Мөн тэр Орос дахь үндэсний цөөнхүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх, Орос дахь нэг үндэстний автономит нэгжүүд хоорондоо нэгдэх, жишээ нь Буриад улс Агийн буриадын ба Уст-Ордын буриадтай нэгдэх, комичууд амьдардаг Коми-Пермийн тойрог, Коми улс нэгдэх, Орос улс Абхаз болон Монголыг эзлэх нь казахуудад ашигтай гэж үзжээ.[28]

Зарим түрэг хүн бусад үндэстний түүхийг гуйвуулах зэрэг дайсагнах үзлийн эсрэг тэмцэх оролдлого хийж байна. Жишээ нь тэд скиф, монголчуудыг түрэг гаралтай гэж үздэггүй, түрэгүүд баруун Сибириэс ирэн бусад ард түмнийг уусган шахаж одоогийн нутагтаа суурьшсан гэсэн дэлхийн олонхи эрдэмтдийн үзлийг хүлээн зөвшөөрдөг.

Казахстаны Ч. Валихановын нэрэмжит түүх, угсаатны зүйн дээд сургуулийн эрдэмтэн А.Бекмухамедович Казахстаны хуурамч түүхчид түүх гуйвуулж байгааг шүүмжилсэн нийтлэл бичжээ.[29]

Чингис хаан, Аттилаг казах гэж байгаа нь оргүй хэрэг юм. Бидэнд Абылай хан зэрэг олон алдартай түүхэн хүн байхад бусдын түүхийг булаан авах шаардлагагүй. Зарим хүн «ырым» гэсэн түрэг үгнээс Ром хотын нэр, Бат хааны нэрнээс Ватиканы нэр үүссэн гэж бичиж байна. Иймрэхүү худал түүх нь эх оронч хүмүүжил олгох биш харин нийгмийг буруу чигт чиглүүлэх аюултай.

Серик Малеев зүүнгарчууд оростой хуйвалдан Казахын хант улсыг унагасан гэх худал түүх зохиож байгааг шүүмжилжээ.[30]

Казахстаны судлаач Е.Курманбаев бидэнд худал түүх хэрэггүй, түүх гуйвуулах нь үндэсний хэмжээний гэмт хэрэг, цаашид ингэж түүх гуйвуулсаар байвал дэлхий нийтээрээ биднийг шоолох болно гэж нийтлэлдээ бичжээ.[31] Гэвч тэр нийтлэлдээ монголчуудыг түрэг гаралтай гэжээ.

Казахстаны блогч К.Ринат:[32]

Пан түрэгийн үзэл Туркийн манлайлал дор түрэгүүдийг нэгтгэх зорилготойгоор үүссэн. Пан түрэгийн үзэлтнүүд түрэгүүд дээд арьстан гэж зарлаж үндэсний цөөнхүүдийг хүчээр түрэгжүүлэх болон шууд устгахыг уриалж байв. Тэд армян, курдуудын эсрэг Османы туркуудын хйисэн геноцидийг зөвтгөж Уулын Карабахын асуудлыг хүчээр шийдвэрлэхийг дэмжиж байна. Узбекистан дахь пан түрэгийн үзэлтнүүд Тажикистаны эсрэг хүч хэрэглэх бодлого барихыг уриалдаг. Түрэгийн ард түмнүүдийн дунд эдийн засаг, соёлын харилцаа хөгжүүлэх нэрийн дор туркын фашистуудын далд санаа нугдаж байна. Туркууд казах, киргиз, узбек гэх мэт турк бус түрэг хэлт ард түмнүүдийг өөрийн захиргаанд оруулж Туркийн илүүдэл хүн амыг бусад түрэг хэлт орнуудад суулгаж Зөвлөлтийн үеийн оросууд шиг "ах"-н дүрд тоглохыг хүсч байна.

Салим Муканов тусгаар тогтноод удаагүй байгаа улсуудад түүх гуйвуулах зэрэг эмх замбараагүй үзэгдэл гардаг гэжээ.[33]

Ишлэл

Нэмж үзэх

Гадаад холбоос