Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал (англи. Universal Declaration of Human Rights, орос. Всеобщая декларация прав человека) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан. Энэхүү Тунхаглал нь туршлагаас үүдэж "хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн болно. Нийт гучин зүйл ангиас бүрдсэн энэ Тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон юм.
Дэлхийн 2-р дайны үеээр холбоотныхон буюу Их Британи, Франц болон Зөвлөлт Холбоот Улс Хүний үндсэн дөрвөн эрхийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Эдгээр нь 1/үг хэлэх эрх чөлөө, 2/шашин шүтэх эрх чөлөө, 3/ айдсаас ангид байх эрх чөлөө, 4/ хүслээс ангид байх эрх чөлөө болно. НҮБ-ын тунхаг бичигт "хүний үнэ цэнэ, нэр хүнд, зайлшгүй эрхийн төлөө" гэдгээ НҮБ илэрхийлэн бүх гишүүн орнуудаа яс, үндэс, хүйс, хэл, соёл болон шашны ялгааг харгалзахгүйгээр хүний эрх болон зайлшгүй эрх, эрх чөлөөг зөвшөөрөн сурталчлахыг уриалсан. Гэвч дараа нь болсон Германы Нацистуудын үйл хэргээс дүгнэхэд НҮБ-ын тунхаг бичигийн хүний эрхийн заалт нь хангалттай бус байсан учир бүх нийтийн эрхийг тусгасан дэлгэрэнгүй Тунхаглал бичиг шаардлагатай болсон юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Дэлхийн хэмжээнд хоёр ч дайн дарааллан гарж олон сая хүний амь нас, эрүүл мэнд эдийн засгаар хохирж дэлхий олон улсууд хүн ард туйлдаад байв. Хүн төрөлхтөн дахин ийм дайн гаргахаас сэргийлж “Нэгдсэн Үндэсний байгууллагыг” байгуулан улс орнууд нийлэн “Хүний эрхийн Билл” гэгдэх хүн төрөлхтний эрх, эрх чөлөөг хамгаалсан баримт бичиг гаргав. Тухайлбал “Хүний эрхийн Билл” гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэгч механизмыг тогтоосон олон улсын хүний эрхийн 4 үндсэн баримт бичиг юм. Эдгээрт 1. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр батлагдан гарсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүрэг бүхий баримт бичиг билээ. Энэ баримт бичгийг 48 улс хүлээн зөвшөөрч баталсан бол 8 улс түдгэлзэж, татгалзсан улс байгаагүй түүхтэй. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь хүний эрхийн салбар дахь олон улсын хэм хэмжээг тогтоодог бөгөөд үүнийгээ дараах хоёр замаар хэрэгжүүлдэг: нэг нь “тунхаглал” гэх зөвлөмжийн шинжтэй баримт бичгийг баталж зарлах; нөгөө нь “конвенц” гэх олон талт гэрээг баталж, улсууд сайн дураар түүнийг батламжлах буюу түүнд нэгдэн ороход зориулж нээх. Тунхаглал гэдэг нь ерөнхий зарчим болон өргөн хүрээний үүргийг зарласан албан ёсны бөгөөд ёслол төгөлдөр мэдэгдэл юм. Тунхаглал[2] нь эрх зүйн хувьд заавал биелүүлэх ёстой баримт бичиг биш бөгөөд гишүүн улсуудад ямар нэгэн тодорхой үүрэг оногдуулдаггүй. Гэвч тухайн тунхаглал онцгой ач холбогдолтой байх тохиолдолд гишүүн улсууд түүнд зарласан зарчмуудыг баримтлана гэдгийг хүлээн харж болох бөгөөд уг тунхаглал нь гишүүн улсуудын хувьд заавал биелүүлэх дүрэм мэт заншил тогтож ч болно.
ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ БАТЛАГДАХ ТҮҮХЭН НӨХЦӨЛ, ҮҮСЭХ ШААРДЛАГА
1. XX зууны эхэн үеийн олон улсын дэг журам ба хүний эрхийн сул хамгаалалт
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдахаас өмнөх олон улсын эрх зүйн тогтолцоо нь өнөөгийн ойлголтоор хүний эрхийг бие даасан, нийтлэг үнэт зүйл хэмээн хамгаалж чаддаггүй байв. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн олон улсын эрх зүй нь үндсэндээ төр төвтэй (state-centric) шинжтэй байсан бөгөөд хувь хүн нь олон улсын эрх зүйн шууд субьект бус, харин тухайн улсынхаа хамгаалалтад бүрэн хамаарах ойлголтод тооцогдож байв.
Энэ нөхцөлд:
Улс орон өөрийн иргэдтэйгээ хэрхэн харьцах нь “дотоод хэрэг” гэж үзэгдэж, хүний эрхийн зөрчил олон улсын хяналтаас ангид байсаар ирсэн.
Үндэстнүүдийн Лиг (League of Nations) зэрэг байгууллагууд оршин байсан ч хүний эрхийг системтэй хамгаалах эрх зүйн механизм бүрдээгүй байв. Ийм сул орчин нь XX зуунд гарсан хамгийн ноцтой эмгэнэлт үйл явдлуудын суурь нөхцөл болсон гэж үздэг.
2. Нацист Герман ба төрийн бодлогын түвшинд хэрэгжсэн геноцид
1933 онд Адольф Гитлерийн удирдсан нацист дэглэм Герман улсад тогтсоноор хүний эрхийг системтэйгээр зөрчих үйл ажиллагаа хууль тогтоомжийн хэлбэртэйгээр хэрэгжиж эхэлсэн. 1935 оны Нюрнбергийн хууль зэрэг баримт бичгүүд нь еврей иргэдийг:
Иргэншлээс нь салгах, нийгмийн амьдралаас тусгаарлах, улмаар “хүн биш” мэт үзэх эрх зүйн үндэс болгосон. Энэ нь хүний эрхийг зөрчих үйлдэл заавал хууль бус байх албагүй, харин хууль өөрөө хүний эсрэг зэвсэг болж чаддаг гэдгийг харуулсан түүхэн жишээ юм. Нацист Германд:
Цөөнх гэж тооцогдсон үндэстэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, улс төрийн хоригдлууд хорих лагерьт системтэйгээр устгагдсан нь орчин үеийн түүхэнд анх удаа геноцид болж тэмдэглэгдсэн.
Энэхүү үйл явдал нь дараах гол сургамжийг олон улсад өгсөн нь:
Төрийн бүрэн эрхийг хязгаарлахгүйгээр хүний эрхийг хамгаалах боломжгүй;
“Дотоод хэрэг” гэх тайлбар нь хүний эсрэг гэмт хэргийг зөвтгөх үндэслэл байж болохгүй;
Хүний нэр төр, амьд явах эрх нь аливаа төрийн хууль тогтоомжоос дээгүүр байх ёстой гэх хүний эрхийг хамгаалах олон улсын хэрэгжүүлэх байгууллага үүсэх цаашлан Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдах суурь тавигдсан байдаг.
3. Японы эзлэн түрэмгийлэл ба Азид гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүд
Дэлхийн II дайны үед Японы эзэнт гүрэн Зүүн Ази, Зүүн Өмнөд Азид түрэмгий бодлого хэрэгжүүлж, энгийн иргэдийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн. 1937 оны Нанжингийн хядлага-ын үеэр хэдэн зуун мянган хятад иргэн амиа алдаж, олноороо хүчирхийлэлд өртсөн нь түүхэнд баримтжуулагдсан.
Солонгос, Хятад, Филиппин зэрэг орнуудаас эмэгтэйчүүдийг хүчээр авч, Японы армийн бэлгийн боолчлолд ашигласан (“comfort women”) явдал нь хүний эрх, хүний нэр төрийг бүрэн үгүйсгэсэн үйлдэл байв. Эдгээр гэмт хэргүүд нь зөвхөн Европт бус, дэлхийн бусад бүс нутагт ч хүний эрх хамгаалалт бүрэн нуран унаж болохыг харуулсан.
Ийнхүү Дэлхийн II дайн нь хүний эрхийн зөрчил бүс нутгийн асуудал бус, дэлхий нийтийг хамарсан нийтлэг аюул гэдгийг тод томруун харуулсан.
4. Дайны дараах олон улсын ухамсрын өөрчлөлт
Дэлхийн II дайн дуусахад:
50–70 сая хүн амь үрэгдсэн, сая сая дүрвэгсэд бий болсон, эдийн засаг, нийгмийн бүтэц нуран унасан байдалтай дэлхий нүүр тулсан. Энэ үед олон улсын хамтын нийгэмлэг хүний эрхийг хамгаалахгүйгээр:
Тогтвортой энх тайван тогтоох боломжгүй, дайныг дахин давтах эрсдэл өндөр гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. 1945 онд байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн оршил хэсэгт “хүний нэр төр, үнэ цэнийг бататгана” гэж заасан нь хүний эрхийг анх удаа олон улсын байгууллагын үндсэн зорилгод тодорхой тусгасан явдал байв.
5. Нюрнбергийн шүүх ба олон улсын эрх зүйн шинэ ойлголт
Дайны дараах Нюрнбергийн олон улсын цэргийн шүүх нь:
“Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”, “Дайны гэмт хэрэг” гэсэн ойлголтыг эрх зүйн хувьд тодорхойлсон. Энэ нь хувь хүн, тэр дундаа төрийн удирдагчид:
“Би хууль дагаж байсан”, “Төрийн тушаал биелүүлсэн” гэх шалтгаанаар хариуцлагаас зайлсхийх боломжгүй гэдгийг тогтоосон түүхэн ач холбогдолтой.
Нюрнбергийн шүүхийн зарчим нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын философийн үндэс болж, хууль ёс нь хүний эрхэд захирагдах ёстой гэсэн ойлголтыг баталгаажуулсан.
6. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдах зайлшгүй шаардлага
Дээрх түүхэн нөхцөлүүдийн нөлөөгөөр дараах зайлшгүй шаардлага бий болсон. Үүнд:
Ø Хүний эрхийг үндэс, арьс өнгө, улс төрийн дэглэмээс үл хамааран нийтлэг байдлаар тодорхойлох;
Ø Хүний эрхийг зөрчих явдлыг олон улсын түвшинд ёс суртахууны болон улс төрийн үнэлгээнд оруулах;
Ø Дотоодын хууль тогтоомж хүний эрхийг зөрчсөн тохиолдолд түүнийг шүүмжлэх олон улсын стандарт бий болгох.
Эдгээр шаардлагын үр дүнд 1948 оны 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан нь геноцид, дайны гэмт хэрэг, системтэй ялгаварлан гадуурхалтын эсрэг дэлхийн хамтын хариу болсон юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хийсвэр ёс суртахууны баримт бичиг бус, харин XX зууны хамгийн харгис, аймшигт түүхэн үйл явдлуудаас урган гарсан, хүний эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагын бодит илэрхийлэл юм. Энэ утгаараа уг тунхаглал нь өнгөрснийг дүгнэсэн баримт бичиг төдийгүй ирээдүйд ижил эмгэнэлт явдал давтагдахаас сэргийлэх олон улсын эрх зүйн суурь зарчим болж байна.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын хамтын ажиллагааны зарчмыг тодорхойлсон гэрээний нэг хэлбэр юм. Пактад хүн бүрийн хувийн халдашгүй байх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх, чөлөөтэй зорчих эрх, төр, нийгмийн үйл хэргийг удирдан оролцох, сонгуулийн эрх, эвлэлдэн нэгдэх эрх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө, амьд явах эрх, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөөний тухай тусгасан байна. Энэхүү Пактыг Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын I дэх нэмэлт протокол нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээ юм. Энэхүү нэмэлт протоколд хүний эрх зөрчигдсөн мэдээллийн дагуу, хянан хэлэлцэх Хорооны үйл ажиллааны тухай заасан байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын I дэх нэмэлт протоколд Монгол Улс 1991 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр нэгдэн оржээ.
Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын хамтын ажиллагаанд үндэс болгох зарчмыг тодорхойлсон гэрээ юм. Энэхүү Пактад хүний эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд хүртээмжтэй, тэгш эрхтэйгээр оролцохыг тодорхойлсон байдаг. Сурч боловсрох эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх ба эмнэлгийн тусламж авах эрх, орон сууцтай байх эрх, хувийн өмчийн эрх, өв залгамжлах эрх, хувийн аж ахуй эрхлэх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангагдах эрх, хүүхдийн онцгой эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, өвчтөний эрх зэрэг хүний эрхүүдийг тусгасан. Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглуудаас иш татан тайлбарлавал Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дор дурьдсан зүйлүүд дотор хүний хөгжлийн тухай, хүн гачигдлаас ангид байх тухайлбал, хүрэлцэхүйц хоол хүнс хэрэглэх эрхтэй тухай, энэ бололцоог хангах улсын болон олон улсын зохистой дэг журам байх ёстой тухай чухал зарчмууд тусгагдсан байна. Зүйл 22: “Хүн бүр нийгмийн гишүүдийн хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бөгөөд нэр төрөө хамгаалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм соёлын талын эрх дархаа тухайн улс орны хүчин чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоонд нийцүүлэн эдлэх эрхтэй”. Эдгээр хүний эрхийн тунхагууд зарим орны эрх зүйтэй уялдаж чададгүй ба тусгагдсан ч биелэх боломж багатай орнууд бий. Зарим улсад энэхүү хэрэгцээ хангагдаж чадахгүй байгаа ба жишээлбэл Африкийн Чад, Өмнөд судан зэрэг олон орнууд өлсгөлөнгийн аюултай байгаа ба судалгаагаар өлсгөлөнгөөр нас барж буй иргэдийн олонх нь хүүхдүүд байгаа нь харагдаж байна. Энэ бүхний гол шалтгаан нь төр засаг нь хүний эрхийн хамгаалж, хангаж чаддагүйгээс иргэний дайн, эдийн засгийн хямрал, өвчлөл зэрэгээс болж хүний наад захын хэрэгцээг хангах боломжгүй байна.
Тэгвэл манай улсын хувьд эдгээр хүний эрхийн Биллүүдийн Манай улсын хууль эрх зүйн тогтолцоотой уялдах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 бүлэгийн 1.Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна. 2.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. 3.”Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” хэмээн заасан нь эдгээр хүний эрхийн Биллүүд Монгол улсын Үндсэн хуулийн заалт З-ын дагуу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийг, түүний нэмэлт протокол, Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактийг зэрэг Монгол Улс оролцогч болсон гэрээнүүд нь Монгол улсад хуулийн хүчин чадалтай байгаа нь хүний эрхийн баталгааг хангах нэгэн чухал хөшүүрэг болж байна. Монгол Улсын Үндсэн хууль нь хүний эрхийг дээдэлсэн хууль ба Үндсэн хуулийн 2 бүлэг дээр энэ талаар нарийвчлан оруулж өгсөн байдаг тухайлбал Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх мэт үргэлжлэнэ. Үүнээс харвал манай улсын хууль тогтоомж нь Олон улсын хүний эрхийн тунхаглалд заасан хүний эрх эрх чөлөөг хамгаалсан заалтуудыг “Дээд хууль” болох Үндсэн хуульдаа оруулж өгсөн нь харагдаж байна.
Дүгнэлт
Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948) болон түүнийг үндэс болгосон Олон улсын хүний эрхийн билл нь хүний эрхийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, хамгаалах хамгийн суурь тогтолцоог бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой баримт бичгүүд юм.Эдгээр нь хүний эрхийг төрөөс олгодог бус, төрөлхөөс заяасан, салшгүй гэдгийг баталгаажуулж, хүн бүр ялгаварлан гадуурхалгүйгээр эдлэх ёстой нийтлэг стандарт тогтоосон. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь ёс суртахуун, үнэт зүйн суурийг тавьсан бол Олон улсын хүний эрхийн биллд багтах хоёр пакт нь энэ үзэл санааг хууль зүйн үүрэг хариуцлага болгон баталгаажуулсан. Ингэснээр улс орнууд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэгтэй болж, хүний эрхийг зөрчсөн тохиолдолд олон улсын хяналт, хариуцлагын механизм бүрэлдсэн. Мөн үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжийг хүний эрхэд нийцүүлэх дэлхий нийтийн чиг хандлагыг бий болгосон.
1948 оны 12-р сарын 10-ны өдөр НҮБ-ийн Ерөнхий Ассемблэй энэхүү тунхаглалыг 48 улс дэмжсэн, 0 эсрэг болон 8 түдгэлзсэн саналтайгаар батлажээ. Энэхүү тунхагийн төлөө дараах тухайн үеийн гишүүн орнууд саналаа өгсөн болно:
- Афганистан
- Аргентин
- Австрали
- Бельги
- Боливи
- Бразил
- Бирм
- Канад
- Чили
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс
- Колумби
- Коста Рика
- Куба
- Дани
- Бүгд Найрамдах Доминикан Улс
- Эквадор
- Сальвадор
- Египет
- Этиоп
- Франц
- Гватемал
- Хаити
- Энэтхэг
- Иран
- Ирак
- Ливан
- Либери
- Пакистан
- Румын
- Грек
- Исланд
- Люксембург
- Мексик
- Нидерланд
- Шинэ Зеланд
- Никарагуа
- Норвеги
- Панам
- Парагвай
- Перу
- Филиппин
- Швед
- Сири
- Тайланд
- Турк
- Их Британи
- Америкийн Нэгдсэн Улс
- Уругвай
- Венесуэл
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын албан ёсны монгол орчуулга)