Jump to content

Перу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Перу Улс
República del Perú (Испани)
Албан ёсны нэрс[a]
Уриа: 
"Firme y feliz por la unión" (Испани)
"Холбооны төлөө тууштай, баяртай"
Төрийн дуулал: 
"Himno Nacional del Perú" (Испани)
"Перугийн төрийн дуулал"
Марш: 
"Marcha de Banderas" (Испани)
"Тугуудын марш"
Gran Sello del Estado (Испани)
Төрийн их тамга
 Перу улсын байршил (хар ногоон)
 Перу улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Лима
12°2.6′S 77°1.7′W / 12.0433°S 77.0283°W / -12.0433; -77.0283
Албан ёсны хэлИспани хэл
Давхар албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2017[b])
Шашин
(2022)[1]
  • 8.3% Шашингүй
  • 3.5% бусад
Ард түмний нэршилПеручууд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[2][3]
Дина Болуарте
Сул
Альберто Отарола
Алехандро Сото Рейес
Хууль тогтоох байгууллагаБүгд Найрамдах Улсын Конгресс
Тусгаар тогтнол 
7 сарын 28, 1821 он
12 сарын 9, 1824 он
• Хүлээн зөвшөөрөгдсөн
8 сарын 14, 1879 он
Газар нутаг
• Нийт
1,285,216 км2 (19)
• Усны эзлэх талбай (%)
0.41
Хүн ам
• 2023 тооцоо
32,440,172[4] (46)
• Нягтаршил
23/км2 (197)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$556.680 тэрбум[5] (45)
• Нэг хүнд ноогдох
$16,132[5] (96)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$268.235 тэрбум[5] (49)
• Нэг хүнд ноогдох
$7,772[5] (87)
ОТББИ (2019)  41.5[6]
дундаж
ХХИ (2021) 0.762[7]
өндөр · 84
Мөнгөний нэгжПеругийн соль (PEN)
Цагийн бүсUTC−5 (ПЕЦ)
Огнооны форматөө/сс/жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+51
ISO 3166 кодPE
Домэйн нэр.pe

Бүгд Найрамдах Перу Улс хэмээх Перу́ (Испани: Perú) нь Өмнөд Америкийн өрнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм. Умард талаараа Эквадор, Колумб, дорнод талаараа Бразил, өмнөд талаараа Болив, Чили таван улстай тус тус хиллэж, өрнөд талаараа Номхон далайд өргөн уудам газар нутагтай.

Нутаг дэвсгэрийн хэмжээ дэлхийд 19-р том буюу 1.28 сая хавтгай дөрвөлжин километр байна. Нутгийн баруун эргийн дагуу Андын нуруу байх ба Амазоны сав газрын хэсэг мөн улсын нутагт байснаар уур амьсгалын хуьд эрс тэс өөр өөр байна. Нийт 32 сая хүн оршин амьдарч байгаагаас нийслэл бөгөөд хамгийн том хот Лимад 9 сая хүн оршин суудаг. 1551 онд Лимагийн их сургууль байгуулагдсан нь бүс нутагтаа анхных болно. Хүн амын ихэнх нь местисо (нутгийн индиан-цагаан арьсны холимог) төрлийн хүн байх ба үлдсэн нь Европ, Африк, Азийн гаралтай хүмүүс байна. Үндсэн хэл нь испани байх ба нутгийн уугуул хэл болох кечуа, аймара зэрэг олон хэл мөн албан ёсоор зөвшөөрөгджээ. Хүн амын ихэнх нь христийн шашин, тэр дундаа католик урсгалыг дагадаг. Соёлын энэ олон янз байдал нь дүрслэх урлаг, идээ унд, уран зохиол, дуу хөгжимд тусгалаа олжээ.

1821 онд Перу улс тогтосноо зарлан тунхагласан ба Хосе Франциско де Сан-Мартин, Симон Боливар нарын чөлөөлөгч нар тусгаар тогтнолын төлөө Испанийн даргач нартай байлдаж 1824 онд Аякучогийн тулалдаанд ялснаар тусгаар тогтнолыг бүрнээ олжээ. Дараагийн жилүүдэд улс төр, эдийн засгийн хувьд хөлөө олоход амаргүй байсан ба 1879-1884 онд Номхон далайн дайнд Боливтой холбоолж орсон боловч Чилид ялагджээ. 20-р зуунд дотоодын зөрчил, бослого, төрийн эргэлт үе үе тохиолдсон ба мөн эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал ээлжилж байв. 1990-ээд оноос эхлэн неолиберал эдийн засгийн загвараар хөгжиж байна. 2000-аад онд түүхий эдийн үнийн өсөлт бий болсон ба мөн ядуурал буурчээ.

Перу улс нь төлөөллийн ардчилал бүхий бүгд найрамдах засагтай. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл бөгөөд засаг захиргааны зорилгоор 25 нутагт хуваагддаг. Хүний хөгжлийн индексээр өндөр гэж дүгнэгдэж байна. ДНБ-ийн өсөлт 2017 онд 5.9% байсан нь харьцангуй өндөр өсөлт бөгөөд аж үйлдвэрийн салбарын өсөлт 2018 онд 9.6% байсан нь дэлхийд тэргүүлэх өсөлт юм. Гол салбар нь уул уурхай, аж үйлдвэр, загас агнуур, хөдөө аж ахуй бөгөөд мөн харилцаа холбоо, био технологийн салбар өсч байгаа. Номхон далайн ирвэс хэмээх Мексик, Колумб, Перу, Чили дөрвөн улсын улс төр, эдийн засгийн холбоонд нэгдсэн ба мөн Ази-Номхон далайн хамтын ажилл, Номхон далайн хамтын ажиллагаа, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэгт гишүүнээр элсчээ. НҮБ-д 1945 онд гишүүнээр элссэн.

Инкийн соёл иргэншил

[засварлах | кодоор засварлах]
Алт, оюуг шитгэн хийсэн моче дайчны дүрс бүхий ээмэг

НТӨ өмнөх 13-р мянганд хамаарах хүн амьдарч байсан өлгий Хуака Приета сууринаас олдож байв. Энэ нутагт усалгааны систем, газар хагалбар зэргийг газар тариаланд ашиглаж, мал аж ахуй, загасны аж ахуй мөн дэлгэрчээ. НТӨ 3000-1800 оны хоорондох дурсгалыг Каралын, Чавын соёл гэх мэтээр үүссэн нутгаар нь нэрлэжээ. Харин НТӨ 1000-200 оны үеийн Куписникийн соёлын үеийн ваар сав дурсгал мөн олдсон ба НТ 100–700 оны үе эрэг дагуу Паракас, Нацка, Вари, Чиму, Моче зэрэг нутаг их хөгжсөнөөс Моче нь маш хөгжсөн нийгэм байжээ.[8] Энд усалтай газар тариалан эрхэлж, боловсронгуй ваар сав, төмөр эдлэл, сүрлэг барилга байгууламжтай байв. Чиму болохоор 1140-1450 онд хэрэмт хоттой байсан ба нийслэл нь өнөөгийн Труяилло орчим байжээ. Титикака нуурын өндөрлөг газарт Тиахуанако соёл оршин байсан ба өнөөгийн Аякучо хот орчим НТ 500-1000 оны хооронд маш том суурин буюу Вари соёл оршин тогтножээ.[9]

15-р зуунд баригдсан Инкийн Мачу Пикчу цайз

15-р зуунд Инк соёл иргэншил хүчирхэгээр оршин тогтнож нийслэл нь Кузкод байв. Кузко нь эхэндээ кечуа хүмүүс байсан бол улс өргөжиж эргэн тойрноо хамарсан гүрэн болжээ. Пачакути хааны үед байлдан дагуулал идэвхжиж түүний хүү Топа Инка Юпанкуйн үед Андын ихэнх газрыг хамааруулсан нь 9-16 сая оршин суугчтай болгожээ. Пачакути хаан бурхнаас илгээгдсэн буюу Нарны бурханы зарилгаар Кузког гайхамшигтайгаар цогцлоон хөгжүүлжээ. 1438-1533 оны хооронд Инк нь өмнө зүгт Чилийн умард хэсэг, умард зүгт Колумбын өмнөд хэсэг, дорнод зүгт Амазоны ширэнгэн ой, өрнөд зүгт Номхон далай хүртэл тэлсэн өргөн уудам газар нутгийг эзэлжээ. Хааныг «Нарны хүү» гэж өргөмжилдөг байв.[10]

Испанийн колони

[засварлах | кодоор засварлах]
1532 он Кажамаркийн тулалдаанд Атахуалпаг баривчилж байгаа нь. 1920 онд Хуан Лепиани зурсан зураг

Атахуалпа нь эцгээ өөд болсны дараа эцэг нэгт ах Хуаскарыг байлдан ялсан ба инкийн сүүлийн хаан байх тавилантай байжээ. 1532 онд Франциско Пицаррогоор удирдуулсан Испанийн эзлэн түрэмгийлэгчид чанка, хуанка, канар, чапоя зэрэг индиан овгоор замчлуулан ирж Кажамаркийн тулалдаанд инкийг байлдан дагуулж Атахуалпа хааныг баривчилжээ. Хүчирхэг инкийг буулган авсан нь Испанийн хувьд Өмнөд Америк дахь дайны чухал ололт байсан ба өмнө нь хэд хэд мөргөлдсөний дараа ийнхүү ноёрхлоо тогтоож, Перу колонийг үүсгэн байгуулсан гээд Лимад төвлөжээ. Хамгийн сүүлийн инкийн эсэргүүцэл нь 1572 онд Вилькабамба дахь Инкийн шинэ улсыг даран сөнөөснөөр эцэслэжээ.

Нутгийн индиан хүмүүс шинээр ирж буй колоничлогчидтой аажимдаа нийгэм эдийн засгийн харилцаанд орж шинэ тахал тусаж хүн амын тоо буурчээ.[11] Франциско Толедо захирагч 1570-аад оны үед эндээс алт, мөнгө зэрэг олборлохоор нутгийн индианчуудыг ажлын гол хүч болгосон. Өнөөгийн Болив дахь Потоси болон Перугийн Хуанкавелика нутгууд дахь гол нөөцийг түшиглэн ашигт малтмал олборлох болов. Испанийн худалдааны онгоцууд Акапулкогоор дамжин Перуг Ази-Америкийн худалдааны замд холбож байв. Тухайн үед Панамын захирагч байсан Дон Себастьян Хуртадо де Коркуера нь Филиппинд Замбоанга хотод шинээр суурьшихыг хариуцаж байхдаа Перугийн цэрэг, колоничлогчидыг авчран суулгаж байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.[12]

Лимагийн [христийн] төв дуган 15-17-р зуунд баригдаж байв

Колоничлол гүнзгийрэхийн хэрээр эдийн засгийн харилцаа өргөжиж, мөн дагаад христийн шашин буюу католик урсгал нэвтэрчээ. Кузкогийн Кориканча сүмийн зэргэлдээ католик сүмүүд баригдсан дэлгэрчээ. Португалын колонийн тэлэлт буюу өнөөгийн Бразилын тэлэлтийг Испанийнхан тухайн үед зогсоож дийлээгүй. 18-р зуунд Испанийн хаан ширээ Бурбон урагт шилжсэнээр эдийн засгийн шинэтгэл явуулаад Шинэ Гранадын колонийг Перугийнхаас таслан үүсгэсэн ба колониудад татвар өсгөж дарамталсан ба энэ нь явсаар бослого хөдөлгөөнд өдөөж, нэгэн зууны дараа тусгаар тогтнолын хөдөлгөөн ялах суурь нэгэн шалтгаан болжээ. Перуд байсан соёл дээр колонийн шалтгаанаар ирсэн соёл угсаатны холимог нийгэм бүрдсэн ба нутгийн уугуул иргэдээс 1742 онд Хуан Сантос Атахуалпа, 1780 онд 2-р Тупак Амару нарын бослого нь Испанийн удирдлагын эсрэг боссон гол тэмцэл байв.[13]

Сан Мартин тусгаар тогтнолыг зарлан тунхагласан

19-р зууны эхэнд Өмнөд Америкийн улсууд тусгаар тогтносны адилаар Перу Испанийн захиргааны эсрэг дайтан ялж тусгаар тогтнов. Перу дахь Испанийн захиргааны хэсэг болох креоло олигархиуд босогчидтой дайтаж байсан ба Ла Платын колонид тусгаар тогтнолын хөдөлгөөн ялснаас 21 хоног болоход Хосе де Сан Мартин цэрэг шинээр элсүүлж Андын цэргийг үүсгэжээ. 1818 онд тэрээр Чилийн жанжин Бернардо О Хиггинстэй нийлж Чилийг чөлөөлж, 1820 онд Перугийн Паракас боомт руу 8 хөлөг онгоц илгээн Писко хотыг эзлээд Хуачод төвлөж Лимагийн Каллао боомтыг бүсэлжээ. Перу нь Испанийн ноёрхлын том түшиц тул Сан Мартин эхлээд дипломат аргаар чөлөөлөхийг зорьж Лима дахь колонийн захирагч руу элч илгээсэнд амжилтгүй болсон. Перугийн колонийн захирагч Хоакин де ла Пасела нь Хосе де ла Сернад үүрэг өгч Лимаг хамгаал гэсэн боловч тэр буцаж ноцон Лимад ирж захирагч болжээ. 1821 оны 7 сарын 12-нд Сан Мартин Лимаг эзэлж 7 сарын 28-нд Перугийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, анхны төрийн далбааны загварыг зохион бүтээсэн түүхтэй. Дээд Перу буюу өнөөгийн Болив нь Симон Боливарыг очтол дахин гурван жил тусгаар тогтнолыг хүлээжээ. Хосе де Сан Мартиныг «Перуг ивээн хамгаалагч» хэмээн өргөмжилсөн.

Симон Боливар Шинэ Гранадаг чөлөөлсөний дараа жил 1822 онд Сан Мартин Боливар нар нь Куакильд хуралдан Перугийн үлдсэн хэсгийг бүрэн чөлөөлөхөөр хэлэлцэж, Боливарт төрийн эрхийг өгчээ. 1824 онд Аякучогийн тулалдаанд Антонио Хосе де Сукретэй нийлэн Испанийн үлэмж хүчнийг ялан дийлснээр Перу болон Дээд Перу (Болив) бүхлээрээ тусгаар тогтнож чаджээ. Тусгаар тогтнолын эхний жилүүд цэргийн эрхтнүүдийн эрх мэдлийн төлөө тэмцэлтэй буюу улс төрийн тогтворгүй байдалтай байв.

1840-1860 онд Перу нь Рамон Кастилья ерөнхийлөгчийн үед улс төрийн тогтвортой байж гуано шувууны экспортоос шалтгаалж улсын орлого нэмэгдэв. 1870-аад улсын сан хоосорч, өрөнд орж, улс төрийн тэмцэл дахин ихэссэн. Төмөр зам барих ажлыг эхлүүлж амжилттай барьсан ч ба энэ нь мөн тухайн үед улсыг дампууруулах шалтгаан болсон. 1879-1884 онд Боливтой эвсэл болон Номхон далайн дайнд оролцсон ч Чилид ялагдаж Атакамын цөл дэх Такна Арика хоёр нутгийг Чилид алджээ. Дайны дараанаас нийгэм улс төрийн шинэчлэл явуулснаар 1900 он болоход улс төр тогтворжисон.

Дайны дараа Сивилиста («иргэний») намын үед тогтсон тогтвортой байдлы дараа Аугусто Лехия гэх дарангуй удирдагч төрийг барьсан. Лехиягийн үеийг Их хямралын үе ирснээр унагаж Америкийн Ардын Хувьсгалт Эвсэл төр барив. Энэ нам болон элит, цэргийн хүчний нэгдсэн эвсэл хоёрын хооронд дараагийн 30 жилийн тэмцэл өрнөжээ. 1929 онд Чилитэй удаан хэлэлцсэний дараа Такнаг Перу буцаан авчээ. 1941 онд Перу-Эквадорын дайн болж хил тогтоосон ба Колумбтай мөн хилийн маргаан үүсгээд дараа нь эцэслэжээ. 1948 онд цэргийн хүчээр Мануэль Одриа генерал ерөнхийлөгч болж сөрөг хүчнийг ихээр дарав.

1968 онд Фернандо Белунде Терри ерөнхийлөгч болсон ч цэргийн эргэлтээр Хуан Веласко Альварадо төрийн эрхэнд гарч Америкийн компанийн мэдэлд байсан газрын тосны компанийг төрийн өмчинд авч, газар тариаланд шинэтгэл хийв. Энэ шинэтгэл нь том газар эзэмшигчдийн газрыг хурааж хоршоо байгуулсан тариаланчдад хувааж өгсөн ба боловсролын системд уугуул хэлийг испани хэлний зэрэгцээ түвшинд авч үзжээ. Америкаас зайлж гуравдагч хөршийн бодлого эрэлхийлсэн ба АНУ зарим хоригийг Перуд тавьжээ. 1981 онд Эквадортой хилийн жижиг нутгийн төлөө мөргөлдөн ялсан. 1985 оноос хойш инфляцид өртөн 1990 онд жилийн 7650% буюу оргилдоо хүрээд, 1991 онд 139% гэх мэтээр буурсан.

1992 онд гарсан төрд гарсан генерал Альберто Фүжимори нь мэдээллийн хэрэгслийг хяналтандаа авч, эмзэг бүлгийн бөглүү тосгоны эмэгтэйчүүдийг цэргийн хүчээр хядсан бөгөөд 300000 гаруй хүний аминд хүрч, дараа нь 2000 онд Фүжимори авилга авснаасаа болж буун Япон руу оргон зайлжээ.[14]

Фүжиморийн дэглэм төгссөнөөс хойш эдийн засгийг тогтворжуулах болон авлигын эсрэг тэмцэж байна. Хэд хэдэн өмнөх ерөнхийлөгч авлигын хэргээр ял сонсож, нэг нь амиа хорложээ. Олон асуудал байгаа боловч зарим хэмжээгээр ахицтай шийдэгдэж байна.

Перу нь олон намын тогтолцоотой, ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай улс юм. Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс болно. 1993 оны үндсэн хуулиар либерал ардчилсан тогтолцоог баталжээ. Эрх мэдэл гурван салбартай:

  1. Хууль тогтоох эрх мэдэл: Перугийн хууль тогтоох байгууллага нь нэг танхим бүхий Конгресс (их хурал) байна. Их хурлын гишүүнийг аймаг бүрийн болон гадаад дахь Перугийн иргэдийн хүн амын тоонд нь харьцуулж 130 төлөөлөгч байхаар сонгосон. Лима аймаг хамгийн олон буюу 36 төлөөлөгчтэй. Их хурлын нэг хүчирхэг байдал нь Ерөнхийлөгчийг огцруулах хүчин чадалтай буюу Гүйцэтгэх эрх мэдлийн салбараас хүчтэй байна.
  2. Гүйцэтгэх эрх мэдэл: Гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч, түүний тохоон томилсон Сайд нарын зөвлөл хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч нь шууд сонгуулиар дахин сонгогдох эрхгүйгээр 5 жилийн хугацаатайгаар сонгогдоно. Сайд нарын тоо 18 байна. Ерөнхийлөгч мөн Их хуралд итгэл үзүүлэх эсэх санал тавьж болно.
  3. Шүүх эрх мэдэл: Перугийн дээд шүүх нь шүүх эрх мэдлийн дээд байгууллага байна. 18 гишүүнтэй.
Нэгдүгээр зэргийн 26 нутаг

Перу улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд засаг захиргааны зорилгоор 1-р түвшинд 26 нутаг болж хуваагддаг. Үүний 24 нь муж (Испани: departamento), 1 нь аймаг (provincia), 1 нь үндсэн хуулийн аймаг (provincia constitucional) болно. Мужууд цааш 196 аймаг болж хуваагддаг. Аймгууд цааш дүүрэгт (distrito) хуваагдана.

Лима аймаг нь Лима хот буюу улсын нийслэл байрладаг. Лима хотын бөөгнөрөл нь 11 сая хүнтэй ба энэхү Лима аймаг болон Кальяо үндсэн хуулийн аймгийн нутгуудыг хамардаг, Өмнөд Америктаа Бразилын Сан Паулу, Рио де Жанейро, Колумбын Боготагийн дараа орох томд тооцогдоно.

Кальяо боомтыг багтаасан Кальяо үндсэн хуулийн аймаг дээр 24 мужийг нэмээд эдгээрийг нутгийн удирдлагатай буюу өөрийн хуралтай, хэрэгжүүлэх эрх мэдлийг нутгийн засаг дарга удирддаг бол аймгийн түвшинд нутгийг хотын удирдлага буюу захирагч удирддаг. Энэхүү удирдлагын ялгаатай байдал нь олон нийтийг хэрхэн оролцуулах вэ гэдэгтэй холбоотой ажээ. Төрийн бус байгууллагууд энэхүү төвлөрсөн удирдлагын системд оролцох боломжтой байдаг.

Нэгдүгээр зэргийн 26 нутаг: 24 муж, 1 аймаг, 1 үндсэн хуулийн аймаг. Үүнд:

  1. Перу улсад бусад хэлийг хууль ёсны автохтон хэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
  2. 2017 оны улсын тооллогод анх удаа 12 ба түүнээс дээш насны хүмүүст хандсан угсаатны соёлын бодит байдлыг төсөөлж, илүү сайн ойлгохын тулд тэдний удам угсаа, зан заншил, гэр бүлийн гарал үүсэл гэх мэт элементүүдийг харгалзан үзэн угсаатны өөрийгөө тодорхойлох асуултыг оруулсан болно.
  1. "Catholicism and evangelism: the two most common religions in Latin America". Statista. Татаж авсан: 18 November 2022.{{cite web}}: CS1 maint: url-status (link)
  2. Shugart, Matthew Søberg (September 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive and Mixed Authority Patterns" (PDF). Graduate School of International Relations and Pacific Studies. Эх хувилбараас (PDF) архивласан: 19 August 2008. Татаж авсан: 31 August 2017.
  3. Shugart, Matthew Søberg (December 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive And Mixed Authority Patterns". French Politics. 3 (3): 323–351. doi:10.1057/palgrave.fp.8200087. ISSN 1476-3427. OCLC 6895745903. Only in Latin America have all new democracies retained a pure presidential form, except for Peru (president-parliamentary) and Bolivia (assembly-independent).
  4. "Peru". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 22 June 2023.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "Peru". International Monetary Fund. Архивласан огноо 17 January 2021. Татаж авсан: 18 January 2020.
  6. "Gini Index". World Bank. Архивласан огноо 7 May 2020. Татаж авсан: 14 July 2021.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  8. Cordy-Collins, Alana (1992). "Archaism or Tradition?: The Decapitation Theme in Cupisnique and Moche Iconography". Latin American Antiquity. 3 (3): 206–220. doi:10.2307/971715. JSTOR 971715. S2CID 56406255.
  9. Pre-Inca Cultures Архивлагдсан 3 Арваннэгдүгээр сар 2016 at the Wayback Machine. countrystudies.us.
  10. "The Inca" at the Wayback Machine (archived 10 November 2009) The National Foreign Language Center at the University of Maryland. 29 May 2007. Retrieved 27 July 2014.
  11. Lovell, W. George (1992). "'Heavy Shadows and Black Night': Disease and Depopulation in Colonial Spanish America". Annals of the Association of American Geographers. 82 (3): 426–443. doi:10.1111/j.1467-8306.1992.tb01968.x. JSTOR 2563354.
  12. Lovell, W. George (1992). "'Heavy Shadows and Black Night': Disease and Depopulation in Colonial Spanish America". Annals of the Association of American Geographers. 82 (3): 426–443. doi:10.1111/j.1467-8306.1992.tb01968.x. JSTOR 2563354.
  13. "Túpac Amaru II", Encyclopædia Britannica, <https://www.britannica.com/biography/Tupac-Amaru-II> (retrieved on 10 July 2018)
  14. Gaussens, Pierre (2020). "The forced serilization of indigenous population in Mexico in the 1990s". Canadian Journal of Bioethics. 3 (3): 180+. doi:10.7202/1073797ar. S2CID 234586692. a government plan, developed by the Peruvian army between 1989 and 1990s to deal with the Shining Path insurrection, later known as the 'Green Plan', whose (unpublished) text expresses in explicit terms a genocidal intention