Юмжаагийн Цэдэнбал
Юмжаагийн Цэдэнбал ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭᠠ ᠶᠢᠨ ᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ | |
---|---|
Монгол Улсын Ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1952 оны 1 дүгээр сарын 26 – 1974 оны 6 дугаар сарын 11 | |
Өмнөх | Хорлоогийн Чойбалсан |
Дараах | Жамбын Батмөнх |
Монгол МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1940–1954 | |
Дараах | Дашийн Дамба |
Монгол МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1958–2007 | |
Өмнөх | Дашийн Дамба |
Дараах | Жамбын Батмөнх |
Монгол Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга | |
Албан тушаал хашсан 1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23 | |
Өмнөх | Сономын Лувсан |
Дараах | Нямын Жагварал |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 90px 1916 оны 9 сарын 17 Олноо Өргөгдсөн Монгол Улс Үнэн Зоригт Хан аймаг Зоригт ханы хошуу |
Нас барсан | 1991 оны 4 сарын 21 ЗХУ Москва хот |
Resting place | 90px rank |
Улс төрийн нам | МАХН |
Эхнэр, Нөхөр | Анастасия Филатова Цеденбал |
Хүүхэд | том хүү Владислав, хүү Зориг |
Эцэг, эх |
|
Алма матер | Сибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль, Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль |
Мэргэжил | Улс төрч,нам, төр, цэргийн зүтгэлтэн |
Шагнал | |
Цэргийн алба | |
Харьяалал | Монгол |
Салбар | Монголын Ардын арми |
Алба хаасан жил | 1936-1984 |
Цол | Маршал |
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд 1916 онд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбалын боловсролыг үргэлжлүүлэхээр ЗХУ-ын Эрхүү хот руу явуулжээ. 1929 оноос 9 жилийн турш тэрээр Улаан-Үд, Эрхүүд суралцаж 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Оросууд "Володя" гэж орос нэрээр дууддаг байжээ.
Улс төрийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллах хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 1940 оны МАХН-ын Х Их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.
Ю. Цэдэнбалын БНМАУ-д байгуулсан гавьяа
[засварлах | кодоор засварлах]Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс Азийн буурай хоцрогдсон орны нэг байсан. Зөвлөлтийн заавраар социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орон байжээ. Ю.Цэдэнбал Монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Зөвлөлт Холбоот Улсын болон социалист орнуудын Их дээд, тусгай дунд сургуулиудад монголын олон мянган оюутан залуус сурч дээд боловсролтой болж байв. Үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв.
Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход анхаарч чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.
БНМАУ болон Зөвлөлт Холбоот Улсын харилцаа
[засварлах | кодоор засварлах]Ю. Цэдэнбал Никита Хрущевыг залгамжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болонгуут Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу илүү татаж чадсан.
1966 онд анх удаа Зөвлөлт холбоот улсын удирдагч Л.И.Брежнев манайд айлчлав. Энэ үед ЗХУ Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал Х.Чойбалсангийн үед байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байв. Брежнев Цэдэнбал хоёр Хятадын зүгээс заналхийлсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтран тус хоёр орны аюулгүй байдал тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай түүний дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсэг зурсанд Брежневийн айлчлалын гол ач холбогдол нь байсан юм.
Брежневтэй байгуулсан гэрээгээр урьд БНХАУ-ын хилийн дагуу 100 гаруй мянган хүнтэй Зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Хятадын байдал юунд ч хүрч болзошгүй аюултай байдалд хүрсэн тул Цэдэнбал ийнхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байжээ. 1979 онд Хятадууд Вьетнам руу дайрч байх тэр үед орос цэргүүд манай урьд хилийн ойролцоо байрлаж, Монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсныг илэн далангүй ухуулж таниулж болохгүй улсын нууц байсан байна.
Цэдэнбалын санаачилгаар баригдсан томоохон бүтээн байгуулалтууд
[засварлах | кодоор засварлах]Түүнийг улсаа удирдаж байх үед Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануурт үйлдвэржилт явагдаж, орон сууцны хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байжээ.
Түүний алдаа дутагдал
[засварлах | кодоор засварлах]Тэрээр БНМАУ-д маш олон бүтээн байгуулалтыг хийсэн хэдий ч аливаа улстөрчийн адилаар түүнийг алдаа дутагдал, завхрал тойроогүй:
- Түүний хамгийн том алдаа нь Зөвлөлтийг шүтсэн үзлийнхээ улмаас улс орныхоо тусгаар тогтнолоос татгалзаж ЗХУ-д нэгтгэх сонирхолтой байсан явдал. Тэр ч бүү хэл энэ талаар 2 ч удаа санаачлага гаргаж байсан боловч тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдал, ЗХУ-ын Хятадаас тусгаар буфер буюу жийргэвч улс байлгах гэсэн геополитикийн сонирхол зэрэг шалтгааны улмаас бүтээгүй юм.
- Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан, алдаа дутагдлыг нь харж хэлж сануулсан улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхах ажлыг системтэйгээр явуулж байв. Чухам түүний санаачлага нөлөөгөөр МАХН-ын Төв Хорооноос өөрийн гол өрсөлдөгч болох Дашийн Дамба (1959), Дарамын Төмөр-Очир (1962), Лувсанцэрэнгийн Цэнд (1963) болон «намын эсэргүүн» Цогт-Очирын Лоохууз, Хоролсүрэнгийн Нямбуу болон Бандийн Сурмаажав (1964) нарыг зайлуусан юм.
- Социализмын жилүүдэд Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй зөвлөлт рүү /орос/ гарч байв. Монголын эдийн засаг сул дорой байлаа. Ард түмний амьдралын түвшингийн хувьд нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь африкийн ядуу орнуудын түвшинд байлаа.
- ЗХУ-ыг хэт шүтсэн, үг дуугүй дагалдагч байсны хувьд эдийн засгийн тэнцвэргүй харилцааг засаж залруулах хүчин чармайлт гаргаагүй улмаас коммунист дэглэм нуран унаж, ЗХУ задрахад Их Өр хэмээх 11 тэрбум ам.долларын өрийг улс орондоо үлдээсэн.
- Түүнчлэн Цэдэнбал нь Зөвлөлтийн заавраар ард түмний мал сүргийг хүчээр нийгэмчилж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх зэрэг бодлого баримталж байлаа.
Амьдралын сүүлийн жилүүд
[засварлах | кодоор засварлах]1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова Москвагаас Улаанбаатарт ирэн оролцож байжээ. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
2016 оны 9-р сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эхнэр — Анастасия Ивановна Филатова, (1920—2001), БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын дарга.
- Хүү — ? ( 1948 оны 03 дугаар сарын 11—13), төрөөд 3 хоногийн дараа нас барсан.
- Хүү — Владислав (1949—1999), ЭЗХТЗ-ийн Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Социалист систем бутарч, ЭЗХТЗ татан буугдсаны дараа ажилгүй болсон. Гэртээ ээжийн хамт түүнийг нас бартал амьдарсан. 1999 онд автомашины ослоор нас барсан.
- Хүү — Цэдэнбалын Зориг (1957 онд төрсөн) М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн биологийн факультетийг төгсгөсөн. Хиагтад төрсөн буриад Дарьмаатай гэр бүл болсон.
- Ач охин — Анастасия (1985 онд төрсөн) М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн дэргэдэх Ази, африкийн сургуулийг төгссөн.
- Дүү Юмжаагийн Аюуш
- Дүү Юмжаагийн Жавзан
Цол, шагнал
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын шагналууд
- БНМАУ-ын маршал (1979 он)
- БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1961 он)
- БНМАУ-ын баатар (1966 он)
- Сүхбаатарын одон (6 удаа)
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадны улс орнуудаас авсан шагналууд
- Лениний одон - Зөвлөлт Холбоот Улс, 3 удаа (1944, 1976.09.16, 1981.09.16)
- Октябрийн хувьсгалын одон - ЗХУ
- Кутузовын одон 1-р зэрэг - ЗХУ (1945.09.08)
- Георгий Димитровын одон - Бүгд Найрамдах Болгар Ард Улс (1945.09.08)
- Дахин төрөлт одон - Бүгд Найрамдах Польш Ард Улс
- Иx-Од одон - Югослав
- Цагаан Арслан одонгийн шагналтан (Их загалмай) - Бүгд Найрамдах Чех Улс
- Карл Марксын одон - Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс
- Ард түмний найрамдлын од - БНАГУ
- Хосе Мартин одон - Куба улс
- Фредрик Жолю Кьюрын Алтан медаль
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ sonin.mn: “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалаар овоглоно (Memento 22. Есдүгээр сар 2016 цахим архивт), нийтэлсэн: 2016-09-21, хандсан 2016-09-21
Өмнөх Хорлоогийн Чойбалсан |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1952-1974 |
Дараах Жамбын Батмөнх |
Өмнөх Сономын Лувсан |
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга 1974-1984 |
Дараах Нямын Жагварал |
- Pages using infobox officeholder with unknown parameters
- БНМАУ-ын төрийн тэргүүн
- Монгол Улсын Ерөнхий Сайд
- Монгол Ардын Намын дарга
- Сайд нарын зөвлөлийн дарга
- АИХ-ын тэргүүлэгчдийн дарга
- БНМАУ-ын сангийн сайд
- Монголын маршал
- БНМАУ-ын баатар
- Монгол улсын баатар
- Монгол улсын хөдөлмөрийн баатар
- Сүхбаатарын одон шагналтан
- БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одон шагналтан
- БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Ард Түмний Найрамдлын Од шагналтан
- Георгий Димитровын одон шагналтан
- Карл Марксын одон шагналтан
- Кутузовын одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (их загалмай)
- Хосе Марти одон шагналтан
- Цагаан Арслан одон шагналтан (их загалмай)
- Югославын Иx-Од одон шагналтан
- XX зууны манлай
- Эрхүүгийн их сургуулийн төгсөгч
- Дөрвөд ястан
- Давстын хүн
- Монголчууд
- 1916 онд төрсөн
- 1991 онд өнгөрсөн