Jump to content

Увс нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Увс нуур
Нуурын эрэг
Хиймэл дагуулаас авсан
Онцлог эрдэст
Нуурт цутгах Тэсийн гол (нийт 39 орчим гол)
Нуураас гарах байхгүй
Ай савд багтдаг орон  Монгол,
 Орос
Урт 84 км
Өргөн 79 км
Талбай 3350 км²
Дундаж гүн 6 м
Хөвөөний түвшин 759 м
Хөлдөх хугацаа 10 сар - 5 сар
Эргийн суурин Улаангом
Увс нуур, Монгол
Увс нуур
Увс нуур

Увс нуур (тув. Успа-Хөл/Uspa höl) нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Гүн нь 30м. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.

Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.

Увс нуур нь давс ихтэй (далайн усныхаас хоёр дахь бага, 18.8 ppt) бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас үүдэнэ. Тус нуур нь 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.[1]

Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүний дотор[2] алтайн сугас (Oreoleuciscus potanini)[3] загас орно.

Увс нуурын сав газар

[засварлах | кодоор засварлах]
Ай сав
Үндсэн өгүүлэл: Увс нуурын ай сав

Төв Азийн гадагш урсацгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын сав газар юм. Сав газрын хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.

Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлзэлтэй: өвөл −58°C хүрч байхад зун 47°C байх жишээтэй.

Увс нуур

Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэнээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон.[4]

2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав газар гэдэг нэрээр "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…" хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.[5]

  1. Jon Davies. "Mongolia" (PDF). International Water Management Institute. Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-05-28. Татаж авсан: 2008-02-10.
  2. Erdene-Ochir Badarch. "Uvs Nuur Basin; World Natural Heritage Site" (PDF). United Nations Institute for Training and Research. Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-05-28. Татаж авсан: 2008-02-10.
  3. The Integrated Taxonomic Information System (ITIS)&Species 2000. "Catalogue of Life: 2007 Annual Checklist". The Integrated Taxonomic Information System (ITIS)&Species 2000. Татаж авсан: 2008-06-27.[permanent dead link]
  4. "Увс нуур". 2011-10-12. Эх хувилбараас архивласан: 2011-11-18. Татаж авсан: 2012-05-116. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  5. Гомбо, Даваа (2015). "Монгол орны гадаргын усны горим, нөөц".

Топографийн зургууд

[засварлах | кодоор засварлах]