Jump to content

Увс нуурын ай сав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Увс нуурын сав-с чиглүүлэгдэв)
Увс нуурын сав*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Увс нуурын сав газар. хиймэл дагуулаас авсан зураг
Улс Монгол, ОХУ
Төрөл Байгалийн
Шалгуур ix, x
Дугаар 769
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2003  (27-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Увс нуур (Тува хэл: Успа-Холь, Англи хэл: Lake Uvs) нь далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол Улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг.

Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна.

Увс нуур нь Евразийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700'000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болох Үүрэг нуур нь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна.

Увс нуур нь Их нууруудын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км хэмжээтэй. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ургамалтай. Увс нууранд хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.

Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэс, аргаль, янгир тэргүүтэй 100 орчим зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог.

Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.