Дэвид Бекхэм

Дэвид Бекхэм
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дэвид Роберт Жозеф Бекхэм
Төрсөн огноо 1975 оны 5 сарын 2
Төрсөн газар Лондон хот, Лейтстоун, Англи улс
Биеийн өндөр 1.83 метр
Тоглодог байрлал Хагас хамгаалагч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Милан (Лос-Анжелес Галакси клубээс зээллэгээр)
Дугаар 32
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1993 - 2003
1995
2003 - 2007
2007 -
2009
Манчестер Юнайтед
Престон Норф Энд - (зээл)
Реал Мадрид
Лос-Анжелес Галакси
Милан - (зээл)
265(62)
5(2)
116(13)
41(7)
29(2)
Үндэсний шигшээ
1996 - Англи
115(17)

Дэвид Роберт Жозеф Бекхэм (Англи: David Robert Joseph Beckham, 1975 оны 5 сарын 2-нд Лондонд төрсөн) нь Английн хөл бөмбөгчин бөгөөд эдүгээ Серие А-гийн Милан клубт хагас хамгаалагчаар MLS (Америк, Канадын лиг)-ийн Лос-Анжелес Галакси клубээс зээллэгээр тоглож байгаа. Түүнчлэн тэрбээр Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг гишүүн юм. ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналд хоёр удаа аман хүзүүдсэн, 2004 оны дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин, Англичуудаас анхны УЕФА Аваргуудын Лигийн 100 тоглолтонд оролцсон эрхэм. Google-ээс спортын бүхий л сэдвийн хайлтаас 2003 ба 2004 онуудад түүний тухай хамгийн ихээр хайгдаж байж. Дэлхий нийт түүний нэрийг спортын амжилтаар нь төдийгүй дэлхийн шилдгийн шилдэг брэндүүдийн сурталчилгаагаар нь, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг гэдгээр нь мэдэх билээ. Бекхэм 2000 оны арваннэгдүгээр сарын 15-наас Английн шигшээн ахлагчаар ДАШТ-2006 тэмцээний хасагдах шатны тоглолт хүртэл байх хугацаандаа 58 тоглолтод оролцжээ. Английн шигшээн 2008 оны гуравдугаар сарын 26-нд Францын шигшээтэй хийсэн тоглолтонд Бекхэм 100 дахь гараагаа бүртгүүлж байлаа. Одоогоор шигшээ багийн 115 тоглолтонд оролцсон, үүгээрээ эдүүгээ тоглож байгаа Англичуудаас хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч юм. Бекхэм мэргэжлийн гарааны гэрээгээ Манчестер Юнайтед клубтэй 1992 онд 17 насандаа байгуулснаар эхлүүлжээ. Энэ туршид Юнайтед Премиер Лигт зургаа, Цомын аваргад хоёр удаа, УЕФА-гийн Аваргуудын лигт 1999 онд тус тус түрүүлсэн. Манчестер Юнайтедаас Реал Мадридтай 2003 онд гэрээ үзэглэсэнээр шинэ багтаа дөрвөн улиралыг үдэж, Ла лигт гэрээний сүүлийн улиралд түрүүлж байв. Бекхэм 2007 оны нэгдүгээр сард Реал Мадрид клубээс гарч Лос-Анжелес Галакси клубтэй таван жилийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ 2007 оны зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж MLS-ийн түүхэнд хамгийн өндөр цалин авах болсон юм. Галакси түүний гэрээ ёсоор 2007, 2008 ба 2009 он тус бүрт 6.5 сая долларын цалин олгож байв. 2007 оны зургаадугаар сарын 21-нд багийнхаа хамтаар Чэлситэй нөхөрсөг тоглолт хийж , наймдугаар сарын 15-нд Галаксид багийн анхны гараагаа 2007 оны [[Супер Лиг]-ийн хагас шигшээд эхлүүлж, анхны гоолоо ч хийв. Түүний анхны лигийн гарааг шимтэн сонирхохоор хөгжөөн дэмжигчид наймдугаар сарын 18-нд Нью-Жерси дэх Гиант цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, Гиантын хувьд рекорд болсон түүхтэй. Бекхэм Спайс Гёлз хамтлагийн гишүүн Викториа Адамстай гэрлэсэн. Тэд гурван хүүтэй ба одоо Калифорнийн Беверли Хиллзэд амьдардаг.


Хүүхэд ахуй үе[засварлах | кодоор засварлах]

Бекхэм Английн Лондон хотын зүүн нутаг Лейтстоун дахь Виффс Крос Университи Госпитал эмнэлэгт мэндэлжээ. Гал тогооны тавилга угсрагч Дэвид Эдвард Алан “Тед” Бекхэм(Лондоны Эдмонтонд 1948 оны зургаагаас-есдүгээр сард төрсөн) ба үсчин Сандра Жеоржина Вест(1949 онд төрсөн) нарын хүү юм. Тэрээр балчир ахуй насандаа Чингфорд хотхоны Риджевэй хүрээнлэнд ихэнх төлөв хөл бөмбөг тоглодог байсан ба Чэз Лэне бага сургууль болон Чингфорд сангийн сургуульд явдаг байв. Бекхэм: Сургууль дээр багш нарт ингэж хариулдаг байлаа. Багш: Чи юу хийдэг хүн болохыг хүсдэг вэ? Би хөлбөмбөгчин болохыг хүчдэг. Аан, тэгээд үүнийхээ төлөө чи юу хийхийг хүсч байна вэ? Бекхэмийн ээжийн нь аав еврей хүн байсантай холбогдуулан өөрийгөө хагас еврей гэж тодорхойлсон нь бий. Түүний Хоёр хөлний минь эргэн тойронд номонд дурдсанаар бол Эцэг эх болон хоёр эгч Жоанна, Лянна нарын хамт бага байхын л сүмд очдог байжээ. Эцэг Тед нь Манчестер Юнайтед клубийн үнэнч хөгжөөн дэмжигч учир Лондон, Манчестер хот хоёрын хооронд байн байн зорчиж Олд Траффорд цэнгэлдэхэд эзэн багийн тоглолтыг хөгжөөн дэмждэг байжээ. Хүү Дэвидэд нь эцгийн Манчестер Юнайтедийг чин сэтгэлээсээ шүтэн хайрладаг байдал нь өвлөгдсөн нь хөл бөмбөг тоглох хүслийг бадрааж өгсөн байна. Дэвид домогт хөл бөмбөгчин Бобби Чарлтоны нэрэмжит Манчестер хот дахь сургуульд явдаг байв. Стюарт Андервууд, Стийв Кирби нарын хүмүүсийн хамтаар аавынх нь дасгалжуулдаг Риджэвэй Роверс нэртэй нутгийн өсвөрийн хөл бөмбөгийн багт тэр тоглодог байлаа. Залуу Дэвид уугуул нутгийн Лейтон Ориент, Норвич Сити болон Тоттенхэм Хотспур зэрэг томоохон клубүүдийн дэргэдэх сургуульд явах болсоноор тоглолтын ур чадвараа илтэд сайжирч байлаа. Харин Тоттенхэм Хотспур клубийн хувьд түүний клубт тоглох анхны гараа юм. Энэ хугацаанд Лондон хотын Бирмсдаун нутгийн өсвөрийн Бирмсдаун Роверст багт хоёр жилийн хугацаанд давхар тоглож байх үедээ 1990 онд 15 наснаас доош насныхны оны шилдэг тоглогчоор шалгарч байсан бий. Бредэнтоны бэлтгэл коллежид суралцаж байх үедээ арван дөрвөн настай Дэвид Манчестер Юнайтедтай гэрээ байгуулах хүсэлтэй байсан ч түүнийг сургуулийн сурагч юм хэмээн татгалзаж, хожим 1991 оны зургадугаар сарын найманд сая нэг гэрээ байгуулж байсан ажээ.

Манчестер Юнайтед[засварлах | кодоор засварлах]

Тус клубийн өсвөр насны тоглогчдын нэг Бекхэм 1992 оны таван сард Английн Хөл бөмбөгийн холбооны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд Кристал Палас клубыг ялахад хоёрдугаар хагаст гоолдож багийнхандаа хэн бэ гэдгээ харуулсан юм. Юнайтедийн нэгдүгээр баг нэрийн өмнөөс анх Лигийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр Бригтон Хүв Албион клубтэй хийсэн тоглолтонд багийн сэлгээний тоглогчоор оролцсон ба мэргэжлийн анхны гарааны гэрээгээ удалгүй байгуулсан юм. Дараа жил нь буюу 1994 онд Дэвид өөрийн сүүлчийн өсвөрийн цомын төлөөх тэмцээнд оролцож Лийдс Юнайтед клубт ялагдал хүлээсэн хэдий ч клуб тухайн оны Премиер Лиг-т түрүүлсэн/Дэвидийн хувьд энэ улиралд дасгалжуулагч тоглуулаагүй болно/ юм. 1994 оны арванхоёрдугаар сарын долоонд ЕХБХолбооны Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн эхний тоглолтонд Юнайтед Туркийн Галатасарай клубыг талбай дээрээ 4-0 харьцаагаар хожиход Бекхэм гоолдож амжсан байлаа. Энэ тоглолт Аваргуудын лигийн хувьд анхны гараа нь. Хэдийгээр Галатасарайг олон гоолын зөрүүгээр хожсон ч өмнөх тоглолтонд Барселонад мөн тооны зөрүүгээр харамсалтайгаар ялагдсан ялагдлыг цайруулж чадаагүй түүхтэй /хэсгээсээ гарч чадаагүй/. 1994-1995 оны улиралаар Престон Норт Энд клуб рүү зээллэгээр очиж таван тоглолтонд оролцож хоёр гоол оруулахдаа нэгийг нь булангийн цохилтоос содон гоолдож амжив. Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Сир буюу Английн улсын эрхэм дээд цолтон Алекс Фергусон авъяаслаг залуу тоглогч Бекхэмийг 1990 оны Юнайтедийн хүчирхэг цэргүүдийн эгнээндээ /Фергигийн Флезлингүүд/ Никки Баат, Гэри Невилл, Пил Невилл нарын хамтаар элсүүлсэн байлаа. Юнайтед клубийнхээ дэргэдэх өсвөрийн багаас залуу тоглогчдыг элсүүлдэг байдлаасаа хазайн багтаа цус сэлбээгүйн уршгаар 1994-1995 оны улиралд тааруухан амжилт үзүүлж зуны наймааны цонхоор од тоглогчдын /Даррен Андертен, Марк Овермарс, Роберто Бажо нарын/ эрэлд гарсан хэдий ч мөн л бүтэл муутай байж Пол Инце, Марк Хюгез, Андрей Канчелскис нарын тоглогчдыг худалдан авсан ч хожигдлын буухиа тасарсангүй. Шүүмжлэлийн бай болсон улаан чөтгөрүүд дараа улиралын тоглолтоо Астон Вилла клубтэй хийж 3-1 харьцаагаар хожигдож, багийн цор ганц гоолыг Бекхэм оруулсан байдаг. Залуу тоглогчидтой улаан чөтгөрүүд тэр тоглолтоос хойш таван тоглолтонд дараалан хожил авч илт сэргэж эхэлсэн байна. Андрей Канчелскис багийн баруун талын хамгаалалтын бүсэд төдийлөн сайн тоглохгүй тул Бекхэм баруун бүсийн хамгаалалтад тоглох болсноор багийн тактик, өрнөл илтэд сэргэж улмаар тухайн улиралдаа Премиер Лиг, Английн ХБХолбооны цомын аваргад түрүүлсэн юм. Английн ХБХолбооны цомын аваргын хагас шигшээд Челситэй тоглосон тоглолтонд гоолдож, шигшээд довтлогч Эрик Кантонад гоолын дамжуулалт өгч байсан түүхтэй. Онцлог нь Манчестер Юнайтедэд форм сайтай байсан Бекхэмийг Английн шигшээ УЕФА-гийн Евро-1996 тэмцээнд оролцохдоо дуудсангүй. 10 дугаарын өмсгөлтэйгээр 1996-97 оны улирлын Примиер лигийн эхний тоглолт 1996 оны наймдугаар сарын 17-нд Лондон хотын Уимболдон клубтэй хийв. Юнайтедийн давамгайллаар сонирхолтой болж өнгөрсөн уг тоглолтонд олны танил болж эхэлж буй Бекхэм эсрэг багийн хаалгач Нэйл Сулливаны хаалга руу талбайн голоос хүчтэй цохин гоёмсог гоолыг хийв. Хожим уг гоол 2002 онд Английн Чанел 4 телевизээс бэлтгэн дамжуулсан Спортын агуу 100 агшин санал асуулгад 18-рт жагсагдсан байдаг байна. 1996-97 оны улирлын туршид Юнайтедийн гарааны бүрэлдэхүүнд байж хангалттай тоглолт үзүүлсэн Бекхэм Английн Хөлбөмбөгийн холбооны оны Шилдэг залуу тоглогч болсон юм. 1997 оны тавдугаар сарын 18-нд Юнайтедийн домогт тамирчин Эрик Кантона зодог тайлж бүхий л цаг үеийн туршид онцлог байсан 7 дугаарын өмсгөл эзэнгүй болж залгамжлах эзэн Тедди Шерингхэм үү, Бекхэм үү гэсэн асуудал үүсчээ. Харин Бекхэм 7 дугаарын, Шерингхэм 10 дугаарын өмсгөлтэй болцгоов. Примиер лигийн 1997-98 оны улиралыг Юнайтед хэвийн эхлүүлсэн ч улиралын хоёрдугаар хагаст замбараагүй тоглолт үзүүлсээр улиралын төгсгөлд Арсенал клубт тэргүүн байраа алдлаа. 1998-99 оны улиралыг Юнайтед Примиер лиг, Холбооны цомын аварга, Аваргуудын лиг зэрэг тивийн гурван тэмцээнд түрүүлж, трибэлдэж дуусгав. Примиер лигт ээлжит цомоо авахын тулд Юнайтед улиралын сүүлчийн тоглолтоо Тоттенхэймийн талбай дээр хийж 1 гоол алдчихаад байх мөчид тэргүүлэгчийн араас нэхэж байсан Арсенал хожил авсанаар хүснэгтийн нэгдүгээрт бичигдэж түрүүлэхэд ойрхон байв. Харин Бекхэм гоол оруулж тоглолт тэнцээгээр өндөрлөж Юнайтед Арсеналаас 1 онооны илүү 78 оноогоор түрүүлсэн түүхтэй. Юнайтедийн дасгалжуулагч Алекс Фергюсон болон тоглогч Бекхэм нарын хоорондын харилцаанд 2000 онд таарамжгүй байдал үүсэв. Тэр жил Бекхэмийн хүү Бруклиний ходоод, нарийн гэдэс үрэвссэнээс шалтгаалж Фергюсон бэлтгэлээс чөлөөлсөн байна. Харин энэ үед Фергюсон Лондонд загварын долоо хоногийн үйл ажиллагаанд зураг авалттай байсан Викториа Бекхэмтэй таарч хэд хэдэн сургамжийн үг чулуудсанаас болж дээрх байдал үүссэн учиртай. Гэхдээ дасгалжуулагчтай таарамжгүй байдал үүсгэсэн нь тэгсгээд өнгөрч 1999-2000 оны улиралд гар нийлсэн Юнайтедийнхан Примиер лигт итгэл төгс түрүүлэв. Примиер лигийн 2000-01 оны улиралд найман гоол оруулсан Бекхэм Манчестер Юнайтедийн түлхүүр тоглогчийн хувиар клубтэйгээ дөрвөн хаврыг үдэхдээ гурав дараалан лигийн түрүү авч буй нь энэ байлаа. 2002 оны дөрөвдүгээр сарын 10-нд Аваргуудын лигийн тэмцээнд Испанийн Депортиво Ла-Корунья клубтэй тоглосон тоглолтонд зүүн хөлний мэхэрхий ясаа гэмтээв. Санаатай үйлдэл болох нь бичлэгээр илэрсэн хэдий ч Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Депортиво Ла-Корунья клубын хагас хамгаалагч Альдо Дюшертэй ДАШТ-2002 тэмцээний-ий хэсгийн Аргентин, Английн шигшээ багийн тоглолтын үеэр уулзаж байв. 2001-02 оны улирлын туршид нийт 42 тоглолтонд оролцож 16 гоол оруулснаас лигийн 28 тоглолтонд оролцож 11 гоолдож амжилттай сайн тоглож хувийн амжилтаа ахиулсан хэдий ч түүний бэртлээс шалтгаалж тухайн улиралын Примиер лигийн түрүүгээ Юнайтед Арсенал клубт алдсан түүхтэй. Тухайн оны тавдугаар сард клубтэйгээ гурван жилийн гэрээг шинэчлэн байгуулсан ч дараа сардаа дахин хэлэлцээр хийсний үр дүнд Бекхэм цалингаа нэмүүлж амжив. Бекхэм бэртлээс болж 2002-03 оны улирлын туршид тоглосонгүй. Юнайтедэд түүний оронд хүүхэд төрхт алуурчин хочит Норвегийн Уль Гуннар Сульшер тоглож гавъяа байгуулав. 2003 оны хоёрдугаар сарын 15-нд Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргын тав дахь шатны тоглолтонд Юнайтед Арсеналд 0-2 харьцаагаар хожигдсон ба хувцас солих өрөөнд уурандаа шатсан дасгалжуулагч Фергюсон Бекхэмийг цохиж гэмтэл учруулж бөөн хэрэг манджээ. Хоёр дахь удаагаа дасгалжуулагчтайгаа таарамж муудсанаас клубтээ цааш үргэлжлүүлэн тоглох эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн юм. Англичуудын бахархал болсон түүнийг Английн эзэн хааны гэр бүлийнхэн 2003 оны зургадугаар сарын 13-нд Английн дээд одонгоор шагнагдав.

Реал Мадрид[засварлах | кодоор засварлах]

Бекхэмийг Манчестер Юнайтед Барселона клуб рүү худалдахаар болсон байсан ч 35 сая еврогоор дөрвөн жилийн гэрээтэйгээр Реал Мадрид клубт шилжив. 2003 оны долоодугаар сарын 1-нд уг клубт шилжиж Лауре Куннигхам, Стив Макманаман нарын тоглогчдын дараахь Испанийн эзэн хааны клубт алба хашихаар болсон Английн гурав дахь тоглогч байв. Реалд ирсэн Английн шигшээ болон Манчестер Юнайтедад бүрэлдэхүүнд байх үеийн долоо дугаарын өмсгөлийн эзэн Реалд ахлагч Раул байсан тул домогт Майкл Жорданы шүтэн бишрэгч Бекхэм 23 дугаарын өмсгөлтэй тоглох болов. Тэр жилдээ Реал Мадрид клубын шинэ дүр төрх болсон Бекхэм 16 тоглолтонд оролцож 5 гоол хийсэн ба Испанийн супер цомд түрүүлж, Эзэн хааны цомд аман хүзүүдэж, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч, лигтээ дөрөвдүгээр байраар шалгарсан амжилт үзүүлэв. 2004 он, Бекхэмийн хувьд асуудалд ихэд өртөмхий жил байв. Бэлтгэлдээ гарсан байх үед нь түүний гэрт урилгагүй зочин морилж хамгаалагчид баривчлагджээ. Аравдугаар сард сонгон шалгаруулах шатны Англи, Уэлсийн шигшээ багийн тоглолтонд эсрэг багийн хамгаалагч Бен Тетчэр дээр бүдүүлэг алдааг санаатайгаар хийж аль аль талаасаа сануулга, шүүмжлэл амсав. Түүний дараахан лигийн ээлжит тоглолтоо Валенси клубтэй хийсэн тоглолтонд шүүгчээс шар хуудсаар торгоход тохуурхангүй аястай алга ташиж нэмж шар хуудсаар торгуулж талбайг орхив. 2007 онд Реалд алба хааснаасаа хойшхи лигтээ хоёр дахь удаагаа түрүүлж, улмаар Бекхэмийг Хосе Антонио Рейесийг ирснээс хойш гараанд гаргахаа байсан, түүнтэй холбоотойгоор үүдэн гарсан асуудлуудаас шалтгаалж багаа орхихоор болсоноо зарлаж, 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Америкийн Лос-анжелес Галакситай таван жилийн гэрээ байгуулсан юм.

Лос-Анжелес Галакси[засварлах | кодоор засварлах]

Бекхэм Америкт ирээд ярилцлага өгөхдөө Би энэ багт супер од болохоор ирсэн юм биш ээ. Энэ багийн нэг хэсэг нь болохоор ирсэн. Би энд хөлбөмбөг тоглохоор ирсэн. Америкт хөлбөмбөг өргөн дэлгэр тархсан спорт гэж би хэлмээргүй байна. Тэр бэйсбол, сагсан бөмбөг, америк хөлбөмбөг шиг. Энэ бол арай тусдаа зүйл хэмээн дурджээ.

Бекхэм Лос-Анжелес Галакси клубийн ахлагч байв

Милан клубт зээллэгээр[засварлах | кодоор засварлах]

2008 он, Бекхэмд ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудад оролцохын тулд Европын аль нэгэн клубт тоглох ёстойг Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло хэлсэний дагуу 2008 оны аравдугаар сарын 30-нд Италийн Милан клубт 2009 оны нэгдүгээр сарын 7-ноос эхлэн зээллэгээр тоглох болсоноо мэдэгдсэн юм.

Бекхэм Миланд клубийн бүрэлдэхүүнд

Миланд Бекхэм 32 дугаарын өмсгөлтэйгээр тоглох болов. Италийн лигийн анхны тоглолтоо нэгдүгээр сарын 11-нд Рома клубтэй хийж, талбай дээр 89 минут тоглож баг нь 2-2 харьцаагаар тэнцэв. Харин үүнээс хоёр долоо хоногийн дараа Бологна клубийг Милан 4-1 харьцаагаар хожиход тэр анхны гоолоо хийжээ.

Олон улсын гараа[засварлах | кодоор засварлах]

Бекхэм Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 1996 онд ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны Молдавын шигшээ багтай хийсэн тоглолтонд анх гарч байв. Урьдчилсан шатны бүхий л тоглолтонд Бекхэм гарааны бүрэлдэхүүнд тоглож байсан ч дасгалжуулагч Гленн Ходдл 1998 оны ДАШТ-ий хэсгийн эхний хоёр тоглолтонд гаргаагүй ба хэсгийн гурав дахь Колумбийнйн шигшээ багтай тоглосон тоглолтонд тоглуулсан нь түүний ДАШТ-ий анхны тоглолт байв. Энэ тоглолтонд Англичууд 2-0 харьцаагаар хожиход эхний гоолыг Бекхэм чөлөөт цохилтоос хийсэн юм. Шөвгийн 16-гийн Аргентиний шигшээ багтай хийсэн тоглолтонд хагас хамгаалагч Диего Симониений бөмбөгтэй хөлөнд сууж дүрмийн бус алдаа гаргаж Бекхэм талбайгаас 47 дахь минутанд улаан хуудас авч хөөгдөв. Тус тоглолтонд довтлогч Габриэль Батистута/Аргентин/, довтлогч Алан Ширер/Англи/, хагас хамгаалагч Хавиер Занетти/Аргентин/, Майкл Овен/Англи/ нар тус тус гоолдож үндсэн цагт 2-2 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтийн 4-3 харьцаагаар Англи ялагдсан юм. 2000 оны арваннэгдүгээр сарын 15-н, 1999-2000 оны хооронд Английн шигшээ багийг дасгалжуулж байсан Кевин Кийгэн аравдугаар сард халаагаа өгсний дараах үе. Богино хугацаанд дасгалжуулагчийн буухиаг үргэлжлүүлэх болсон Петер Тайлор гэх эрхэм Бекхэмийг шигшээ багийн ахлагчаар томилогдоход дараа онд нь дасгалжуулагчаар ирсэн Свен-Горан Эрикссонд ихэд нөлөөлсөн юм. Ахлагч Бекхэм 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны Мюнхен хотноо Германтай хийсэн тоглолтонд багаа 5-1 харьцаагаар ялахад сайн удирдаж чаджээ. Түүний дараахан ч Грекийн шигшээ багтай хийсэн тоглолтонд 2-2 харьцаагаар тэнцсэн хэдий ч багийнхаа баатар нь болсон юм. Англичуудад энэ тоглолтоос хожил юмуу тэнцээ авахад хэсгээсээ гарч шигшээ 32 багийн нэг болох боломжтой байсан тул Бекхэм хоёрдугаар үеийн нэмэлт цагийн 93 дахь минутанд хожигдож яваад тэнцээний гоолыг хийсэн. Хэрэв хожигдсон бол нэг онооны илүү буюу 17 оноогоор Герман хэсгээс гарч флейоффт Андрей Шевчонкогоор удирдуулсан Украины шигшээтэй хатуухан тоглолт хийх байлаа. Энэ бүхэн багийн ахлагчийн гавъяа. Улирлын туршид тоглолтын идэвх сайтай байсан Бекхэм Английн БиБиСи телевизийн Оны шилдэг Спортын алдартан санал асуулгын 2001 оны ялагчаар усан спортын тамирчин Эллен МакАртур, Английн шигшээ болон тухайн үеийн Ливерпүүлийн довтлогч Майкл Овен нарыг ардаа орхин тодорсон юм. Мөн тэр жилдээ Бекхэм Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшиж Луиш Фигуд 12 онооны дутуугаар 238 оноогоор аман хүзүүдсэн юм. Бекхэмийн ард 96 оноогоор Раул байв. 2002 оны ДАШТ-д Швед, Аргентин, Нигерийн шигшээ багуудтай үхлийн хэсэгт багтсан Англичууд эхний тоглолонд Швейдтэй тэнцэж, хоёр дахь тоглолтонд Аргентинийг 1-0 харьцаагаар хожиход багийн ахлагч Бекхэм 44 дэх минутанд торгуулийн цохилтоос гоолдож ус агаар мэт хэрэгтэй гурван оноогоо авч хэсгээсээ гарах боломжтой болсон түүхтэй.

Английн шигшээ багийн ахлагч Дэвид Бекхэм

Харамсалтай нь Англичууд дөрөвний нэг шигшээд Бразилд 2-1 харьцаагаар ялагдаж ДАШТ-ээс нутаг буцсан билээ. Бекхэм УЕФА-гийн Евро-2004 тэмцээний хэсгийн болоод хасагдах шатны бүхий л тоглолтонд оролцов. Английн шигшээн Францын шигшээ багтай хийсэн хэсгийн эхний тоглолтондоо Фрэнк Лампардын гоолын ачаар хожиж явсан хэдий ч үндсэн цагийн нэмэлт цагт Зенидин Зиданы хийсэн хоёр гоолыг хаалгандаа алдаж ялагдал хүлээжээ. Уг тоглолтонд Бекхэм торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч алдаж цохисон нь бий. Хасагдах шатны Португалын шигшээ багтай хийсэн тоглолтонд тэнцэж финалтаар Португал ялагчаар тодорч байсан. Мөн л энэ удаа финалтын багийн эхний цохилтыг Бекхэм алджээ. Сүүлийн цохилтыг багийн анд Дариус Вассел нь алдаж байжээ. Бекхэм 2005 оны нэгдүгээр сараас эхлэн НҮБ-ын Сайн санааны элч төлөөлөгчөөр сонгогдсон ба 2012 оны Зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхэд өрсөлдөж ялалт байгуулахад Лондон хотын нүүр царай болж үнэтэй хувь оруулсан эрхэм юм. 2006 оны ДАШТ-д Англи хэсгийн эхний хожлоо Парагвайн шигшээ багтай хийсэн тоглолтонд Бекхэмийн гүйцэтгэсэн чөлөөт цохилт эсрэг багийн ахлагч Карлос Гамаррагийн толгойгоос хачир авч гоол орж 1-0 харьцаагаар авав. Хэсгийн дараагийн тоглолтонд Тринадад Тобаго улсын шигшээ багтай тоглосон тоглолтонд Бекхэм гоолын дамжуулалтаар Петер Крауч, Стивен Жерард нарыг хангаж тоглолтын баатраар тодорч, Шөвгийн 16-гийн тоглолтонд Эквадорын шигшээтэй хийсэн тоглолтонд 59 дэх минутанд чөлөөт цохилтоос тоглолтын цорын ганц гоолыг оруулж Шөвгийн 8-д тунаж үлдэв. Энэ бүх тоглолтонд Английн шигшээ баг гоолоор цангаж хожлын гоол болгон ахлагч Бекхэмтэй нь салшгүй холбоотой байв. Харин Португалийн шигшээтэй харамсалтайгаар ялагдал хүлээсэн тоглосон тоглолтонд тэрээр бага зэргийн гэмтлийн улмаас сэлгээний сандалд нүдэндээ нулимстайгаар сууж байлаа.

Бразилийн шигшээтэй тоглосон тоглолтонд Бекхэмийн чөлөөт цохилтыг Жон Терри мөргөж гоолдож буй нь

Дэлхийн аваргаас нутагтаа ирсэн даруйдаа баг нь Португалд ялагдал хүлээхэд ахлагчийн зүгээс өөрийгөө буруутай гэж үзэн Бекхэм: Миний хувьд улсаа төлөөлж 95 тоглолтонд оролцсоны 58-д ахлагчийн хувиар оролцлоо. Шинэ дасгалжуулагч Стив Макларены удирлаган дор шинэ төлөөлөл багаа ахлах нь зүйтэй хэмээн мэдэгдэл хийгээд Челси клубийн ахлагч Жон Террид шигшээ багийн ахлагчид залгамжлуулсан юм. 2007 оны арваннэгдүгээр сарын 21-нд Бекхэм шигшээ багт 99 дэх тоглолтоо Хорватын шигшээ багтай хийсэн Евро-2008 тэмцээнд шалгарах үгүйгээ шийдэх эсэхийг шийдэх тоглолтонд Петер Краучийн оруулсан 2-2 харьцааны гоолыг бүрдүүлж өгсөн хэдий ч эцэст нь 2-3 харьцаагаар ялагдсан түүхтэй. 2008 оны зургадугаар 1-нд Тринадад Тобагогийн шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд дасгалжуулагч Пабио Капелло багийнхаа гарааны бүрэлдэхүүнд Бекхэмийг ахлагчийн туузтай тоглуулж гэнэтийн бэлэг барьсан нь учиртай. Домогт Бобби Чарлтоны адил алтан гараагаа хийсэн мөч, 100 дахь тоглолтоо шигшээ багтаа үзүүлсэн нь тэр билээ. 2010 оны ДАШТ-д тавдугаар сарын 14-нд авсан бэртлийн улмаас тоглогчын хувиар оролцохгүй ч багийнхаа дасгалжуулагч тоглогч нарын хоорондын менежментийн үүргийг биелүүлж байгаа юм.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсан гоол[засварлах | кодоор засварлах]

Д/Д Хэзээ Тэмцээн болсон газар Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1 1998-6-26 Стэйд Фэликс Болларет, Ланс Колумби 2-0 2-0 ДАШТ-1998
2 2001-3-24 Анпиелд, Ливерпүүл Финланд 2-1 2-1 ДАШТ-2002 сонгон шалгаруулалт
3 2001-5-25 Прайд Парк, Дерби Мексик 3-0 4-0 Нөхөрсөг тоглолт
4 2001-6-6 Олимпын цэнгэлдэх, Афин Грек 2-0 2-0 ДАШТ-2002 сонгон шалгаруулалт
5 2001-10-6 Олд Траффорд, Манчестер Грек 2-2 2-2 ДАШТ-2002 сонгон шалгаруулалт
6 2001-11-10 Олд Траффорд, Манчестер Швед 1-0 1-1 Нөхөрсөг тоглолт
7 2002-6-7 Пөмпөгөр Саппоро, Саппоро Аргентин 1-0 1-0 ДАШТ-2002
8 2002-10-12 Тегельни Поле, Братислав Словак 1-1 2-1 Евро-2004 сонгон шалгаруулалт
9 2002-10-16 Гэгээн Мэригийн цэнгэлдэх, Саутгемптон Македон 1-1 2-2 Евро-2004 сонгон шалгаруулалт
10 2003-3-29 Райнпарк Штадион, Вадуз Лихтенштайн 2-0 2-0 Евро-2004 сонгон шалгаруулалт
11 2003-4-2 Стадиум оф Лайт, Сандерлэнд Турк 2-0 2-0 Евро-2004 сонгон шалгаруулалт
12 2003-8-20 Портман Роүд, Ипсвич Хорват 1-0 3-1 Нөхөрсөг тоглолт
13 2003-9-6 Градски, Скопье Македон 2-1 2-1 Евро-2004 сонгон шалгаруулалт
14 2004-8-18 Гэгээн Жеймсийн парк, Ньюкастле Украин 1-0 3-0 Нөхөрсөг тоглолт
15 2004-9-9 Олд Траффорд, Манчестер Уэлс 2-0 2-0 ДАШТ-2006 сонгон шалгаруулалт
16 2005-3-30 Гэгээн Жеймсийн парк, Ньюкастле Азербайжан 2-0 2-0 ДАШТ-2006 сонгон шалгаруулалт
17 2006-6-30 Мерседес-Бенц-Арена, Штутгарт Эквадор 1-0 1-0 ДАШТ-2006

Дасгалжуулагчийн баг[засварлах | кодоор засварлах]

Зүүн хөлний шөрмөс тасарснаас болж тэрээр ДАШТ-2010 тэмцээнд тоглогчийн хувиар оролцох бололцоогүй болсон билээ. 2010 оны тавдугаар сарын 14-нд Английн шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүний гишүүн тэр дундаа тоглогчдын зохион байгуулалтын асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Зургадугаар сарын 2-нд Фабио Капелло, Лос-Анжелес Галакси клубийн төлөөлөл болон Английн шигшээ багийн ахлагч байсныхаа хувьд Өмнөд Африкт буужээ.

Шийтгэл[засварлах | кодоор засварлах]

Түүнийг Реал Мадрид клубийн бүрэлдэхүүнд байх хугацаандаа бэлтгэлийн дэг журмыг ягштал биелүүлж тоглолтуудад бүхий л хүчээ дайчлан тоглодог мэргэжлийн өндөр ур чадвартай тоглогч байсан гэдгийг клубийн ерөнхийлөгч Рамон Калдерон, дасгалжуулагч Фабио Капелло нар магтсан байдаг. Бекхэмийн улаан хуудсаар хоёр удаа торгуулсан нь Английн шигшээ багийн тоглогчдоос анхны тохиолдол. Нэг улаан хуудсыг ДАШТ-1998 Аргентинтай хийсэн тоглолтын үеэр Диего Симеоне дээр гаргасан бүдүүлэг алдааны улмаас авч байсан удаатай. Реал Мадрид клубт байхдаа тэр 41 шар хуудас, дөрвөн улаан хуудсаар торгуулж байв.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Клуб[засварлах | кодоор засварлах]

Манчестер Юнайтед[засварлах | кодоор засварлах]

    • Примиер лиг: 1995-96, 1996-97, 1998-99, 1999-2000, 2000-01, 2002-03
    • Английн ХБХ-ны Цомын төлөөх тэмцээн: 1996, 1999
    • УЕФА Аваргуудын Лиг: 1998-99
    • Олон улсын цомын тэмцээн: 1999
    • Коммунит Шиелд: 1993, 1994, 1996, 1997
    • Английн ХБХ-ны өсвөрийн цомын төлөөх тэмцээн: 1992

Реал Мадрид[засварлах | кодоор засварлах]

    • Ла лиг: 2006-07
    • Испанийн Супер цомын тэмцээн: 2003

Лос-Анжелес Галакси[засварлах | кодоор засварлах]

    • Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн: 2009

Хувийн[засварлах | кодоор засварлах]

    • Примиер лигийн өсвөрийн оны шилдэг тоглогч: 1996-97
    • Сир Мэтт Басбигийн нэрэмжит оны шилдэг тоглогч: 1996/97
    • УЕФА-гийн оны шилдэг клубын тоглогч: 1999
    • ФИФА Оны шилдэг хөлбөмбөгчин: 1999 оны аман хүзүү
    • Примиер лигийн 10 улиралын шагнал: (1992/93-2001/2)
      • Багийн түлхүүр тоглогч
      • Шийдвэрлэх гоол (1996 оны наймдугаар сарын 17)
    • БиБиСи телевизийн Оны шилдэг Спортын алдартан: 2001
    • ФИФА Оны шилдэг хөлбөмбөгч: 2001 оны аман хүзүү
    • ФИФА-гийн 100 аугаа тоглогч
    • Английн хөлбөмбөгийн алдартны танхим: 2008

Одон медаль болон тусгай шагнал[засварлах | кодоор засварлах]

    • Английн хатан хаан II Элизабетаас гардуулдаг Английн эзэнт гүрний одон: 2003
    • Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүүхдийн сангийн(ЮНИСЕФ) Сайн санааны элч (2005 - )
    • "Британийн Аугаа Элчин" - Аугаа 100 Британчууд
    • "Британийн Аугаа Элчин" - Аугаа 100 Британчууд
    • 100 алдартаны нэг, жагсаалтын 15 дахь - Форбес сэтгүүл, 2007
    • Тайм сэтгүүлийн Тайм 100: 2008

Үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Клуб Улирал Лиг Цом Лигийн цом Тив Бусад[1] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Манчестер Юнайтед 1992–93 оны Английн Примиер лиг 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
1993–94 оны Английн Примиер лиг 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Престон Норп Энд (зээллэгээр) 1994-95 оны Английн лиг 5 2 0 0 0 0 0 0 5 2
Манчестер Юнайтед 1993–94 оны Английн Примиер лиг 4 0 2 0 3 0 1 1 0 0 10 1
1994-95 оны Английн Примиер лиг 33 7 3 1 2 0 2 0 0 0 40 8
1996–1995 оны Английн Примиер лиг 36 8 2 1 0 0 10 2 1 1 49 12
1997-98 оны Английн Примиер лиг 37 9 4 2 0 0 8 0 1 0 50 11
1998–99 оны Английн Примиер лиг 34 6 7 1 1 0 12 2 1 0 55 9
1999–2000 оны Английн Примиер лиг 31 6 0 0 12 2 5 0 48 8
2000–01 оны Английн Примиер лиг 31 9 2 0 0 0 12 0 1 0 46 9
2001–02 оны Английн Примиер лиг 28 11 1 0 0 0 13 5 1 0 43 16
2002–03 оны Английн Примиер лиг 31 6 3 1 5 1 13 3 0 0 52 11
Бүгд 265 62 24 6 12 1 83 15 10 1 399 87
Реал Мадрид 2003-04 оны Испанийн Ла лиг 32 3 4 2 7 1 0 0 43 6
2004-05 оны Испанийн Ла лиг 30 4 0 0 8 0 0 0 38 4
2005-06 оны Испанийн Ла лиг 31 3 3 1 7 1 0 0 41 5
2006-07 оны Испанийн Ла лиг 23 3 2 1 6 0 0 0 31 4
Бүгд 116 13 9 4 28 2 0 0 153 19
Лос-Анжелес Галакси 2007 оны MLS-ийн улирал 5 0 0 0 2 1 7 1
2008 оны MLS-ийн улирал 25 5 0 0 0 0 25 5
Милан (зээллэгээр) 2008-9 оны Сериа А 18 2 0 0 0 0 2 0 20 2
Лос-Анжелес Галакси 2009 оны MLS-ийн улирал 11 2 0 0 4 0 15 2
Бүгд 41 7 0 0 6 1 47 8
Милан (зээллэгээр) 2009-10 оны Сериа А 11 0 0 0 2 0 0 0 13 0
Бүгд 29 2 0 0 2 0 2 0 33 2
Нийт 456 86 33 10 12 1 113 17 15 2 632 116

Дэвид Бекхэм Академи[засварлах | кодоор засварлах]

2005 онд Бекхэм хөлбөмбөгийн сургууль байгуулснаа ийн нэрийджээ. Лондон, Лос-Анжелес хотуудад салбартай. Цаашид Бразилийн Натал хот болон Азид үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй ажээ.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Дэвид эхнэр Викториагийн хамт, 2007 он

1997 он, Викториа Адамстай үерхэх болов. Викториаг дэлхийн шилдэг поп хамтлагуудын нэг, Английн охидын поп хамтлаг Спайс Гёлзын Амтлаг халуун ногоо хочит гишүүн гэдгээр нь хэн бүхэн мэдэх билээ. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэргүүн мэдээлэл нь тэр хоёрын харилцааны тухай байдаг байв. Мэдээлэл бүхэн Пош ба Бекс гарчигтай. Бекхэм түүнд 1998 оны нэгдүгээр сарын 24-нд гэрлэх санал тавьсан ба 1999 оны долоодугаар сарын 4-нд Адамстай Ирландын Люттреллстаун цайзад хуримласан. Уг хуримын ёслолд маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхаарлаа хандуулж дэлхий даяар шинэ хосын гойд онцгой хуримын ёслолыг мэдрүүлсэн юм. 1999 оноос Бекхэмийн гэр бүлийнхэн Английн зүүн хэсгийн Хартфордшир хотод байрлах алдарт Ровнейбюри харшийг 7.5 сая паундаар худалдан авч Бекингэмийн ордон хэмээн нэрлэж амьдрах болсон юм. Дэвид, Викториа нар гурван хүүтэй: Бруклин Жозеф Бекхэм(1999 оны гуравдугаар сарын 4-нд Английн Лондон хотноо төрсөн), Ромео Жеймс Бекхэм(2002 оны есдүгээр сарын 1-нд Английн Лондон хотноо төрсөн), Круз Дэвид Бекхэм(2005 оны хоёрдугаар сарын 20-нд Испанийн Мадрид хотноо төрсөн[Круз гэдэг нь Испанаар загалмай]). Бруклин, Ромео нарын загалмайлсан эцэг нь алдарт дуучин Элтон Жон, загалмайлсан эх нь жүжигчин, загвар өмсөгч Элизабет Харлей юм. 2007 онд тэдний гэр бүлийнхэн Калифорни мужийн Беверли Хиллз хотод байрлах Итали хэв загварын шинэхэн харш худалдан авчээ. Алдарт жүжигчин Том Круз болон Кэти Холмес нарын гэрийн ойролцоох тус харшийг 22 сая доллараар худалдан авчээ.


Ном[засварлах | кодоор засварлах]

  • Beckham, David (2002). David Beckham: My Side. HarperCollinsWillow. (ISBN 0-00-715732-0).
  • Beckham, David (2001). Beckham: My World. Hodder & Stoughton Ltd. (ISBN 0-340-79270-1). {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Beckham, David (2003). Beckham: Both Feet on the Ground. HarperCollins. (ISBN 0-06-057093-8). {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Crick, Michael (2003). The Boss – The Many Sides of Alex Ferguson. Pocket Books. (ISBN 0-7434-2991-5).
  • Ferguson, Alex (1999). Managing My Life – My Autobiography. Hodder & Stoughton. (ISBN 0-340-72855-8). {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Wahl, Grant (2009). The Beckham Experiment: How the World's Most Famous Athlete Tried to Conquer America. Crown. (ISBN 978-0-307-40859-4).

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Английн ХБХ-ны Коммунит Шиелд, ЕХБ-ны Супер цом, Олон улсын цом (хөлбөмбөг), ДАШТ ба Хойд Америкийн Супер лиг