Jump to content

Тулуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тулуй
ᠲᠣᠯᠦᠢ
Их Монгол Улсын Их ноён
Хаанчлал1227 оны 8 сарын 25 – 1229 оны 9 сарын 23
Бүтэн нэрТулуй ᠲᠣᠯᠦᠢ
Бусад хэргэмИх ноён ᠶᠡᠬᠡ ᠨᠣᠶᠠᠨ
Төрсөн огноо1192
Өнгөрсөн огноо1232
ӨмнөхЧингис хаан
УдаахӨгэдэй хаан
ЭцэгЧингис хаан
ЭхБөртэ үжин
УлсИх Монгол Улс
Ургийн овогБоржигин

Тулуй (нэрийн зөв хэлбэр нь Толуй) (ойролцоогоор 1190 – 1232 оны намар) нь Чингис хааны их хатан Бөртэ үжингээс төрсөн отгон хүү болно. 1227 онд Чингис хааныг нас барсны дараагаас 1229 онд өөрийн ах Өгэдэй хаан хаан ширээнд суух хүртэл хугацаанд Тулуй Их Монгол Улсыг 2 жил захирч байжээ. Отгон хүү гал голомтоо сахих монгол ёс заншлын дагуу Тулуй Монголын эзэнт гүрний Монгол эх нутгийн хэсгийг захирч байжээ. Алтан улс болон Хорезмд хийсэн аян дайнд Тулуй амжилттай оролцож өөрийн цэрэг дайны хэрэгт авьяас чадварыг харуулсан.

Байлдан дагуулалтад оролцсон нь[засварлах | кодоор засварлах]

Эцэг Тэмүжин тэмцэл, байлдан дагуулалтаа эхлэж байх үед Тулуй балчир байсан учраас хувь нэмэр оруулж чадаагүй. Анхны байлдаанд 1213 онд хүргэн ах Чигүтэй хамт Дэшин фу (德兴府) (одоогийн БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хот) хотыг довтлон эзлэсэн.

Анхны томоохон байлдан дагуулалтыг удирдсан нь 1221 онд персийн Хорезм буюу Хорасан (одоогийн Иран, Афганистан) улсыг эзлэх байжээ. Хорезмын болон зэргэлдээ бусад хотууд татвар гувчуур төлөхгүй гэж эсэргүүцэл үзүүлж байсныг дарах даалгаврыг эцэг Чингис хаан нь өөрөө өгч явуулсан. Үүнээс нэг жилийн өмнө 1220 оны 11-р сард Нишапур хотод бослого гарч, түүнийг дарахаар очсон Тогучарын (Тоорил хан хүү) амийг хотынхон хороосон тул Тулуй өшөө авч бослогыг дарсны дараа хотод үлдсэн энгийн иргэдийг бүгдийг нь хээр талд хөөн гаргаж Нишапурыг үнсэн нуранги болтол нь шатаасан. Мерв (одоогийн Туркменистанд) хотыг мөн адил бүхэлд нь шатаасан. 1227 онд эцэгтэйгээ хамт Ся улсыг дахин дарахад оролцсон. 1231–32 онуудад ах Өгэдэйтэй хамт зүрчидийн Алтан улсын өмнөд нутаг одоогийн Хэнань, Шаньси муж орчмын нутаг дахь Тунгуан боомтыг эзлэхийн төлөө олон удаа оролдсон ч монгол цэргүүд удаа дараа бут цохиулсан. Ингээд Тунгуан боомтын бүслэлтийг хаяж, Алтан улсын өмнөд нийслэл рүү довтлохоор хөдлөх үед тус боомтыг сахьсан Вангин Хада жанжин цэргээ удирдан Өмнөд нийслэлээ хамгаалахаар хотоос гарч Тулуйн захирсан цэргийн хойноос нэхсэн. 1232 оны 2 сарын 9 нд Санфэн уулын тулалдаанд Алтан улсын жанжин Вангин Хадагийн захирсан шилмэл 150,000 цэргийг ялсан. Улмаар Алтан улсын өмнөд нийслэл Кайфэн хотыг (одоогийн БНХАУ-ын Хэнань мужийн Кайфэн хот) эзлэх аянд оролцоод нутаг буцах үедээ нас барсан.

Чингис хааны хаан ширээг залгамжлагчийг сонгосон нь[засварлах | кодоор засварлах]

Тангудыг дахин дайлаар мордох үед Есүй хатан удам залгамжлагчийн асуудлыг гаргаж тавьсан байна. Зүчи хэдий авьяаслаг удирдагч, цэргийн жанжин байсан хэдий ч Бөртэ үжинг Мэргидээс буцаан авах үед эхийн хэвлийд байсан тул Чингисийн төрсөн хүү эсэх талаар маргаан байсны улмаас эвдрэл хагарал гарах магадлалтай хэмээн түүнийг залгамжлагчаар тодруулах боломжгүй байсан байна. Ялангуяа түүний удаах дүү Цагадай эрс эсэргүүцэж байсан. Цагадай хатуу ширүүн ааштай хүн байсан тул олон үндэстнийг хамарсан том гүрнийг удирдахад зохимжтой бус байжээ. Тулуй цэргийн жанжны хувьд маш авьяаслаг, цэргийн хүч ихтэй, олон ноёдын дэмжлэг хүртсэн хүн байсан тул хаан ширээнд сууж болох байв. Харин 3 дахь хүү Өгөдэй ааш зан зөөлөн, олон талуудын эв зүйг олохдоо сайн, улс төрийн уян хатан бодлого явуулах чадвартай хүн байсан тул Чингис хаан өөрийн залгамжлагчаар Өгөдэйг заан сонгожээ. Монголын олонх ноёд Тулуйг дэмжиж хаан болгохыг хүссэн боловч Тулуй эцгийн гэрээслэлийг даган ах Өгөдэйг хаан ширээнд суулгажээ.

Үхэл[засварлах | кодоор засварлах]

«Монголын нууц товчоо»-ны 272 дугаар зүйлд бичсэнээр "1232 онд Алтан улсад хийж байсан аян дайны үеэр Өгөдэй хааны бие өвдсөнд дайн дажин сүйтгүүлсэн Хятадын Алтан улсын газар усны эзэд хилэгнэсэн байна гэж бөө нар мэргэлэн ойр төрлийн буюу алтан ургийн хүнийг золиослох хэрэгтэй гэсэнд Тулуй өөрийн саналаар адисласан усыг уун өөрийн амийг золиослон ахынхаа амийг аварсан гэж бичсэн байдаг. Тулуй үхэхийн өмнө

Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, ирэг хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё!
Тул загасны нурууг тунтарч явлаа, би.
Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би.
Илэ-ийг (Алтан улсын Вангин Илэ жанжин) ялж,
Хада-ыг (Алтан улсын Вангин Хада жанжин) дарж байв.
Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун! гэж хэлсэн байна."[1]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Тулуйн хатан Сорхагтани Бэхи нь хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин байсан бөгөөд Тулуйд Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөх гэсэн дөрвөн хүүг төрүүлж өгчээ. Чингисийн хөвгүүдийн дундаас Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Мөнх хаан Их Монгол улсын дөрөв дахь хаан байсан бол Хубилай бүх Хятадыг байлдан дагуулж Юань гүрнийг байгуулжээ. Хүлэгү нь баруун өмнөд Азид байлдан дагуулалт хийж Ил Ханы улсыг байгуулсан байна. Тулуйн удмын хаад олон зууны турш (1251-1691) Монгол улсын төрийн эрхийг барьж, захирчээ. Тулуйн бага хатан, татвар эмсийн нэр Судрын чуулганд бичигдэж үлджээ.

  • Линхум хатан: Найманы Хүчүлүг ханы охин. Хутугтийг төрүүлсэн.
  • Сарух хатан: Найман аймгийн эмэгтэй. Журика, Мүгэг төрүүлсэн. Хубилай хааны хөхүүл эх.
  • Докуз хатан: Хэрэйдийн Тоорил ханы хүү Уйкугийн охин. Тулуй хааныг өөд болсны дараа Хүлэгүгийн бага эхнэр болсон.
  • Огул Түтмыш хатан: Ойрад аймгийн хүн. Тулуй хааныг өөд болсны дараа Мөнхийн бага эхнэр болсон.

Хөвүүд[засварлах | кодоор засварлах]

Юань улсын түүхийн гол эх сурвалж болох «Юань улсын судар»-т дурьдсан нэрсийг тоолоход Тулуй 11 хүүтэй байхаар байгаа бол тухайн үеийн Судрын чуулган тэргүүтэй персийн эх сурвалжуудаас харахад 10 хүүтэй байна.

  1. Мөнх, Монголын эзэнт гүрний их хаан, Тулуйн Сорхагтани хатнаас гарсан
  2. Журика, нь Сарух хатнаас гарсан бөгөөд бага насандаа нөгчсөн, хүүхэдгүй[2]
  3. Хутугт, эх нь Лингүм хатан. Түүний Бехламиш нэрт охиныг Хонгирадын Салжиудай хүргэнд өгсөн. Салжиудай хүргэнээс болж Тохта хан, Ногай хан хоёр байлдсан.
  4. Хубилай, Юан гүрнийг үүсгэн байгуулагч, эх нь Сорхагтани
  5. Хүлэгү (Хулагу), Монголын Ил Хаант Улсыг байгуулсан, эх нь Сорхагтани
  6. Аригбөх, Их Монгол улсын 5 дахь их хаан, Чингис хааны билиг сургаалийг баримтлагч, ээж нь Сорхагтани
  7. Бүчүг, 1236–1241 онуудад Европыг эзлэн дагуулахад оролцсон, "...тэрбээр зуун хөвүүдтэй байсан..."[3]
  8. Мөгэ, Чунгтум, Өвгөн, Булат гэсэн гурван хөвүүдтэй байсан.[3]
  9. Сүйхэтү , (Сүюгтай), Тогтохтөмөр гэдэг нэг хүүтэй. Тэр нь Номуганыг 1276 оны хан хөвүүдийн бослогод оролцсон.
  10. Сүбэдэй нь хүүхэдгүй.

Охид[засварлах | кодоор засварлах]

  1. Есүбуха, Хонгирадын Ожин хүргэнд өгсөн.
  2. Думуган, Хонгирадын Нэгүдэй хүргэнд өгсөн

Бусад[засварлах | кодоор засварлах]

Тулуй өөрөө хэзээ ч “хаан” буюу хаантай ижилсэхүйц бусад цол хэргэм хэрэглэж байгаагүй, түүнийг “Их ноён”, “Үлүг ноён” гэдэг байжээ. 1251 онд Мөнх хааны зарлигаар "Ин-ү хуанди (英武皇帝)"[4], 1271 онд Хубилай хааны зарлигаар "Жиншян хуанди (景襄皇帝)"[4] гэх цолоор нэхэн өргөмжилсөн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Монголын нууц товчоо: Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь". www.mongolian-art.de. Retrieved 2023-11-30.
  2. Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть.т.118
  3. 3.0 3.1 Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. II боть. т.120
  4. 4.0 4.1 "元史/卷115 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2023-11-30.