Jump to content

Солийн Данзан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Данзангийн хэрэг-с чиглүүлэгдэв)
Солийн Данзан

Солийн Данзан (1883–1924) нь Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч ч юм.

Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуунд одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт төржээ. Бат-Очир гэдэг хүний ууган охин Солиос бутач төрсөн ажээ. Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ. Оргон зайлж Говийн нутгаар хэдэн жил цагаачлан амьдарсны дараагаар 1910 оны үед Хүрээнд ирж, наймаа эрхлэх болжээ.

  • 1915-1916 онд Монгол улсын Хөрөнгийг захирах газраас зохион байгуулсан Эдийн засгийн шинжилгээний ангид оролцож, 1916-1917 онд Ой ангид бичээч, түшмэлээр ажиллаж байв.
Үндэсний хувьсгалын анхны зүтгэлтнүүд:Солийн Данзан нь Сүхийн хажууд бүрх малгайтай байна

С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан юм. Тэрээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар (Данзангийн доллар гэж алдаршсан) болгох саналаа ч илэрхийлж байжээ. Мөн түүний гол баримтладаг зүйл нь Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн үзэл нь байлаа. Энэ нь түүнийг Коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц нь болсон юм.

1924 онд Элбэгдорж Ренчино Коминтерны дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын III бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авчээ.

1992 оны 11 дүгээр сарын 23-нд Монгол улсын Дээд Шүүхийн Бүгд хурлаас С.Данзан, Ж.Баваасан нарыг цагаатгажээ.

2010 онд Солийн Данзан сан түүний зээнцэр Р.Батрагчаагийн санаачлагаар байгуулагдсан.

Эдүгээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Энх тайвны өргөн чөлөөний төгсгөл, Эскадрилийн хөшөөний уулзвараас хуучин Улаанхуарангийн эцсийн буудал, Цэргийн их сургууль хүртэлх гудамжийг С.Данзангийн нэрэмжит болгосон.