Jump to content

Ховдыг чөлөөлөх байлдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ховдыг чөлөөлөх байлдаан
Хамаарах дайн: Манжийн эсрэг монголчуудын тэмцэл

Ховдыг чөлөөлөхөд голлон оролцогч нар. Зүүн гараас: Дөрвөд Далай хан Түмэндэлгэржав, Наваанцэрэн бэйл, Жалханз хутагт Дамдинбазар, Догшин ноён хутагт Дамбийжанцан, Улаангомын Зоригт хан Содномжамц. 1912 оны 8 сар. Ховд хот
Огноо 1912 оны 6 сарын 9- 8 сарын 6
Байрлал Монгол улс, Ховд аймаг, Ховд хот
Үр дагавар Богд Хаант Монгол Улсад Ховдын хязгаар буюу Баруун хязгаарыг нэгтгэсэн
Газар нутгийн
өөрчлөлт
Монголчуудын ялалт. Баруун хязгаарын монголчууд амьдардаг нутгийг Манжаасээс чөлөөлсөн.
Байлдагч талууд
Богд Хаант Монгол Улс Манж Чин гүрэн
Удирдагчид

Манлайбаатар Дамдинсүрэн,
Хатанбаатар Магсаржав,
Жа лам Дамбийжанцан,
Жалханз хутагт Дамдинбазар,
Тогтох гүн,
Хайсан гүн,
Дөрвөд далай ханы ахмад хүү Түмэндэлгэржав,
Жалцангомбоцэдэн,
Найданжав гүн,
Урианхайн Гомбодорж

сайд Пүрүан
Цэргийн хүч
Богд Хаант Монгол Улсын армийн ангиуд нийтдээ 5000 орчим цэрэг 3000 цэрэг
Хохирол
алуулсан 45,
шархадсан тодорхой бус
алуулсан 200,
олзлуулсан 1200
тэмээ 1000
морь 1000,
хонь 5000
буу 200
сум 20000
мөнгө 20000 лан

Ховдыг чөлөөлөх байлдаан нь Дундад зуунд монголчуудын Манжийн эсрэг хийсэн дайны тулалдаануудаас хойш анх удаа Монгол-Манжийн хооронд болсон эхний бөгөөд эцсийн тулалдаан юм.

Манлайбаатар Дамдинсүрэн
Хатанбаатар Магсаржав
Тогтох гүн
Жалханз хутагт
Жа лам

1912 онд Нийслэл хүрээнээс Сандо амбаныг хөөн Богд Хаант Монгол Улсыг байгуулж, тусгаар тоггнолоо тунхагласан боловч хамгийн хэцүү зорилт үлдсэн байв. Энэ бол баруун хязгаарт үүрлэсэн манж цэргийг цохин зайлуулах явдал байв. Эхлээд Улиастайд Гончигдамба сайд, Ховдод Наваанцэрэн ноёныг Богдын засгийн газраас тохоон томиллоо. Тэдгээр сайд нар Баруун хязгаарын ноёдтой харилцаж монголчуудын нэгдсэн улсын хэргийг сурталчлахын зэрэгцээ нийт нутгийг чөлөөлөх бэлтгэл ажлуудыг хийв. Ноёдын хурал хийж, Хүрээтэй харилцсаны хойно Ховд хотыг цэргийн хүчээр чөлөөлөхөөс өөр аргагүй гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ зорилгоор 1912 оны зуны эхэн сарын шинийн 9-нд Нийслэл Хүрээнээс Богдын зарлигаар 500 цэрэгтэй Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нар Улиастайд ирэв. Энэ цэрэгт Горлосын Тогтох тайжийн цэргээс Гэндэн, Лаасаг, Найданжав, Насантогтох нарын 48 хүн оролцож явжээ. Эд бол манж хятад цэрэгтэй удаа дараа байлдаж байсан дайчин эрс байв. Ховдын байдал нэн яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байсан тул С.Магсаржав нар Ховдын тойрог, Урианхайн хязгаарт цэрэг татлага яаралтай зарласан боловч эхний үед явц муутай байлаа. Энэ үед баруун монголд Жа лам Дамбийжанцан нэр хүндтэй байв[1]. Баруун хязгаарын сайд Зоригт ван Наваанцэрэн, түүний зөвлөх Жалханз хутагт нар гол үйл явцыг удирдаж байлаа[2].

Тулалдааны өмнө

[засварлах | кодоор засварлах]

Хүрээнээс ирсэн сайд, жанжид Жа ламын тусламж нөлөөг авч түүний нэр хүнд, сүр хүчээр баруун монгол, урианхайг хөдөлгөж, Ховдыг дайлахаар болжээ[3]. Улмаар Дөрвөд далай ханы ахмад хүү Түмэндэлгэржав дөрвөд, баяд нийлсэн 700-гаад цэргээ авч Жалханз хутагтын дэргэд, мөн Урианхайн Гомбодорж 300 цэрэгтэй Улаангомд, түүнчлэн Урианхайн Ши бэйсийн 17 сумын 300 цэрэг нэмэн ирснээр цэрэг дайчилгааны ажлын явц түргэсэж ирэв. Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар Улиастайгаас мордож баруун хоёр аймгийн 400 гаруй цэргийг замдаа авч, Ховдын босго Хар усны өртөөний орчим очоод, Манлай баатар Ж.Дамдинсүрэн монгол цэргийн уламжлалыг дагаж цэргээ хороо, анги, арванаар хуваан тэгшлэн засаж, арван хүнд галын дарга, 50 хүн тутамд ангийн дарга, дөрвөн анги тутамд хорооны дарга, жагсаалын дарга бичээч тус тус томилон журамлажээ. Тэгээд хотыг чөлөөлөх төлөвлөгөө боловсруулахдаа, юуны өмнө хотыг бүсэлж, гадагш харилцаа бариулахгүй болгохыг урьтал болгожээ. Энэ нь их буу байхгүй, буу зэвсэг муутай монгол цэргүүдэд эсрэг талаа туйлдуулан, хүчийг нь сулруулан ялах сайн арга байв.

Нэг өдөр хотын байдлыг тагнаж мэдэхээр С.Магсаржав өөрөө Бүүвээ, Дамчаа, Дорждэрэм, монхор Хайдав нартай, Ж.Дамдинсүрэн мөн хориод цэрэгтэй явж, баруун, зүүн талаар нь Алаг толгой, Модон овооны зам өнгөрдөг Ховд хотын урд хөндийд оршдог Ширээт улаанд сэм гарч, хотын байдлыг ажиглахад, хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Тэгтэл хотын хэрмийн урд хаалгаар найман морьтой хүн гарч, Алаг толгойн замаар ирэхэд нь нууцаар ойртон, буудаж сандаргаж дөрвийг нь алж, хоёрыг нь зугтаалган, бас хоёрыг нь амьдаар баривчлав. Тэднийг байцаахад Ховдын амбаны газраас Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар цөөн цэрэгтэй Захбулгийн өртөөний ойролцоо ирж хориглосныг мэдэж байлдахаар бэлтгэн, зүг бүрт харуул, тагнуул гаргаж буйг мэдээд тэр оройдоо цэргээ хөдөлгөжээ.

Цэргийн гол хүчний түрүүнд гурван хэсэг сэргийлэх харуул гаргаж, толгойн сэргийлэхийг Модон овооны замаар, баруун, зүүн, хажуугийн хүчийг Алагтолгой, Эмээлтхөтөлийн чигээр, гол хүчийг Модон овооны замаар хөдөлгөж, хотын өмнөх их, бага хоёр элсэн толгойн зүүн талаар өнгөрөөд баруун хойш эргэж, Талын улааны /хожим Баатар Хайрхан нэртэй болсон/ баруун суганд байрлуулав. Тэр цагаас эхлэн дайчилсан цэргүүд ирж нийлсээр монгол цэрэг 3000 орчим болж, 1912 оны 5 дугаар сард Ховд хотыг баруун талаас нь хагас бүсэлж, чухал замын хүзүүвч гарц боомтыг эзлэн, манж цэргийн хүрээг гаднаас тусламж авах боломж муутай болгожээ.

Туслах хүчийг бут цохисон нь

[засварлах | кодоор засварлах]

Энэ хооронд Алтайн Шар сүмээс ван Балдарын зүгээс Ховдын цэрэгт зэвсэг хүргэж туслахаар явуулсан 500-гаад цэргийг Буянт голын нэг цутгал Шаварт гол дээр Магсаржавын удирдсан цэрэг тосон байлдаж, Улаан богочид байсан цэрэг нэмэн очиж бүтэн өдөр тулалдан дийлж, 139 хүнийг алж, 3000 лан мөнгө, олон морь тэмээ, зэр зэвсэг олзлон авчээ. Энэхүү цохигдсон цэргээс цөөн хүн зугтаж Ховд хотод орж амжсан байна. Энэ өдрийн буудалцааны үеэр туслахаар ирсэн цэргээ хамгаалахаар хотын манж хятад цэргийн хүрээнээс цэрэг гарган явуулсныг дөрвөд хоёр аймаг, Урианхайн хошуудын цэрэг хавсран цохиж буцаав. Ховдын манж цэргийн удирдлага хилийн чанад дахь Өрөмч, Шар сүмийн цэргийн ангид хэл хүргүүлж, монгол цэргийг гаднаас нь бүслүүлээд гадна дотно хоёр талаас хавчин цохих санаатай байгааг Ховдод суугаад 7 дугаар сарын 25-нд хотыг орхин гарсан Оросын консул Михаил Николаевич Кузминский монголчуудад хэлж тус хүргэжээ.

Жалханз хутагт цугларсан цэргээ авч Урианхайн нутгийн гүнээр тойрон явж, Ховд хотын Шар сүмийн зүүн талын Ямаат уулын өвөрт буужээ. Баруун монголын ард түмнийг эрх чөлөөний төлөө тэмцэлд босгож чадсанаар хотыг бүслэх үед цэрэг нь 5000-д хүрсэн боловч, зэвсэг муутай нэлээд хэсэг нь бороохой шийдэм, цахиур буунаас өөр зэвсэггүй байлаа. Харин Магсаржавын удирдсан 500 орчим цэрэг нь берданаар зэвсэглэсэн нь хамгийн сайн зэвсэгтэйд тооцож болох байв. Цэргийн 3000 орчим нь Сангийн хотын хэрмийг шууд бүслэхэд, бусад нь гадуур бүслэлт хийхэд оролцов. Бүслэлтийн үед харуул хамгаалалт болон дайрах жижиг бүлгүүдийг зохион байгуулах, арван бүр ээлжлэн холбоочны үүрэг гүйцэтгэх, жижүүр томилон ажиллуулах зэргээр дайсны хүчийг мохоон тамирдуулах тактик хэрэглэж, харуул сэргийлэхийг алж устган, агт морийг олзлон авах, шөнийн цагаар хий буудаж сүрдүүлэн дайсныг гал нээлгэн сум хэрэглэлийг нь хороох, бэхлэлтийн хэрмийг дэлбэлэх, хотын хүн амыг аль болох амь бие үрэгдэхээс болгоомжлох, байлдах дургүй хятад иргэдийг талдаа авах аргыг хэрэглэж байжээ. Монгол цэрэг 2 cap гаруй бүслэн хааж, бүслэлтээ улам хумьсаар эцэст нь Ховд хотод тулж ирэв.

Ховдыг чөлөөлөх тулалдаан

[засварлах | кодоор засварлах]

Хотын хэрмийг байлдаангүйгээр буулгаж авахаар Оросын консул, монгол цэргийн удирдлага оролцсон тулган шаардах бичиг өгсөн боловч бууж өгөх янзгүй болж заасан хугацаанд хариу өгөөгүй учраас 7 дугаар сарын 25-нд Ховд хотыг бүрэн бүсэлжээ[4]. Ховд хотын зүүн, баруун, өмнө гурван чиглэлд их цэргүүд жигдрэн бэлэн болжээ. Тэгэхэд монгол цэрэг нь халх, барга, цахар, урианхай, дөрвөд, тува, торгууд зэрэг монгол овогтны төлөөллөөс бүрдэл болж, тэднийг Магсаржав, Дамдинсүрэн, Тогтох, Хайсан, Дамдинбазар, Дамбийжанцан нарын зэрэг жанжин, сайд, санваартны төлөөлөгчид монголын өөр өөр угсааны хүмүүс нэгэн сэтгэлээр соёмбот тугийн дор нэгдэн, удирдан зохион байгуулж байв.

Монгол цэрэг 1912 оны 8 дугаар сарын 5-нд уулнаас шөнө дунд өгсөн галын дохиогоор, урьд болзон тогтсон ёсоор баруун талын Рашаант хэмээх өндөр ууланд олон бамбар гэнэт дүрэлзэн асахад, зүүн өмнө талаас хариу болгон олон бамбарууд яралзан бадарч, хот руу дөрвөн зүгээс нь нэгэн зэрэг дайрснаар хоёр хоног цус асгаруулсан ширүүн тулалдав. Манж, хятадууд хотыг олны хөлс цус урсган байж эргэн тойрон нэвтрэхийн аргагуй гүн шуудуу ухаж, нүсэр бэхлэлт байгуулан, давхар давхар өндөр өргөн хана хэрмээр бэхэлсэн тул хэр баргийн юм орж ирэхгүй гэж бүрэн итгэсний дээр, байлдааны хориг бэхлэлтийг удаан хугацаагаар чамлалтгүй сайн хийсэндээ бардам байсан байна.

Бүтэн шөнө цус асгаруулсан ширүүн тулалдаан болсон байна. Ширүүн гардан тулалдаанд хядуулсан хятад цэргүүд ухран Сангийн хот дотроо хүчээ бөөгнөрүүлж хариу цохилт өгөхөөр бэлтгэж байжээ. Монгол цэргийн жанжин Хатанбаатар тэргүүлэн Сангийн хотын хэрмийг даван байлдахаар шийдвэрлэв. Намрын сарын шөнө дуусаж үүрийн туяа манхайх цагаар монголын хатан зоригт дайчид Сангийн хотын хэрмэн дээгүүр даван орж хэрмийн хаалгыг тулалдан дэлгэсэн билээ. Хэрмийг давж ороход олон тоотой дайснууд уулгалан дайрсан боловч монгол цэргүүд эрслэн тулалдаж зам гаргав. Хэрмийг ийнхүү Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав, Нанзад, Дамба, Дорждэрэм нарын 28 хүн дүүжингээр даван орж хэрмийн хаалгуудыг тулалдан зам гаргаж онгойлгосон. Ховдын манж-хятад цэрэг галтай цуцлаар дарийг нь сааж бууддаг эртний том жижиг их буу, цахиур буу, бороохой жад, нум сум мэтийн зэвсэгтэй байжээ. Ийнхүү бага үд хүртэл байлдаан үргэлжлэн манжийн цэрэг эцсийн найдвар болсон Сангийн хотоо эзлэгдэхэд арга буюу хүчин мөхөсдөж, аврал эрэгсдийн цагаан хиурыг ёдорт өлгөн хүлцэн бууснаа илэрхийлэв.

Тулалдааны үр дүн, ач холбогдол

[засварлах | кодоор засварлах]

Тэр тулалдаанд манжийн цэргээс 200-гаад хүн, монголын цэргээс 45 хүн амь үрэгдэж, монгол цэргүүд 3000 хүн бүхий манж цэргийн хүрээнээс сайд Пүрүан, бусад түшмэл, дарга, цэргийн хамт 1200 хүн баривчлан, тэмээ 1000 гаруй, морь 1000 гаруй, хонь 5000 гаруй, буу 200, сум 20000, мөнгө 20000 илүү ланг олзлон авчээ. Үүнээс Чин улсын сайд түшмэл 27, цэрэг иргэн 610-ыг Оросын хил хүртэл монгол цэргээр харгалзуулан, морь тэмээ хүнсний зүйлийг нийлүүлэн өгч, Оросын нутгаар дамжуулан нутагт нь буцаажээ. Ховдод Оросын консулаас гадна хамгаалалтын казах цэрэг байсны нэг нь Барон Унгерн фон Штернберг хэмээх гавьяаны хэнээтэй, Балтын герман цустай нэгэн офицер байсан байна. Тэрбээр хожим Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцох маш их хүсэлтэй байсан авч "оросууд үүнд хутгалдаж болохгүй" гэсэн дээрхийн заавраар консул Кузьминский түүнийг байлдаанд оруулсангүй. Оросын консул харин хоёр талыг зохицуулж цус асгаруулахгүй асуудлыг шийдэх гэж хооронд нь зуучлах гэж оролдсон ба үүнийхээ төлөө хожим Богдоос шагнал хүртжээ.

Монгол цэргүүд Ховдын шоронд олон жил хоригдон тарчилж байсан халх, дөрвөд, урианхай зэрэг 400 гаруй хүнийг сулласан нь Богд Хаант Монгол Улсын цэргийн нэр хүндийг тус хязгаар нутагт ихэд мандуулав. Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засгийн гол төв Ховд хотыг чөлөөлснөөр манж-хятадын дарлалын сүүлчийн цайзыг нурааж ноёрхлыг нь устгах анхан шатны тэмцэл дууссан юм. Ар Монголын Ховдоос бусад газарт хятад улс цэрэг ирүүлж чадаагүйг хятад түүхч Чэнь Чуньцзу тайлбарлан бичихдээ: "Тэр үед Хятад улсын байдал тогтворжиж амжаагүй байсан болохоор умар зүгийн хэрэг явдлыг анхааран үзэх завгүй байснаас гадна, өвөл цаг байсан учир хол газар цэрэг томилон явуулахад боогдолтой байлаа"[5] гэсэн нь үнэний хувьтай бөлгөө.

Ийнхүү Монгол улсын цэргийн анхны том ялалтын үр дүнд Халх Монголын нутаг дэвсгэр Манжийн эзэрхийллээс бүрэн чөлөөлөгдсөн ажээ. Ховдыг чөлөөлсөн нь Хүрээнд тусгаар тогтнол зарласнаас ч илүү ач холбогдолтой зүйл байсан юм. Учир нь 1911 оны 10 дугаар сарын Учаны бослого, 1912 оны 2 дугаар сард Манж Чин улсын сүйрлийг албан ёсоор зарласан хэмээх энэ хоёр үйл явдлын хооронд Хятадын хяналт түр зогсох үе нь монголчуудын хувьд тусгаар тогтнолоо тунхаглах, түүнийгээ оросуудаар дэмжүүлэх хамгийн таатай бяцхан тохиол үе байсан ба үүнийг ч монголчууд Богд гэгээн ба халхын ноёдын удирдлага доор амжилттай ашиглаж чадсан[6].

Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. Дамбийжанцан. Баримт бичгийн эмхтгэл (1912-1914.05). I боть. Эмхэтгэж хэвлэлд бэлтгэсэн З.Лонжид, На.Сүхбаатар, Г.Намнансүрэн. “Соёмбо принтинг” хэвлэх үйлдвэр УБ.,2012.
  2. "Монгол туургатны баатрууд Ховд хотыг чөлөөлсөн нь". Archived from the original on 2022-05-26. Татаж авсан: 2020-03-04.
  3. Ховдыг чөлөөлсөн тулаан ба Торгуудын Төмөрцэрэн (Төмөржин) гүнгийн тухай... (Memento 4. Гуравдугаар сар 2020 цахим архивт) А.Баатархуяг
  4. XX зууны баруун монголын домогт хөвгүүд
  5. 《外蒙古近世史》(Гадаад Монголын орчин үеийн түүх) 1922年,商务印书馆,陈崇祖
  6. Монголын үндэсний хувьсгалын түүхийн асуудал.Үндэсний архивын газар.УБ.2002.