Jump to content

Хөвсгөл аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хөвсгөл аймаг
ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯᠠᠶᠢᠮᠠᠭ
Хөвсгөл аймаг далбаа
Хөвсгөл аймаг сүлд
Солбицол: 49°38′N 100°10′E / 49.633°N 100.167°E / 49.633; 100.167Солбицол: 49°38′N 100°10′E / 49.633°N 100.167°E / 49.633; 100.167
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлМөрөн
Газар нутаг
  Нийт100,628.82 км2 (38,853.00 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 137,969
ДНБ
  НийтMNT 1,059 тэрбум
US$ 0.3 тэрбум (2023)
  Нэг хүнд ноогдохMNT 7,743,655
US$ 2,270 (2023)
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 138
ISO 3166 кодMN-041
Улсын дугаарХӨ_
Вэб сайтkhovsgol.gov.mn

Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Оросын Холбооны Улс, түүний Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа.

Хөвсгөл аймаг нэг зуун мянга зургаан зуу гаран (100,629) ам дөрвөлжин километр газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг. Үндсэндээ уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг аялагч жуулчид үзээд «Монголын Швейцар» гэж нэрийдэх нь бий. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг.

2011 оны байдлаар 126 мянган хүн оршин сууж байсан ба хамгийн олон хүнтэй аймаг юм. Үндсэндээ монгол үндэстэн, тэр дотроо халх, дархад, хотгойд, урианхай зонхилдог. Өөр аймагт байдаггүй цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор бий.

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.

Тухайлбал Цагаан-Уул сумын Сангийн далайн хүрээ, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]
Нутгийн хуваарь
Хужиртын давааны овоо
Сумдын хүн ам, багийн тоо, газар нутаг, нягтшилийн хэмжээ[2]
Сумын нэр
(хоттойг тод)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2006 2008 2011 2022
1 Алаг-Эрдэнэ 5 3,029 2,915 3,002 7,038 4502.9 0.67
2 Арбулаг 6 4,057 3,946 4,021 4,155 3529.2 1.14
3 Баянзүрх 5 3,687 3,917 4,021 4,088 4299.1 0.94
4 Бүрэнтогтох 6 4,139 4,159 4,069 4,381 3768.6 1.08
5 Галт 5 4,885 5,008 5,085 5,531 3596.8 1.41
6 Жаргалант 5 5,118 5,201 5,098 5,518 2549.2 2.00
7 Их-Уул 5 4,127 4,210 4,112 4,198 2023.8 2.03
8 Мөрөн 13 36,141 35,921 37,471 42,855 102.9 364.15
9 Рашаант 5 3,479 3,593 3,611 3,822 1982.5 1.82
10 Рэнчинлхүмбэ 6 4,652 4,697 4,852 4,891 8448.3 0.57
11 Тариалан 6 5,964 6,010 5,927 6,292 3430.7 1.73
12 Тосонцэнгэл 5 3,633 3,849 4,191 4,484 2042.2 2.05
13 Төмөрбулаг 5 4,334 4,202 4,254 4,434 2521.7 1.69
14 Түнэл 6 3,550 3,521 3,568 4,352 3577.3 1.00
15 Улаан-Уул 5 3,929 4,086 4,225 4,344 10057.5 0.42
16 Ханх 3 2,333 2,401 2,587 2,855 5498.7 0.47
17 Хатгал 2 2,852 2,926 2,985 3,690 911.4 3.27
18 Цагааннуур 2 1,408 1,473 1,636 2,046 5408.3 0.30
19 Цагаан-Уул 6 5,129 5,240 5,327 5,920 5866.3 0.91
20 Цагаан-Үүр 4 2,454 2,444 2,533 2,687 8735.3 0.29
21 Цэцэрлэг 7 4,728 4,643 4,737 4,628 7451.6 0.64
22 Чандмань-Өндөр 5 3,025 2,965 3,004 3,162 4487.5 0.67
23 Шинэ-Идэр 4 3,990 3,937 3,433 3,147 2053.6 1.67
24 Эрдэнэбулган 5 2,842 2,772 2,769 3,141 4694.4 0.59
Аймгийн дүн 126 123,485 124,036 126,515 137,969 101539.8 1.25

Тус аймаг нь 123,416 хүн амтай.

Хөвсгөл аймгийн хүн ам [3][4] [5][6]
1956
тоол.
1960
тоол.
1963
тоол.
1969
тоол.
1975
тоол.
1979
тоол.
1981
тоол.
1989
тоол.
1992
тоол.
1996
тоол.
1998
тоол.
2000
тоол.
2003
тоол.
2005
тоол.
2013
тоол.
58,200 64,000 63,700 74,800 82,300 88,200 91,100 101,800 119,133 113,312 117,123 117,914 124,126 123,416 125896

Угсаатны бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]
Монгол үндэстэн-99.5%
Түрэг угсаатан-0.16%

Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.

Жижиг ястан, угсаатнууд (өөрсдийн тодорхойлолт), 2000 оны тооллого[7]
Ястан, угсаатан Хүн ам Эзлэх хувь
Дархад 16,268 13.8%
Хотгойд 6229 5.3%
Урианхай 3036 2.6%
Буриад 996 0.84%
Цаатан 269 0.23%
Нийт хүн ам 117914 100%

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцар хэмээн нэрлэдэг.

Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Соёны нуруу багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3190 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.

Хөвсгөл аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.

Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг. Энэ аймгийн хамгийн их нуур буюу "Хөвсгөл" нуур нь ОХУ-ын "Байгаль" нууртай газар доор эх нь холбоотой байдаг гэх домогтой.

Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин гэх зэрэг хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Мөн олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Амьтан, ургамал

[засварлах | кодоор засварлах]

Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.

Тус аймагт вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, улаагана, хад, аньс, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын ховор ургамалд ордог аж.


Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага, ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж бүртгэгджээ.

Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ

Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.

Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.

Хөвсгөл аймагт жил бүр олон арван мянган дотоод гадаадын жуулчид айлчилж эдийн засгийн чухал бүрдэл орлогыг оруулдаг

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.

Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.

Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
Өндөр Гонгор

Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Жалханз хутагт Дамдинбазар, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа, Үндсэн хуулийн эцэг Бяраагийн Чимид нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.

1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдөлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор 2015 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан билээ.

Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Шүхэрч Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.

Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн нутгийн зарим ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг. Иймд энэ суманд улсын баяр наадмын үеэр Алан-Гуа эхийн баярыг тэмдэглэдэг.

Нийгэм, улс төрийн зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Хөвсгөл аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  1. "GROSS DOMESTIC PRODUCT, by region, aimags and the Capital". www.1212.mn. Mongolian Statistical Information Service. Татаж авсан: 2023-12-06.
  2. Хөвсгөл аймгийн статистикийн хэлтэс. Танилцуулга 2008-2012 он[permanent dead link]
  3. Statoids (Gwillim Law) web page
  4. National Statistical Office
  5. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  6. , GeoHive: Global Statistics
  7. M. Nyamaa, Khövsgöl aimgiin lavlakh toli, Ulaanbaatar 2001, p. 7, 35, 68, 148, 166, 190