Jump to content

Минжиддоржийн Ханддорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрдэнэ дайчин чин ван
Минжиддоржийн Ханддорж
Эрдэнэ дайчин чин ван Ханддорж
Эрдэнэ дайчин чин ван Ханддорж
ТөрсөнМинжиддоржийн Ханддорж
1869 он
Манж Чин улс, Ар монгол, Түшээт хан аймаг
Нас барсан1915 он
Богд хаант Монгол Улс, Нийслэл хүрээ
Үхлийн шалтгаанХордуулсан[баримт хэрэгтэй]
Олдсон газарБогд хаант улсын Нийслэл хүрээ Туул голын салбар Дунд голын орчим
Оршуулагдсан газарБогд хаант Монгол Улс, Нийслэл хүрээ
Хөшөө дурсгалтөрсөн газар болох Ханжаргалант хайрханы өвөрт гэрэлт хөшөө, Булган аймгийн төв Булган хотод чулуун хөшөө, Улаанбаатар хотод мөн баримал хөшөө
Яс үндэсХалх
ҮндэстэнМонгол
Аль хотын суугуулТүшээт ханы уугуул
Боловсролманж, хятад, орос хэл
Төгссөн сургуульгэрээр боловсрол олсон
Юугаараа алдаршсанМонголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Манжаас тусгаарлан Богд хаан Монгол улсыг байгуулах үйлсийн гол удирдагч
Цалин4000 лан мөнгө, 50 энтэй торго
ХэргэмЭрдэнэ дайчин чин ван
Улс төрийн хөдөлгөөнМонгол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл
Шүтлэгбурхны шашин
Шашны бүлэгшарын шашин
Эцэг эхэцэг Мижиддорж, эх Сосор

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч нь Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж юм.

Эрдэнэ дайчин чин ван Ханддорж Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жилд төрсөн. Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнзийн шууд удмын алтан ургийн сурвалжит хүн.

Ханддорж вангийн өргөө

Ханддорж ван бага насаа гол төлөв ордны тансаг амьдралд өнгөрөөжээ. Зуны цагт Минжиддорж гүнгийнх Булган уулын зүүн суга, Ханжаргалантын өвөр гэх мэт үзэсгэлэнт нутгаар зусна. Ханддорж вангийн бага насны амьдралд түүний эх Сосор хатны саруул ухаан, ажилч хичээнгүй чанар асар ихээр нөлөөлжээ. Гүн Минжиддорж тэр үеийн ихэс дээдсийн нэгэн адил Ханддорж ноёнтонд гэрийн багш Данигайг авч 6-7 нас орчимд нь монгол бичиг заалгаж эхэлсэн ба багш нь монгол бичигт гарамгай, манж, төвөд хэлийг сайн мэддэг, төрт ёс, эрх зүй, дорно дахины гүн ухааныг нэлээд гадарладаг, Вангийн хүрээнд номтой нэгэнд тооцогддог томоохон сэхээтний нэг байжээ.

1880 онд түүний эцэг Минжиддорж бие барснаар тэдний гэр бүлд асар их хүнд гарз хохирол учирсан бөгөөд амьдралаа залгуулах хатуу алба түүний нуруун дээр ирсэн.

Өөрийн хүүгээ алдсан Цэрэндорж ван гол найдлагаа ач хүү Ханддорждоо тавих болжээ. Энэ хугацаанд өвөг эцэг нь Ханд ванг Хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаанд суралцуулж, манж, хятад хэлийг сайн сургаж сайжруулсан. Ханд ван 23 настайдаа 1892 онд засаг хошой Чин вангийн 8 дахь үеийг залгамжилсан байна. Тэр үед хошуу захирагч болсон хүн Манж Чин улсын хаанд, биеэ үзүүлэх ёстой байсан бөгөөд Манжийн хааны ордны хатуу дэг жаягийн улмаас Ханд ванг хаантай нүүр учруулаагүй байна. Учир нь вантан цагаан, улаан бурхнаар өвдөөгүй байсан гэдэг. Залуу ноёны өмнө нэг талаар хошуу нутгаа өөд татаж, хамжлагат ардынхаа итгэлийг олох, нөгөө талаар Манж, Хятад, Төвөд, Монголын ихэс дээдсийн ааш аягийг тааруулж, учрыг олж харьцах яггүй асуудал тулгарав. Нэгэнт улс гүрнээрээ харийн эрхшээлд байгаа нөхцөлд юм л бол гэдийн цахлах аргагүй, бас үргэлж толгой гудайж, бөхөлзөх бүр ч хэцүү байжээ.

Тусгаар тогтнолын төлөө тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

1900 онд Манжийн хаан Чин ванг хүлээж авчээ. Уулзалтаар Бадаргуулт төр хаан “За хө, чиний хошуу баруунаас зүүн тийш, хойноос урагш хүртэл хэдэн газар юм дээ” хэмээн басангуй асуухад Ханддорж ван “Манай Халхад хошуу нутгийнхаа хэмжээг газраар биш өртөөгөөр хэлэлцдэг. Өрнөөс дорно хүртэл 12 өртөө” хэмээн даруухан мөртлөө төв ихэмсгээр хариулсан байна. Үүнийг мэдсэн Цыши хатан “Үнэхээр сэргэлэн залуу” хэмээн манжилсан гэдэг. Чин ван Ханддорж үндэсний ноёд ихсийн эрх ямба хязгаарлагдаж, албат иргэд нь хоосорч байгаад ихэд дургүйцэж байжээ. Ингээд 1890 онд Улиастайн амбан монголчуудад дааж давшгүй алба гувчуур ногдуулж, элдвээр дарлаж буй тухай Жалханз гэгээн, Ялгуулсан хутагт, Дамбийжаа буюу Жа лам нарын хамтаар Бээжинд зарга мэдүүлэхдээ “Хэрэв хэрэг явдал цаашид ийм байвал монголчууд зэвсэг барихаас өөр аргагүйд хүрнэ” хэмээн Чин улсын эрх баригчдад анхааруулжээ. Энэ явдлын дараагаар тэднийг мөшгин мөрдөж, шахаж хавчиж эхэлсэн агаад энэ хэргийг мөрдөхийг Ханд вангийн өвөг эцэг Цэрэндоржид даатгахад тэрбээр уг хэргийн учгийг мэдэж байсан учир аргацаалан хаацайлж, тэднийг цаазлахгүй байхыг Бээжингээс хүсэж байсан.

Бээжин хотод 1903 онд Ханддорж ван Халхын ноёдын түр жасаанд ээлж тааран очиж, төрийн хэрэг хэлэлцэхэд оролцсон нь Манжийн хааны бодлогын цаад санааг илүү сайн таньж мэдэх бололцоог олгожээ. Манжийн төр Ханд ванд ямба хэргэм, цалин пүнлүү шагнал чамгүй хүртээж, олон арван зэрэг нэмж, тэмдэглэж байсан боловч “Буруу элэгтэн” хэмээн хардаж мөшгөн тандахаа ч хойш тавиагүй байна. Ханддоржийг өвөг эцэг шиг нь дээгүүрхэн албан тушаалд тавихаас аль болохоор болгоомжилж, ойр зуурхан “аргамжилж” алхах гишгэх бүрийг нь ажин тагнаж байв. Бээжингийн эрх баригчид Ханддорж вангийн цаад санааг мэдэж итгэл муутай хүмүүсийн дансанд оруулсан байсан. Английн түрэмгийллээс зугтсан ХIII Далай лам Түвдэнжамц 1904 оны Х сард ойр дотно шадар нөхдийнхөө хамтаар Хүрээнд ирсэн. Далай лам Буриадын хамба лам Агваан Доржжив Лхарамбыг даган Оросын цагаан хааны нөмөр нөөлөгт хоргодох санаатайгаар Монголд ирсэн. Манж Чин улсын Засгийн газар түүнийг сүйд болон хүлээж авахгүй байхыг Их хүрээний манж, төвөд, монгол эрх баригчдад чандлан тушаасан хэдий ч Далай ламыг сүсэглэн биширсэн олны давлагааг хэн ч хориглож чадсангүй. Тэр бүү хэл Өвөр Байгал, Астраханиас хүртэл шарын шашинтан монголчууд цуван ирж мөргөжээ. Хол ойрын сүсэгтэн олноос өргөл барьц авсаар Далай лам ихээхэн хөлжиж бэлжсэн гэдэг. Далай ламын нэр хүнд Богд Жавзандамбын нэр хүндэд нөлөөлөн түүнийг дарж эхэлсэн учир Богдын талынхан Далай ламыг хавчиж эхэлсэн нь түүнд хэцүү байсан бөгөөд тэрбээр Чин ван Ханддоржийн багш Дандар аграмбын урилгаар Вангийн хүрээнд анир чимээгүй өвөлжжээ.

Далай лам Вангийн хүрээнд өвөлжихдөө Ханддорж вантай байнга уулзаж, санаа бодлоо солилцож байсны дотор “Монгол улс Цагаан хаант Орос улстай хил залгасан учир хорвоогийн бусад гүрнүүдтэй холбоо тогтоож болмоор юм байна” гэсэн байдаг. Далай лам нь Ханд чин вангийн багш Дандар аграмбатай ном хаялцаж түүнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч шавь барилцсан байна. Үүнд дургүйлхсэн шадарлаж явсан лам нар нь Далай ламд хатуу үг хэлж, хүндээ хөнгөнөөс өгч, хөдөөний хийдийн ламд шавь орлоо хэмээн зэмлэсэнд үүнийг няцаах зорилгоор өөрийг нь дагаж ирсэн номч хамба зэрэг нэлээд номтой гэвш нараа Дандар аграмбатай ном хаялцуулахад аграмбыг дийлэх лам гараагүй бөгөөд ингэснээр тэдний хэл ам дарагджээ. Далай лам Монголд ирсэн, ялангуяа вангийн хүрээнд хэдэн сар саатсан нь цэвэр шашин номын бус, улс төрийн, тухайлбал Монголоор дамжин Хаант Оростой холбоо барихын хамт Монголын ихэс дээдэс, лам нартай Манжаас тусгаарлах асуудлаар санал солилцох, цаашид хүч хамтатгах холын бодолтой байсан ажээ. Манж Чин улс Монголд “Шинэ засгийн бодлого”оо хүчлэн дэлгэрүүлж эхлэв. Иймд Чин ван Ханддоржийн Манж-Хятадын дарлалаас ангижрах гэсэн улс төрийн үйл ажиллагаа улам идэвхэжжээ. Энэ үед Далай ламыг даган одсон хүүг нь Манж Чин улс зэрлэгээр цаазалсанд Ханд ванд хорсон зэвүүцэж, “Монхор хүүгээсээ хагацах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно..., Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр бүү гарга...” хэмээх алдарт үгээ хэлж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө эргэж буцалтгүй эрслэн тэмцжээ.

Манж Чин улс “Шинэ засгийн бодлого” гэгчээ хэрэгжүүлэхийн тулд Монголын олон хошуудаас судалгаа шаардаж, 18 үзүүлэлтээр орон нутгийн байгалийн баялгийн мэдээ гаргуулахаар шахахад Дайчин вангийн хошуу ихэнх асуултад нь “байхгүй” хэмээн хариулсан. Тус хошууны эрх баригчид 1907 онд энэ судалгааг шалгахаар зарлигаар зарагдсан манж, монгол түшмэдэд өртөө унаа нийлүүлэхээс татгалзаж, Хүрээний амбан сайдын яаманд тамгагүй цагаан бичиг хүргүүлж уг албыг тасалдуулсан байдаг. Улмаар 1909 оны сүүлчээр Халхын бүх аймаг, хошуудаас дахин 18 зүйлийн чухал судалгааг хугацаа тогтож гаргуулахад Ханддорж чин вангийн тэргүүтэй Түшээт хан аймгийн 5 хошуу тогтоосон хугацаанд гаргаж өгөлгүй цааргалж байжээ. Энэ бүхэн нэг талаар Манж Чин улсын “Шинэ засгийн бодлого”-ыг монгол түмэн эсэргүүцэж, эх нутгаа онгон байдлаар нь хадгалахыг эрмэлзэж, нөгөө талаар Ханд ван нарын дэвшилтэт үзэлтнүүдийн Манж-Хятадыг эсэргүүцсэн улс төрийн үйл ажиллагааны цар хүрээ өсөж байсны нотолгоо юм.

Богд хаант Монгол улсыг байгуулах үйлс

[засварлах | кодоор засварлах]
1914онд Ханддорж

Эв санаагаа нэгтгэн Монгол улсаа тусгаар тогтнуулах үйлсэд хүч хавсран тэмцэхийн чухлыг нэн тэргүүнд ойлгосон Ханд ван хамгийн түрүүнд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнд хандаж үндэсний тусгаар тогтнолын гол төлөвлөгөөгөө боловсруулсан билээ. Ханддорж чин ван, Сайн ноён хан 2 нийт монгол туургатан, ялангуяа сүсэгтэн олны дунд үлэмж нэр нөлөөтэй Богд гэгээнийг үндэсний эрх чөлөөний тэмцэлд татан оролцуулах бодлого баримталж, түүнийг Манж Чин улсын төрд үйлчлэхээс аль болохоор хөндийрүүлэх оролдлого хийж байв. Энэ нь ч Богд гэгээний өөрийнхөө байр суурийг бататгах гэсэн сонирхол эрмэлзэлтэй давхацжээ. Ийнхүү туурга тусгаар Монгол улс байгуулах талаар тэдний санаа бодол нийлэн нэгдсэн байна.

Монгол улсаа дахин сэргэн мандуулахын төлөөх энэ их үйл хэргийг зохион байгуулахад Сайн ноён хан, Чин ван, Да лам Цэрэнчимэд нарын гурван эрхэм зонхилох үүрэг гүйцэтгэжээ. Манжийн эрх баригчид Ханддорж ванг өөртөө татаж, өөрсдийн бодлоо хэрэгжүүлэх бодлогоо явцтай болгох оролдлогоо хүчтэй хийж эхэлжээ. 1910 онд Сандо амбаны байгуулж, уг газрын хэрэг хамт шийдвэрлэх түшмэлээр Ханддорж ванг тавьсан. Түүнчлэн Газар хагалбарлах ерөнхий хорооны захирах түшмэлээр хавсарган томилсон байна. Гэтэл Ханддорж ван энэ бүхэнд авталгүй харин ч тохоон томилсон албан тушаалыг нь урвуулан ашигласан ажээ. Баргын Манлайбаатар Дамдинсүрэнтэй 1908 онд дотно танилцаж, Монголынхоо ирээдүйн тухай ярилцаж хүчээ нэгтгэн хөдлөх тухай тохиролцжээ. 1911 оны VII сард Халхын 4 аймгийн хан, ноёд, ихэс дээдэс, хутагт хувилгаад бүгд Эрдэнэшанзудбын яаманд цугларан цаашид хэрхэхээ зөвлөлдсөн байна. Үүний дараа дахин Богд ууланд цугларан зөвлөлдөж хаант Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн тохиролцон Ханддорж чин ван, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын эрдэмтэн Хайсан гүн нарыг томилон одуулахаар зөвшилцжээ. Ийнхүү монгол эх орончид мөрдөн мөшгигдөж, нуугдаж зугтах мэт аргаар явсаар 1911 оны VIII сарын 15-нд Оросын нийслэл Санкт-Петербургт хүрэлцэн очсон байна. Хэдийгээр хүндрэл тохиолдож байсан ч Оросын Сайд нарын зөвлөлийн дарга Пётр Столыпинд Богд гэгээн, Түшээт хан Дашням, Сайн ноён хан Намнансүрэн, Засагт хан Содномравдан, Сэцэн хан Навааннэрэн нарын гарын үсэглэсэн 21 зүйлт тусламж хүссэн бичгийг гардуулан өгч чаджээ. Оросын Засгийн газар Монголыг сонирхож байсан хэдий ч Японтай байгуулсан нөлөөллийн бүсийн тухай нууц хэлэлцээгээ баримтлан цааргалсан хариу өгсөн тул Ханддорж ван нар аргагүйдэн нутгийн зүг жолоо эргүүлсэн байна. Нуугдан, зугтаж байж Нийслэл хүрээнд тэднийг буцаж ирэхэд Хятадад гарсан хувьсгал манжийн ноёрхлыг эцэс болгосон байжээ. Энэ үед Жавзандамба хутагт “... Ер аливаа юманд цаг хэмжээ огт үгүй. Манж, Хятадын ийнхүү байдал цөм цаг болсны тул билээ. Харин одоо Монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтох... цаг болсон. Бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж, чармайн зүтгэхэд харгалзмуй” хэмээн лүндэн буулгасан хийгээд энэхүү лүндэнг хэрэгжүүлэхээр Монголын ихэс ноёд яаравчлан орсон.

Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээн тогтоох зорилго бүхий “Халхын хүрээний бүгд хэргийг түр эрхлэн шийтгэх газар”-ыг байгуулсан нь үндсэндээ Түр засгийн газрын үүргийг гүйцэтгэж, Манжийн засаг захиргааг түлхэн унагаах, улс үндсээ сэргээн мандуулахаар завдаж буй олон овог, аймаг бүхий монголчуудад сонсгон дуулгах, уриалан дуудах зорилгыг агуулж байв. Уг түр “Засгийн газрын” зөвлөн шийтгэх түшмэлээр Ханддорж ванг томилсон байна. Тус байгууллага Ар Монголын дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргасан хийгээд шийдвэр гарснаас 1, 2 хоноход хүрээ орчмын хошуудаас 500 гаруй цэрэг цугларсан гэдэг. Ийнхүү Манж Чин улсын захиргааны эсрэг зэвсэгт бослого эхлэх бэлтгэл хангагджээ. Монголын удирдагчид Сандо амбанд “Чиний бие эхлэн, манж хятад түшмэд 3 хоногийн дотор Монголын хязгаараас гартугай. Зөрчвөл цэргийн хүчин хэрэглэн уул нутагт чинь хүргэнэ” гэж тулган шаардсаны дагуу энэ хувьсгал цус асгаруулахгүйгээр хэдхэн цагийн дотор болж, Сандо амбан Оросын консулын газар хэд хоног хорогдоод нутгийн зүг арга буюу зайлан оджээ. Монгол орон төдийгүй дэлхий дахины анхаарал татсан эл үйл явдлын дараа улс орны бүх эрх мэдэл Түр засгийн газарт шилжиж, шинэ тулгар Монгол төрийн суурь тавигдахад бэлэн болов. Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ны өдөр Монгол улс түүхийн шаштиртаа нэгэн шинэ хуудсыг нээж, Олноо өргөгдсөн Монгол улс байгуулсныг тунхаглаж, Богдыг Монгол улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн, Цагаан Дарийг улсын эх дагина хэмээн өргөмжилснийг зарлажээ. Энэ өдөр Богд хааны зарлигаар Монгол улсын Засгийн газрыг 5 яамтайгаар байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, амь биеэ огоорон зүтгэгчдийг төрийн өндөр албан тушаалд тохоон томилсны дотор Эрдэнэ дайчин Чин ван Ханддоржийг ханы ямба эдлүүлэхээр зарлигдаж Шадар сайд, бүгд захирах сайд, гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилээ.

Богд хаант Монгол улсыг бусдаар зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Монгол улс, улс шиг байхын тулд гадаад олон улс гүрэнд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нь юу юунаас илүү эрхэм чухал хэмээн үзэж харь улс гүрнүүдтэй харилцаа тогтоох асуудлыг эрчимтэй хөөцөлдөх болов. Чин ван Ханддорж шинэ тутам байгуулагдсан төрд хан, хутагтууд давамгайлсан маягийн засаглалд дургүй байсан бөгөөд тэр тусмаа Сайд нарын зөвлөлийн үүрэг гүйцэтгэх шинжтэй Дотоод явдлын яамны үйл ажиллагааг тэр бүр ойшоодоггүй байжээ. Иймд 1912 оны V сард бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулж Ерөнхий сайдаар Намнансүрэнг томилсон нь түүний сэтгэлд ихээхэн нийцжээ. Ханддоржийн тэргүүлсэн Гадаад явдлын яам Монгол улс тусгаар улс болсон тухайгаа юуны өмнө Манж чин улсад 1911онд, Хаант Орос, Франц, Их Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Нидерланд, Австри зэрэг улсад 1912 онд албан ёсоор мэдэгдээд “Гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, найрамдлыг зузаатгана уу?" хэмээн тодорхой санал дэвшүүлсэн байна. Ханддорж юуны өмнө хойд хөрш Орос улстай ойртон нөхөрлөхийг эрхэмлэх нь шинэ тусгаар Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж байв. Орос-Монголын гэрээнд тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх талаар дараагийн шатны арга хэмжээ, алхам хийх зорилгоор Монголын Засгийн газар Ханддоржоор толгойлуулсан бүрэн эрхт төлөөлөгчөө Орос улсад илгээхээр шийдвэрлэснээр 1912 оны өвлийн дунд сарын 14-нд төлөөлөгчид мордож, өвлийн адаг сарын шинийн 4-нд Санкт-Петербургт очсон байна.

Богд хаант Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид эхлээд хаант Орос улсад Гадаад хэргийн сайд Сазанов, Ерөнхий сайд Коковцев, Худалдааны сайд Тимашев нарын албаны хүмүүстэй удаа дараалан уулзаж, хэрэг зоригоо танилцуулжээ. Өвлийн сүүл сарын 17-нд Оросын эзэн хаан II Николай тэднийг хүлээн авч уулзсан байна. Эзэн хаан Монголын төлөөлөгчдийг хүлээн аваад Оросын Засгийн газрын түшмэд ажил хэргийн явцыг мэдээлж байгаа тухай хэлээд, цэрэг сургах багш өгөх болсноо хэлж, буу зэвсгийн хувьд гадаад хэргийн яамтайгаа ярилцаж байж болно хэмээжээ. Ханддорж ван эзэн хаанд бараалхсаныхаа дараа Оросын цэргийн яамны сайд Сухомлинов, жанжин штабын дарга генерал Зелинский нартай уулзаж, цэрэг зэвсгийн тусламжийн тухай асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүссэн байна. Эцэст нь Ханддорж нарын зорьсон хэргийн зарим нь бүтэж Хаант Оросын Засгийн газар 2 сая рублийн зээллэг өгсөн ба зэр зэвсгийн тусламж дараа өгөхийг зөвшөөрчээ. Харин их буу 32, пулёмёт 65, винтов 10000-ыг даруй авах хүсэлтийг Оросын тал хүлээн авсангүй. Ханддоржийн Англи, Франц зэрэг орнуудад зорчих гэсэн санаархал Оросын явуулгаар тасалдав. Тэр ч байтугай Петербургт байгаа олон улсын элчин сайд нартай уулзуулахгүй байх талаар Оросын Гадаад хэргийн яам зохих арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч энэ ажил хэргийн айлчлал хойд хөрш Хаант Орос улстай эдийн засгийн талаарх харилцаагаа цаашид өргөтгөхөд томоохон түлхэц үзүүлжээ. Орос оронд хоёр дахь удаа очсон нь Ханддоржийг улс төрийн зүтгэлтний нь хувьд улам ухааруулж, хоёр их гүрний дунд оршиж буй бага буурай орон тун ухаалаг, нарийн, давхар тооцсон бодлого явуулж байж сая бие даан оршин тогтнох болно хэмээсэн дүгнэлтэд хүргэжээ.

Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө Ханддоржийн дипломат шугамаар тэмцэж буй тэмцэл нь ид өрнөж байсан үед Монголын талаарх асуудлаар Орос-Хятадын хэлэлцээр 1912 оны Х сараас 1913 оны Х сар хүртэл үргэлжилж, Монголын тусгаар тогтнолыг эвдэн бусниулах чиглэл бүхий тунхаглал гаргасан нь монголчуудын дургүйг ихэд хүргэв. Хэдий тийм боловч Ханддорж Оросын тусламжтайгаар улс орноо өсгөн өндийлгөх талаар зарим тодорхой алхмуудыг хийсээр байсан билээ. Үүний жишээ бол Хашигачаас Ховд хүртэлх цахилгаан холбооны шугам тавиулах хэлэлцээр, цэргийн сургагч авах зэрэг хэлэлцээрийг амжилттай хийсэн байна. Ханддорж хоёр хөрш орныхоо дипломатуудтай “чадварлаг тоглолт” хийсээр байсны хүчинд Монголын тусгаар тогтнолыг тодорхой хэмжээгээр хадгалсаар байв.

1912 оны 3-р сард Шадар сайд Намнансүрэнгийн шийдвэрээр Гадаад явдлын яамны дэргэд 47 хүүхэдтэй бага сургууль байгуулсанд Ханддорж Вангийн оролцоо их байв. Мөн 1914 онд орос хэл бичиг сурах сургууль байгуулахыг Ханддорж ван санаачилсан байна. Үүнээс гадна ардын уламжлалт анагаах ухаанаас гадна европ эмнэлгийн ололтыг Монгол оронд нэвтрүүлэх нь зайлшгүй чухал хэмээн үзэж тодорхой алхмууд хийж байв.

Хиагтын хэлэлцээр, бусдад хорлогдсон нь

[засварлах | кодоор засварлах]
Эрдэнэ чин ван Ханддоржийн хөшөө

Чин ван Ханддорж Гадаад яамны тэргүүн сайдын хувьд 1913 оны Бээжингийн тунхаглалын дагуу Орос, Хятад, Монгол улсын 3 этгээдийн хэлэлцээрт бэлтгэн Богд хаантай зөвшилцсөний үндсэн дээр хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн тэргүүнээр Дотоод явдлын яамны сайд Билэгт гүн, Да лам Дашжавыг томилж, бүрэлдэхүүнд нь Баргын Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нарыг оруулжээ. Ханддорж, Намнансүрэн нар Да лам Дашжав, Манлайбаатар нарыг шууд дээрээс нь удирдаж, бүх мэдээлэл, удирдамжаар хангаж байсан бөгөөд Оросын ерөнхий консул, төрийн зөвлөх А.Миллер, Хятадаас Мексикт сууж байсан элчин сайд Чен Лу нарыг хааш нь ч гаргахгүй олон улсын болон дипломат эрх зүйн чанга бодлого баримтлан ажиллаж байсан нь Хятад, Оросын талд таалагдаагүй юм. Миллер, Чен Лу нар бол асар их туршлагатай дипломатчид хэдий ч Дашжав, Дамдинсүрэн нарыг эрх зүйн мэдлийн хувьд давж гарахгүйдээ цухалдаж, Богдын Засгийн газарт “Дашжав төрийн хэрэг мэддэггүй, Дамдинсүрэн дэндүү зөрүүд муйхар” хэмээн гомдол бичиж, тэднийг татан авч оронд нь нэр заан Ширнэндамдин, Б.Цэрэндорж, Чагдаржав нарыг өгөхийг хүсч байлаа. Хашир сууж, хал үзсэн сайд Ханддорж, Дашжав, Дамдинсүрэн нарыг солихгүй байх бодлого барьсан нь Хятадын талыг баримтлагч ихэс ноёд, хутагт лам нарт таалагдаагүй учир Ханд ванг улс төрийн тавцангаас зайлуулах арга сүвэгчилж эхэлсэн байна. Нэг удаа Богд хааны дайллагад хоёр удаа зарлан байж Ханд ванг очуулжээ. Дайллага дээр нэлээд халамцсан Ханд ванд нэгэн хаш аягатай архи Эх дагина барьсан нь сэжигтэй санагдсан тул зориуд алдаж асгасан байна. Зарим ноёд Богд эзний хишгийг мөрөөрөө хүртэж чадахгүй асгаж цутгалаа хэмээн агсам тавих янзтай болохоор нь Вантан тэндээс шууд гарч мориндоо мордон давхин оджээ. Хиа нар нь түүнийг гүйцсэнгүй тул шууд вантны гэрт иртэл ван байсангүй. Ийнхүү вантны эрэлд гарахад түүнийг Дунд голын мөсөн дээр тархин дундуур нь ташуураар бяц цохин алсан байсан. Түүнийг алагдсаны дараа 3 этгээдийн хэлэлцээрт орж байсан төлөөлөгчдийг Орос, Хятадын талын хүссэн хүмүүсээр сольж, гэрээний агуулга өөрчлөгдөн байгуулсан Хиагтын гэрээ нь Монголын тусгаар тогтнолд ашиггүйгээр харамсалтайгаар эргэж байсан. Гэсэн хэдий ч Монгол төрийн оршин тогтнох, хөгжин мандах үйл хэргийн төлөө амь бие, залуу нас, бүх амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Эрдэнэ дайчин Чин ван Минжиддоржийн Ханддоржийн байгуулсан гавьяаны үр дүнд тусгаар тогтносон Монгол Улс оршин тогтнож байгаа түүхтэй билээ.

  • Б.Ринчен.Үүрийн туяа. роман. УБ.
  • Д.Цэмбэл. Халуун салхи. роман. УБ.
  • Д.Маам. Газар шороо. роман. УБ.