Jump to content

Бенин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Бенин Улс
République du Bénin (Франц)
Orílẹ̀-èdè Olómìnira ilẹ̀ Benin (Ёруба)
Уриа: 
  • "Fraternité, Justice, Travail" (Франц)
  • "Ахан дүүс, шударга ёс, ажил хөдөлмөр"
Төрийн дуулал: L'Aube nouvelle (Франц)
"Үүрийн гэгээ"
 Бенин улсын байршил (dark green)
 Бенин улсын байршил (dark green)
НийслэлПорто-Новоa
Томоохон хотКотону
Албан ёсны хэлФранц хэл[1]
Үндэсний хэл
Угсаатны бүлгүүд
(2013 тооллого[2])
Шашин
(2020)[3]
Ард түмний нэршил
  • Бенинчүүд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Патрис Талон
Мариам Чаби Талата
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Тусгаар тогтнол 
• Бүгд Найрамдах Дахомей Улс байгуулагдсан
12 сарын 11, 1958
• Тусгаар тогтнол
8 сарын 1, 1960
Газар нутаг
• Нийт
114763 км2[4] (100)
• Усны эзлэх талбай (%)
0.4%
Хүн ам
• 2022 тооцоо
13,754,688[5] (74)
• Нягтаршил
94.8/км2
ДНБ (ХАЧП)2019 тооцоо
• Нийт
$59.469 тэрбум[6] (137)
• Нэг хүнд ноогдох
$4,300[6] (163)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$19.236 тэрбум[6] (141)
• Нэг хүнд ноогдох
$1,390[6] (163)
ОТББИ (2015)  47.8[7]
өндөр
ХХИ (2021) 0.525[8]
бага · 166
Мөнгөний нэгжБаруун Африкийн франк (XOF)
Цагийн бүсUTC+1 (БАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+229
Домэйн нэр.bj
  1. Котонуд засгийн газар байрладаг.

Бүгд Найрамдах Бенин Улс (Франц: République du Bénin) буюу товчоор Бенин (Bénin) бол нь Өрнө Африкт орших улс юм. Баруун талаараа Того, зүүн талаараа Нигери, хойд талаараа Буркина Фасо, Нигер улсуудтай хиллэх бөгөөд өмнө талд нь Гвинейн булангийн нэг хэсэг болох Бениний булан бий. Нийслэл нь Порто-Ново хот боловч засгийн газрын байгууллагууд нь тус улсын хамгийн том хот бөгөөд эдийн засгийн төв болох Котону хотод байрладаг.

Бенин улсын албан ёсны хэл нь франц. Гэхдээ фон, ёруба зэрэг нутгийн хэл өргөнөөр хэрэглэгддэг. Бенин нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Өмнөд Атлантын энхтайван хамтын ажиллагааны Бүс, Франц хэлт орнуудын олон улсын байгууллага, Сахел-Сахарын орнуудын нийгэмлэг, Африкийн нефть үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй.[9]

17-19 дүгээр зуунд тус бүс нутагт Дахомейн вант улс, Порто-Новогийн хот-улсаас гадна хойд хэсгээр нь олон омог аймгууд оршиж байв. 17-р зуунаас эхэлсэн Транс-Атлантын боолын худалдааны үеэр нутгийн иргэдийг олноор нь олзолж, хөлөг онгоцоор Шинэ Ертөнц /Америк руу/ рүү зөөвөрлөдөг байсан тул Боолын эрэг гэх нэртэй болжээ. Боолчлолыг халсны дараа Франц улс тус оронд хяналтаа тогтоож, Францын Дахомей хэмээн нэрийдэв. 1960 онд Дахомей Францаас бүрэн тусгаар тогтнолоо олсны дараа ардчилсан засгийн газрууд, цэргийн засгийн газрууд ээлжлэн төр барьсан шилжилтийн тогтворгүй үе иржээ.

Ийн явсаар 1975 онд ЗХУ-ын дэмжлэг хүлээсэн Марксист-Ленинист үзэл баримжаатай Бүгд Найрамдах Бенин Ард Улс бий болж 1990 он хүртэл оршин тогтнож байгаад, 1990 онд олон намын тогтолцоот, өнөөгийн Бүгд Найрамдах Бенин Улс болон өөрчлөгджээ.[10]

Дахомейн вант улс газрын зурагт

Өнөөгийн Бениний нутагт өмнө нь олон яс үндэстэн амьдарч байв. Ажа, ёруба, гбе зэрэг ястан нь далайн эргийн хот улс маягаар, бариба, махи, гедеви, кабе зэрэг нутгийн гүний овог аймаг болон нутгийн дорнод хэсгийг хамарч Оё эзэнт гүрэн оршин байв. Хот улсууд овог аймгууд хоорондоо байлдаантай, мөн Оё гүрэн лүү довтолдог байжээ. 1700 оны эхэнд фон үндэстний Дахомейн вант улс нь Абомейн тэгш өндөрлөгт байгуулагдаад далайн эргийн хот улсуудыг байлдан дагуулж хүчирхэгжив. 1727 онд Дахомейн Агажа ван Аллада, Вида зэрэг эргийн хотуудыг эзэлсэн боловч Оё улсад алба барьдаг хэвээр байжээ. Оё улсын холбоот хот улс болох Порто-Ново руу шууд халдаж чадахгүй байжээ.

Дахомей нь хөвгүүдийг цэргийн эрдэмд дадлагажуулан сургах ба эмэгтэй тусгай цэргийн Ахоси хэмээх нэгжтэй байв. Европынхон Дахомейн цэргийн эрдмийг бахдаж, 19-р зууны газар нээгч Ричард Бартон зэрэг хүмүүс «хар спарта» гэж хочилжээ.

Португалын Ахуда дахь бэхлэлт

XV зуунд Бенины эрэг дээр Европоос португалчууд анх ирсэн байна.

Дахомейн ван дайны олзлогдогсдыг боол болгон Европынхонд худалддаг байв. Эхэндээ Дахомейн ноёд боол худалдаалахаас татгалзсан боловч тэртээ гурван зууны өмнө буюу 1472 оноос Португалын худалдаачидтай харилцаж эхэлсэн тул эцэстээ тус наймааг цэцэглүүлж «Боолын эрэг» гэж нэрлэгджээ. 1807 онд Британиас Боолын худалдааны хориг тавьснаас хойш Дахомейн борлуулах боолын тоо буурсан ба 1780-аад оны арван жилд 102 мянган боол борлуулж байсан бол 1860-аад онд 24 мянга болж буурчээ. Португалын Порто-Ново («шинэ боомт») нь боолын наймааны төв байв. Сүүлийн боолын хөлөг онгоц 1885 онд Бразил хүрснээр энэ наймаа эцэслэжээ.

Бениний гар урлал, сийлбэртэй давсны сав, халбага, ангийн эвэр болон зааны ясан эдлэл зэрэг Африкийн урлагийн анхны чамин зүйл Португалаар дамжин Европт худалдагдаж байв.

Франц-Дахомейн байлдаан

Францын Дахомей

[засварлах | кодоор засварлах]

Дагомей 1851 оноос хойш Францын колоничлогчдыг эсэргүүцсэн боловч 1894 онд эцэст нь эзлэн Францын эзэмшил болжээ. 1899 онд Францын Өрнө Африк колонийн нэгэн хэсэг болгон Францын Дахомей гэж нэрийджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Франц колониос татгалзаж 1958 онд «Бүгд Найрамдах Дахомей Улс» өөртөө засах эрхтэй болсон бол 1960 оны 8-р сарын 1-нд бүрэн тусгаар тогтножээ.

1975-1990 оны төрийн далбаа
1976 он. Мэтью Кереку

Социалист Бенин

[засварлах | кодоор засварлах]

Анхны ерөнхийлөгч нь Мага Кутуку Юбер байв. 1960-1972 оны хооронд хэд хэдэн цэргийн эргэлт, дэглэмийн өөрчлөлт гарав. 1970 онд өмнөх гурван ерөнхийлөгч нийлж «Ерөнхийлөгчийн зөвлөл»-ийг үүсгэв. 1972 оны 10-р сард Мэтью Кереку цэргийн хүчээр төрийн эргэлт хийж эрхийг авчээ. 1974 онд тэрбээр марксист үзлийг албан ёсоор тунхаглаж, шатахууны компани болон банкуудыг төрийн мэдэлд авав. 1975 оны 11 дүгээр сарын 30-нд улсын нэрийг «Бүгд Найрамдах Бенин Ард Улс» болгон өөрчилжээ. Керекугийн төр барьсан энэ үеийг үндсэрхэг үе (1972-1974), социалист үе (1974-1982), эдийн засгийг либералчилсан үе (1982-1990) гэж гурав хувааж үздэг. Энэ үед Зөвлөлтийн тусламж, дэмжлэг ихээр авч байсан.

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ч үр дүн нь янз бүр байлаа. 1974 онд эдийн засгийн стратегийн салбаруудыг улсын болгох, боловсролын тогтолцоог шинэчлэх, хөдөө аж ахуйн хоршоо, орон нутгийн засаг захиргааны шинэ бүтэц байгуулах, феодал анги болон овгийн үзлийг устгах зэрэг ажил зохион байгуулав. Тус дэглэм сөрөг хүчний үйл ажиллагааг хориглосон. Хятад, Умард Солонгос, Ливитэй харилцаа тогтоож, бараг бүх бизнес, эдийн засгийн үйл ажиллагааг төрийн хяналтад байлгаж, Бенин дэх гадаадын хөрөнгө оруулалтыг ширгээжээ. Эхлээд Зөвлөлтөөс, дараа нь Францаас цөмийн хаягдал авах гэрээ байгуулж төсвийг санхүүжүүлсэн.

1980-аад онд Бениний эдийн засгийн байдал улам эгзэгтэй болсон. Эдийн засаг эхлээд өндөр өсөлттэй байсан (1982 онд 15.6%, 1983 онд 4.6%, 1984 онд 8.2%) боловч Нигерийн Бенинтэй хиллэдэг хилийг хааснаар гааль, татварын орлого эрс буурахад хүргэсэн. Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг өгөх боломжгүй болсон. 1989 онд дэглэмд армидаа төлөх мөнгө хүрэлцэхгүй байх үед үймээн самуун дэгджээ. Банкны систем сүйрсэн. Эцэст нь Кереку марксизмаас татгалзаж, Кереку улс төрийн хоригдлуудыг суллаж, сонгууль зохион байгуулахаар болсон.

Улсын нэрийг 1990 оны 3-р сарын 1-нд «Бүгд Найрамдах Бенин Улс» болгон өөрчилж, шинэ Үндсэн хуулийг баталсан. 1991 оны сонгуульд Кереку Нишофор Соглод ялагдсан боловч 1996, 2001 онуудад дахин сонгогдов. 1999 онд ерөнхийлөгч Кереку африкчуудад хандаж Атлантын далайн боолын худалдаанд тус улс гол үүрэг гүйцэтгэсэнд өршөөл эрж уучлалт хүссэн. 2006 онд шинэ нэр дэвшигч нараас Яи Бони ерөнхийлөгчөөр сонгогдоод 2011 онд улиран сонгогдсон. 2016 онд бизнесмэн Патрис Талон ерөнхийлөгчөөр сонгогдон, 2021 онд улиран сонгогдов.

Патрис Талон ерөнхийлөгч

Бенин улс ерөнхийлөгчийн төлөөлөл бүхий ардчилсан, бүгд найрамдах засагтай. Улсын ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн байх ба олон намын тогтолцоотой. Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Хууль тогтоох эрх мэдлийг засгийн газар болон хууль тогтоох байгууллагын аль аль нь эзэмшдэг. Шүүх засаг нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээс албан ёсоор хараат бус байдаг ч бодит байдал дээр түүний хараат бус байдлыг алдагдуулж байна.

Бенин тив даяарх засаглалын төлөв байдлыг цогцоор нь хэмждэг Африкийн засаглалын 2013 оны Ибрахимын индекст өндөр оноо авчээ. Бенин нь Африкийн 52 орноос 18-д жагссан бөгөөд аюулгүй байдал ба хууль дээдлэх ёс, оролцоо ба хүний ​​эрхийн ангилалд хамгийн сайн оноо авсан байна. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын 2007 онд гаргасан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ Бенин улсыг 169 орноос 53-т жагсаасан байна. Энэ байр 2016 онд Талоныг ерөнхийлөгч болоход 78-р байр хүртэл буурч байсан бөгөөд түүнээс хойш 113-р байр хүртэл буурчээ. Бенин улс 2005 онд цагдаа, бизнес, улс төрийн авлигын байдалд дүн шинжилгээ хийхэд 159 орноос 88-д орсон байна.

Бениний ардчилсан тогтолцоо ерөнхийлөгч Талон ажлаа авснаас хойш муудаж байна. 2018 онд түүний засгийн газар нэр дэвшигчдийг тодруулах шинэ журам нэвтрүүлж, бүртгүүлэх зардлыг нэмэгдүүлсэн. Талоны холбоотнуудаар дүүрсэн сонгуулийн хороо сөрөг хүчний бүх намыг 2019 оны парламентын сонгуульд оролцохыг хориглосноор парламент бүхэлдээ Талоныг дэмжигчдээс бүрдсэн. Дараа нь тэр парламент ерөнхийлөгчид нэр дэвшигчид Бениний парламентын гишүүд болон хотын дарга нарын 10-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах ёстой гэж сонгуулийг хуулийг өөрчилсөн. Парламент болон бараг бүх хотын захирагчийн алба Талонын хяналтад байгаа тул хэн өөртэй нь ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөхийг бүрэн хянах болжээ. 2016 онд Талон 65% хувийн саналаар сонгогдсон бол 2021 онд улиран сонгогдохдоо үнэмлэхүй буюу 86% санал авчээ.

Бенин улсын 12 департмент

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Бенин улс нэгдмэл улс бөгөөд нутаг дэвсгэр нь засаг захиргааны зориулалтаар 12 департмент болж хуваагддаг. Эдгээр нь цааш 77 коммун болж задран хуваагддаг.

# Департмент Төв хот Хүн ам (2013 он) Талбай (км2) Бүс Францаар
2 Алибори Канди 868,046 26,242 Умард Alibori
1 Атакора Натитингу 769,337 20,499 Умард Atacora
10 Атлант Вида 1,396,548 3,233 Өмнөд Atlantique
4 Боргу Параку 1,202,095 25,856 Умард Borgou
5 Коллин Даса-Зуме 716,558 13,931 Умард Collines
6 Куффо Афлахо 741,895 2,404 Өмнөд Kouffo
3 Донга Жугу 542,605 11,126 Умард Donga
11 Литораль Котону 678,874 79 Өмнөд Littoral
9 Моно Локосса 495,307 1,605 Өмнөд Mono
12 Веме Порто-Ново 1,096,850 1,281 Өмнөд Ouémé
8 Плато Побе 624,146 3,264 Өмнөд Plateau
7 Зу Абомей 851,623 5,243 Умард Zou
Хүн амын тоо. 1960-2010 он

2019 оны тооцооллоор 2018 онд Бенин улсын хүн амын тоо 11 сая 485 мянга байна. Жилийн хүн амын өсөлт дунджаар 2.6% буюу өндөр, дэлхийд өсөлтийн хувиар 16-р байрт бичигдэж байна. Хүн амын дунд залуучууд ихэнх хувийг эзлэх ба 2010 оны тоогоор нийт хүн амын 44% нь 15 хүртэлх насны хүүхэд, 53% нь 15-65 насны хүн, 3% нь 65 ба түүнээс ахмад настан байна. Дундаж наслалт нэмэгдсээр ирсэн ба 1970 онд 40 жил, 1990 онд 50 жил, сүүлд 2020 онд 62 жил болсон. 5 нас хүртэлх хүүхдийн 18% жингийн дутагдалтай.

Бенинийн хүүхдүүд

Яс үндсээр үзвэл 42 янз ард түмэн амьдарч байна. Үүнд дорно өмнөд хэсгээр ёруба (12-р зуунд одоогийн Нигерийн хэсгээс нүүж ирсэн), төв болон дундаж хэсгээр денди (16-р зуунд Малигаас нүүж ирсэн), дорно умард хэсгээр бариба болон фула, Атакорын уулсаар бетаммарибе болон сомба, төв өмнөдийн Абомейн хэсгээр фон, өмнөд эргээр мина, шюда, ажа (Тогогоос ирсэн) зэрэг ард түмэн амьдарч байна.

Орчин үед Нигери, Того, Мали зэрэг хөрш орнууд болон, худалдааны зорилгоор Ливан, Энэтхэгээс ирсэн хүмүүс байна. Мөн консул, тусламжийн, төрийн бус байгууллага, номлогч зэрэг шалтгаанаар 5000 орчим Европынхон байна. Бениний иргэдийн маш цөөн хэсэг нь Францын цус холилдсон.

Франц хэл улсын албан ёсны хэл бөгөөд хот суурин газраар түлхүү хэлэлцэж байна. Хөдөө орон нутагт 50 гаруй янз яс үндэснийхээ хэлээр ярилцдаг. Бичиг тайлагдалтын түвшин тааруу буюу 2018 оны байдлаар эрэгтэйд 54%, эмэгтэйд 31% байна. Бенинд Африкийн уламжлалт шашин давамгай байна. Яс үндсээрээ өөр өөр зан үйлтэй. Араб худалдаачид нутгийн умард хэсгээр болон ёрубачуудыг ислам шашинд оруулсан нь хүн амын 20%. Нутгийн өмнөд болон төв хэсгээр Европын номлогч нарын авчирсан христийн шашин хүн амын 30%-д дэлгэрчээ. Өрнө Африкийн Водун шүтлэг Бенинээс гаралтай бөгөөд Боолын эргээс хальж Бразил, Карибын арлуудад дэлгэрчээ.

Хотжилтийн түвшин 46%. Хүн амын дийлэнх буюу 11.4 сая нь нутгийн өмнөд хэсэгт амьдардаг. Том хотуудыг жагсаавал:

Котону
Порто-Ново
2013 оны хүн амын тооллогоор:

Бенин нэрлэсэн үнээр 14.4 тэрбум ам.доллар, худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнээр 40.7 тэрбум ам.доллараар хэмжигдэх дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-тэй байна. Дэлхийн улсуудын дотор 141-р байр, 137-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна. Харин нэг хүнд ноогдох хэмжээ нь тус бүр 971 ам.доллар, 2552 ам.доллар байгаа нь хоёул 163-р байрт бичигдэж байна. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт сүүлийн жилүүдэд 5.6%-6.8% байлаа. ДНБ-ийн бүтцэд 26% хөдөө аж ахуй, 23% аж үйлдвэр, 51% үйлчилгээ эзэлж байна. Инфляцийн түвшин харьцангуй багассан буюу 2020 онд 1.0%-тай байна. Хүн амын 36% нь ядуу гэсэн ангилалд байна.

Мөнгөний нэгж нь Төв Африкийн франк байна.

Эдийн засгийн түүх

[засварлах | кодоор засварлах]

1990 онд ардчилсан засаглалд шилжсэнээс хойш Бенин улсын эдийн засаг сэргэж байна. Хувийн болон төрийн эх үүсвэрээс их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт хийснээр 1990-ээд оны эхэн үеийн дэлхийн эдийн засгийн уналт, түүхий эдийн үнийн бууралтаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг бууруулсан.

Хөрш Того улстай хамтран хийхээр төлөвлөсөн усан цахилгаан станц нь Гана улсаас эрчим хүчний импорт авдаг, хараат байдлыг бууруулах зорилготой юм.

Бенинийн хөвөнгийн тариалан

Бениний эдийн засаг хөгжөөгүй хэвээр байна. Хөдөө аж ахуй, хөвөн тариалалтаас хамааралтай. Хөвөн нь Бениний ДНБ-ийн 40%, албан ёсны экспортын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн нэхмэл эдлэл, дал модны бүтээгдэхүүн, какао шош зэрэг үйлдвэрлэл эрхэлдэг. Эрдэнэ шиш, буурцаг, будаа, газрын самар, кешью, хан боргоцой, маниок, ям зэрэг хүнсний ногоо тариалдаг.

1982 онд далайгаас газрын тос олборлосон. Хэмжээ нь их биш.

Загас агнуур нь сам хорхойгоор дотоодын хэрэгцээг хангаж, Европ руу экспортлодог. Аж ахуйнууд хувьчлагдсан. Францын шар айраг үйлдвэрлэдэг. Жижиг бизнес нь Бенин улсын иргэдийн өмч байдаг ч зарим нь гадаадын, ялангуяа Франц, Ливаны эзэнтэй байдаг.

2019 оны экспортын бүтэц

Гадаад худалдаа

[засварлах | кодоор засварлах]

2017 онд Бенин цагаан будаа, мах, шувууны мах, согтууруулах ундаа, түлшний хуванцар материал, уул уурхай машин техник, харилцаа холбооны хэрэгсэл, суудлын автомашин, ариун цэврийн хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг 2.8 тэрбум ам.долларын бараа импортолсон байна. Энэтхэг, Хятад, Того, Францаас голлон импортолж байна.

Харин цэвэршүүлсэн хөвөн, газрын самар, кешью, газрын тос, алт, хүнсний тос, модон материал, далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг 1.9 тэрбум ам.долларын бараа экспортолсон. Гол экспортын түнш нь Бангладеш, Энэтхэг, Хятад, Вьетнам байна.

Бениний санхүүгийн салбарт банкууд давамгайлж байгаа бөгөөд ерөнхийдөө сайн биш. Банкууд хувьчлагдсан. Бенин нь амьд, олон талт бичил санхүүгийн салбартай. Төв банкны 2003 оны мэдээллээр бичил санхүүгийн үйлчилгээний хүртээмж бараг 60 хувьтай байна. Бенин бол банк санхүү, хөрөнгийн биржийн хувьд Өрнө Африкийн банк, биржийн холбоодод нэгдсэн. Африкийн Банк, Тив хоорондын банк зэрэг үндэстэн дамнасан банкуудын салбар үйл ажиллагаа явуулдаг.

Засгийн газрын өр 2017 оны байдлаар ДНБ-ийн 55%-тай тэнцэж байна. S&P-ээс Бениний зээлжих зэрэглэлийг BBB- тогтоосон. Гадаад валютын нөөц нь 700 сая ам.доллар юм.

Жемижан хэмээх мотоцикл

Бениний тээвэрт авто зам, төмөр зам, усан болон агаарын тээвэр орно. Бенин нь нийт 6787 км замтай бөгөөд үүний 1357 км нь хатуу хучилттай. Ингэснээр 5430 км шороон зам үлдэж байна. Өрнө Африкийн эргийн хурдны зам нь Бенинийг дайрч зүүн талаараа Нигери, баруун талаараа Того, Ганатай холбодог. Мөн хатуу хучилттай зам нь Бенинийг умар зүгт Нигертэй холбодог бөгөөд үүгээр дамжин Буркина Фасо, Малитай холбогдоно.

Бенин дэх төмөр зам нь умардаас өмнөдийг холбосон 578 км нэг чиглэл, 1000 мм өргөн царигтай төмөр замаас бүрддэг. Одоогийн байдлаар Бенин нь зэргэлдээх орнуудтай төмөр замаар холбогддоггүй ч Бенинийг Нигер, Нигеритэй холбосон олон улсын төмөр замын барилгын ажил эхэлсэн.

Котону хотод байрладаг Каджехоун нисэх онгоцны буудал нь Аккра, Ниамей, Монровиа, Лагос, Уагадугу, Ломе, Дуала болон Африкийн бусад хотууд руу шууд нислэгтэй. Шууд нислэг Котонуг мөн Парис, Брюссель, Истанбултай холбодог.

Умард нутаг дахь Атакорын уулс

Бенин нь 112 622 км2 газар нутагтай. Африкийн улсуудтай харьцуулахад багад орох хэмжээ бөгөөд хөрш Нигеригээс 8 дахин жижиг хэмжээ боловч хөрш Тогогоос 2 дахин том болно. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад дундаж буюу 100-р байранд орох нутаг дэвсгэртэй.

Байр зүйн газрын зураг

Бенин орон Өрнө Африкт хойд өргөргийн 6°-13°, зүүн уртрагийн 0°-4° буюу үндсэндээ экватор, гринвичийн огтлох цэгт оршдог. Өрнөд талаараа Тоготой, умард талаараа Буркина Фасо болон Нигертэй, дорнод талаараа Нигеритэй тус тус хиллэж, өмнөд талаараа далайд гарцтай буюу Бениний булан хүрнэ. Нигертэй Нигер мөрнөөр хиллэх ба умардын хилээс өмнөдийн Атлантын далай хүртэл 650 км урт гулд хэлбэрээр сунаж тогтсон бол өргөөшөө түүнээс 2-3 бага буюу хамгийн өргөндөө 325 км өргөн газар нутагтай. Хилийн урт нь 2112 км, эргийн урт нь 121 км.

Дунджаар далайн түвшнээс дээш (д.т.д) 200 метр өндөрт байна. Газрын байцын хувьд өмнөдөөс умард зүгт дөрвөн бүс болдог. Үүнд: Нэгдүгээрт, далайн эргийн нам доор газар 10 км орчим үргэлжилдэг. Хужир мараа, нуур цөөрөм, лагун бүхий, эрэг нь хамгийн өндөртэй д.т.д. 10м орчим байна. Хоёрдугаарт, өмнөд нутгийн тэгш өндөрлөг нь д.т.д. 20-200 м орчим өндөрт байна. Энд Куффо, Зу, Веме зэрэг гол мөрдийг дундуураа урсгах дов, толгод багтана. Гвинейн ойт-саванн гэх бүсэд хамаарна. Гуравдугаарт, Никки, Саве зэрэг нутгийн хадат уулын бүс байх ба д.т.д 200-400 м өндөрт байна. Дөрөвдүгээрт Тоготой хиллэх өрнө умардын хил дагуу буюу Атакорын уулс буюу уулархаг газар болно. Хамгийн өндөр оргил нь Сокбаро (д.т.д 658 м) уул юм.

Өрнө Африкийн арслан

Бенин нь цөөн уулстай, ихэнх хэсэг нь ой байна. Ой дундуур гол мөрний сав газар байна. Нутгийн хойд хэсгийн Нигер мөрний сав газар, Пенжари байгалийн цогцолбор газар нь жуулчдын арслан, заан, гөрөөс, усны үхэр, сармагчныг харж болох үзвэрийн орон болсон. Нутаг дэвсгэрийн 31% нь ой байна.

Бенин нь тропикийн саванн буюу халуун, чийглэг уур амьсгалтай. Эрэг орчмын жилийн хур тунадас 1300 мм хүрнэ. Хуурай 2, борооны 2 буюу жилд хоёр төрлийн дөрвөн улиралтай. 4-6-р сард үндсэн борооны улирал байх ба 9-11-р сард арай бага бараа ордог. Үндсэн хуурай улирал 12-4-р сард байх ба бага хуурай улирал нь 7-9-р эхэн хүртэл байна. Эргийн нутаг руу илүү чийглэг бөгөөд халуун болдог. Котону хот орчмоор жилийн дундаж температур 24-31°C байна. Өмнөд хэсгийн саванныг Гвинейн ойт саваннад, умард хэсгийнхийг Өрнө Суданын саваннад хамааруулдаг.

  1. "Benin". Татаж авсан: 7 July 2023.
  2. "PRINCIPAUX INDICATEURS SOCIO DEMOGRAPHIQUES ET ECONOMIQUES" (PDF). www.insae-bj.org (франц хэлээр). INSTITUT NATIONAL DE LA STATISTIQUE ET DE L'ANALYSE ECONOMIQUE. Архивласан (PDF) огноо 18 September 2020. Татаж авсан: 14 December 2019.
  3. "Religions in Benin | PEW-GRF". Архивласан огноо 17 October 2021. Татаж авсан: 17 April 2021.
  4. Annuaire statistique 2010 (PDF) (Report) (франц хэлээр). INSAE. 2012. p. 49. Архивласан (PDF) огноо 4 March 2016. Татаж авсан: 17 December 2015.
  5. "Benin". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 4 August 2023.
  7. "GINI index (World Bank estimate)". databank.worldbank.org. World Bank. Архивласан огноо 4 September 2022. Татаж авсан: 1 February 2019.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 18 January 2023.
  9. "Benin – International Cooperation". Nation Encyclopedia (29 June 2010)
  10. Ibp Usa. Global Logistics Assessments Reports Handbook: Strategic Transportation and Customs Information for Selected Countries, p. 85. Int'l Business Publications, 2008. ISBN 0-7397-6603-1