Өвөр Монголын Өөртөө Засах Орон
- "Өвөр Монгол" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Монгол (салаа утга)-г үзнэ үү.
| Өвөр Монголын Өөртөө Засах Орон 内蒙古自治区 |
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| өөртөө засах орон | Өвөр Монгол |
| Газар нутаг | |
| - Нийт | 1,183,000 км² |
| Цагийн бүс | UTC+8 |
| Цахим сүлжээ: http://www.nmg.gov.cn/ | |
Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО), хялбараар Өвөр Монгол гэж бичигддэг нь БНХАУ-ын умард биед орших өөртөө засах орон юм. Нийслэл нь Хөх хот, хамгийн том хот нь Бугат болно. Хойд талаараа Монгол, Орос хоёр улстай, улсын хил дотроо нар зөв дарааллаар Хармөрөн, Гирин, Ляонин, Хэбэй, Нинся, Шаанси, Шэнси, Гансу гэх долоон муж оронтой хиллэдэг.
Өөртөө засах орон 1947 оны 5 сарын 1-нд одоогийн энэ нутаг дэвсгэрээс хамаагүй жижиг хэсгээр бусдаас анхлан байгуулагдсан.
1,183,000 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй (Хятад орны нутгийн 12%-тай тэнцэнэ) уудам орон юм. 2004 оны байдлаар 24 сая хүн амьдран сууж буйн дийлэнх олонхийг (79%) Хятад үндэстэн бүрдүүлж, 20% нь цөөнх үндэстэн ястадаас бүрдэж байна. Үүнээс нутгийн уугуул Монгол үндэстэн 17%-ийг бүрдүүлнэ. Улсын албан хэлнээс гадна (Хятад хэл), өөртөө засах орны дотор Монгол хэл албан ёсоор давхар хэрэглэгдэнэ. Монгол хэлийг бичиглэхэд Монгол бичиг хэрэглэж байгаа.
Агуулга |
[засварлах] Нэр
17-р зуунд Монголчууд Манж Чин улсад дагаар орж, олон аймаг, хошуунд хуваагдаж асан үед Алтан урагын ноёдын Монгол нутгийг эхэлж эзлэгдсэнийг нь Манжаар дорги ("дотоод"), сүүлд эзлэгдсэнийг нь түлэрги ("гадаад") гэж нэрлэж байсан. Энэ үед өнөөгийн Өвөр Монгол нь Дотоод Монгол гэгдэж байв. 1911 оноос Гадаад Монгол гэгдэж асан өнөөгийн Монгол улс тусгаар тогтнож, түүнээс нааш хориод жил дотор Гадаад Монгол гэж ярихын оронд Ар Монгол хэмээх ялгах утгыг хэрэглэж байжээ. Ар Монгол гэх үг Монгол хэлтний дотор тархсан үед эсрэгцүүлсэн утга болох "өвөр" гэдгээр 1947 онд өөртөө засах орон албан ёсоор байгуулагдсанаар Монгол хэлтнүүд Өвөр Монгол гэж нэрийдсээр байна. Мөн ч автономи гэдэг эрх мэдлийг өөртөө засах эрх гэж Монгол хэлэнд нэрлэдэг.
Гэвч Хятад хэлээр 内蒙古 ("Дотоод Монгол" гэх утгатай) нэр өдий хүртэл албан ёсоор хэрэглэгдэж байна. Энэ нэр бол гагц Хятадын өнцгөөс харсан нэр бөгөөд дэлхийн өөр хэлт ард түмнүүд анх Дотоод Монгол гэдгээр эхэлж ойлгох боловч, хэрэв ажиглаж ойлговоос энэ нь нэг улсын өнцгөөс харсан нэрээс гадна Монголчууд өөрсдөө уулархаг газрын урд хагас буюу нар тусдаг тал, нэгэн биений урд хагас буюу нүүрэн тал гэх утгыг илэрхийлдэг "өвөр" гэж нэрлэдгийг ойлгоход амархан.
[засварлах] Түүх
Монгол үндэстний нутаг анх Хятадын харъяанд байсангүй. Заримдаа ар, өвөр, баруун, зүүн гар болон хуваарилагдагддаг байлаа. Баруун урд зүгт Алтай, зүүн урд зүгт Говь нь суурьшмал Хятадаас нүүдэлч умардын үндэстнүүдийг тусгаар байлгах байгалийн саад, тотгор болдог байжээ.
[засварлах] Зүүн Монгол
Юань улс (Их хааны улс) мөхсөний дараа Цагаан хэрэмээс умард нутаг ахин Монголчуудын төв болов. Эхний зуунд үнэндээ Баруун (Дөрвөн Ойрд), Зүүн хоёр болон тусгаарлаж, түүнээс Зүүн Монгол баруун, зүүн хоёр гарт хуваагджээ. Халх, Цахар, Урианхай гурав буюу Зүүн гар хаанаар удирдуулж, Түмэд, Хорчин, Юншээбү гурав буюу Баруун гар жононгоор залуулж байлаа.
1504 онд Батмөнх Даян хаан өөд болсны хойно орон нь 12 хөвүүнд салж өвлөгдөв. Ар Халх (одоогийн Монгол орны дийлэнх хэсэг) отгон хүү Гэрсэнзэд очиж, Өвөр Халх зэрэг бусад Зүүн Монголын ихэнх хэсэг хожим Өвөр Монгол болсон юм.
16-р зууны дунд үед Барсболд жононгийн хүү Түмэдийн Алтан хүчийг олов. Тэр Цахарт суух хааны зэрэгцээгээр хан цолтон болжээ. Алтан хан Мин улсыг уулгалан довтолж, худалдааны ашигтай нөхцөлийг тулган хүлээлгэж, 1552 онд Ойрдын заримыг ихээр дарж, Хөх нуурын газрыг эзэлж байжээ. Мөн 1575 онд Хөх хотыг үүсгэн байгуулсан нь өдгөө Өвөр Монголын нийслэл хот юм. 1577 онд Алтан хан Төвөдийн Гэлүгваа ёсын их лам Содномжамцад Далай лам цол өргөмжилжээ.
[засварлах] Чин улсын дор
17-р зууны эхээр Цахарын Лигдэн хаан Монголын хаан гэх нэртэй боловч үнэндээ Монгол ноёд бие даан тус тусдаа нутгаа мэдэн сууж байв. Тэр эвээр ноёдыг нэгтгэхийг хичээсэн боловч үеэл нарынхаа үйлдлээс болж санасандаа хүрээгүй. Харчин, Хорчин, Өвөр Халхын ноёд Жүрчидийн Нурхач баатартай холбоолов. Лигдэн хаан хэд хэдэн ялагдлын дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад Гансүд өвчнөөр нас эцэслэжээ. Хөх хот Манжид эзлэгдэн Манжын хаан Абахай өөрийгөө Монголын хаан өргөмжлөв. Ингэж одоогийн Өвөр Монгол орон Манж Чин гүрний нутаг дэвсгэр болж байлаа. Энэ үеэс 1691 он хүртэл Ар Халх тусгаар байсан.
Хятадыг Манжууд байлдан эзлэхэд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын дор 49 хошуу болон хуваагджээ. Харъяатын ёсоор 17-р зууны эцсээр Галдан бошогтийн эсрэг, 18-р зууны дундуур Зүүнгарын хаант улсын эсрэг аян дайнд явалцжээ. 19-р зууны Өвөр Монголын уран зохиол онцгой хөгжиж байлаа. Тэр дундаас тайж Ванчинбалын Инжиннаш хэмээх агуу зохиолч төрсөн билээ. 19-р зууны эцсээр Манжын ноёрхлын эсрэг дугуйлан хөдөлгөөн өрнөсөн. Хөдөлгөөний нэг идэвхтэн нь шүлэгч Хишигбат байжээ. Хөдөлгөөн Манжын цэргийн хүчинд дарагджээ.
[засварлах] Хорьдугаар зуун
20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд хаант Монгол улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.
1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.
Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон.
1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод АНУ-ыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ.
[засварлах] Хүн ам
Өдгөө Өвөр Монголын өөртөө засах оронд 23.84 сая хүн амьдран сууж байна. Дийлэнх хүн ам нь Хятад үндэстэн. Улс дотор ялган таних 55 цөөнх үндэстэн, ястанаас 49-ийн төлөөлөл таван хүн тутмын нэгийг эзлэнэ. Эдгээрийн нэг нь уугуул нутагтаа буй Монгол үндэстэн юм.
| Өвөр Монголын үндэстний бүтэц (2000 он) | ||
|---|---|---|
| Ард түмэн | Тоо | Эзлэх хувь (%) |
| Хятад | 18,465,586 | 79,17 % |
| Монгол | 3,995,349 | 17,13 % |
| Манж | 499,911 | 2,14 % |
| Дунган | 209,850 | 0,900 % |
| Дагуур | 77,188 | 0,331 % |
| Хамниган | 26,201 | 0,112 % |
| Солонгос | 21,859 | 0,094 % |
| Орос | 5,020 | 0,022 % |
[засварлах] Засаг захиргааны хуваарь
ӨМӨЗО бол Шинжян, Төвдийн дараа гуравдагч том нутаг дэвсгэртэй БНХАУ-ын мужын түвшний 5 өөртөө засах орны нэг болно. Урьдын түүхэндээ ч энэ гурван үндэстэн л Хятад улс дахь бусад олон угсаатны дундаас томоохон улс, гүрэн байгуулж өнгөрсөн удаатай.
ӨМӨЗО-ын нутаг дэвсгэр аймгийн түвшний засаг захиргааны хувьд 9 тойрог хот, 3 аймагт хуваагдана. Цааш 101 хошууны түвшний нэгж, 1425 гацааны түвшингийн нэгжид хуваагддаг.
[засварлах] Монголчууд
Өвөр Монголд 2000 оны хүн амын тооллогоор 3,995,349 Монгол хүн оршин суудаг гэжээ. Тэдний дотор Цахар, Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Мянгад зэрэг дундад зуунаас улбаатай олон отогууд одоо овог болоод тус бүр хошууны нэрс болоод байна.
[засварлах] Гадаад холбоос
- (Англи, Монголоор) Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө
- (Монгол бичгээр) Өвөр Монголын нарийвчлалт том газрын зураг
| Өвөр Монголын Өөртөө Засах Ороны засаг захиргааны хуваарь | ||||
|---|---|---|---|---|
|
| Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мужлал | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||
