Вьетнам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Cộng hoà Xã hội Chủ nghĩa Việt Nam
Бүгд Найрамдах Нийгэм
Журамт Вьетнам Улс
Вьетнамын төрийн далбаа
Вьетнамын төрийн сүлд
Төрийн далбаа Сүлд
Уриа: Độc lập, Tự do, Hạnh phúc
«Тусгаар тогтнол - Эрх Чөлөө - Аз жаргал»
Албан хэл Вьетнам хэл
Нийслэл Ханой
Төрийн хэлбэр Социалист Бүгд Найрамдах Улс
Засаглалын хэлбэр Социалист нэг намын систем
Төрийн тэргүүн Ерөнхийлөгч
Нгуен Фу Чонг
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд
Нгуен Суан Фук
Газар нутгийн талбай 331.690[1] км²
Хүн ам 95.415.000 (2017 он, багцаагаар)[2]
Хүн амын нягтрал 282 хүн/км²
Хүн амын өсөлт 1,15 % жилд
ДНБ
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
2017[3]
  • 220,4 тэрбум $ (48.)
  • 647,4 тэрбум $ (35.)
  • 2.354 $(136.)
  • 6.913 $(129.)
Хүний хөгжлийн илтгэцүүр 0,683 (115.) (2016)[4]
Мөнгөн тэмдэгт Донг (VND)
Тусгаар тогтносон 1945 оны есдүгээр сарын 2-нд Францаас тусгаар тогтносоноо зарласан, 1954 онд хүлээн зөвшөөрөгдсөн
Төрийн дуулал Вьетнамын төрийн дуулал
Үндэсний баярын өдөр 9 сарын 2
Цагийн бүс UTC+7
ТХ-н дугаар VN
ISO 3166 VN, VNM, 704
Домэйн нэр .vn
Утасны бүсчлэлийн дугаар +84
Vietnam on the globe (Southeast Asia centered).svg
Vietnam-CIA WFB Map.png

Вьетнам (Вьетнам: Việt Nam Дуудлага Вьетнам), албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай бөгөөд дэлхийд арван гуравт жагсдаг. Нэг улс төрийн намын системтэй улс.

Түүх[засварлах | edit source]

Вьетнам нь 10-р зуунд тусгаар улс болохоос өмнө мянган жилийн турш Хятадын захиргаанд байжээ. Үүнээс хойш олон династи хөгжин цэцэглэж байсан боловч 19 дүгээр зууны эхэн үед Францын колони болсон байна. Францчуудын эсрэг тэмцлийн үр дүнд 20-р зууны дунд үед тэдгээрийг улсаасаа хөөж чадсан боловч улс төрийн шалтгаанаар тус улс нь умард, өмнөд гэж хоёр хэсэгт хуваагджээ. Хуваагдсан хоёр тал нь Вьетнамын дайны үеэр дайтаж, 1975 онд коммунистууд дайнд ялалт байгуулж нэгдсэн байна.

Урт хугацаагаар үргэлжилсэн дайн дууссаны дараа Вьетнам нь нэгдэж чадсан ч улс төрийн хувьд тусгаарлагдсан байв. Засгийн газрынх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шийдвэрүүд нь дайны дараах бүтээн байгуулалтыг саатуулж, ялагдсан талд хандах харьцаа нь эвлэрэх биш, дургүйцэлд хүргэж байв. 1986 онд эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийж олон улсын интеграцчилалд оролцох замд шилжжээ. 2000 он гэхэд олон улсын харилцаагаа өргөтгөж дэлхийн ихэнх орнуудтай дипломат харьцаа тогтоосон байна. Сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байв. Энэхүү хүчин чармайлтынхаа хүрээнд 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ.

Газар зүй[засварлах | edit source]

Физик газар зүйн зураг

Вьетнам 332,210 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Кот-Дивуараас арай том буюу дэлхийн 68-р том орон юм.

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 8° — 24° (мэлхийн зам экватор хоёрын дунд), зүүн уртрагийн 102° — 110° дотор Зүүн Өмнөд Ази болон Энэтхэг-Хятадын хойгийн дорнод эргийг даган, умардаас өмнөд хүртлээ 1650 километр урт, хөндлөн 50-600 километр нарийн S маягийн хэлбэртэй оршдог. Баруун талаараа Камбож (1228 км хил), Лаос (2130 км), хойд талаараа Хятад (1281 км) улстай хиллэж зүүн талаараа Бакбогийн булан, Өмнөд Хятадын тэнгис, баруун урд талаараа Тайландын булан гээд Номхон далайн хөвөө хязгаарт тулдаг. Хилийн нийт урт — 4639 км, эргийн урт — 3444 км.

Газар ус[засварлах | edit source]

Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байна.

Соёл урлаг[засварлах | edit source]

Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгожээ. Орон нутгийн Чо дуурь, Чуан хо ардын дуу зэрэг нь уламжлалт урлагийн төрөл зүйлүүд бөгөөд Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог байна.

Аялал жуулчлал[засварлах | edit source]

Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3,7%-р өсжээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКОдэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 1977 онд НҮБ-ын гишүүн болсон. Олон улсын Засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн, дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 200 улс, эдийн засагтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаатай.

1995 онд АСЕАН, 1998 онд АПЕК-т гишүүнээр элссэн. Гишүүн болсон бусад гол олон улсын байгууллага:

  • НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд
  • Сэргээн босголт хөгжлийн олон улсын банк
  • Олон улсын иргэний агаарын байгууллага
  • Олон улсын валютын сан,
  • ЮНЕСКО
  • ДЭМБ
  • Олон улсын далайн байгууллага
  • Дэлхийн оюуны өмчийн холбоо
  • АХБ
  • АНДЭЗНК
  • ЭҮНХ

Вьетнам 1989 оноос Камбожоос цэргээ татан гаргаж эхэлсэн бөгөөд гадаад бодлогоо илүү нээлттэй болгожээ. Вьетнам Улс ЗХУ болон Зүүн Европын орнуудтай баримталж байсан чиг шугамаа хадгалахын сацуу Өрнөд Европ болон Азийн хөгжиж буй орнуудтай өргөн харилцаатай байх зарчмыг баримтлах болсон. 1994 он гэхэд Вьетнамын худалдааны 5 том түнш нь бүгд Азийн орнууд болсон байв. Үүнд: Япон, Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос, Хятад орж байна.

Вьетнам улс дэлхийн бүх улстай улс төр, нийгмийн тогтолцооны хэлбэрийг үл харгалзан харилцаа, хамтын ажиллагаагаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоодын хэрэгт үл оролцох, харилцан адил, харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх, социалист орнууд болон хөрш орнуудтай эв нэгдэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзсэн, энхтайван, үндэсний тусгаар тогтнол, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөөх дэлхийн ард түмнүүдийн нийтлэг үйлс, хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, оролцох чиглэлээр энхтайван, найрамдалт харилцааг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж БНСВУ улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд тодорхойлсон байна.

Вьетнам болон түүний хөршүүдийн хооронд гардаг газар нутгийн маргаантай асуудал бол Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли, Параселийн арлууд юм. Вьетнам, Хятад, Филиппин, Малайз, Тайвань, Индонез, Бруней улсууд тус арлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрсдийн газар нутгийн хэсэг хэмээн үздэг.

1970-аад оны дунд үеэс вьетнамчууд хуучин ЗХУ-ыг хэт дагах болсон, Камбожид цэргээ оруулсныг Хятад Улс таашаагаагүйн улмаас Вьетнам-Хятадын харилцаа муудаж эхэлсэн. 1978 оны 3 дугаар сараас Хятад Вьетнамд олгож байсан эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоосон.

1991 онд Вьетнам, Хятадын албан ёсны дипломат харилцаа дахин сэргэсэн. Эдүгээ Хятад нь Вьетнамын гадаад худалдааны гуравдахь түнш болсон бөгөөд тэд цаашдын харилцааныхаа цар хүрээг найрсагаар хөрш зэргэлдээ оршиж, урд удаан тогтвортой бүх талаар хамтран ажиллаж, ирээдүйд хүрэх гэж тодорхойлж байна. Хоёр орны удирдагчид, намын дарга нар харилцан айлчлал хийж, XXI зуунд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолсон.

1995 оны 7 дугаар сарын 11-нд Ерөнхийлөгч Б.Клинтон Вьетнамтай дипломат харилцаа тогтоосноо зарласан. Мөн оны 8 дугаар сард тус хоёр орон ЭСЯ-аа харилцан нээсэн. АНУ-ын зүгээс олзлогдогсод, сураггүй бологсодын асуудлаар Вьетнамтай хамтран ажиллаж, энэ ажлын явц амжилтай байсан тул 1994 онд Вьетнамд тавьж байсан худалдааны хоригоо цуцалсан. Өнөөдөр АНУ Вьетнамд оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр эхний 8 орны тоонд орж байна.

2001 оны 9 дүгээр сарын 6-нд байгуулсан Вьетнам-Америкийн Худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.

2001 онд ОХУ-ын төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч В. Путины анх удаагаа Вьетнамд хийсэн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ мянганд хөгжүүлэхэд чиглэсэн, харилцааны шинэ суурь тавьж өгч байгаагаараа онцлог юм гэж БНСВУ-ын ерөнхийлөгч Чан Дык Лыонг Оросын Үндэсний радио, телевиз-д өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн.Вьетнамын улсын нийт төсвийн 27-29%-ийг газрын тос, байгалийн хийн салбар үйлдвэрлэж гаргадаг бөгөөд Вьетнам, ОХУ-ын хамтарсан Вьетсовпетро газрын тосны хамтарсан үйлдвэр 80%-ийг нь үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр 1981/анх ашиглалтанд орсон/-2005 онд нийт 150 сая тонн газрын тос олзворложээ.

ОХУ Вьетнамд нийтдээ 1,7 тэр бум ам.долларын хөрөнгө оруулсан. Худалдаaны эргэлт 2005 онд 1,100 тэрбум ам.долларт хүрч, экспортын эргэлт 255 сая ам.долларт хүрчээ.

1990 оны эхэн үеэс Вьетнам-Японы харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Харилцан ойлголцох явдлыг бэхжүүлснээр бүх талын хамтын ажиллагаанд хүрсэн бөгөөд энэ нь хоёр улсын 30 жилийн харилцааны хамгийн гол үр дүн гэж Вьетнамчууд тодорхойлдог. Вьетнам- Японы харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд ялангуяа, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдсэн. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 1993 оноос хойш Японы дөрвөн Ерөнхий сайд Вьетнамд, Вьетнамын хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр Ерөнхий сайд Японд айлчилжээ.

Монгол-Вьетнамын харилцаа[засварлах | edit source]

Монгол, Вьетнам улс 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон.

Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]