᠌᠌Приднестр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Приднестровская Молдавская Республика
(оросоор)
Република Молдовеняскэ Нистрянэ
(молдаваар)
Придністровська Молдавська Республіка
(украйнаар)
᠌᠌Приднестрийн Бүгд Найрамдах Молдав Улс
Молдавын төрийн далбаа#Приднестр
Приднестрийн төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд
Де‑факто‑төр, нутаг
дэвсгэр нь олон улсын
эрх зүйн хувьд
хамаарах нь
Бүгд Найрамдах Молдав Улс
Албан хэл Орос, молдав, украйн[1]
Нийслэл Тирасполь
Засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах
Төрийн тэргүүн Ерөнхийлөгч Вадим Красносельски
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Александр Мартынов
Газар нутгийн талбай 3.567 км²
Хүн ам 475.665 (2015)[2]
Хүн амын нягтрал 133 хүн/км²
Мөнгөн тэмдэгт 1 Приднестрийн рубль = 100 копек
Үүсэл 1990 оны 9 сарын 2
Төрийн дуулал Приднестрийн төрийн дуулал
Цагийн бүс ЗЕ цагийн бүс (UTC+2)
ТХ-н дугаар ПМР
Утасны бүсчлэлийн дугаар +373
Transnistria in Europe (zoomed).svg
Приднестрийг (улаанаар) Молдавын бүрэлдэхүүнд оруулан харуулжээ Приднестрийг (улаанаар) Молдавын бүрэлдэхүүнд оруулан харуулжээ

Приднестр (бүтэн нэр нь Приднестрийн Бүгд Найрамдах Молдав Улс, мөн өөрөөр Транснистр ч гэдэг) нь Днестр мөрний зүүн талын эрэг дагуу орших, дутуу эрхт улс юм. 1990 онд Бүгд найрамдах улсаа тунхагласан боловч өнөөг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй. Приднестр нь 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үест Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. Транснистрийн мөргөлдөөн нь өнөөг хүртэл шийдэгдэж дуусаагүй бөгөөд одоогоор "хөлдсөн мөргөлдөөнд" тооцогддог.[3][4][5]

2004 онд Транснистр багцаагаар 555.000 хүн амтай байв. Энэ нутаг нь хүнд аж үйлдвэрийн чухал бүс нутаг бөгөөд Оросын Холбооны Улсын нөлөөнд байх[6] ч олон улсын эрх зүйн хувьд Молдавын бүрэлдэхүүн хэмээн авч үздэг.

Улсын нэрийн түүх[засварлах | edit source]

Приднестр гэдэг нь „Днестрийн Улс“ гэсэн утгатай (при = дэргэд, хажууд) бөгөөд Днестр мөрний нэрийн орос хэлний хувилбарыг авчээ (рум. Нистру, укр. Дністер/Днистер, оросоор Днестр). Транснистр гэх нэршил нь эсрэгээрээ мөрнөөс „алс хол“ гэсэн байршлыг заасан утгатай. Түүнээс гадны дэлхийн хоёрдугаар дайны үед Румын улс тус нутгийг эзэлснийхээ дараа албан бичигтээ Транснистр хэмээх нэршлийг ашиглаж байснаас бас үүдэлтэй юм.[7] Хааяа „Бүгд Найрамдах Днестр Улс“ гэх хэлбэр ч хэрэглэгддэг.

Приднестрийн засгийн газраас 2000 оны 11 сарын 29-нд баталсан тогтоолын дагуу улсын болон төв банкны нэрийг латин үсгээр Pridnestrovskaia Moldavskaia Respublika (PMR) болон Pridnestrovskii Respublikanskii Bank (PRB) хэмээн бичихээр тогтсон байна. Гэхдээ үүнд зөвхөн орос нэрнүүд хамрагдахаас молдав нэрэнд хамаарахгүй юм байна. Үүний зэрэгцээ Транснистр орсон бусад нэршлүүдийг ашиглахыг „онолын“ хувьд хориглосон юм.

Түүх[засварлах | edit source]

Эрт үеэс шинэ эрин хүртэл[засварлах | edit source]

Молдавын ван Их Стефан болон сүүлд Османчуудын барьсан Тигина цайз

Өнөөгийн Приднестрийн нутаг нь түүхэндээ маш олон удаа эзэмшигчээ сольсон ба үүнийг дагаад хүн амын бүтэц нь бас улс төрийн байдлаас шалтгаалаад өөрчлөгдсөөр иржээ.

Эртний түүхийн үед Транснистр нь Скифүүд ба Дакичуудын нөлөөнд байсан аж. Мөзи аймгийн нэг хэсэг учраас хэдэн зуун жил Ромын эзэнт гүрэнд харьяалагдаж байв. Дундад зууны эхэн үед славын овог аймгууд, кипчакууд болон бусад угсаатны бүлгүүд ирж суурьшсан байна. Энэ бүс нутаг нь магадгүй хэсэг хугацаанд Киевийн Русьд харьяалагдаж байгаад, 13-р зуунд Монголчуудын байлдан дагуулалтын дараа Монголчуудын захиргаанд очжээ. 15-р зуунаас эхлэн өнөөгийн Приднестрийн газар нутгийн хэсгүүд нь Польш-Литва, Крымийн ханлиг болон Козак-Гетманщинчуудын эзэмшилд байв. Сүүлд нь Днестрийн баруун бүс нутаг нь Османы эзэнт гүрэнтэй холбоотон байсан ихэнх нь румынчуудаас бүрдсэн Молдавын ванлигийн харьяанд байсан байна.

Оросын байлдан дагуулал[засварлах | edit source]

1792-1793 онд Хаант Орос нь Орос-Туркийн дайны дараа өөрийн нөлөөллийн хүрээгээ Днестрийн зүүн эрэг хүртэл тэлж чадсан ба ингээд өнөөдрийн Приднестрийн нутаг дэвсгэрийн ихэнх нь Шинэ Оросын бүрэлдэхүүнд оров. Энэ үед Транснистрийн хүн амын дийлэнхийг украйнчууд, румынчууд, татарууд бүрдүүлж байлаа.[8]

Тун удалгүй тухайн үеийг хүртэл маш бага хүн суурьшсан байсан нутагт колоничлогчид бодлоготойгоор өөр угсаатныг суурьшуулсан ба эдгээр нүүдэллэн ирэгсдийн ихэнх нь оросууд болон украйнчууд байв. Мөн түүнчлэн 19-р зууны эхнээс Хар тэнгисийн Германчууд ч ийш нүүдэллэн ирж суурьшсан бөгөөд Приднестрт германчуудын байгуулсан хэд хэдэн тосгон байдаг. Тус улсын өнөөгийн нийслэл Тирасполийг 1792 онд оросын алдарт жанжин, генерал Александр Суворовын санаачлагаар Оросын эзэнт гүрний хилийн харуулаар анх байгуулсан аж.[9]

1812 он гэхэд Оросууд Бессарабыг ч бас хяналтандаа оруулж чадсан ба үүгээр өнөөгийн Молдавын бүх газар нутгийг эрхэндээ оруулав. Приднестрийн хил нь Днестр мөрнөөр зааглагдаж байснаас гадна ихэнх хэсэг нь Херсон хошуунд харьяалагдах болов. Харин Бендер, Кицканы хотууд л Бессараб хошууны харьяанд орох бөгөөд энэ хоёр хотын газар нутаг нь өнөөгийн Молдав улстай хиллэж байв.

Оросын хувьсгалын дараа[засварлах | edit source]

Нийслэл Тирасполь, 1941 он

Дэлхийн нэгдүгээр дайны дараа хуучны Бессараб нь Румынтай нэгдэв. Харин Днестр мөрний зүүн талын нутаг буюу одоогийн Транснистрийн бараг бүх нутаг дэвсгэр нь шинээр үүсгэн байгуулагдсан Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүн улс болох Бүгд Найрамдах Украйны бүрэлдэхүүнд багтах боллоо. Днестрийн баруун эрэгт оршдог учраас Бендер ба Кицканы хотууд Румынд хамаарах болжээ.

Зөвлөлт Холбоот Улс 1924 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Молдав Улсыг (ЗСБНАМУ) байгуулан Украйны бүрэлдэхүүнд оруулав. ЗСБНАМУ нутаг дэвсгэр нь Украйны дахь румын хэлтэй цөөнхийн болон Транснистрийг хамарч байлаа. 1929 оныг хүртэл Балта хот энэ улсын нийслэл байсан ба дараа нь Тирасполь болжээ.

ЗХУ-ын үед ч оросууд болон украйнчуудын шилжин суурьших хөдөлгөөн үргэлжилсэн бөгөөд үүний үр дүнд ялангуяа хотуудад оршин суух румын, молдав угсаатны эзлэх хувь улам багасчээ. Румынд харьяалагдах Днестрийн баруун эргийн хотуудад энэхүү шилжих хөдөлгөөн эсрэгээрээ явагдсан ба учир нь румынжуулалтыг улс бодлоготойгоор явуулсантай холбоотой аж.

1918 оноос эхлэн Румынд харьяалагдах болсон Бендер хот (тухайн үед албан ёсоор Тигина) болон түүний эргэн тойрон нь түүхэн талаас нь авч үзвэл Бессарабын нутагт орох ч хоёр дайны хооронд гэхэд хэлний болон угсаатны талаасаа аль хэдийн оросжсон байв. Хэдийгээр Румын улсын талаас румынжуулах бодлогыг хүчтэй явуулсан ч энэ хот нь орос хэлтэй хот болон үлджээ. 1930 онд тус хотын хүн амын 15 % нь румын хэлтэй ард түмэн, харин 52,8 %-ийг орос хэлтэй ард түмэн бүрдүүлж байв.[10] Кицканы хотод ч орос хэлтэнгүүд нийт хүан амын 47, 3 %-ийг бүрдүүлж байсан нь Бессарабын хүн амаас хол давсан тоо байв.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Приднестр[засварлах | edit source]

1939 онд нацист Германы эзэнт гүрэн болон сталинист ЗХУ хоёр улс нь Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээг байгуулан, Дорнод Европын газар нутгийг хуваан авчээ. Зөвлөлт Холбоот Улс 1940 онд Румын улсын эзэмшилд 1918 оноос хойш байсан Бессарабыг хүч түрэмгийлэн эзлэн авав. Бессарабыг урьдны ЗСБН Молдав Улсын хэсэгтэй нэгтгээд, украйн гаралтай иргэдийн суурьшсан нутгийг ЗСБН Украйн Улсын бүрэлдэхүүнд оруулсан байна.

1941 оны наймдугаар сарын эхээр Приднестрийг Герман ба түүний холбоотон Румыны цэргүүд эзлэн авав. 1941 оноос 1944 он хүртэл Днестр ба Урд Буг голуудын хоорондох газар нутаг нь румыны мэдэлд байв. Тухайн үеийн румыны эзэлсэн нутаг дэвсгэр нь өнөөгийн приднестрийн газар нутгаас хамаагүй том байсан нь румын украйны нутгийн гүн рүү цөмрөн орсон байсантай холбоотой аж. Румынчууд бүр тэдний суурьшлын нутгаас алслагдсан Одесс, Могилёв-Подольский зэргийн хотуудыг хүртэл мэдэлдээ авсан байлаа. Тэдний эзэлсэн нутагт нийт 2,3 сая хүн байснаас, дөнгөж 8,4 % нь румынчууд байжээ.[11]

Румыны мэдэлд байх үед энэ бүс нутгийн еврейчүүдийн ихэнх нь цөллөгт болон хядлагад өртсөн байдаг. Нутгийн хорих лагериудад румын, украйнаас баривчлагдан ирсэн еврейчүүдийг хорьж байв. Энд нийтдээ 250.000-300.000 еврейчүүд амь насаа алджээ.[12]

Умань-Ботошанийн ажиллагааны хүрээнд улаан арми 1944 оны 3, 4-р сард Днестр мөрний орчмын бүх нутгийг приднестрийн хамтаар буцаан эзэлж авсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах эхний жилүүдэд их хэмжээгээр цөллөгийн ажил явагдав. Герман, румыны түрэмгийлэгчдийн хамтран зүтгэгч нэртэй бүх хүмүүсийг болон молдав-румыны үндсэрхэг үзэлтнүүдийг ч бас бүгдийг нь гэр бүлийн хамтаар нь сибирь эсвэл төв ази руу хүчээр шилжүүлэн суулгасан байна.[13]

Газар зүй[засварлах | edit source]

Приднестрийн захиргааны хуваарь (район)

Приднестрийн нутаг дэвсгэрийн талбай нь яаж тодорхойлсноос хамааран 3567-4163 километр квадрат талбайн хооронд хэлбэлзэх ба энэ зөрүү нь Молдавын газар нутгийн 10,5 % - 12,3 % талбай юм. Нийт талбайгаараа Приднестр нь Люксембургээс том.

Баруун хойноос зүүн урд зүгийн урт нь 202 километр. Приднестр нь нам дор газар байрлалтай, далайн төвшнөөс дээш 50-200 метрийн өндөрт, баруун талаараа Молдав улстай, зүүн талаараа Украйнтай хиллэн оршдог. Нийслэл хот Тирасполь нь улсынхаа өмнө зүгт Одесс (100 километрийн зайтай), Кишинёв (70 километр) хоёр хотын дунд оршдог, нийт 150.000 орчим оршин суугчтай. Приднестрийн Дубоссары район дахь Днестрийн зүүн талын хэд хэдэн тосгон молдавын засгийн газрын хяналтад байх ч, Приднестрийн зүгээс заргалдсаар байгаа. Үүний адил баруун эргийн Варница, Копанка зэрэг суурингууд ч молдавын хяналтанд байдаг ч Приднестрт харьяалагддаг.

Приднестрийн нийслэлээс гадна чухал хотын тоонд Бендер, Рыбница, Дубоссары зэрэг орно. Мөн орон нутгийн хүрээнд чухал дулааны цахилгаан станцтай Днестровск хот ч бас багдаг.

Хүн амын дийлэнх нь нутгийн өмнө зүгт амьдрах учир тэр хэсэгтээ хүн амын нягтшил өндөртэй. Тирасполь, Бендер, Слободзи зэрэг хотууд болон тэдгээрийг тойрсон суурингууд нийлээд 350.000 орчим хүн ам бүхий төвлөрөлтийг үүсгэж байгаа нь тус улсын эдийн засгийн болоод хотожсон чухал бөөгнөрөл юм.

Засаг захиргааны хуваарилалт[засварлах | edit source]

Приднестр нь нийт таван районд хуваагдана. Тирасполь, Бендер хоёр хот нь бие даасан захиргааны нэгжүүд юм.

Район Орос нэршил Румын нэршил Захиргааны төв
Каменка район Каменский район Raionul Camenca Каменка
Дубоссары район Дубоссарский район Raionul Dubăsari Дубоссары
Григориополь район Григориопольский район Raionul Grigoriopol Григориополь
Рыбница район Рыбницкий район Raionul Rîbnița Рыбница
Слободзи район Слободзейский район Raionul Slobozia Слободзи
Тирасполь хот Тирасполь Tiraspol Тирасполь
Бендер хот Бендеры Bender Бендер

Хүн ам[засварлах | edit source]

2004 оны арваннэгдүгээр сарын хүн амын тооллогоор 555.000 орчим хүн тоологдсон ба үүний 31,9 % нь молдавчууд, 30,3 % оросууд, 28,9 % нь украйнчууд байв. Үүн дээр өөр угсаатны цөөнхүүд болох болгарчууд (2,5 %), еврейчүүд, арменчууд, татарчууд, гагаузууд, беларусьчууд нэмэгддэг. 1992 оны дайны төгсгөлөөс эхлэн эндэхийн оросуудын эзлэх хувь нэмэгдэж байгаа бол Молдав дахь оросуудын тоо буурсаар байгаа юм.

1989 онд хийсэн зөвлөлтийн тооллогоор энэ бүс нутагт ойролцоогоор 700.000 хүн амьдарч байснаас 39,9 % молдавчууд, 25,5 % оросууд, 28,3 % украйнчууд байжээ. Нэг бүс нутгаас нөгөө бүс нутагт оршин суух үндэстний бүлгүүдийн эзлэх хэмжээ хоорондоо ихээхэн ялгаатай байна. Жишээлбэл нутгийн умард хэсэг буюу Каменка орчмын бүсэд дөнгөж 6,9 % нь оросууд байхад Гискад 61 %-ийг нь эзэлнэ. Улс даяар тархсан болгарчуудын эзлэх хувь нь 2,5 % боловч, үүний 80 % нь Парканы суурин амьдардаг байна. Хүн амын дийлэнх нь приднестрийн харьяатаас гадна оросын болон молдавын, эсвэл хоёулангийнх нь иргэншилийг давхар эзэмших нь элбэг.

Улс төр[засварлах | edit source]

Приднестрийн ерөнхийлөгч Игорь Смирнов

1991 оноос 2011 оныг хүртэл Приднестрийн ерөнхийлөгчөөр Игорь Смирнов ажилласан ба тэрбээр гурван удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд (1996, 2001, 2006 онуудад) нэр дэвшин, заримд нь илт давамгай ялалт байгуулан сонгогдож байв.

Зэвсэгт хүчин[засварлах | edit source]

Приднестрийн зэвсэгт хүчин нь ЕАБХАБ-ын багцаалснаар 2009 онд 4000-4500 орчим хүнтэй байнгын армитай бөгөөд нийт 18 байлдааны танк, олон тооны пуужин хөөргөгч, мөн нэлээд хэдэн байлдааны болон тээврийн нисдэг тэрэгнүүд эзэмшдэг. Тус улсын өөрсдийн мэдээлж буйгаар бол 15.000 хүнтэй арми, олон тооны Ми-2, Ми-8 загварын хуучин нисдэг тэрэгтэй аж.[14] Цэргийн насныхан алба хаах үүрэг хүлээх ба шаардлагатай үед козакууд- ба сайн дурынхны ангийг нэмэлтээр татан босгох чадвартай аж. Зарим сурвалжуудын мэдээгээр нийт 120.000 хүртэлх хүн дайчлах бололцоотой гэжээ.[15]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Транснистр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: ᠌᠌Приднестр – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Verfassung Pridnestrowische Moldauische Republik
  2. Populația Transnistriei a scăzut cu 14,3 la sută
  3. OSCE: De Gucht Discusses Montenegro Referendum, Frozen Conflicts, Radio Free Europe, 23. Mai 2006
  4. Frozen Conflicts In The Black Sea-South Caucasus Region (Memento vom 5. Зургаадугаар сар 2013 im Internet Archive)
  5. Karl Penhaul, "To Russia with love? Transnistria, a territory caught in a time warp", 11. April 2014, CNN
  6. Europäischer Gerichtshof für Menschenrechte: GRAND CHAMBER JUDGMENT IN THE CASE OF ILAȘCU AND OTHERS v. MOLDOVA AND RUSSIA (Memento vom 12. April 2009 im Internet Archive)
  7. From the separatist movement to a new identity group - people of Transnistria: declarations countered by reality, Marta Melnykevych, Norwegian University of Life Sciences, Ås/Norwegen 2014, S. 1
  8. Andrew Wilson: "The Ukrainians: Engaging the Eastern Diaspora" (Westview Press, 1998)
  9. About Transdnistrea (Memento vom 15. Oktober 2007 im Internet Archive)
  10. http://archive.org/stream/recensamntulgene02inst#page/462/mode/2up
  11. Anton Golopenția "Românii de la est de Bug", vol. I, Editura Enciclopedică, București, 2006.
  12. ushmm.org
  13. usm-md.academia.edu
  14. Youtube дээрх мэдээлэл.
  15. Bernard Aussedat: Wie lassen sich Vertrauen und Sicherheit in Moldau wiederherstellen? , OSZE-Jahrbuch 2009, ifsh.de (PDF)