Jump to content

Лаос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс
  • ສາທາລະນະລັດ ປະຊາທິປະໄຕ ປະຊາຊົນລາວ (Лаос)
  • Сатхаланалат Пасатхипатай Пасасьон Лао

République Démocratique Populaire Lao (Франц)

Уриа: ສັນຕິພາບ ເອກະລາດ ປະຊາທິປະໄຕ ເອກະພາບ ວັດທະນະຖາວອນ
Сантипхаз, Экалат, Пасатхипатай, Экапхап, Ваттханатхавон
"Энх тайван, Тусгаар тогтнол, Ардчилал, Эв нэгдэл, Хөгжил цэцэглэлт"
Төрийн дуулал: ເພງຊາດລາວ
Pheng Xat Lao
"Энх тайван, Тусгаар тогтнол, Ардчилал, Эв нэгдэл, Хөгжил цэцэглэлт"
 Лаос улсын байршил (ногоон)

АСЕАН (хар саарал)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Вьентьян
17°58′N 102°36′E / 17.967°N 102.600°E / 17.967; 102.600
Албан ёсны хэлЛаос хэл
Ярианы хэл
Угсаатны бүлгүүд
(2015[2])
Шашин
Ард түмний нэршилЛаосчууд
Лаосынхан
Төр засагНэгдмэл Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс
Тонглун Сисулит
Боунтонг Читмани
Пани Ятодү
Сонесай Сифандон
Сайсомфон Фомвихан
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
1353–1707
1707–1778
• Сиамын вассал
1778–1893
1893–1953
5 сарын 11, 1947
10 сарын 22, 1953
12 сарын 2, 1975
8 сарын 14, 1991
Газар нутаг
• Нийт
236,800 км2[5] (82)
• Усны эзлэх талбай (%)
2
Хүн ам
• 2022 тооцоо
7,749,595[5] (103)
• Нягтаршил
26.7/км2
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$74.309 тэрбум[6] (106)
• Нэг хүнд ноогдох
$9,800[6] (125)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$14.091 тэрбум[6] (145)
• Нэг хүнд ноогдох
$1,858[6] (152)
ОТББИ (2012)36.4[7]
дундаж
ХХИ (2021) 0.607[8]
дундаж · 140
Мөнгөний нэгжКип (₭) (LAK)
Цагийн бүсUTC+7 (ICT)
Жолооны талбаруун
Утасны томьёо+856
ISO 3166 кодLA
Домэйн нэр.la

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (тов. БНАЛАУ; лао. ສາທາລະນະລັດ ປະຊາທິປະໄຕ ປະຊາຊົນລາວ Sathalanalat Paxathipatai Paxaxon Lao) буюу Лаос улс нь Зүүн-Өмнөд Азид зүүнээрээ Вьетнам, урдуураа Камбож, баруун урдуураа Тайланд, баруун хойноо Мьянмар, Хятад гэх 5 улсаар хүрээлүүлж оршдог, далайд гарцгүй улс юм.

Нийслэл нь Вьентьян хот. Албан ёсны хэл нь Лаос.

Нийтийн тооллын 1400 он. Хар ногоон нь Лаан Саан

Лаосын нутагт хэд хэдэн жижиг гүнт улс оршин байсныг нэгтгэж 1353 онд Фа Нгум («fȁːŋum» гэх лаос дуудлагаас хөрвүүлвэл Фаанум) гэгч Лаан Саан (лао. ລ້ານຊ້າງ lâansâang - «сая заан»; Орос: Лансанг ; Англи: Lan Xang - Лан Шан) хэмээх вант улсыг байгуулсан нь Лаосын анхны төвлөрсөн төр юм. Энэ улсын 354 жилийн тусгаар тогтнолоор бусад Тайчуудаас ялгарах Лаос үндэстний онцлог бүрэлдэн тогтжээ. Улсын бүтэн нэр нь Лан Санг Хом Кхао - «Сая заан, цагаан шүхрийн орон» гэнэ.[9]

1707 онд Луан Прабан, Вьентьян, Чампасакийн газарт төвлөсөн 3 гүнт улс болон хуваагдаж, хожим Бирм, Сиамын дайралт, нөлөөнд өртөж, эцэстээ Францын Энэтхэг-Хятадад нэгтгэгджээ. Лаосын одоогийн хил Францын колони байхад нь 1893-1904 онд тогтоон зурсан байна.

Дэлхийн II дайны үед 1941-1945 онуудад Лаос бүс нутгийн бусад орнуудын нэгэн адил Японд эзлэгдсэн. 1953 оны 10-р сарын 22-нд Францаас тусгаар тогтнолоо олж авч Лаосын Вант улс үүссэн ч төд удалгүй нэг талаас ардын засаг тогтоох, нөгөө талаас хаант засгаа хадгалах гэсэн эсрэг тэсрэг үзэлтэй хоёр улс төрийн хүчинд хуваагдан дайтжээ. Энэхүү Лаосын иргэний дайн нь Вьетнамын дайнтай хавсран өрнөж эцэстээ Вьетнам болон Лаосын коммунист (эв хамт) хүчний ялалтаар төгсөж Лаост хаант засаг нь унаж, 1975 оны 12 сарын 2-нд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ) тунхаглан өнөөг хүрээд байна.

Лаосаар урсах Меконг мөрөн

Лаос нь Зүүн Өмнөд Ази дахь далайд гарцгүй цорын ганц орон юм. Нутаг нь хойд өргөргийн 14° - 23°-р зэргэд, зүүн уртрагийн 100° - 108°-р зэргэдийн хооронд багтдаг. Ихэнх газар нь ойгоор хучигдсан уул нуруу. Тэндээс хамгийн өндөр цэг болох Поу Биа уулын орой д.т.д 2,818 м хүрдэг. Мөн Луан Прабан (баруун талд), Аннамын (Вьетнамтай залгаа зүүн тал) гэх хоёр нурууг онцлох учиртай. Нийт газар нутгийн гуравны хоёр нь уулархаг. Зүүн-Өмнөд Азийг усаараа ундаалдаг Меконг мөрөн Лаосын нутгаар 1835 км газраар урсаж өнгөрдөг. Нийт нутаг дэвсгэрийн 47 хувь буюу 11 сая га талбайг ой мод эзэлдэг бөгөөд түүний 3 сая га–д улаан, хар, ягаан царс, суман полисандр зэрэг сайн чанарын болон үйлдвэрлэлийн үнэт мод ургадаг. Эмийн төрөл бүрийн ургамал ихтэйн дээр заан, бар, баавгай, эрээн гөрөөс зэрэг халуун орны зэрэг ан амьтан элбэг.

Жилийн 5-аас 10-р сарын хооронд борооны улирал буюу зун, 12-аас 4-р сарын хооронд хуурай улирал буюу өвөл тохиодог. Лаос нь голдуу бүртгэлийн зорилгоор нутгаа өмнөд (урд), дундад (төв), умард (хойд) гэж гурав хуваан бүсчилдэг.[10]

Алт, мөнгө, зэс, цагаан, хар тугалга, цайр, төмөр, хүхэр, нүүрс, цэхэр индраанил зэрэг үнэт, хагас үнэт чулуу болон барилгын материалын түүхийн эдийн арвин нөөцтэй.

Арван долоон их нутаг (жагсаалтын дугаараар)

Арван зургаан аймаг, нэг тойрог:

  1. Аттапы (Аттапу)
  2. Бокео (Бокев)
  3. Боликхамсай (Болихамсай)
  4. Чампасак (Жамбасаг)
  5. Хуапхан
  6. Кхаммуан (Комуань)
  7. Луангнамтха
  8. Луангпхабанг (Луанпабан)
  9. Удомсай
  10. Пхонгсали
  11. Сайнябули (Саябули)
  12. Салаван
  13. Саваннакхет (Саваннакет)
  14. Секонг
  15. Вьентьян (Вьенжань)
  16. Вьентьян (Вьенжань)
  17. Сиенгкхуанг

Төр, засгийн зохион байгуулалтын хувьд парламентын засаглалтай, улс төрийн нэг намын тогтолцоотой. Улс төрийн хувьд босоо удирдлагын хатуу зарчим баримталдаг.

1991 онд Шинэ Үндсэн хуулиа баталсан.

Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг Үндэсний Ассамблей 5 жилийн хугацаатайгаар сонгодог. Ерөнхийлөгчөөр 2006 онд Чуммали Саяасон, 2016 онд Буннянг Ворачит, 2020 онд Тонглун Сисулит сонгогдон ажиллаж байна. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж Үндэсний Ассамблей 5 жилийн хугацаатайгаар томилдог. Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч томилж Үндэсний Ассамблей баталдаг.

Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей 149 гишүүнтэй, гишүүдийг 5 жилийн хугацаатай сонгодог. 2016 оны сонгуулиар 211 хүн нэр дэвшиж Лаосын Ардын Хувьсгалт Намын 144 гишүүн, 5 гишүүн бие даагч нар сонгогдсон.

Лаос орны тутаргын нэгэн талбай

Лаосын эдийн засаг (ЭЗ) жилд дунджаар 7% өссөөр хориод жилийг үдлээ. 2008-2010 оны саяхны гурван жилд 7.8%, 7.6%, 7.7%-иар өссөн.[11] 2011 онд худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнийн ДНБ нь $17.4 тэрбум байж хүн нэг бүрт $2,659 ноогджээ.[12] Энэ нь зэргэлдээ хэдэн улс, дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм.

1976 оноос социалист эдийн засгийн журманд орсон бол 1986 онд төрийн оролцоог танаж, хувийн хэвшлийг зөвшөөрчээ. Зарим хөрш шигээ зах зээлийн журамд аажим нэвтэрч байгаа. Авто замын сүлжээ сийрэг, төмөр зам байдаггүй нь зах зээлийн өсөлтөд сөрөгөөр нөлөөлдөг ч БНХАУ-ын "Нэг Бүс Нэг Зам" хөтөлбөрийн шугамаар тус улсыг дайрсан төмөр зам баригдаж буй, гадаадын хөрөнгө оруулалт харин өсөлтийг хөгжөөдөг.

Үндэсний нийт бүтээгдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

14.01 тэрбум ам.доллар/2008/.ҮНБ-ний өсөлт (2008): 7,5%. Нэг хүнд ногдох ҮНБ-1900 ам.доллар/2008/ Ажиллах хүч(2006 онд): 2.6 сая хүн. Тэдгээрийн 80% нь ХАА-д, 20% нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг. Ажилгүйдэл (2005)2.4% Ядуурал /2006/ 30.7% Төсөв(2008): Орлого 811.6 тэрбум ам.доллар,зарлага 955.9 тэрбум ам.доллар. БНАЛАУ-ын төсөв дотоодын эх үүсвэрийн хомсдолоос шалтгаалан гадаадын зээл тусламжид тулгуурладаг. Улсын төсөвт нь гадаадын зээлийн хэмжээ 60-65 хувийг эзлэдэг.

Гадаад өр/2008/:3.179 тэрбум ам.доллар. Гадаад валют, алтны нөөц:803 сая ам.доллар/2008.12.31/ Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт:11% (2006 онд)

Худалдааны гол түншүүд:Тайланд,Вьетнам ,Хятад,Малайз. Гадаад худалдааны эргэлтийн 60 хувь нь Тайландад,25 хувь Вьетнамд, 10 орчим хувь нь Хятадад,үлдсэн хувь нь бусад орнуудад ноогддог.

Экспорт/2008/:1.163 тэрбум ам. доллар. Цахилгаан эрчим хүч, кофе, модон болон гар урлалын бүтээгдэхүүн, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, алт, зэс болон эрдэс түүхий эд, цай, каучук, хүнсний ногоо, жимс, ургамлын тос, цагаан будаа, эрдэнэ шиш болон төрөл бүрийн буурцагт ургамал.

Импорт/2008/:1.384 тэрбум ам. доллар. Машин тоног төхөөрөмж, бензин, өргөн хэрэглээний бараа

Зээл, тусламж: 1 жилд дунджаар 390 сая ам. доллар. Гол хандивлагчид нь Япон, Франц , БНСУ. Францын тал Лаост бүх салбарт шууд болон шууд бус замаар хөрөнгө оруулалт хийх, тусламж үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Япон улс жил бүр 100 гаруй сая ам. долларын зээл тусламж үзүүлдэг.

БНАЛАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Лаост хандивлагчдын дугуй ширээний 9 дүгээр уулзалтыг 2007 онд зохион байгуулж БНАЛАУ-ын нийгэм-эдийн засгийг 2006-2010 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний төслийг танилцуулсан нь гадаадын зээл тусламжийн хэмжээг өмнө хэмжээнээс бууруулахгүй байхад зохих үр дүнгээ өгсөн. Урд нь нийгэм-эдийн засгийн жил жилийн төлөвлөгөөг танилцуулж, хандив авдаг байсан.

Зээл тусламжийн нэлээд хэсэг гадаадын мэргэжилтэн зөвлөхүүдийн цалин хангамж, захиргааны зардалд зарцуулагдаж байгаад шүүмжлэнгүй ханддаг.

Гадаадын хөрөнгө оруулалт

[засварлах | кодоор засварлах]

2005 онд 1.7, 2006 онд 2.69, 2007 онд 1.14 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2000 онд ДНБ-ий 19.7 хувийг эзэлж байсан бол 2005 онд 26.6 хувь болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь усан цахилгаан станц, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт чиглэгдэж байна. Томоохон хөрөнгө оруулагчид Тайланд, Австрали, Франц, Хятад, Вьетнам, Малайз, Канад, Өмнөд Солонгос. АСЕАН–ы гишүүн болсноор зах зээлд нь хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх эрх эдлэх зэргийг харгалзан хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаа.

2008 оны эхний хагаст 1907 төсөлд 112.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаагийн 43.7 сая нь дотоодынх, 68.6 сая ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байна. Мөн хугацаанд 359.89 сая ам.долларын өртөг бүхий 92 төсөлд Засгийн газраас зөвшөөрөл олгожээ.

Уул уурхайн салбар, ялангуяа зэс, алтны үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна. Уул уурхайн салбарт 2005 оны эцсийн байдлаар гадаадын 30, дотоодын хувийн хөрөнгө оруулалттай 39, хамтарсан нэг аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь тус салбарын түргэн хурдацтай хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. Эдгээрээс хамгийн том нь Австралийн хөрөнгө оруулалттай Саванакет мужийн Сепон тосгон дахь алт, зэсийн уурхай бөгөөд тус уурхайг 2003 оноос ашиглалтад оруулсан. 2006 онд энэ уурхай нийт 6.5 тонн алт олборлосон. Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалт маш ихээр нэмэгдэж байгаа.

Гадаад худалдаа

[засварлах | кодоор засварлах]

Лаосын гадаад худалдаа эрчимтэй өргөжиж, экспортын дүн 2006-2008 онд 29%-иар өсч, 2.77 тэрбум ам.долларт хүрсэн ба импортын дүн 2,84 тэрбум ам.доллар болжээ.

Экспортын гол нэрийн бараа нь цахилгаан эрчим хүч, кофе, модон болон гар урлалын бүтээгдэхүүн, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, алт, зэс болон эрдэс түүхий эд, цай, каучук, жимс, ургамлын тос, цагаан будаа, эрдэнэ шиш болон төрөл бүрийн буурцагт ургамал, импортын бараа нь машин тоног төхөөрөмж, шатлах тослох материал, өргөн хэрэглээний бүх төрлийн бараа байдаг.

Гадаад худалдааг дэмжих зорилгоор олон тооны гэрээ хэлэлцээр байгуулж, нэгдэж буй нь зохих дэмжлэг болж байна. Японтой “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр”, БНСУ-тай “Худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбар дахь хамтын ажиллагааг дэмжих эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ” тус тус байгуулсан. АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс, Меконг мөрний сав газрын орнуудын санаачилгын дагуу гаалиар дамжин өнгөрөх нөхцлийг хөнгөвчилж, нэгдсэн цахим сүлжээнд оруулах, зарим хилийн боомтыг “ганц зогсолтын журам”-д шилжүүлэн үйлчилгээг хялбаршуулж байна.

Лаос улс хүнсний гол нэрийн бараагаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цагаан будаа, эрдэнэ шиш, газрын самар, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг хөрш Тайланд, Вьетнам, Хятад улсад экспортлож байна. 2006 онд 2,66 сая тонн тутрага хураан авч байсан бол 2008 онд 2,96 сая тонн-д, 2010 онд 3,30 сая тоннд хүргэх зорилго тавьж байна.

Аялал жуулчлалд онцгойлон анхаардаг. Лаос улс аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн ирээдүйтэй орон. Гадаад жуулчдын үздэг сонирхдог зүйл нь ердөө л үзэсгэлэн сайхан байгалийн эрүүл орчин дахь эгэл жирийн тариачны ахуй амьдрал, ёс заншил, урлаг соёлын арга хэмжээ юм. Мөн лао хүмүүсийн даруухан найрсаг зочломтгой зан, нийгмийн тогтсон дэг журам, аюулгүй амгалан тайван байдал жуулчдыг ихээр татдаг байна.

2006 онд 1.2 сая гадаадын жуулчин хүлээн авч байсан бол 2018 онд 4,2 сая саяд хүрчээ. Нийт жуулчдын дийлэнх нь хөрш зэргэлдээ орнуудынх байсан бүтцэд сүүлийн жилүүдэд өөрчлөлт гарч Япон, Өмнөд Солонгос, Америк, Европын зэрэг орнуудын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар жуулчдад үзүүлэх 370 орчим байгууламж ажилладаг.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг 2006-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, визийн хөнгөлөлт үзүүлэх, аялал жуулчлалын үзвэр, түүхэн дурсгалт газруудыг тохижуулах, жуулчдад зориулсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, мэдээлэл сурталчилгааны цар хүрээг өргөтгөх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгээд байна.

Олон улсын зангилаа асуудлаарх байр суурь: БНАЛАУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь Стратегийн анд нөхөд социалист орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, АСЕАН-ы гишүүн бусад оронтой хоёр талын харилцаа хөгжүүлж, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй татагдан оролцох явдал юм. БНАЛАУ 1997 онд АСЕАН-д бүрэн эрхт гишүүнээр элсэн, 2005 онд АСЕАН-ыг амжилттай даргалсан.

БНСВУ-тай эв санааны онцгой нэгдэл, тал бүрийн хамтын ажиллагааны уламжлалыг улам бататгах, БНХАУ-тай уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх” нь гадаад бодлогыг тэргүүлэх зорилтуудын нэг байдаг.

БНСВУ-тай улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт өргөн хамтын ажиллагаатай, бүх түвшинд төлөөлөгчид харилцан тогтмол солилцдог.

БНХАУ-тай харилцаагаа сүүлийн жилүүдэд идэвхжүүлэхэд анхаарч байна. БНХАУ-ын “нэг улс, хоёр систем”-ийн бодлогыг дэмждэг. 2006, 2016 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Хятадад, 2004 онд БНХАУ-ын Ерөнхий сайд , 2006, 2017 онд БНХАУ-ын дарга Лаост тус тус айлчилсан. Батлан хамгаалахын салбарт Хятадтай хамтран ажиллах Хэлэлцээртэй. Хятадаас цэргийн зэвсэг авдаг, цэргийн албан хаагчдаа Хятадад сургадаг. Лаос, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцааны хамтарсан хороо ажилладаг.

1990-ээд оны эхэн үеэс суларсан Лаос, ОХУ-ын харилцаа идэвхжих хандлагатай байна. 2003 онд БНАЛАУ-ын Ерөнхий сайд ОХУ-д айлчилж, өрийн асуудлыг шийдвэрлэсэн. 2004 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Лаост айлчилж, хоёр орны харилцааг сэргээн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон. Вьентьян хотын захирагч тэргүүтэй төлөөлөгчид 2006 оны 7 дугаар сард Москвад айлчилж, Вьентьяны соёлын өдрүүдийг зохиов. Энэ үеэр Вьентьянд тролейбусны шугам барих асуудлыг Лаосаас ОХУ-д төлөх өрийн үлдэгдлийг оросын талын хөрөнгө оруулалт хэлбэрээр тооцон хэрэгжүүлэх асуудал яригдаж зарчмын тохиролцоонд хүрсэн. Лаосын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд 2007 оны 6 дугаар сард ОХУ-д айлчилсан.

БНАЛАУ, АНУ-ын харилцаа хэвийн болж, дайны үеэр сураггүй алга болсон америк цэргүүдийн шарилыг эрэх, эх оронд нь буцаах, дэлбэрээгүй бөмбөгийн эрэл хайгуул хийх, хүн сургах зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. 2004 оны 11 дүгээр сараас эхлэн АНУ-тай худалдааны хэвийн харилцааны дэглэмд шилжиж торго, хөвөн даавуун эдлэл, кофе зэрэг бүтээгдэхүүн АНУ-д нийлүүлэхэд 45 хүртэл хувийн гаалийн татвар төлдөг байсныг тэглэж, цөөн нэрийн барааг 2 хувийн гаалийн татвартайгаар АНУ-д нийлүүлж байна. 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама анх удаа Лаост айлчилсан.

АНУ-ын Иракт өрнүүлж буй дайныг дэмждэггүй. АНУ-тай харилцахдаа зөвхөн худалдаа-эдийн засгийн харилцаанд түлхүү анхаарч, улс төрийн салбарт нэлээд болгоомжтой ханддаг.

БНСУ–тай идэвхтэй сайн харилцаатай. БНСУ нь Лаосын гуравдахь хандивлагч орон. Умард Солонгостой өргөн харилцаатай байсан уламжлалаа хадгалахыг чармайдаг. Зургаан талт яриа хэлэлцээ болон Умард Солонгос, АНУ-ын яриа хэлэлцээг дэмждэг.

Улс орны эдийн засагт аж үйлдвэр, үйлчилгээнээс илүүгээр хөдөө аж ахуй (ХАА) голлодог. Одоо ч гэсэн ажиллах хүчний ихэнх, ДНБ-ийн хагас нь ХАА-д ноогдоно. Цагаан будааг нутгийн урд ба баруун хэсгийн нам дор газар, голын хөндийгөөр, эрдэнэ шишийг уулархаг нутгаар голлон тариалдаг. Уур амьсгал нь таардаг, дулаан их шаарддаг хөвөн, тамхи, чихрийн нишингэ, кофе, каучук тариалдаг. МАА-д зүтгэх хүч болгох буйвал үхэр, мөн гахай, шувуу өсгөнө. Бас гол мөрнөөс загас барьж ашигладаг.

Лаосын аж үйлдвэрүүд нь байгалийн нөөцөө түшиглэн халуун орны үнэт ой, усны эрчим хүч, эрдсийн ашигт малтмал бүхий нутагт байршдаг. Гар аргаар мод боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэр голлон хөгжсөн. Тэдгээрийн олонх нь Вьентьян хот, түүний ойролцоо байршдаг. Мөн төмөрлөгийн жижиг үйлдвэр, дулааны цахилгаан станцууд баригдсан. Меконг мөрний цутгал Нгум гол дээр Энэтхэг-Хятадын хойгт томд орох усан цахилгаан станц (100 мян.кВ) байгуулсан. Уул уурхайн үйлдвэрээс цагаан тугалганы баяжмал үйлдвэрлэн экспортлоно.

  • 1-р сарын 1— Шинэ жил
  • 1-р сарын 6- Патет Лао-гийн өдөр
  • 3-р сарын 8 — Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
  • 3-р сарын 22— эвлэл нэгдлийн өдөр
  • 5-р сарын 1 — Олон улсын хөдөлмөрчдийн өдөр
  • 6-р сарын 1— Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
  • 8-р сарын 15— Лаосын Үндсэн хуулийн өдөр
  • 8-р сарын 23 —Ялалтын өдөр
  • 10-р сарын 7 —Багшийн өдөр
  • 7-р сарын 19—Лаосын Францаас тусгаар тогтносоны өдөр
  • 12 сарын 2— Хтонг буюу Үндэсний шинэ жилийн баяр.
Лаосын хойд нутаг, хөдөөгийн бяцхан тосгоны бага ангийн сурагчид

Лаос улс 2020 оны байдлаар 7.45 сая орчим хүн амтай байна. Хүн амын нягтшил - 23.4/км².[13] Ард иргэд нь тариачин аж байдлаа дагаад таруу суурьшдаг. Олонх нь Меконг мөрөн болон түүний цутгал голуудын хөндийд амьдардаг. Нийслэл Вьентьян хот 650 мянган хүн амтай. Вьентьянаас гадна Паксе, Саваннакхет гэх хүн ам ихээр төвлөрсөн 2 хот бий.

Лаос бол олон үндэстэн, ястны улс. Тиймээс монгол хэлнээ Лаос хүн - Лаосчууд, Лаосын хүн - Лаосынхан гэж нэр томьёогоор ялган ойлгох хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй. 82 ялгагдах хэл бүхий [14] 160 угсаатан ястан байгааг нь 2005 онд 49 болгон багцлан бүртгэжээ.[15] Олонх буюу 54.6% нь Лаос үндэстэн (Лао ч гэж бас бичнэ) (2005). Тэдний төрөлх Лаос хэл нь улсын албан ёсны хэл юм. Лаос хэл бол хэл шинжлэлийн төрөл гарлын ангиллаар Тай-Кадай язгуурын Тай салбарт харьяалагдах хэл юм. Тэдний араас Мон-Кхмер төрлийн хэлтэй Кхму хүмүүс 10.9%-ийг, Хмонг-Миен төрлийн хэлтэй Хмонг (Моон) хүмүүс 8.0%-ийг, бусад нь 25.5%-ийг бүрдүүлдэг аж.

  • Насны ангилал/2009/: 0-14: 40.8%/,15-64:56.1%,65-аас дээш: 3.1% /2007 он/
  • Хүн амын өсөлт (2009): 2.316 %
  • Төрөлт (2009): 33.94/1000
  • Нас баралт (2007): 10.78/1000
  • Дундаж наслалт: 56.68 жил

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

1962 оны 9 дүгээр сарын 12-нд Монгол Улс, БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 оноос Вьентьянд, БНАЛАУ 1981 оноос Улаанбаатар хотноо тус тус ЭСЯ-даа харилцан нээн ажиллуулж байна. 2007 оноос хоёр улсын бүх төрлийн паспорттай иргэд харилцан 30 хоног визгүй зорчиж байна. 1976 оноос 2020 оны хооронд нийт 130 орчим лаос оюутнууд Монголын их, дээд сургуулиудад дээд боловсрол эзэмшжээ.

  1. 100-аас илүү жижиг угсаатны бүлгүүдийг багтааж.
  2. Буддын шашинтнууд болон бусад шашныг шүтэн бишрэгчдийн хууль ёсны бүхий л үйл ажиллагааг төр хүндэтгэн хамгаалж, Буддын шашны лам, шинэхэн, бусад шашны санваартан нарыг улс орон, ард түмэнд тустай үйл ажиллагаанд татан оролцуулж, уриална.[3]
  3. Лаос нь нэг намын Марксист–Ленинист коммунист улс юм. Хамгийн эрх мэдэлтэй улс төрийн албан тушаал нь Ерөнхийлөгч биш Лаос Ардын Хувьсгалт Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга юм. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Лаосын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчоо болон ерөнхий нарийн бичгийн газрыг хянадаг тул албан тушаалтныг Лаосын де факто удирдагч болгодог.
 Commons: Laos – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Лаос – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "The Languages spoken in Laos". Studycountry. Архивласан огноо 25 February 2021. Татаж авсан: 16 September 2018.
  2. "Results of Population and Housing Census 2015" (PDF). Lao Statistics Bureau. Архивласан (PDF) огноо 8 March 2021. Татаж авсан: 1 May 2020.
  3. "Lao People's Democratic Republic's Constitution of 1991 with Amendments through 2003" (PDF). constituteproject.org. Архивласан (PDF) огноо 10 December 2017. Татаж авсан: 29 October 2017. Article 9: The State respects and protects all lawful activities of Buddhists and of followers of other religions, [and] mobilises and encourages Buddhist monks and novices as well as the priests of other religions to participate in activities that are beneficial to the country and people.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named globalReligion
  5. 5.0 5.1 "Laos". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 23 April 2023.
  7. "Gini Index". World Bank. Архивласан огноо 9 February 2015. Татаж авсан: 2 March 2011.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  9. Хүүхэд - Залуучуудын Нэвтэрхий Толь. III боть
  10. "Nsc Lao Pdr". Nsc.gov.la. Татаж авсан: 2012-01-21.
  11. indexmundi: CIA World Factbook
  12. "Laos". International Monetary Fond. Татаж авсан: 2012-04-18.
  13. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Background notes - Laos
  14. Ethnologue report for Laos
  15. Indigenous Peoples Development Planning Document