Jump to content

Тува

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Тува Улс
Республика Тыва
Бусад галиглал
 • ТуваТыва Республика
Дуулал: Мен – тыва мен
Солбицол: 51°47′N 94°45′E / 51.783°N 94.750°E / 51.783; 94.750Солбицол: 51°47′N 94°45′E / 51.783°N 94.750°E / 51.783; 94.750
Улс Орос
Холбооны тойрогСибирийн ХТ[1]
Эдийн засгийн бүсДорнод Сибирийн ЭЗБ[2]
НийслэлКызыл
Засаг захиргаа
  БиетИх Хурал[3]
  Тэргүүн[5]Владислав Ховалыг[4]
Газар нутаг
  Нийт168,604 км2 (65,098 бээр2)
  Байр21-р байр
Хүн ам
  Нийт336,651
  Тооцоо 
(2018)[8]
321,722
  Байр76-р байр
  Нягтрал2/км2 (5.2/бээр2)
  Хотын нутаг
54.6%
  Хөдөө
45.4%
Цагийн бүсUTC+7 (Krasnoyarsk Time Edit this on Wikidata[9])
ISO 3166 кодRU-TY
Улсын дугаар17
OKTMO ID93000000
Албан ёсны хэлОрос хэл;[10] Тува хэл[11]
Вэб сайтrtyva.ru
Тува
Монгол нэр
Монголын КириллТува
Орос нэр
ОросТыва́
ЛатинчлалTyva
Тува нэр
ТуваТыва Республика
Тува латинчалсан нэр
Тува латинчалсанTyva Respublika

Бүгд Найрамдах Тува Улс (товч. Тува; Орос: Республика Тыва болон Тува; тув. Тыва Республика болон Тыва) Оросын холбооны Улсын бүрэлдэхүүн (нэгэн Бүгд Найрамдах Улс) батгддаг Бүгд Найрамдах Тува (нэгэн Түрэг) улс юм. ОХУ-ын Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст багтдаг. Нийслэл нь Кызыл («Улаан») хот.

Орост 170,500[12] км2 талбайтайгаараа томоохон нутаг, 307,930[13] тоотойгоороо цөөхөн ард иргэд гэж харьцуулагдана. 2010 оны тооллогоор хүн амын 82.0% (249,299) нь Тувачууд, 16.3% нь Оросууд аж.[14] Орос хэлнээс гадна Тува хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.

555 онд Түрэг улс байгуулагдаж байв. 1206 онд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд орсноор 1915 он хүртэл Монгол улсын бүрэлдэхүүнд байсан. 1911 онд Чин улс мөхөж Ар Монгол тусгаар тогтноход ард нь Хятадаас халхлагдсан Туваг Орос-Зөвлөлт зөөлчлөн мэдэлдээ оруулжээ. Тусгаар улс байснаа болиод ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1944 онд "Автономит Тува Муж" болон сайн дураараа орсон. Сүүлд 1961 онд "Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Тува Улс" гэж нэрээ өөрчлөн байгуулагдсан. ЗХУ-ын задран унасанаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход байр суурь дээшилж 1992 онд одоогийн зэрэг, нэрээ олжээ.

Тува хэл нь Түрэг хэлний бүлэгт багтдаг. Хэдийгээр Тува нь Түрэг угсааных боловч Монголчуудын захиргаанд монголчуудтай олон зуун жил ойр хамт байж ирсэн тул соёлын хувьд ойр болсон юм. Тувагийн Саяны нуруу нь дорно Сибирийн хөвч тайга, ан амьтан, байгалийн баялаг ихтэй.

Тувагийн нийслэл Кызыл хотод Монгол улсын Ерөнхий Консулын газар 2002 онд албан ёсоор нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүх

Тагна урианхайчууд XVII зууны эхээр Хотгойдын Алтан хан Шолой Убаши хунтайжийн мэдэлд орж алба татвар төлдөг болжээ. Гэвч Оросын хаант улсын зүгээс Сибирийг эзлэх үйл явц хийгээд, Халх, Ойрадын дайн тэмцлээс шалтгаалан Тагна урианхайн (Тувагийн) зарим овог аймгууд Орос, Зүүнгар, Хотгойдын хооронд сэлгэн оршиж, заримдаа Орос, Зүүнгарын хараат болж, тэдэнд алба төлөх явдал нэлээд байв. Гэвч гол үндсэн хэсэг нь XVII зууны 70-аад он хүртэл Хотгойдын Бадма Эрдэнэ хунтайж, Лувсан Ринчин хунтайж нарын захиргаанд байлаа.

1688 оны Халх, Ойрадын дайны үр дүнд Хотгойдод харьяалагдаж байсан тагна урианхайчууд Ойрадын мэдэлд орсон юм. Гэвч 1715 онд Хотгойдын бэйл Бүүвэй Тагна урианхайн ихэнх хэсгийг байлдан дагуулж Манж Чин улсын мэдэлд оруулжээ.

Хотгойдын ноёдод захирагдаж явсан түрэг Урианхайн 16 отгийг Чингүнжавын бослого дарагдсаны дараа 1759 онд Хотгойдын захиргаанаас гарган 4 хошуу болгон зохион байгуулж, Улиастайн жанжны газарт захируулжээ. Чухам энэ үеэс эдгээр түрэг урианхай нарыг оршин буй газрын нь нэрээр Тагна урианхай гэж нэрлэх болжээ.

1764 онд Өөлдийн гүн Дамбийн харьяат Хэмчиг урианхайн 10 отгоор Хэмчигийн хошууг байгуулснаар Тагна урианхай 5 хошуутай болжээ. Түүнээс гадна монгол ноёдын харьяат, тэдэнд үст алба өргөдөг 4 хошуу Тагна Урианхайд байжээ. Тэдгээр нь Тагна урианхайн мэйрэн зангийн зэрэг бүгдийн даргын тамгад хамаарагдсан Халхын Сайн ноён аймгийн Бишрэлт бэйсийн харьяат 17 отог, Засагт хан аймгийн Дүүрэгч ван, Ахай бэйс, Далай бэйсийн харьяат 5 отог (сум), энэ 4 хошууны харьяат урианхай юм. 1691-1923 он хүртэл Өвөр Ширхтэн урианхай нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд захирагдаж байсан бол хөвсгөл нуурын бусад урианхай нь 1805-1911 он хүртэл Улиастайн манж амбанд захирагдаж байсан юм. Өвөр Ширхтэн урианхайг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноёны томилсон зайсангууд захирч байжээ. Хөвсгөлийн нуурийн урианхайг захирч байх Бүгдийн дарга /Үхэрида/ гэдэг албан тушаалыг Улиастай дахь манж амбан 1805 онд анх бий болгож, өөрөө томилдог байсан бөгөөд 1805-1923 он хүртэл 8 хүн энэ албыг хашсан байна.

Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг өнөөгийн Увс аймгийн Улаангомд суулган тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна.

1911 онд Монгол Манжаас салснаар Төвөд болон Тува дагаад 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргаж байсан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс Туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх тэрхүү оролдлогод саад хийж байв.

1921 оны дундуур Зөвлөлт Оросын дэмжлэгтэй Тувагийн хувьсгалчид Тува улсын үндэсний бүрэн эрхт байдлыг тунхаглах шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Танну-Тува Ард Улс байгуулагдав. Үндсэн хууль, туг, төрийн сүлд, алтны нөөц, төсөв баталж тухайн үед ЗХУ болон БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргаж байжээ.

1926 оноос хойш - Бүгд Найрамдах Тува Ард Улс болсон. Тус улсыг 1924 онд ЗСБНХУ, 1926 онд БНМАУ хүлээн зөвшөөрсөн ч Туваг өөрийн нэг хэсэг гэж үздэг Хятад болон дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй байжээ.

1944 оны 8-р сарын 17-нд Тувагийн удирдагч Салчак Тока (бүтнээр. Салчак Калбак-Хорекович Тока) Тува Улсын 8-р Бага хурлыг нууцаар хуралдуулж ЗХУ-ын бүрэлдэхүүнд Туваг оруулах шийдвэр гаргаж ЗХУ-ын Дээд Зөвлөлд хандсан байна. Энэ хуралдаан ямар нөхцөлд явагдсан нь одоо болтол тодорхойгүй байдаг. Х.Чойбалсан Тува Оростой нэгдсэнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Монголын тал Саяны нурууг эртнээс монголчуудын нутаглаж байсан нутаг, туваг монгол үндэстний нэг хэсэг гэж үзэж байв. Тувачууд нь хэлний хувьд монгол, түрэг холимог харин соёлын хувьд үндсэндээ монгол соёлтой ард түмэн юм.

Зөвлөлтийн зарим эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж нотлохыг оролдож байсан бөгөөд тува хэл монгол, түрэг хэлний аль алинийх нь нөлөөнд бүрэлдсэн тул шинэ дүрэм зохиож тува хэлнээс монгол үгийг шахан гаргах, тувачуудыг монгол үндэстнээс холтгох үйл явц харьцангуй хялбар явагдсан байна. Энэ үйл ажиллагаа 1944 оноос хойш эрчимтэй өрнөжээ.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсоноос хойш 1978 онд анх удаа Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Тува Улсын Үндсэн хууль батлагдсан байна.

1980-аад оны сүүл, 1990-ээд оноос Тувад Оросоос салан тусгаарлах үзэл хүчтэй өрнөсөн байна.

2001 оны тавдугаар сарын 6-ны өдөр бүх нийтийн санал асуулгаар батлагдсан Үндсэн хуульд тусгаар тогтнолын тухай огт дурдаагүй бөгөөд орос, тува хэлний эрхийг тэгшитгэсэн. Мөн 2001 оны Үндсэн хуулиар Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг цуцалж, бүс нутгийн тэргүүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн томилсон Засгийн газрын дарга байхаар тусгасан байна.

Газар зүйн тойм

Кызыл дахь "Азийн төв" хөшөө

168.6 мянган хавтгай дөрвөлжин километр газар (Монголынхтой жишвэл Өмнөговь аймгаас жаахан том) эзлэн оршдог Тува орныг Орос дотор багтдагийнх нь хувьд Зүүн Сибирийн өмнөд үзүүрт байна гэж ойлгож болно. Мөн газар зүйн байршлаар Ази тивийн төвд шахуу байх бөгөөд үүнийг таниулж Кызыл хотод "Азийн төв" (Орос: Центр Азии; тув. Азияның төвү) гэх хөшөө босгожээ. Тува нутгийн 80% нь ой тайгат уулархаг газар, үлдэх хувь нь уулсын завсрын хээр, голуудын хөндий байдаг. Нутгийн баруун хэсэгт Алтайн нурууны 3000 метрээс өндөр Мөнгөнтайга (орос. Монгун-Тайга; тув. Мөңгүн-Тайга; 3976 м), Ак-Оюк (3608 м), Мөнгөлөг (орос. Монгулек; 3485 м), Кызыл-Тайга («Улаантайга»; 3121 м) гэх мэт өндөр оргилтой бол зүүн болон хойд талаар нь д.т.д. 2000-3000 метр Соён уулс (орос. Саяны) сунайдаг.

Тува усны арвин нөөцтэй. Бараг бүх гол нь Енисей мөрний дээд савд багтдаг. Урд талаарх Тагна уулын өврийн гол горхи Увс нуурын гадагш урсгалгүй ай савд хамаарна. Тува хэлний хем гэдэг үг «гол» (магадгүй «мөрөн») гэсэн утгатай. Бий-Хем («Бие гол» гэсэн утга байж магадгүй; орос. Большой Енисей), Каа-Хем (магадгүй «Хаа гол») хоёр нийлж яг Енисей мөрнийг (тув. Улуг-Хем, «Үлэг гол») үүсгэдэг. Том нуургүй. Харин Уш-Бельдир («Гурвын бэлчир») рашаан (тув. аржаан), рашаан сувиллын газар нь зартай.

Засаг захиргааны хуваарь

Үндсэн арван есөн нутаг (хүснэгтийн дугаараар)

Одоогоор БНТувУ 17 хошуу (кожуун, район), хошуунаас гадуур 2 хот (хоорай, город)-той.

Хошууд дотроо 116 сум (сумон), сумд нь цааш арвадад (арбан) хуваагддаг.

Нутаг
(хошуу, хот)
Орос нэр
(район, город)
Тува нэр
(кожуун, хоорай)
Талбай[15]
(км²)
Хүн ам
(2010)[16]
I Кызыл хот Кызыл Кызыл 200 км² 109,986
II Ак-Довурак хот Ак-Довурак Ак-Довурак 49 км² 14,458
1 Баянтайга хошуу Бай-Тайгинский Бай-Тайга 7,923 км² 12,453
2 Баруунхэмчиг хошуу Барун-Хемчикский Барыын-Хемчик 1,050 км² 100,600
3 Зүүнхэмчиг хошуу Дзун-Хемчикский Чөөн-Хемчик 6,485 км² 21,170
4 Хаахэм хошуу Каа-Хемский Каа-Хем 25,726 км² 12,734
5 Кызыл хошуу Кызылский Кызыл 8,527 км² 24,991
6 Мөнгөнтайга хошуу Монгун-Тайгинский Мөңгүн-Тайга 4,414 км² 6,299
7 Өвөр хошуу Овюрский Өвүр 4,523 км² 8,018
8 Биехэм хошуу Пий-Хемский Бий-Хем 8,194 км² 11,099
9 Сүтхөл хошуу Сут-Хольский Сүт-Хөл 6,691 км² 8,689
10 Тагны хошуу Тандинский Таңды 5,092 км² 13,994
11 Тэрхөл хошуу Тере-Хольский Тере-Хөл 10,050 км² 1,873
12 Тэсхэм хошуу Тес-Хемский Тес-Хем 6,691 км² 9,596
13 Тож хошуу Тоджинский Тожу 44,757 км² 6,170
14 Үлэгхэм хошуу Улуг-Хемский Улуг-Хем 5,335 км² 19,507
15 Чаахөл хошуу Чаа-Хольский кожуун Чаа-Хөл 2,903 км² 6,577
16 Чэдхөл хошуу Чеди-Хольский Чеди-Хөл 3,706 км² 8,171
17 Эрзин хошуу Эрзинский Эрзин 11,081 км² 8,637

Хүн амын тойм

Нутгийн хүүхдүүд
Яс үндэс 1959 оны тооллого 1970 оны тооллого 1979 оны тооллого 1989 оны тооллого 2002 оны тооллого 2010 оны тооллого1
Тоо % Тоо % Тоо % Тоо % Тоо % Тоо %
Тува ястан 97,996 57.0% 135,306 58.6% 161,888 60.5% 198,448 64.3% 235,313 77.0% 249,299 82.0%
Орос үндэстэн 68,924 40.1% 88,385 38.3% 96,793 36.2% 98,831 32.0% 61,442 20.1% 49,434 16.3%
Хакас ястан 1,726 1.0% 2,120 0.9% 2,193 0.8% 2,258 0.7% 1,219 0.4% 9,197 3.0%
Бусад 3,282 1.9% 5,053 2.2% 6,725 2.5% 9,020 2.9% 2.5%
Бүгд 171,928 100% 230,864 100% 267,599 100% 308,557 100% 305,510 100% 307,930 100%
1 2010 оны тооллогонд 4,073 хүн өөрийн яс үндсээ тодорхой мэдүүлээгүй байна. Тиймээс эзлэх хувийг гаргахад тэднийг хасч тооцов.[17]

2010 оны тооллогын дүнгээр Тува орон (БНТувУ)-д 307,930 хүн харьяалагджээ. Үүнээс тувачууд (Тагнын урианхай, соён) 82.0%-ийг, оросууд 16.3%-ийг эзэлж байна. Тува бол түрэг төрлийн хэлтэй, буддын шүтлэгтэй, монгол ахуй соёлтой ард түмэн юм. Хожуу Оросын бүрэлдэхүүнд орсон үндсэндээ хөдөө газар, 1991 оноос хойш оросууд шахагдаж Туваг орхиж нүүсээр бүүр ч цөөрсөн болохоор энд тува ахуй соёл нь хүчтэй байгаа.

Зүүлт, тайлбар

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. Үндсэн хууль,  10.2
  4. "Владислав Ховалыг вступил в должность главы Тувы - ТАСС". TACC.
  5. Үндсэн хууль, 10.3
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
  7. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  8. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
  10. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  11. Үндсэн хууль, 5.1
  12. ""Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации". Archived from the original on 2011-09-28. Татаж авсан: 2012-03-28.
  13. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  14. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
  15. "Territories, number, density of population and territorial units by economic and administrative regions of Azerbaijan Republic", The State Statistical Committee of the Republic of Azerbaijan.
  16. Einwohnerzahlen vom 1. Januar 2010 (Berechnung)
  17. Bevölkerung der russischen Gebietseinheiten nach Nationalität 2010 (russisch;Zeilen 856-862) http://www.gks.ru/free_doc/new_site/population/demo/per-itog/tab7.xls

Цахим холбоос