Балба
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс | |
---|---|
Уриа: जननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी (Санскрит) Janani Janmabhumishcha Swargadapi Gariyasi "Эх, эх орон хоёр диваажингаас ч эрхэм" | |
Төрийн дуулал: सयौँ थुँगा फूलका (Балба) Sayaun Thunga Phulka "Зуу зуун цэцгийн үр" | |
Нийслэл ба томоохон хот | Катманду[1] 28°10′N 84°15′E / 28.167°N 84.250°EСолбицол: 28°10′N 84°15′E / 28.167°N 84.250°E |
Албан ёсны хэл | Балба хэл[2] |
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | Бүх эх хэлнүүд[3][4] (Балбын хэлнүүдийг харах) |
Угсаатны бүлгүүд (2011) | |
Шашин (2011) | |
Ард түмний нэршил | |
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс |
Рам Чандра Поудел | |
Рам Сахая Ядав | |
Пушпа Камал Дахал | |
Хари Кришна Карки[5] | |
Хууль тогтоох байгууллага | Холбооны Парламент |
Үндэсний Ассамблей | |
Төлөөлөлгчдийн танхим | |
Түүх | |
9 сарын 25, 1768 оны[6] | |
3 сарын 4, 1816 он | |
12 сарын 21, 1923 он | |
5 сарын 28, 2008 он | |
9 сарын 20, 2015 он | |
Газар нутаг | |
• Нийт | 147,516 км2 (93) |
• Усны эзлэх талбай (%) | 2.8% |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 30,666,598[9] (49) |
• Нягтаршил | 180/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $141.1 тэрбум[10] (84) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $4,677[10] (150) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $39 тэрбум (102) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,293[10] (167) |
ОТББИ (2010) | 32.8[11] дундаж |
ХХИ (2019) | ▲ 0.602[12] дундаж · 142 |
Мөнгөний нэгж | Балбын рупи (Rs, रू) (NPR) |
Цагийн бүс | UTC+05:45 (Балбын Стандарт Цаг) |
Огнооны формат | ЖЖЖЖ/СС/ӨӨ |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +977 |
Домэйн нэр | .np |
Балба (монгол бичгээр «ᠪᠠᠯᠪᠤ» → balbv, балба. नेपाल → [небал], гуравдагч хэлээр Непал) албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс (балба хэл. संघीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल, англи. Federal Democratic Republic of Nepal). - Ази тивийн өмнөд хэсэгт Хималайн өвөр бэлээр Хятад, Энэтхэг хоёр орны дунд далайд гарцгүй, уртаашаа 800 км, өргөөшөө 250 км тэлсэн 147,181 км2 газар нутагтай орон. Нийслэл нь Катманду. НҮБ-ийн 1955 оны гишүүн, тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдэг 26 сая хүн амтай орон.
Төр улс
[засварлах | кодоор засварлах]Бурангуй нийгэмт 1768 онд Притви Нараян Шах олон газрыг хураан захирснаар Балба улс тогтжээ. Эрчээ авсан үедээ Төвөд, Энэтхэгт нэвтэрч 1788-1792 онд Чин улс, 1815–1816 онд Британитай дайтаж байв. 1846 онд Жан Бахадур (баатар) Рана сайдын хүч нөлөө вангийн сүрийг дарж нэр төдий болгожээ. Англичуудын дэмжлэгтэйгээр гарсан Рана омгийнхон тийнхүү зуун гаран жил ноёлов. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1940-өөд оны сүүлээр ардчилсан хөдөлгөөн, нам, зэвсэгт тэмцэл үүсээд 1951 онд Ранын дэглэмийг унагаж, вангийн засгийг сэргээн тогтоосон.[13] Энэтхэг дэмжин оролцож байв. Ван, засгийн газар харшиж ван аргагүй дийлж 1959 онд намгүй болжээ. Балбын вант улс (1768–2008) 1990-ээд оноос ахин ардчиллыг хүсэгчдийг бай болж 1996 онд байгуулагдсан маоист үзэлтэй Балбын эв хамт намын толгойлсон иргэний дайн 18 мянган хүний аминд хүрсний эцэст 2008 онд хаант төр халагдаж,[14] бүгд найрамдах засаг, холбооны төрийн байгууламж бүхий албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс (ХБНАБУ) үүсээд байгаа юм. Гүйцэтгэх (Засгийн газар), хууль тогтоох (601 гишүүнтэй), шүүх засаглал гэсэн гурван бүтэц бүхий төртэй.
Ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]Балбын Ерөнхийлөгч нь ёслолын үүрэг гүйцэтгэж, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хашдаг бол Ерөнхий сайд нь эрх мэдэл бүхий үндэстний удирдагч юм. Ерөнхийлөгчийг шууд бус сонгуулиар таван жилийн хугацаатай сонгодог. Балбын 45 нас хүрсэн, холбооны парламентад сонгогдох эрхтэй аливаа иргэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болдог байна. Ерөнхийлөгчийн байнга оршин суух харш нь Катманду дахь Растрапати Бхаван юм.
2008-2015 онд Рам Баран Ядав ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Эрх баригч Коммунист намын дэд даргаар ажиллаж байсан хатагтай Бидхья Деви Бхандари 2015 оны 10-р сараас 2023 оны 3-р сар Балбын парламентаас 327 санал авч сонгогдож ажиллсан. 2023 оны 3-р сарын 13-наас хойш Балбын Ерөнхийлөгчөөр 1944 онд төрсөн Рам Чандра Паудел сонгогдон ажиллаж байна.
-
1920 оны Балбын язгууртан
-
2007 он. Прачанда улс төрч
-
Балбын төрийн ордон
Гадаад харилцаа
[засварлах | кодоор засварлах]Балба нь далайд гарцгүй орон бөгөөд БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр том хөршүүдийн дунд оршдог. Тус улсын хойд хэсэгт Гималайн нуруу нь Хятад улстай нэвтрэх боломжгүй хилийн зурвас болдог. Балба нь өмнөд, зүүн, баруун талаараа Энэтхэгээр хүрээлэгдсэн байдаг. Далайд гарцгүй Балба улс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн улмаас Энэтхэгээс хараат болсон. Британийн Энэтхэг (1858-1947) оршин тогтнох үед Балба улс өөрийгөө бусдаас тусгаарлах бодлого баримталж байв. Тус улс колоничлолын тэлэлтээс хэсэгчлэн зайлсхийж, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэнтэй холбоотой юм. 19-р зууны дунд үеэс Британийн эзэнт гүрэн Энэтхэгийг бүрэн байлдан дагуулж, Хятад дахь Чин гүрнийг (1644-1911) мөхөж байх үед Балба Лондонтой гэрээ хийж өөртөө хамгийн сайн нөхцөл бүрдүүлж чадсан юм. Дотоод улс төрдөө автономит байдлаа хадгалснаар Балба улс гадны түрэмгийлэлд Британийн эзэнт гүрнээр хамгаалуулах баталгааг авчээ. Үүний хариуд Лондон Балбаас Британийн Энэтхэгт дэг журмыг сахиулахад чухал үүрэг гүйцэтгэх Гуркийн цэргийн анги нэгтгэлийг бүрдүүлж авчээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Балба улс умард хэсгээрээ БНХАУ-ын Төвөдийн Өөртөө засах оронтой, өмнөд хэсгээрээ Энэтхэг улсын Уттаракханд, Уттар-Прадеш, Бихар, Баруун Бенгали болон Сикким мужудтай хил залгадаг байна. Балба улсыг байгалийн гурван бүс болгож үзнэ. Нутгийн умард хөвөөгөөр альпийн нуга, нүцгэн хад, мөнх цас, мөсөн гол бүхий хүйтэн Хималайн өндөр нуруу сунайна. Балба-Хятадын хилийн зурваст Канченжунга, Лхоцэ, Макалу, Чо Оюу, Дхаулагари болон дэлхийн хамгийн өндөр 8848,86м Жомолунгма (балба хэлээр сагарматха, англи. Mount Everest) гэх оргил зэрэг далайн түвшнээс дээш 8000 м-ээс өндөр уулс сүндэрлэжээ. Дунд бүс буюу навчит, шилмүүст ойтой уулс, өндөрлөг газарт д.т.д 800-4000 м өндөр нутаг хамрагдана. Энэтхэгтэй хиллэх өмнөд хэсгийн Ганга мөрний нам доор газрын зах зурвасаар тропикийн ой тархсан бөгөөд 2000 мм-ээс их тунадас унаж, I сард +15°С, VII сард +30°С халуун дулаан байдаг.[13]
-
Топограф газрын зураг
-
Кали-Гандак голын хавцал
-
Жомолунгма (Сагарматха)
-
Муж, аймгийн газрын зураг
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Засаг захиргааны хувьд 2018 оноос аймгуудаа багцлаад зүг чигээр нэрийдсэн 7 аймаг (अञ्चल - анчал) 77 хошуу (जिल्ला - жилла) болгон хөгжүүлж байгаа.
№ | Аймаг | Аймгийн төв | Газар нутаг (км2) | Хүн ам |
---|---|---|---|---|
1 | Коши | Биратнагар | 25 905 | 4 534 943 |
2 | Мадхеш | Жанакпур | 9 661 | 5 404 145 |
3 | Багмати-Прадеш | Хетауда | 20 300 | 5 529 452 |
4 | Гандаки Прадеш | Покхара | 21 504 | 2 413 907 |
5 | Лумбини-Прадеш | Бутавал | 22 288 | 4 891 025 |
6 | Карнали Прадеш | Бирендранагар | 27 984 | 1 168 515 |
7 | Судурпаштин-Прадеш | Дхангадхи | 19 539 | 2 552 517 |
Аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Балба нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон. Нийгмийн нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хөдөө аж ахуй гаргадаг. Хөдөө аж ахуйд буудай, эрдэнэ шиш, хөх тариа, арвай, шар будаа, гурвалжин будаа, тропикийн ойд чихрийн нишингэ, жут, тослог ургамал, тамхи, цайны бут тариалдаг. Хүнсний ногооны ба үр жимсний аж ахуй эрхэлнэ.
Одос, сарлаг, хонь, ямаа, гахай өсгөдөг. Аж үйлдвэрийн хөгжлөөр дорой. Нүүрс, төмрийн хүдэр, гялтгануур, догшин шүү болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гар үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Чихэр, тамхи, хөвөн, бөс даавуу, жут, тутарга цэвэрлэх жижиг үйлвэр, завод ажилладаг. Металл боловсруулах, гэр ахуй ба гар урлалын үйлдвэртэй. Гадаадад гол төлөв Энэтхэг рүү жут, жутийн эдлэл, үр тариа, чихрийн нишингэ, тамхи, ноос, арьс, эмийн ургамал экпортолдог.[13]
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]1951 онд 8,325,079 сая хүнтэй байсан Балба улс 2022 онд 30,666,598 хүнтэй болж өсжээ. Хүн амын тооны жилийн дундаж өсөлт — 1.35%.[15] Тэр ч үүднээс залуусын орон. 14 хүртэлх насны багачууд 35 хувь, 15-60 насны хүн 54 хувь, 60-аас дээш ахмад настан 8 хувийг бүрдүүлж байгаа. Дундаж наслалт — 66.2 жил. Эр эм хүйсийн харьцаа —0.96. Хойд талын уулархаг газраар хүн ам цөөн, урд талын Инд-Гангын нам доор газраар хүн ам шигүү суудаг. Нийслэл Катмандуд 975 мянган хүн, эргэн тойронд нь 2.5 сая хүн бүчин суужээ. Биратнагар (700 мянган хүнтэй), Покхара (260 мянга), Лалитпур, Бхаратпур, Бирганж (135,904) зэрэг бумаас олон хүнтэй хот бас байна.
Овог аймаг, отог яс маш олон. Кастын системтэй.[16] 15.5% нь чтери ястан, 12.5% нь бахун, 7.1% нь магар гэх мэтээр зуугаад өөр нэр дурдаж болно.
Хэл, шашин
[засварлах | кодоор засварлах]Улсын албан ёсны бөгөөд хүн амын 44.6%-ийн төрөлх хэл нь балба хэл. Самгарди суурьт энэ хэлээ диваа үсгээр бичдэг.Балба улсын хүн амын 49 % нь непал хэлийг төрлөх хэл үздэг байна. Бусад дэлгэрсэн хэл: майтхили (12,4 %), бхожпури (7,6 %), тхару (5,9 %), таманг (5,2 %), невари (3,6 %) болон магар (3,4 %). Таманг, невар гэх мэт төвөд-бирм төрлийн хэлтэн хойд нутагт төвлөн байна. Хэл угсаагаа дагаад 80% хиндү, 10% будда, 4% ислам шашин шүтдэг.[17]
Соёл
[засварлах | кодоор засварлах]НТӨ 563 онд шагж хааны агь, хожмын Бурхан багш мэндэлсэн газар одоо Балбын Лумбинид байна. 1997 онд дэлхийн газрын өвөөр бүртгэгдсэн. Балбад үлгэр домог арвин. «Дал бхат» хэмээх цагаан будаа, ногоо, шөл зэрэгцүүлсэн хоол байдаг. Мөн «момо» хэмээх бууз бий. Балбачууд хөлбөмбөг, крикет их тоглоцгоодог. 1988 онд Бидхан хэмээх лам таэквондо-гоор зуны Олимпын хүрэл медаль авсан.
-
Угсаатны зүйн газрын зураг
-
Будаатай «Дал бхат» хоол
-
Невар ястны баяр ёслолын үеэр
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Балба улс дэлхийн тээврийн томоохон замуудаас тусгаарлагдсан хэвээр байна. Үүний зэрэгцээ тус улсын агаарын тээврийн хөдөлгөөн нэлээд хөгжсөн: 47 нисэх онгоцны буудал байдаг бөгөөд үүнээс 11 нь бетонон хучилттай, нислэгийн давтамж нь хэрэгцээ шаардлагад нийцдэг. Тус улсын хойд хэсгийн гуравны хоёр нь уулархаг газартай тул зам барих, засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй, зардал ихтэй байдаг. 2007 оны байдлаар тус улсын асфальтан замын урт 10142 км, шороон зам 7140 км байв. 2018 онд тус улсын өмнөд хэсэгт нийтдээ 34 км урт хоёр төмөр замын шугам тавигдсан.
Балбын нийт хүн амын гуравны нэг нь бүх улирлын чанартай замаас хоёр цаг алхах зайд амьдардаг. Саяхан л бүх засаг захиргааны төвүүдийг тус улсын нийслэл Катманду-тай авто замаар холбосон. 2009 онд замуудын 60 орчим хувь нь шороон зам бөгөөд борооны улиралд зорчих боломжгүй байдаг юм. Катманду руу далайн харилцааг Энэтхэгийн Калькутта боомтоор дамжуулж хийдэг. Замын нөхцөл байдал муу байгаа нь Балбын иргэдэд хүнс, барааны зах, сургууль, эмнэлгүүдэд хүрэхэд хүндрэл учруулсан хэвээр байна.
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Nepal | Facts, History & News". www.infoplease.com (англи хэлээр). Татаж авсан: 29 June 2020.
- ↑ "Nepal | Culture, History, & People". Encyclopædia Britannica (англи хэлээр). Татаж авсан: 29 June 2020.
- ↑ "नेपालको संविधान २०७२" [Constitution of Nepal 2015] (PDF). 20 September 2015. Archived from the original (PDF) on 8 August 2019. Татаж авсан: 16 July 2019 – via Nepal Law Commission.
- ↑ Mandal, Bidhi; Nayak, Ravi (9 June 2019). "Why English?". Republica (англи хэлээр). Татаж авсан: 17 April 2020.
- ↑ "President Bhandari administers oath of office to Oli". The Rising Nepal. 15 February 2020. Archived from the original on 22 March 2020. Татаж авсан: 17 April 2020.
- ↑ Subba, Sanghamitra (20 December 2019). "A future written in the stars". Nepali Times (америк-англи хэлээр). Архивласан огноо 31 January 2021. Татаж авсан: 31 January 2021.
- ↑ The Sugauli Treaty of 1816 rendered moot the degree of independence of Nepal. The sixth point of the treaty directly questions the degree of independence of Nepal. The fact that any differences between Nepal and Sikkim will be "referred to the arbitration of the East India Company" sees Nepal as a semi-independent or a vassal state or tributary of the British empire.
- ↑ Их Британи албан ёсоор Балбыг тусгаар, бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрөв.
- ↑ "Nepal". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 10.0 10.1 10.2 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Gini Index (World Bank Estimate) – Nepal". World Bank. Архивласан огноо 8 June 2014. Татаж авсан: 16 April 2020.
- ↑ "Human Development Report 2019" (англи хэлээр). United Nations Development Programme. 2019. Archived from the original (PDF) on 31 May 2020. Татаж авсан: 16 April 2020.
- ↑ 13.0 13.1 13.2 Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь - III боть (монголоор)
- ↑ 17,800 people died during conflict period, says Ministry of Peace.
- ↑ "National Population and Housing Census 2011 (National Report)" (Memento 18. Дөрөвдүгээр сар 2013 цахим архивт).
- ↑ Nepal — Caste and Ethnicity".
- ↑ ""Nepal — Pew-Templeton Global Religious Futures Project"". Archived from the original on 2016-03-14. Татаж авсан: 2014-03-06.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]
|
|