Камбож
Камбожийн Хаант Улс | |
---|---|
Уриа: ជាតិ សាសនា ព្រះមហាក្សត្រ Чеат, Сасанеа, Преа Мохаксат (Монгол: "Улс үндэс, шашин, хаан") | |
Төрийн дуулал: បទនគររាជ Нокор Реач (Монгол: "Сүр Жавхлант Хаант Улс") | |
Нийслэл ба томоохон хот | Пномпень 11°34′N 104°55′E / 11.57°N 104.91°EСолбицол: 11°34′N 104°55′E / 11.57°N 104.91°E |
Албан ёсны ба үндэсний хэл | Кхмер хэл[1] |
Албан бичиг | Кхмер[1] |
Угсаатны бүлгүүд (2019) | |
Шашин (2019) | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын сонгуульт үндсэн хуульт хаант засаг (удамшлын дарангуйлал)[5][6][7] |
• Хаан | Нородом Сихамони |
Хун Манет | |
Сай Чхум | |
Хуон Судари | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Үндэсний Хурал | |
Үүсгэн байгуулалт | |
• Фунань | 68–550 |
• Ченла | 550–802 |
802–1431 | |
• Дунд үе | 1431–1863 |
8 сарын 11, 1863 | |
11 сарын 9, 1953 | |
Газар нутаг | |
• Нийт | 181,035 км2 (88) |
• Усны эзлэх талбай (%) | 2.5 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 16,713,015[8] (72) |
• Нягтаршил | 87/км2 |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲$98.228 тэрбум[9] (97) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,081[9] (144) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲$30.708 тэрбум[9] (108) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,901[9] (151) |
ОТББИ (2013) | 36.0[10] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.593[11] дундаж · 146 |
Мөнгөний нэгж |
|
Цагийн бүс | UTC+07:00 (ЭХЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +855 |
Домэйн нэр | .kh |
Камбожийн Хаант Улс (кхмер хэл: ព្រះរាជាណាចក្រកម្ពុជា; Преа Реачеаначак Кампучие) нь Зүүн Өмнөд Азийн улс юм. Зүүн өмнөд Азид, Энэтхэг-Хятадын хойгт баруун талаараа Тайланд, умард хэсгээрээ Лаос, зүүн талаараа Вьетнам гурван улстай газраар хиллэж, өмнүүрээ Тайландын булангаар далайгаар хүрээлүүлсэн оршдог Бүрэн эрхт тусгаар улс.
181 мянган км² газар нутагтай дэлхийн 88-р том орон, 2023 оны байдлаар 16.981 сая хүн амаараа дэлхийн 69-р том улс юм. Нутгийн ихэнх хэсэг ойгоор хучигдсан. Уулархаг нутагтай ч их өндөр уулгүй. Халуун орны чийглэг уур амьсгалтай. Хүн амын 90 хувь кхмер үндэстэн, бусад нь вьет, хятад, үндэстэн байдаг. Албан ёсны хэл нь мон-кхмер бүлгийн кхмер хэл бөгөөд үндсэндээ трехеватра буддын шашинтан. Нийслэл буюу улс төр, нийгэм-эдийн засгийн төв Пномпень хотод 1.5 сая хүн оршин сууж байгаа.
Камбожийн Хаант Улс нь НҮБ-д 1955 онд элссэн бөгөөд Монгол Улстай 1960 оны 11-р сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон байна. Манай иргэд Камбожид виз авч зорчино.
Камбож орны түүх Фунань төрөөс /68-550 он/ эхэлдэг. Дундад зуунд Ангкор нийслэлтэй хүчирхэг Кхмерийн эзэнт улс оршиж байсан. Тай үндэстэн|Тайчуудын довтолгоонд доройтож, улмаар 1860 онд Францын түрэмгийлэлд өртөж ивээлд нь оржээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Японд эзлэгдэж байсан ч эцэстээ 1953 онд тусгаар тогтносон улс болсон. 1970 онд Лон Нол жанжин Хаант засаглалыг төрийг буулган авсан боловч таван жилийн дараа дарангуйлагч Пол Пот Төрийн эрхэнд гарсан байна. Пол Потын харгислал хэрээс хэтэрч, ард түмэн нь Вьетнамын тусламжтай 1979 онд төрийн эрхээс зайлуулсан ч тэдний хэсэг хүчин ойн шугуйд орж байлдаад 1989 онд л дарагдсан байна. Камбож улс 1993 онд Хаант засагтай, нэгдмэл төр бүхий Камбожийн Хаант Улс (КХУ) болон өөрчлөгдсөн.
Хун Сен Ерөнхий сайдаар 30 гаруй жил Камбожийг улирдаж байна.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Камбож гэсэн үг самгарди гаралтай.
- Камбож улсын албан ёсны нэр:
- 1953–1970 — Камбожийн Хаант Улс
- 1970–1975 — Бүгд Найрамдах Кхмер Улс
- 1975–1979 — Ардчилсан Камбож Улс
- 1979–1989 — Бүгд Найрамдах Камбож Ард Улс (БНКАУ)
- 1989–1993 — Камбож Улс
- 1993 оноос — Камбожийн Хаант Улс (КХУ)
Төр улс
[засварлах | кодоор засварлах]Mандсан үе
[засварлах | кодоор засварлах]Камбож оронд эрт цагт Фунань (68–550), Ченла (550–706) зэрэг төр улс байв. Фунаний хувьд нэгдсэн төр улс байгаагүй олон жижиг ноёд эзэмшлээ булаалдан тэмцэлдэх ба хинду шашин дэлгэрч шива, вишну бурхан шүтдэг байжээ. Шашны хамтаар Энэтхэгт үүссэн кастын систем (анги, давхраа) энд мөн тогтсон. VI зуунаас хүн ам Меконг мөрөн, Тонлесап нуур орчим төвлөрч газар тариалан үндсэн аж ахуй болжээ. Ченла нь Камбож даяарыг нэгтгэсэн улс байсан бөгөөд түүний дараа Камбож Жавагийн хараат болжээ. Ченлагийн үр хойчийн II Жайварман гэгч хүчийг олж өөрийгөө «деваража» (бурхан хаан) хэмээн цоллож улс байгуулсан нь Кхмерийн эзэнт улс (802–1431) юм. Монгол Юань улсын Хубилай хааны цэрэг Анкорыг довтлон ирж нэг сандаргаснаас өөр өөрчлөлт ороогүй байна. Кхмерийн эзэнт улсад Шри-Ланкаар дамжин буддын шашны бага хөлөгний ёс, дараа нь хинду, буддын их хөлгөний урсгал хүч түрэн орж ирсэн байна. Кхмерчүүд зүүн зүгт Чампа, хойд зүгт моныг дарж умард хил нь Бирмийн Паган улсад тулж байлаа. Кхмер гүрэн XII зуунд оргилдоо хүрч байсан үед нийслэл Анкор ч хөгжин цэцэглэж байв. Анкор-ват (Анкорын сүм)-аас өгсүүлээд шашин шүтээнтэй холбогдсон олон олон уран барилга, хөшөө дурсгал боол болоод ажилчдын хөлс, цусаар бүтжээ.
Буурай үе
[засварлах | кодоор засварлах]Умард талаас эхлээд Сукотай, дараа нь Аюутая улсын тайчууд довтолсоор Кхмерийн нийслэл Анкорыг эзэлжээ. Түүнээс эхэлсэн 1431–1863 он бол Камбожийн түүхэн дэх газар нутгаа ихээр алдаж бууран доройтсон үе юм. Өмнө зүгт шахагдаж Сиам, Вьетнамын завсар оршиж байжээ. 1593 онд шинэ нийслэл Лонвекээ алдан түрэгдэж хэд хэдэн удаа сольсны эцэст одоогийн Пномпеньд төвлөсөн ажээ. 1600 оноос эхлэн анх харьцаж эхэлсэн Франц Вьетнамыг төдийгүй 1863 онд Камбожийг залгиж Францын Энэтхэг-Хятад колонид оруулсан нь тодорхойлвол ивээн эзэрхэл (᠋проктерат) байжээ. XVII зуунд Вьетнамын Нгуен ноёд Меконг мөрний адагт газар гуйн суусан нь сүүлдээ Вьетнамынх болсон юм. Харин 1907 онд Франц Сиамтай лао нутгаар наймалцаж баруун хойд хэсгийн Батдамбан, Сиемреаб нутгийг кхмерчүүдэд эргүүлэн нийлүүлсэн өгсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон, түүний холбоотон Тайландад эзлэгдсэн ч дайны дараа Францын колониос гарч, Нородом Сианукийн тэргүүлсэн Камбож улс 1953 онд тусгаар тогтноод 1955 онд НҮБ-ийн гишүүн болжээ.
Тусгаар тогтнол
[засварлах | кодоор засварлах]Нородом Сианукийн үед олон арван шинэтгэл хийгдсэн ба гадаад харилцаандаа төвийг сахисан байр сууринаас хандаж байв. Гэсэн ч Вьетнамын дайны хөлд нэрвэгдэж партизаны дайн, агаарын бөмбөгдөлтөд өртөж байлаа. Үнэндээ Хүйтэн дайны хүрээнд дотоодын улаан кхмерууд, гадаадын Умард Вьетнам зэрэг коммунист хүчин болон АНУ, Өмнөд Вьетнам зэрэг коммунист бус хүчний илэрхий дайн өрнөж байв. 1970 онд Лон Нол генерал төр эргүүлж коммунистуудыг зайлуулах бодлого барьсан.
Улаан Кхмерууд ба Пол Потын дэглэм
Камбожийн Засгийн газар АНУ-ын дэмжлэгийг авсан хэдий ч Улаан Кхмеруудэд ялагдаж, 1975 оны 4-р сарын 17-нд Пномпень хотыг орхиход хүрсэн. Нийслэлийн оршин суугчид тэднийг баяр хөөртэй халуун дотноор цэцэг барин угтаж авсан боловч чанга яригчаар бүх хүмүүс гэр орноо орхиж хотоос гарч явахыг зарлав.
Энэ бол Пол Потоор удирдуулсан Улаан Кхмеруудын "хөдөө аж ахуйд суурилсан социализм", "зуун хувийн коммунист нийгэм" байгуулах бодлогын эхлэл байлаа. Социалист нийгэмд хот гэдэг үзэгдэл байх ёсгүй гэж номлоод бүх иргэдийг хөдөө орон нутаг руу хүчээр нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Түүнээс гадна, бараа мөнгөний харилцаа, бүх төрлийн шашин шүтэх нь “хөрөнгөтний үзэгдэл” гээд хориглосон байдаг. Сэхээтнүүд эмч нар, мэргэжлийн ажилчдыг өчиггүй хороож эхэлсэн. 1979 онд Пол Потыг түлхэн зайлуулсаны дараа хэдэн зуу орчим эмч нар л амьд үлдсэн байдаг.
Пол Потын эрх баригчид улсын албан ёсны нэрийг Ардчилсан Кампучи Ард Улс хэмээн өөрчилжээ. Хотын бүх оршин суугчдийг хөдөө аж ахуйн коммунд нэгтгэж 18-20 ажлын цагаар гол төлөв цагаан будаа тариалан эрхлүүлдэг байв. Улмаар иргэд ядуурал, төрөл бүрийн өвчинд нэрвэгдэж эхэлсэн юм. Бүх эм, антибиотикыг “хөрөнгөтний” гэж зарлаад хориглож зөвхөн ардын эмчилгээ буюу зөвхөн байгалийн ургамал, үндсийг хэрэглэх болсноор олон зуун мянган хүн өвчнөөр мөн амиа алдсан юм. Сургууль, хүрээлэнгүүд хаагдаж, юм уншиж, бичсэн хүн буудуулан алуулах ялтай байжээ. Хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж хуаранд Пол Потын үзэл санааг ухуулдаг байв. Тиймээс 1979 он гэхэд Улаан Кхмерийн армийн олонхи нь 12-15 настай хүүхдүүд байсан юм. Үе үе эсэргүүцэн бослого гардаг байсан ч түүнийг хэрцгийгээр дардаг байжээ. 1978 он гэхэд Камбожийн эдийн засаг бүрэн дампуурч, улс орон эргээд Дундад зууны орон болж хувирсан байна. Үүний дараа “Улаан Кхмерууд” Вьетнамыг эзлэн авч, баялгийг нь авахыг санаархсан боловч энэ нь тэдний төгсгөлийн эхлэл байсан юм. 1978 оны 12-р сард Камбожийн Үндэсний Аврах Нэгдсэн Фронт байгуулагдсан юм. Дайн дэгдэхэд Вьетнамын армийн талд цуст дэглэмийг дэмжихгүй байсан олон Камбож хүмүүс нэгдэж эхэлсэн. Ингээд 1979 онд Пномпень хот дарангуйлагчдаас Вьетнамчуудын тусламжтайгаар чөлөөлсөн түүхтэй бөгөөд Камбожийн баруун хэсгийн ширэнгэн ойд Пол Потын үлдэгдэл цэргүүд орогнон үлдсэн байна.
Пол потын дэглэмийн үед Камбожийн нийт 6 сая хүн амаас хамгийн эрүүл, залуу, хүчтэй, үзэсгэлэнтэй гэсэн нэг сая хүнийг үлдээж бусдыг устгах шийдвэр гаргаж байсан байдаг. Энэ үеэр төрөл бүрийн баримтаар 1-3 сая хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг.
Төрийн байгуулал
[засварлах | кодоор засварлах]Камбожийн Хаант Улсын Үндсэн хуулийг 1993 оны 9-р сарын 21-нд баталж Үндсэн хуульт Хаант засаглалтай болж Нородом Сианук эргэн Хаан ширээнд сууж парламентыг Үндэсний Ассамблей гэж албан ёсоор нэрлэж эхэлсэн түүхтэй. Мөн парламентад олон суудал авсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж 1 дүгээр Ерөнхий сайдаар Н.Сианукийн хүү Нородом Ранарит, 2 дугаар Ерөнхий сайдаар Хун Сен томилогдсон байна. Үүний дараа НҮБ-ын Шилжилтийн үеийн Засгийн газрын Камбож дахь үйл ажиллгаагаа албан ёсоор зогсоож тус улсыг орхисон байна.
1997 оны 7-р сард 4 жилийн турш байнгын зөрчил тэмцэлтэйгээр Засгийн эрхийг хамтарч барьсаны дараа Хун Сен үндсэндээ төрийн эргэлт хийж, “Улаан Кхмерууд”-тай хувилдсан хэмээн Ерөнхий сайд Нородом Ранаритыг буруутган цэргийн хүчээр огцруулсан юм. Үүнээс хойш Камбожид Хун Сен хязгааргүй бүрэн эрхээ тогтоод 30 гаруй жил эрх мэдлээ тогтоогоод байна.
1998 оны 12-р сард Пол Потыг дэмжигч сүүлийн бүлэглэлүүд ширэнгээс гарч зэвсгээ хураалгаж, Засгийн газрын цэргүүдийн эсрэг байлдахаа нэг мөр бүрэн зогсоож буйгаа мэдэгдсэнээр иргэний дайн зогссон боловч улс төрийн намууд хоорондын хурц тэмцэл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Камбожийн Үндэсний Ассамблейн 1998, 2003, 2008, 2013 оны сонгуулиудаар Камбожийн Ардын Нам 41%,47%, 58%, 49% тус тус сонгогчдын саналыг авч нийт 123 суудлын 64, 73, 90, 68-ыг авч олонхи болж ирсэн.
1999 оны 3-р сарын 4-нд Үндсэн хуульд нилээдгүй өөрчлөлтүүд оруулсан юм. Үүний нэг гол өөрчлөлт бол анх удаа Камбожийн Вант Улсын Парламент Үндэсний Ассамблей болон Сенат гэсэн хоёр Танхимтай болсон явдал юм.
Камбожийн Үндэсний Ассамблей (Rotsaphea) 123 гишүүнтэй пропорциональ ситемээр /д’Ондтын аргачилалаар/ 5 жилийн хугацаатай гишүүдээ сонгодог Камбожийн Хаант Улсын парламентын Доод Танхим. Улс төрийн намууд доод тал нь 62 суудал авч олонх болох ёстой. Камбожийн Үндэсний Асамблейн гишүүнд нэр дэвшигч нь сонгуулийн өдөр 25 нас хүрсэн, сонгууль өгөх эрхтэй Камбож иргэн байгаад зогсохгүй заавал Камбожид төрсөн байх ёстой байдаг байна.
Үндэсний Ассамблейн гишүүд дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
- Камбожийн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, Улсын төсөв батлах,
- Олон улсын Гэрээ, Хэлэлцээр соёрхон батлах,
- Хууль санаачлах,
- Олонхын саналаар Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх,
- Засгийн газрын гишүүдийг олонхын саналаар огцруулах эрхтэй,
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж 7 хоногийн хугацаанд хариу авах эрхтэй,
- Аль ч салбарын сайдыг чуулганд урьж хариуцаж буй салбарынхан талаар асуулга тавих эрхтэй,
- Нийгмийн хэв журамд хяналт тавих, гишүүд зөвхөн тойргийнхоо сонгогчдыг бус нийт кхмерчуудыг төлөөлөх үүрэгтэй гэх мэт.
2006 оноос хойш Үндэсний Ассамблейн даргаар Камбожийн ардын намаас сонгогдсон Хенг Самрин (Heng Samrin) ажиллаж байна.
Камбожийн Сенат (Protsaphea) 61 гишүүнтэй Парламентын дээд Танхим. Үүний 2-ыг улс төрийн намуудын санал болгосон Үндэсний Ассамблейн 2 гишүүнийг Хаан томилдог, Үндэсний Ассамблей 2 хүн томилдог бөгөөд үлдсэн 57 гишүүнийг Камбожийн 24 мужийн Хамтралын Зөвлөлийн гишүүд 6 жилийн хугацаагаар сонгодог. Сенатын анхны чуулган 1999 оны 3 дугаар сарын 25-нд болж байсан бол Сенатын анхны сонгууль 2006 оны 1 дүгээр сарын 22-нд, удаах сонгууль 2012 оны 1 дугаар сарын 29-нд болсон бөгөөд ирэх 2018 онд ээлжит сонгууль болох аж.
Нийт гишүүдийн дийлэнх олны буюу 50+1 гэсэн саналаар /An absolute majority vote of all senators/ дараах асуудлыг шийдвэрлэдэг байна. Үүнд:
- Сенатын дарга, орлогч, хорооны болон тусгай хорооны дарга нарыг сонгоход
- Органик Хууль батлахад
- Сенатын дотоод журам дүрмийг батлахад нийт гишүүдийн 3/2 гэсэн саналаар дараах асуудлуудыг шийддэг байна. Үүнд:
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах,
- Гишүүнээс түтгэлзүүлэх, халдашгүй эрхийг цуцлах, гишүүнийг сахилгын шийтгэл ноогдуулах зэрэг асуудлууд,
- Гишүүдийн дөрөвний гуравын саналаар сенаторын үйл ажиллагааг зогсоож баривчлан хорих арга хэмжээ авахад ашигладаг байна.
Сонгуулийн хуулийн дагуу парламентын сонгуулийг 5 жилд нэг удаа 7 дугаар сарын сүүлчийн ням гаригт явуулдаг. Хамгийн сүүлд 2013 оны 7 дугаар сарын 28-нд болсон сонгуулийн дүнгээр Үндэсний Ассамблейн 123 суудлын 68-г буюу 48,83 % Камбожийн Ардын Нам (Cambodian People’s Party -CPP), сөрөг хүчин болох Камбож Үндэстнийг Аврах Нам (Cambodian National Rescue Party -CNRP) өндөр амжилт гаргаж 55 суудал буюу 44,46 % авсан. Өнөөгийн байдлаар гол өрсөлдөгч хоёр улс төрийн нам болоод байна.
2018 оны 7 дугаар сард парламентын ээлжит сонгууль болж Камбожийн Ардын Нам бүрэн ялалт байгуулсан.
Камбожийн хаан
[засварлах | кодоор засварлах]Камбожийн Хаан (кхмер. ព្រះមហាក្សត្រនៃព្រះរាជាណាចក្រកម្ពុជា, франц. Roi du Royaume du Cambodge) Камбожийн Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүн юм.
Тус улс үндсэн хуульт хаант засаглалтай тул хааны эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. Хаан бол хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээх ёстой бэлгэдлийн дүр юм. Мөн хаан нь Кхмер ард түмний амар амгалан, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг төлөөлдөг. 1993 оноос хойш Камбожийн хаан сонгогдсон нь Камбожийг дэлхийн сонгогдсон цөөхөн хаант засаглалын нэг болгосон. Хааныг улс төр, шашны өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн хаан ширээний Хааны зөвлөлөөс 30-аас доошгүй настай Нородом, Сисоват удмын гишүүдээс насан туршдаа сонгодог.
1993 онд батлагдсан Камбожийн Үндсэн хуульд хааныг бэлгэдлийн чанартай болгохоор заасан байдаг. Тэрээр хаан "хаан захирдаг боловч захирдаггүй" бөгөөд мөн "үндэсний эв нэгдэл, тасралтгүй байдлын бэлэг тэмдэг" гэж мэдэгджээ.
Хаан нь үндсэн хуулийн дагуу төрийн чухал үүргийг гүйцэтгэдэг.
- Камбожийн Ерөнхий сайд, Камбожийн Засгийн газрыг томилдог;
- Хууль тогтоох хоёр байгууллага болох Үндэсний Ассемблей, Сенатын хуралдааныг нээх;
- Тэрээр Камбожийн хааны Зэвсэгт хүчний дээд командлагч;
- Ерөнхий сайдтай сар бүр уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр хаан төрийн хэргийн талаар мэдээлэл авдаг;
- Хааны тогтоол/зарлигт гарын үсэг зурж, улмаар хууль тогтоох байгууллагаас баталсан болон Сайд нарын танхимаас өргөн мэдүүлсэн хуулийг батлах;
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хангах "дээд арбитр"-ын чиг үүргийг гүйцэтгэдэг;
- Гадаадын Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах;
- Шийтгэлийг хөнгөвчлөх болон өршөөлийг чангатгах эрхтэй;
- Шүүхийн дээд зөвлөлийг тэргүүлдэг;
- Сенат, Үндсэн хуулийн зөвлөл зэрэг төрийн байгууллагуудад ажиллах тогтсон тооны гишүүдийг томилдог;
- Үндэсний дээд шагналаар шагнах;
- Хаан төрийн тэргүүнийхээ хувьд Үндсэн хуульд тодорхой заагаагүй бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд: Кхмер үндэстний уламжлалт шашны ёслол, уламжлал зэрэг үндэсний хэмжээний арга хэмжээг удирдах, хүмүүнлэгийн болон хүмүүнлэгийн үйлсийг дэмжих, Камбожийг гадаадад айлчилж төлөөлөх гэх мэт.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Камбож орон Ази тивийн дорнод өмнөд хэсэгт дунджаар х.ө. 13°, з.у. 105°-т байрладаг. Баруун талаараа Тайланд (803 км) , хойд талаараа Лаос (541 км), зүүн талаараа Вьетнам (1228 км)-тай 2572 км газраар хиллэдэг ба урд талдаа Тайландын буланд тулсан 443 км далайн эрэгтэй. Дэлхийн 194 улсын 88-р том орон бөгөөд 181,035 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэйгээс 97.5%-ийг газар, 2.5%-ийг гадаргын ус эзэлжээ.
Ерөнхийдөө уулархаг орон боловч их өргөгдсөн уул цөөн. Халуун орны чийглэг уур амьсгалтай. IV — IX сар хүртэл хур бороо их орж агаарын температур +25° C — 30° C хүрч, халуун чийглэг байдаг. XII сараас сэрүүвтэр болж, агаарын чийглэг багас агаарын температур +20° C болдог. Нам доор нутагт жилд дунджаар 700—1500 мм, уулархаг бүст 2000 мм тунадас унана.
Дорно өмнө Азийн хамгийн том Меконг мөрөн нийслэл Пномпениэр дайрч, нутгийн хойноос урагш урсдаг. Тонлесап голоор дамжин Меконгтой холбогддог, загасны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Тонлесап гэж нэг том нуур байна.
Нутгийн 70 гаруй хувийг ой эзэлдэг. Нарс, улаан, ягаан царс зэрэг үнэт мод ургана.[14]
Орон нутаг
[засварлах | кодоор засварлах]Камбож улс эхлээд «кат» (аймаг, муж), тэр нь дотроо «срок» (тойрог, хошуу), цааш «крок» (баг, суурин газар) гэсэн нэгжээр хуваагддаг. 2014 оны байдлаар 24 аймаг, 159 тойрог байна. Хот суурины дотроос улсын нийслэл Пномпень ганцаараа аймагтай тэнцүү эрх эдэлдэг. Пномпень дотроо «кан» (дүүрэг), цаашилвал «санкат» (хороо)-д хуваагдана. Аймаг, нийслэлийг хамтатгаад энэ улсыг засаг захиргааны 25 нутагт хуваагддаг гэж үзнэ. Аймгууд ихэвчлэн төв хотынхоо нэрээр нэрлэгдсэн байдаг.
Аж байдал
[засварлах | кодоор засварлах]Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Камбож хөгжиж буй эдийн засагтай хөдөө аж ахуйн орон юм. Нэг хүнд ноогдох худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээ харьцангуй бага буюу 2011 онд 2,470 ам.доллар байсан. Өсөлт тогтвортой, жилд дунджаар 7.7%. Газар тариаланд цагаан будааны тутрага голлоно. Мөн эрдэнэ шиш, шар буурцаг, чихрийн нишингэ, чинжүү, газрын самар, тамхи, хөвөнгийн ургамал, олс, каучук тариалдаг. Жимснээс жүрж, хан боргоцой, гадил ургана. Гахай, шувуу, загасны аж ахуйтай.
Хөнгөн үйлдвэр сайн хөгжсөн. Гол салбар нь хүнсний үйлдвэр. Оёдол, нэхмэлийн үйлдвэр олон. Нэхмэлийн салбараас 2012 онд 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх (80%) бараа экспортлосон. Ийм үйлдвэр голдуу Хятад, Тайваний эзэнтэй байдаг. Үүнээс гадна нефть цэвэрлэх, автомашин угсрах, резин дугуй, барилгын материал, цаас болон мод боловсруулах үйлдвэрүүдтэй.[14]
Нэхмэлийн үйлдвэрийн дараагаар валютын нөөцийг арвижуулж байгаа нь жуулчлал. 1993 онд 118 мянган хүн ирж байсан бол 2011 онд 2.1 сая жуулчин хүлээн авчээ. Пномпениэс Сиемреаб хүртэл аялдаг жимтэй. Гол нь эртний нийслэл Анкорыг үзэх гэж ирдэг.
Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Камбожийг хөндлөн гулд хэрсэн замын урт 38,257 км. Үүнээс 2004 оны үед 2,406 км нь цардмал болсон байсан. Энэ нь гол гол замууд үндсэндээ асфальтаар хучигдсан гэсэн үг. Улсын ач холбогдолтой замын 8 чиг бий. Тэдгээрэс хамгийн урт нь 509 км, богино нь 65 км байгаа.
Камбожид нийтдээ 612 км үргэлжилсэн салангид хоёр төмөр зам бий. Нэг метрийн царигтай. Нэг нь нийслэлээс өмнөд эргийн Сиануквиль, нөгөө нь нийслэлээс баруун хойш Сисопон хүрэх (гэвч галт тэрэг зөвхөн Батдамбан хүрдэг)-ээр тавигджээ.
Гол мөрнийг уламжлал ёсоор усан замын тээвэрт ашигладаг. Меконг, Тонлесапын дагуу явна. Ялангуяа буйд тосгоныхон хоттой харьцахад үүгээр явна, бараа зөөнө. Камбожид Пномпенийн, Сиануквилийн гээд далайн хоёр гол боомт, хэд хэдэн жижиг боомт байна. Пномпень руу Меконгийн цутгал Бассакаар дамждаг.
Улсын хэмжээнд 26 нисэх буудалтай ч талыг нь ашигладаггүй. Пномпений нисэх буудал, Сиемреаб хотын хажуудах Анкорын нисэх буудал хоёрт өөр улсаас шууд очиж болно. 2009 онд улсын гол гэж хэлж болох иргэний агаарын тээврийн Камбож Анкор Эйр компанийг Камбожийн засгийн газар (51 хувь), Вьетнамын иргэний агаарын тээвэр (49 хувь) компани хамтран байгуулжээ.
Нийгэм соёл
[засварлах | кодоор засварлах]Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Яс үндэс | Хүн ам | Хувь |
---|---|---|
Кхмер үндэстэн | 13,684,985 | 90% |
Вьет үндэстэн | 760,277 | 5.0% |
Хятад үндэстэн | 152,055 | 1% |
Бусад ард түмэн | 608,222 | 4% |
Он | Хүн ам |
---|---|
1901 | 1,103,000 |
1931 | 2,806,000 |
1971 | 7,270,000 |
2011 | 14,701,717 |
Камбож улс 2016 оны мэдээгээр 16,005,035 хүн амтай. Үүнээс 90 хувь нь улсын албан ёсны хэл болсон кхмер хэлээр хэлэлцдэг үндсэн, нэгэн төрлийн ард түмэн кхмер үндэстэн байна. Цөөнхөөс дурдвал 5 орчим хувь вьет, 1 хувийг хятад, мөн нэг хувийг чам хүмүүс эзэлдэг. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.7%. Эр эм хүйсийн харьцаа 0.96 хувь, дундаж наслалт 62.7. Хүн амын 73.6% бичиг үсэгт тайлагдсан. Хүн амын 95% буддын шашинтан, түүнээс 3 хувь их хөлгөн, бусад нь бага хөлгийн ёсыг дагадаг. 1.6% ислам шүтлэгтэнд чам ястан, малай үндэстэн ордог.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Камбожийн хүн амын 24-29% хотод суудаг. 5000-аас олон хүнтэй 25 хот байна. Томоохон нь:[15]
|
Соёл урлаг
[засварлах | кодоор засварлах]Камбожид уламжлалт соёл, орчин цагийн соёл аль аль нь бий. Нам газрынхан ба уулынхан гээд ерөнхий хоёр янз бий.
Онцлогоос дурдвал крама гэдэг содон ороолт-алчуур, хүнтэй алга хавсран мэндлэх (сампеа) ёс, уран барилгын сор Ангкор Ват (Анкорын сүм), Бон-ом-тук (Наадам) буюу орон даяар завиар уралддаг 11-р сарын наадам, «Ворвон Сорвон хоёр» үлгэр байна.
Камбожид Бурхан багшийн мэндэлсэн оноос эхлэн тоолсон цагалбар баримталдаг. Аргын тооллын 2014 он гэхэд Буддын тооллын 2558 он болж байгаа юм. Үүгээр Камбожийн шинэ жил 4-р сарын 13 юм уу 14-нд тохиодог.
Камбожийн алтан үеийн дуучдаас нэрлэвэл Син Сисамут, Рос Серейсотея гэж байсан. Хааны ордонд Риемке (Рамаяны хувилбар) зохиолын дүрд орж бүжиглэдэг байсан бол энгийн ард үдэшлэг цэнгүүнд намбалаг бүжих ромвон гэх мэт бүжиг бий.
Хоолонд цагаан будаа, загас зонхилно. Загасыг янзаар бүрээр болгож сурсан.
Хүүхэд залуус ихэвчлэн хөлбөмбөг, гар бөмбөг тоглодог. Уламжлалт завины уралдааныг мартаж болохгүй. Олимпоос медаль авч байгаагүй.
2010 оны үед орон даяар цацдаг 9 телевиз, 50 радиотай, интернэт хэрэглэгчийн тоо 738,641 (5 хувь) байсан.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
|
|
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Constitution of the Kingdom of Cambodia". Office of the Council of Ministers. អង្គភាពព័ត៌មាន និងប្រតិកម្មរហ័ស. Архивласан огноо 14 December 2022. Татаж авсан: 26 September 2020.
- ↑ "Cambodia Socio-Economic Survey 2019–20" (PDF). Ministry of Planning. National Institute of Statistics. December 2020. Архивласан (PDF) огноо 16 October 2022. Татаж авсан: 16 May 2021.
- ↑ "Constitution of the Kingdom of Cambodia" (PDF). Constitutional Council of Cambodia (англи хэлээр). October 2015. p. 14 Article 43. Архивласан огноо 16 October 2022. Татаж авсан: 11 April 2022.
Buddhism is State's religion
- ↑ Ministry of Planning, National Institute of Statistics (2020). General Population Census of the Kingdom of Cambodia 2019 – National Report on Final Census Results (PDF) (Report). Ministry of Planning, National Institute of Statistics. Архивласан (PDF) огноо 26 October 2022. Татаж авсан: 26 January 2021.
- ↑ "What to expect from Cambodia's new 'dynastic' prime minister". Deutsche Welle. 8 August 2022. Татаж авсан: 25 August 2023.
- ↑ Syed, Armani (26 July 2023). "What to Know About the Army Chief Who Will Be Cambodia's Next Leader". Time. Татаж авсан: 25 August 2023.
- ↑ Hunt, Luke (23 August 2023). "Assessing Cambodia's New Political Leadership". The Diplomat. Татаж авсан: 25 August 2023.
- ↑ "Cambodia". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 9.0 9.1 9.2 9.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Архивласан огноо 24 October 2022. Татаж авсан: October 11, 2022.
- ↑ "Income Gini coefficient". hdr.undp.org. World Bank. Archived from the original on 10 June 2010. Татаж авсан: 29 January 2020.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Nay Im, Tal; Dabadie, Michel (31 March 2007). "Dollarization in Cambodia" (PDF). National Bank of Cambodia (англи хэлээр). Архивласан (PDF) огноо 11 May 2022. Татаж авсан: 11 April 2022.
- ↑ Nagumo, Jada (4 August 2021). "Cambodia aims to wean off US dollar dependence with digital currency". Nikkei Asia. Архивласан огноо 15 April 2022. Татаж авсан: 11 April 2022.
Cambodia runs a dual-currency system, with the U.S. dollar widely circulating in its economy. The country's dollarization began in the 1980s and 90s, following years of civil war and unrest.
- ↑ 14.0 14.1 Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть. «Дэлхий, хүн төрөлхтөн» (1988). 250-р тал. Кампучи
- ↑ Загвар:Webarchiv/Archive-is.