Jump to content

Найман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Найманы ханлиг-с чиглүүлэгдэв)

Найман нь XIII зууны аймаг юм.[1][2][3][4]

Оросын түүхч Лев Гумилёв найманы нэрийг киданы эртний нэгэн ноён 8 хүүтэй байсантай холбон тайлбарлажээ. Кидан улс унасны дараа баруун зүгт нүүн Хар Кидан улсыг байгуулсан хар киданчуудын зарим нь найман аймаг болсон гэж Гумилёв үзсэн байна. Алан Саундерс тэднийг монголжсон түрэгүүд гэж үзжээ. Мөн Казахстаны зарим эрдэмтэн судлаачид найманчуудыг монгол аймаг гэсэн үзлийг дэмждэг.

Казахстаны нутаглаж байсан газар зүйн байршилд нь үндэслэн найманчууд үргэлж монгол овог аймгуудын дунд хүрээлэгдэн оршиж байсан монгол аймаг гэж бичжээ.[5]

Мөн Түрэг улсын үед Монголын төв хэсэгт байсан секиз огуз аймаг хожим Найман болсон, Монголын нууц товчоонд гардаг найман хүмүүсийн нэр түрэг үг гэсэн онол бий. "Секиз" нь 8 гэсэн түрэг үг юм. Огуз нь одоогийн туркмен, салар түрэг, БНТУ-н туркуудын өвөг түрэг аймаг бөгөөд казах, киргиз зэрэг бусад түрэгүүдийн бүрэлдэхүүнд төдийлөн ороогүй.

Тэд 1177 он хүртэл Хар Киданы харъяанд байсан. 1204 онд тэдний сүүлчийн хан Таян алагдаж, албат иргэд нь Чингис хаанд дагаар орсон бөгөөд Таян ханы хүү Хүчлүг Хар Хидан руу зугатаж очиход тэдний хаан нь найрсгаар хүлээн авч, охиноо хатан болгон өгч байжээ. Оросын түрэг судлаач Н.Аристов Монголын нууц товчооны мэдээнд үндэслэн Найманы нутаг Эрчис мөрнөөс Монголын Тамир гол хүртэлх газрыг хамарч байсан гэж үзжээ. Монголын нууц товчооны 198-р зүйлд "Найманы Хүчүлүг хан улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ" гэж дурдагдсан байдаг.

Хүчлүг 1211 онд Хар Киданы хаан суудлыг булаан авч, 1218 онд Зэв жанжин Хар Киданыг дайлах хүртэл хаан суужээ.

Найманы ханлиг мөхсөн ч тэд Их Монгол Улсын түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Чингис хаан Найман аймгийг эзлэхэд Найманы нэгэн түшмэл Тататунга монголчуудад бичиг үсэг зааж өгсөн гэсэн домог байдаг. Өгэдэй хааны их хатан Дөргөнэ Найман аймгийн хүн байсан гэж үздэг. Түүнчлэн Хүлэгү Найман аймгийн Хэтбуха хэмээх жанжинтай байсан нь 1260 оны Айн Жалутын тулалдаанд амь үрэгджээ.

Одоо хасагуудын дунд дор хаяж 2 сая Найман гаралтай хүн бий. Найманчуудын зарим нь Киргиз, Узбекчуудад уусчээ. Мөн Афганистан дахь Хазара монголчууд, Монгол улсын хойд хэсгээр ч Найман гаралтай хүмүүс цөөн тоогоор байдаг. Өвөр Монголд монгол хэлний найман аялгаар ярилцдаг Найман ястан бий.

  1. БНМАУ-ын түүх, 3 дахь хэвлэл, 1983. 124 т.
  2. История Казахстана: народы и культуры [Текст] : учебное пособие / Н. Э. Масанов, Ж. Б. Абылхожин, И. В. Ерофеева и др. — аролаима.сом
  3. Карпини Д. Монголчуудын түүх номны орос хэл дээрхи орчуулгын редакторын тайлбар
  4. Карпини Д. История Монгалов редакторын тайлбар
  5. history.kz Найман