Сингапур

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Сингапур улс
Republic of Singapore (Англи)
新加坡共和国 (Хятад)
Republik Singapura (Малай)
சிங்கப்பூர் குடியரசு (Тамил)
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: "Сингапур, урагшаа"
(Малай: Majulah Singapura)
Төрийн дууллын нэр:
"Сингапур, урагшаа"
(Majulah Singapura)
Нийслэл Сингапур1
Албан хэл Англи
Малай
Хятад (Умардын)
Тамил
Ард түмэн 
(2010 он)
75.2% Хятад
13.6% Малай
8.8% Энэтхэг
2.4% бусад
Төр засаг Парламентын бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Тони Тан
 -  Ерөнхий сайд Ли Сянь Лун
Улсын хурал Парламент
Оршин тогтнол
 -  Үүссэн 1819 оны 2 сарын 6 
 -  Их Британиас тусгаар тогтносон 1963 оны 8 сарын 31 
 -  Малайзтай нэгдсэнээ больж, тусгаарласан 1965 оны 8 сарын 9 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 694 км2 (191)
 -  Гадаргын ус (%) 1.44
Хүн ам
 -  Тооцоо (2011) 5,183,700 (Үүнээс 3,257,000 нь Сингапурын иргэд)[1] 
 -  Нягт сийрэг 7,315[2] хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $291.9 тэрбум (41)
 -  Нэг хүнд $62,100[3] (5)
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $222.7 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $43,867[5] (15)
ОТББИ (2009) 47.8[3] (29)
ХХИ (2010) 0.846[6] (дээд) (27)
Мөнгөний нэгж Сингапур доллар (SGD)
Цагийн бүс +8
Замын хөдөлгөөн зүүн
Домэйн нэр .sg
Утасны томьёо 65
1Сингапур нь хот улс.

Сингапур (Хятад:新加坡; Малай: Singapura; Тамил:சிங்கப்பூர்) нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо "Британийн хамгийн том ялагдал" хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна.

Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь англи хэл.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Нэр[засварлах]

Малай хэлний Singapura (Сингапура) гэдэг нь Санскрид хэлний सिंहपुर (Симха пура), орчуулвал "Арслан хот" гэх үгнээс гаралтай юм. Үнэндээ, Сингапурт арсланг ер нь байгаагүй гэж үздэг, харин тус нэрийг бард дуртай Шривижаяа улсыг үндэслэгч өгсөн гэж таамагладаг. Өргөн дэлгэрсэн Монгол ардын нэг дуунд "Арслан хотын урчуудаар сийлүүлж хийсийм аа хө..." гэсэн мөр бас байдгаас бол урьдын цагт Арслан хот гэж нэрлэж байжээ.

Сингапур улсын түүхээс[засварлах]

Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний суурин МЭӨ 2-р зууны үед оршин байжээ. Энэ нь Темасек буюу далайн хот гэсэн нэртэй бөглүү тосгон бөгөөд Суматрагийн Шривижаяа улсын ноёрхол дор байсан юм. 16-гаас 19-р зууны хооронд Жохорын Султанатын харьяанд байсан.

1819 онд Томас Стэмфорд Раффлес Британийн Дорнод Энэтхэгийг төлөөлж Султан Хуссейн Шахтай гэрээ байгуулж, Сингапурын өмнөд хэсгийг Британийн худалдааны өртөө болгон ашиглах болжээ.

Газарзүй[засварлах]

Map showing Singapore's island and the territories belonging Singapore and its neighbours
Сингапурын арлууд болон усан зам

Сингапур улсын газар нутаг нь Сингапур арал гэх гол арал, бусад жижиг 62 арлаас бүтдэг. Жижиг арлуудаас Журон, Пулон, Пулой Убин, Сентоза арлууд нь арай томоохон нь юм. Эх газар буюу Малайзтай холбогдсон хоёр хуурай замын гарц байдаг. Эдгээр нь хойд зүгтээ Жохор хоттой холбогдсон Жохор-Сингапурын далан зам, баруун зүгтээ Малайз-Сингапурын холбоос нэрт гүүр хоёр болно. Сингапур нь бага нутаг дэвсгэртээ, шигүү суурьшилтайн учир эргийн гүехэн усанд шинээр хөрст газар үүсгэдэг юм. 1960-иад онд 581.5 хавтгай дөрвөлжин километр нутагтай байсан бол өдгөө хэмжээ нь 704 болсон бөгөөд 2030 он гэхэд ахин 100-гаар нэмэгдэнэ гэж таамагладаг.

Шашин[засварлах]

Сингапурын шашин шүтлэг[7]
Шашин шүтлэг Хувь
Будда
  
33%
Христ
  
18%
Шүтдэггүй
  
17%
Ислам (Лал)
  
15%
Бомбо (Дао)
  
11%
Хиндү
  
5.1%
Бусад
  
0.9%

Сингапурт хамгийн өргөн тархсан шашин бол Буддын шашин юм. Саяхны тооллогоор байнгын оршин суугчдын 33% нь өөрсдийгөө Буддын шашныг баримтлагч хэмээн хэлсэн байна. Тоо үзүүлэлтээрээ Буддын шашны дараа орсон томоохон шашнууд бол Христ, Ислам, Таоизм, мөн Хинду шашнууд юм. Христ, Таоизм болон шүтлэггүй хүмүүсийн тоо 2000 оноос 2010 оны хооронд тус бүр 3%-аар нэмэгдсэн ба түүнийхээ хэрээр буддын шашинтнууд цөөрсөн байна. Бусад шашин шүтэгчдийн тоо харьцангуй тогтвортой байна.

Сингапурт Буддын шашны гурван гол урсгал болох Теравада, Махаяана, Важраяанагийн сүм хийдүүд аль аль нь байдаг. Сингапурын Буддын шашинтнуудын ихэнх нь хятад хүмүүс бөгөөд тэд Махаяана урсгалыг шүтнэ. Хэдэн арван жилийн турш Тайвань, Хятадын номлогчид сургаалаа дэлгэрүүлсээр ирсэн тул Хятадын Махаяана зонхилдог. Гэхдээ Тайландын Теравада урсгал сүүлийн жилүүдэд дэлгэрч байна. Японы Буддын шашны Соока Гаккай байгууллага Сингапурт олон хүн сургадаг бөгөөд тэд нь ихэнхдээ Хятад угсаатнууд байдаг. Түүнчлэн Төвөдийн Буддизм алгуурхнаар Сингапурт нэвтрэн орж ирж байна.

Сингапурын орон нутгийн хэл[засварлах]

Сингапурчуудын төрөлх хэл[8]
Хэл эзлэх хувь
Хятад
  
49.9%
Англи
  
32.3%
Малай
  
12.2%
Тамил
  
3.3%

Сингапур нь хятад, англи, малай, тамил гэсэн албан ёсны 4 хэлтэй. Англи хэл бол тус улсын тэргүүлэгч хэл ба энэ хэл нь бизнес, засгийн газар, дунд сургуулийн сургалтад хэрэглэгддэг. Сингапурын үндсэн хууль болон бүх хууль нь англи хэлээр бичигдсэн байдаг. Сингапурчуудын 80% нь англи хэлийг эзэмшсэн байдаг. Англи хэлний дараа Хятадын Мандарин хэл, тэгээд Малай, Тамил хэлүүд ордог. Сингапурын англи хэлийн үндэс нь Британийн Англи хэл юм.

Сингапурчуудын бараг тал нь гэртээ хятад хэл хэрэглэдэг. Сингапурын Мандарин хэл нь 1.2 сая хүний эх хэл нь болно. Хагас сая орчим нь хятад хэлний өөр аялгууд болох Хоккиэн, Теочев, Кантон аялгаар ярьдаг боловч мандарин, англи хэлүүдтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо буурч байна.

Малай хэл бол "үндэсний хэл" бөгөөд түүхтэй холбогдолтойгоор илүү ёслолын шинж чанартай үйлд хэрэглэгддэг. Төрийн дуулал болох “Мажулах Сингапура”, мөн цэргийн тушаалууд малай хэлээр байдаг. Өнөөдөр малай хэлээр голдуу малайчууд ярьдаг ба Сингапурчуудын зөвхөн 16.8% нь малай хэлийг мэддэг, 12% нь эх хэлээ болгон хэрэглэдэг байна.

Сингапурчуудын 100 мянга нь буюу 3% нь Тамил хэлийг эх хэлээ болгон хэрэглэж байна. Хэдийгээр зөвхөн тамил хэл нь албан ёсных гэж тооцогддог ч Энэтхэгийн бусад хэлүүд бас хэрэглэгдэх нь бий.

Эшлэл[засварлах]

  1. (2011) "Demograhpics Indicators)". Retrieved on 2 October 2011.
  2. (2009) "2008 Estimate". Retrieved on 2 July 2011.
  3. 3.0 3.1 World Factbook – Singapore. U.S. Central Intelligence Agency. 12 June 2011-д хандсан.
  4. Time Series on GDP Data at Current Market Prices. Statistics Singapore (17 February 2011).
  5. Time Series on Per Capita GDP at Current Market Prices. Statistics Singapore (17 February 2011).
  6. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
  7. Singapore Statistics (12 January 2011), "Census of population 2010: Statistical Release 1 on Demographic Characteristics, Education, Language and Religion", <http://www.singstat.gov.sg/news/news/press12012011.pdf> (retrieved on 16 January 2011)
  8. Census of Population 2010 (2010). 19 February 2011-д хандсан.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Сингапур