Jump to content

Чех

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бүгд Найрамдах Чех Улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Чех Улс
Česká republika (Чех)
Уриа: 
Pravda vítězí (Чех)
"Үнэн ялдаг"
Төрийн дуулал: 
Kde domov můj (Чех)
"Миний эх орон хаана байна"
 Чех улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)  –  [Legend]
 Чех улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Праг
50°05′N 14°28′E / 50.083°N 14.467°E / 50.083; 14.467
Албан ёсны хэлЧех хэл[1]
Угсаатны бүлгүүд
(2021)[2]
Шашин
(2021)[3]
  • 56.9% Шашингүй
  • 1.2% бусад
  • 30.1% хариулаагүй
Ард түмний нэршилЧехүүд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Петр Павел
Петр Фиала
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Түүх
c. 870
1198
10 сарын 28, 1918 он
1 сарын 1, 1993 он
Газар нутаг
• Нийт
78,871 км2[4] (115)
• Усны эзлэх талбай (%)
2.16 (2022)[4]
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral increase 10,827,529[5] (85)
• 2021 тооллого
Neutral increase 10,524,167[2]
• Нягтаршил
133/км2 (91)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$537 тэрбум[6] (47)
• Нэг хүнд ноогдох
$50,961[6] (37)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$330 тэрбум[6] (47)
• Нэг хүнд ноогдох
$31,368 [6] (35)
ОТББИ (2020)  24.2[7]
бага
ХХИ (2021) 0.889[8]
маш өндөр · 32
Мөнгөний нэгжЧех крон (CZK)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматө. с. жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+420[a]
ISO 3166 кодCZ
Домэйн нэр.cz[b]
Храдчани - Прагийн цайз

Чех улс (чехээр Česko) буюу албан ёсоор Бүгд Найрамдах Чех Улс (чехээр Česká republika) — Төв Европд оршдог тусгаар тогтносон, бүрэн эрхт улс юм.

Өрнөд талаараа Герман, өмнөд талаараа Австри, дорнод талаараа Словак, дорно умард талаараа Польш гэсэн дөрвөн улстай хил залгадаг.

Далайд гарцгүй орон. Нутаг дэвсгэрийн хэмжээ 78,866 хавтгай дөрвөлжин километр, эх газрын болон тэнгисийн уур амьсгалтай.

Хүн амын тоо 10.6 сая, хамгийн том бөгөөд нийслэл хот нь Праг. Мөн Брно, Острава, Оломоуц зэрэг том хотуудтай.

Үндсэн хүн ам нь чех үндэстэн, албан ёсны хэл нь чех хэл, хүн амын олонх нь шашингүй, олон шашныг хүлцдэг.

Урьдын түүхэнд Бохеми, Морави, Чехийн Силези хэмээх гурван нутаг байсан бөгөөд Их Моравийн хүрээнд 9-р зуунд Бохемийн бэйст улс байгуулагдсан нь анхны чех улс байв. 1002 оноос Ариун Ромын Эзэнт Гүрний бүрэлдэхүүнд орж, 14-р зууны үед газар нутгаа ихээр тэлж, 14-17-р зуунд Ариун Ромын Эзэнт Гүрний нийслэл нь Бохемийн Праг хот байв. Хабсбургийн ураг төрийн эрхэнд гарч герман хэл соёл дэлгэрч байв. 1806-1867 онд Австри-Унгарын Эзэнт Улс, 1867-1918 онд Австри-Унгарын эзэнт улсын мэдэлд орсон. Чех хэл соёлоо гэсэн үндэсний хөдөлгөөн 19-р зуунаас эхэлсэн ба дэлхийн нэгдүгээр дайны дараа Чехословак улс байгуулагдахад аж үйлдвэр илүү хөгжсөн тал нь Чехийн нутаг байв. Хоёр дайны хооронд Чехословак ардчилсан дэглэмтэй байсан ба Нацист Германд Чехийн нутаг эзлэгдэж, зэргэлдээх Словак нь хүүхэлдэй улс хэлбэрт оржээ. 1945 онд Зөвлөлтийн цэрэг Чехословакийг чөлөөлснөөр энэ улс эв хамт дэглэмтэй, нэг намын тогтолцоотой улс болсон. 1968 онд Прагийн хавар хэмээх хөдөлгөөн өрнөж, 1989 оны тайван хувьсгалаар Зөвлөлтийн нөлөөнөөс салж ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжжээ. 1993 онд Чехословак дайн дажингүйгээр Чех, Словак хэмээх хоёр улс болж тусгаар тогтносон.

Өнөөгийн Чех улс жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 400-гаад тэрбум америк доллартай тэнцсэн, нэг хүнд ноогдох ДНБ нь 40,000 ам.доллартай тэнцэж буй хөгжингүй орон юм.

Эрүүл мэнд, боловсролын талаар Европт жишиг үзүүлж, хүний хөгжлийн илтгэлцүүрээр дэлхийд 15-р эрэмбэлэгдэж байна.

Чех улс батлан хамгаалах зорилгоор НАТО эвсэлд 1999 онд нэгдсэн ба эдийн засгийн хүрээнд Европын холбоонд 2004 онд нэгджээ.

НТӨ 3-р зуунд кельтийн нүүдлээр Бой аймаг Бохемид төвлөсөн. Бойчууд өнөөгийн Прагт төвлөж байсан туурь бий. 2000 оны Семиногийн ДНХ судалгаагаар чех эрэгтэйчүүдийн 35.6%-д кельт болон слав угсаатанд түгээмэл байдаг R1b гаплогрупп илэрчээ. НТ 1-р зуунд марконни, куади зэрэг герман угсаатан нүүн суурьшсан. Тэр үед Бохемд Марободус хэмээх удирдагч байсан нь судар бичигт тэмдэглэгджээ. 5-р зууны их нүүдлээр герман аймгууд өрнө зүгт одов. Чехийн гол усны нэрэнд эртний герман, кельт хэлний гаралтай нэрс их байдаг.

Хар тэнгис, Карпатын нуруу хавиар нутаглаж байсан слав угсаатан өрнө зүгт нүүн суурьшиж Бохеми, Моравид ихэнх нь, Австри, Германд зарим нь суурьшжээ. Тэдний суурьшилт Сибирээс өрнөш нүүсэн хүн, авар, булгар, мажар зэргийн түрэлтээр үүсч байв.

7-р зуунд авартай байлдсан славчуудыг франк гаралтай Само удирдсан нь эдгээр славын анхны удирдагч болон түүхэнд тэмдэглэгджээ. 8-р зуунд Моймирын ургийнхан удирдсан Их Моравийн гүнт улс оршин тогтнов. 9-р зуунд I Сватоплукийн үед газар нутгаа ихээр тэлж, франкийн нөлөөнөөс гарчээ. Их Моравийн улс Кирилл Мефодий хоёрын нөлөөгөөр христийн шашинд оржээ. Мөн эртний славон хэлээ глаголитийн үсгээр тэмдэглэх болов.

9-р зуунд Премислийн ургийн толгойлсон Бохемийн бэйст улс оршин тогтнов. 10-р зуунд I Болеслав бэйс Морави, Силезийг эзлэн газар нутгаа өргөтгөв. 1198 онд Бохем вант улс болж дэвшсэн ба 1002-1806 онд Ариун Ромын Эзэнт Гүрний нэгэн хэсэг байв.

14-р зуунаас Бохемид үндсэн чех хүн амаас гадна германчууд орж суурьшив. II Отакар ван цэргийн хүч, эд баялаг их байж, Австри, Штири, Каринти, Карниолаг эзэлж Бохемийн вангийн эзэмшил Адриатын тэнгист тулжээ. Түүний хүү II Венцеслав Польшийн вангийн титэм зүүж, хүү нь Унгарын эзэн болжээ. Эзэнт гүрэн нь Дунайгаас Балтын тэнгис хүрэв. 1306 онд Премислийн ургийн сүүлчийн ван III Венцеслав Оломоуцд амарч байхдаа алуулжээ. Ороо бусгаа дайны үеийн дараа Люксембургийн ураг Бохемийн вангийн сэнтийг залгамжлав.

14-р зуунд Бохемийн IV Чарльз ван хүчтэй байж, 1346-1354 онд Ариун Ромын эзэнт гүрний хаан болсон. 1348 онд Чарльзын их сургууль Прагт нээгдэж, Гэгээн Витусын сүм зэрэг уран барилга баригджээ. IV Чарльз Бранденбург, Лусат, Силезийг Бохемийн мэдэлд оруулав. 1346-1437 онд Праг хот эзэнт гүрний нийслэл байв.

1402 онд Ян Хус шашны шинэтгэлийг эхлүүлсэн ч 1415 онд католик шашны шүүхээр орж цаазаар аваачигдав. Хусын залгамжлагчид Ян Жижка, Агуу Прокоп зэрэг цэргийн жанждаар удирдуулан Ариун Ромын эзэнт гүрний хаан Сигисмундтай шашны хагарлаас болж дайтжээ. Бохеми, Моравийнхны 90% нь Хусыг дэмжсэн ба Подебради нь Хусын ван болов. Хусууд Лютеранизмыг дэмжиж байв.

1526 онос Бохемийг Хабсбургийн ураг эзэн мэдэх болж 1583-1611 онд Праг дахин Ариун Ромын эзэнт гүрний нийслэл болж байжээ. 1618 оны Прагийн сэргэлт хэмээх Хабсбургийн эсрэг бослого нь Төв Европын олон орныг хамарсан Гучин жилийн дайны эхлэл байв. 1620 онд Цагаан уулын тулалдаан болсон. 1621 онд босогчид цаазаар авахуулж, протестантууд католикт шилжих эсвэл дүрвэн гарцгаасан. Түүнээс хойших 1620 оноос 18-р зууны төгсгөлийг «Харанхуй үе» гэдэг. 1757 онд Пруссийн II Фредрик ван Прагийг эзэлж сүйтгэжээ. 1770 онд их өлсгөлөн болж чехийн хүн амын 10% үрэгдсэн гэдэг. Наполеоны дайн болон Австрийн эзэнт улсын цэргийн явдалд чех дайчлагдаж байв. 1806 оноос Австри-Унгарын Эзэнт Улсад, 1867 оноос Австри-Унгарын Эзэнт Улсад харьяалагдсан. 19-р зуунд чехийн үндэсний ухамсар сэргэж, чех хэл соёл, үндэсний онцлогоо тодлохоор оролджээ. 1848 оны бослогын үр дүнгээр Бохемийн ван өөртөө засах эрхтэй болсон. Бохемид намууд үүсч, Прагийн энх тайванч Берта фон Шютнер 1905 онд Нобелийн шагнал хүртэв.

Portrait
Portrait
Зүүн: Чехословакийн анхны ерөнхийлөгч Томаш Масарик
Баруун: 1918 оны тусгаар тогтнолыг зарласан цуглаан

Дэлхийн нэгдүгээр дайнд 1,4 сая чех цэрэг оролцож, 150.000 нь алагджээ. Дайны үр дүнд Австри-Унгар задарч, ялсан эвсэлтэй нэгдсэн Томаш Масарик ерөнхийлөгчтэй Чехословак улс үүсэн байгуулагдсан. Үүнд Бохемийн вангийн нутаг (Бохеми, Морави, Силези), Унгарын вангийн хэсэг (Словак, Карпатын Русь) болох таван газар нэгджээ.

Энэхүү Анхдугаар Чехословакийн Бүгд Найрамдах Улс нь хуучин Австри-Унгарын хүн амын 27% эзлэх боловч, аж үйлдвэрийн 80% төвлөрсөн байлаа. 1929 онд 1913 онд харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 52% өссөн байв. 1938 оны байдлаар дэлхийд аж үйлдвэрийн хөгжлөөр 10-р байрт байсан. Дэлхийн хоёр дайны хооронд Европт оршин байсан цор ганц ардчилсан дэглэм (Швейцараас гадна) бүхий улс байжээ.

Нацист Герман Чехословак дахь германчуудыг өдөөж, улсыг задалж байсан ба Чехословак Францтай эвсэл болжээ. Унгар улс Словак талын зарим хэсэг болон Карпатын Русийг эзэлж авав. Хитлерийн Германд Чехийн хэсэг эзлэгдэж Бохеми ба Моравийн ивээлт улс болов. Энэ үед Словакийн үлдсэн хэсэг нь хүүхэлдэй улс хэлбэртэй байсан. Чехословакийн 345.000 иргэн, түүний дотор 277.000 еврей дайны үеэр алагджээ. Германы эсрэг бослого гарснаас Чехословакийг Хитлерийн зарлигаар чангатгаж байв.

1945 онд Зөвлөлтийн цэрэг Чехословакийг чөлөөлж, 1945-1946 оны хооронд герман хэлт 3 сая гаруй хүн Чехийг орхин гарч, Герман болон Австри руу дүрвэжээ. Зөвлөлтийн найруулгаар Карпатын Русь Зөвлөлт Украины бүрэлдэхүүнд орж, үлдсэн хэсэг дахин улс болж Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс (БНСЧУ) байгуулагджээ. Чехословакийн коммунист нам төрийн эрхэнд гарсан ч гэсэн Чехословак нь Европт Өрнө-Дорныг холбосон гүүрийн үүрэг гүйцэтгэж байв. Коммунист Чехословакийн үед эдийн засгийн өсөлт харьцангуй саарч хөрш Австриас хоцорч, 1980-аад онд Грек, Португалаас ч доор нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй болжээ.

1968 оны «Прагийн хавар»-аар улс төрийн олон талт үзлийг авчрав. 1977 онд эсэргүүцлийн шинэ давалгаа үүсэв. 1948-1989 онд 250.000 хүн улс төрийн шалтгаанаар шоронд хоригдож, 400.000 хүн дүрвэн гарчээ.

1989 онд Чехословак Вацлав Хавелийн удирдсан «тайван хувьсгал»-аар ардчилсан дэглэмд эргэн оржээ. Словакийн үндэсний эрмэлзэл хүчтэй байж, 1993 оны 1 сарын 1-ээс хоёр улс энх тайвнаар салж, «Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)» тусгаар улс болжээ.

Чех Улс үүнээс эдийн засгийн шинэтгэл, төрийн өмчийн хувьчлал зэрэг арга хэмжээг авч зах зээлийн эдийн засагт орсон ба амжилттай байж, 2006 онд Дэлхийн банк Чехийг «хөгжингүй орон» хэмээн ангилсан. 2009 онд хүний хөгжлийн илтгэцүүрээр онц сайн гэж эрэмбэлэгдсэн.

Чех нь Висеградын бүлэг (1993), Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (1995), НАТО (1999), Европын холбоо (2004) зэрэг эдийн засаг, улс төрийн олон улсын байгууллагын гишүүн юм. 2007 он хүртэл Шенгений орон болсон. Социал демократ (Милош Земан, Владимир Спидла гэх мэт), Либерал консерватив (Вацлав Клаус нар) намууд төрийн эрх барьсаар байгаа.

Чехийн физик газар зүйн зураг

Чех улс Европын төв хэсэгт, далайд гарцгүйгээр, хойд өргөргийн 48°—51°, зүүн уртрагийн 12°—19° градусын хооронд оршдог.

Өрнөд талын Бохеми нутаг нь Эльба, Влтава голын сав газар бөгөөд Крконосе, Судет зэрэг багахан уулын нуруу бий.

Өндөр оргил нь д.т.д. 1603 м өргөгдсөн Снежка юм.

Нутгийн дорнод хэсгийн Морави нутаг намхан уулст, тал нутаг байна. Морави, Одер зэрэг гол мөрөн урсдаг.

Нутгийн гол мөрд Хойд тэнгис, Балтын тэнгис, Хар тэнгисийн гэж гурван ай савд хамаардаг.

Герман улсын Хамбург хот дахь Влтава гол дээрх Молдахафен боомтыг 99 жилийн хугацаатай түрээслэж, далайн гарц болгон ашигладаг.

Ой мод их. Крконосе, Сумава, Подыжи, Бохемийн Швейцар хэмээх дөрвөн байгалийн цогцолбор газартай.

Түүхэн төвлөрсөн нутаг нь гол мөрний сав газар байсан. Бохемид Эльба ба Влтава, Моравид Моравийн, Силезид Одерын сав газрууд бий.

Кривоклацкогийн ой
Умард нутгийн намхан улс
Бохемийн ойн Касперк цайз
Берунка гол
Моравийн дорнод захын уулс

Чех улс олон намын тогтолцоотой, парламентат, төлөөллийн ардчилсан дэглэмтэй улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байна. Хууль тогтоох байгууллага буюу парламент нь хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхим (200 гишүүн), Сенат (81 гишүүн) хоёр танхимаас бүрдэнэ.

Улсын ерөнхийлөгч нь Чех улсын банк, Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилох зэрэг парламентын шийдвэрт хориг тавих гэх мэт хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг. Дээд шүүхийн тэргүүн, дэд тэргүүнийг ерөнхийлөгч томилно. Мөн ерөнхий сайдыг томилох бөгөөд, ерөнхий сайдын санал болгосон зарим сайдыг томилно. 1993-2012 онд парламентын нэгдсэн хуралдаанаар ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгох ба дараалсан хоёр сонгогдож болно гэж заажээ. Энэ хугацаанд ерөнхийлөгчөөр Вацлав Хавел 2 удаа, Вацлав Клаус 2 удаа тус тус сонгогдон ажиллажээ. 2013 оноос ерөнхийлөгч нь сонгуулиар шууд сонгогддог болсон ба Милош Земан 2013 онд 54.8% саналаар, 2018 онд 51.4% саналаар 2023 он хүртэл улиран сонгогдсон.

Чех улсын үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх мэдэл засгийн газарт байна. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, бусад сайдаас засгийн газар бүрддэг. Засгийн газар Төлөөлөгчдийн танхимын өмнө хариуцлага хүлээнэ. Ерөнхий сайд нь засгийн газрын тэргүүн бөгөөд дотоод, гадаад бодлого хэрэгжүүлэх, сайд нарыг сонгох эрх мэдэлтэй. Одоогийн ерөнхий сайд Андрей Бабиш 2017 онд ажлаа хүлээн авчээ.

Засгийн газрын байр -
Страка академи
Төлөөлөгчдийн танхимын
байр - Тун ордон
Сенатын байр -
Валленштейн ордон

Төлөөлөгчдийн танхимын гишүүн дөрвөн жилийн хугацаатай, 5% санал авсан байх босго бүхий пропорциональ системээр сонгогддог. Засаг захиргааны хуваарьтай холбож, сонгуулийн 14 тойрог болгожээ. Сенатын гишүүн зургаан жилийн хугацаатай, нэг удаа суух, хоёр шаттай санал асуулгаар жил болгоны намар шинэ элсэлт авагдахаар сонгогддог.

Албан тушаал Нэр Нам Хэзээнээс
Ерөнхийлөгч Милош Земан СПОЗ 2013.03.08
Сенатын дарга Ярослав Кубера ОДС 2018.11.14
Төлөөлөгчдийн танхимын дарга Радек Вондрачек АНО 2017.11.22
Ерөнхий сайд Андрей Бабиш АНО 2017.12.06
Брно дахь Дээд шүүхийн байр

Чех улс нь эх газрын загвар бүхий иргэний хуулийн тогтолцоотой, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Суурь хууль болох үндсэн хуулиа 1993 онд баталсан. Эрүүгийн хууль нь 2010 оноос шинэчлэн мөрдөгдөж байгаа. Иргэний шинэ хууль нь 2014 оноос эхэлсэн. Шүүх тогтолцоо нь дүүрэг, аймаг, дээд шүүх гэх ба иргэний, эрүүгийн, захиргааны гэж хуваагддаг. Үндсэн хуулийн цэц нь 15 гишүүнээс бүрдэх ба Засгийн газрыг үндсэн хууль зөрчсөн эсэхэд хяналт тавина. Дээд шүүх нь 67 шүүгчээс бүрддэг бөгөөд эцсийн шүүн таслах шийдвэр гаргадаг. Захиргааны дээд шүүх нь Дээд шүүхийн хамтаар Брнод байрладаг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

2000 оноос эхлэн Чех улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд 13 муж (чехээр kraj) болон нийслэл Праг хот болон хуваагдсан. Край болгон өөрийн нутгийн сонгуульт хурал (krajské zastupitelstvo) болон засаг дарга (hejtman)-тай. Праг хотод хурал болон ерөнхийлөгчийн эрхийг хотын зөвлөл болон хотын дарга гүйцэтгэдэг. Край нь дотроо 76 тойрог (okresy) болон хуваагддаг.

Уламжлалт гурван нутаг ба
өнөөгийн 13 край, 1 нийслэл хот
76 тойрог бүхий газрын зураг
Үсэг Крайн нэр
монголоор
Крайн нэр
чехээр
Засаг захир-
гааны төв
Хүн ам
(2004 он)
Хүн ам
(2011 он)[11]
A Праг 1 Hlavní město Praha 1,170,571 1,268,796
S Төв Бохеми Středočeský kraj Праг2 1,144,071 1,289,211
C Өмнөд Бохеми Jihočeský kraj Ческе-Будеёвице 625,712 628,336
P Пльзень Plzeňský kraj Пльзень 549,618 570,401
K Карловар Karlovarský kraj Карловы Вары 304,588 295,595
U Устец Ústecký kraj Усти-над-Лабем 822,133 835,814
L Либерец Liberecký kraj Либерец 427,563 432,439
H Краловеград Královéhradecký kraj Градец-Кралове 547,296 547,916
E Пардубиц Pardubický kraj Пардубиц 505,285 511,627
M Оломоуц Olomoucký kraj Оломоуц 635,126 628,427
T Морави-Силези муж Moravskoslezský kraj Острава 1,257,554 1,205,834
B Өмнөд Морави Jihomoravský kraj Брно 1,123,201 1,163,508
Z Злин Zlínský kraj Злин 590,706 579,944
J Высоцина Kraj Vysočina Жихлава 517,153 505,565

1 нийслэл хот
2 засаг захиргааны төв

Чех улс Европын чөлөөт зах зээл, Шенгений бүст хамаардаг. Мөнгөний нэгж нь евро бус харин крон байна.
Škoda Auto бол томоохон автомашин үйлдвэрлэгч

Чех улс нь хөгжингүй, өндөр орлоготой орон бөгөөд Европт үлгэр жишээ болсон үйлчилгээ, аж үйлдвэр, технологийн шинэчлэлд суурилсан, экспортод чиглэсэн эдийн засагтай орон юм. Европын Холбооны гишүүн орны хувьд европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч евро мөнгөн тэмдэгтийн оронд чех кроноо хэрэглэсээр байна. ЭЗХАХБ-ын гишүүн орон бөгөөд Европын Холбооны дундаж орчимд нэг хүнд ноогдох ДНБ нь байна. Хүний хөгжлийн илтгэцүүрээр дэлхийд 15-р байранд (Их Британи, Францын хойно) орж байна.

2018 оны байдлаар нэг хүнд ноогдох нэрлэсэн ДНБ нь $22850, худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ нь $37370 (Итали, Словенитэй ойр) байна. 2017 оны жилийн ДНБ-ийн өсөлт 4.5% байсан нь Европын холбоонд 1-р өндөр нь байв. 2016 онд ажилгүйдлийн түвшин 2.4% байсан бол ядуурлын хувь нь ЭЗХАХБ-ын дотор 2-р бага (Данийн дараа) байв. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 24-т, Инновацийн индексээр 29-т гэх мэтээр өндөр байранд жагсдаг. Эдийн засгийн 37.5% нь аж үйлдвэр, 60% нь үйлчилгээ, 2.5% нь хөдөө аж ахуйд бүтээгдсэн. Экспортын гол түнш нь Герман зэрэг ЕХ-ны бусад улс орон байна. 2004 оны 5-р сараас хөрш улсуудад (Герман, Австри, Польш, Словак) саадгүй орж гарах Шенгений бүст нэгджээ. 1995 онд ДХБ-ын гишүүн болсон.

2018 онд орлогын хэмжээгээр хамгийн том компани нь: автомашин үйлдвэрлэгч Škoda Auto (Шкода Авто), дулааны, эрчим хүчний ČEZ.

 Commons: Czech Republic – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1997 он хүртэл Словактай хамт 42 кодыг хэрэглэж байсан.
  2. Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг.
  1. "Czech language". Czech Republic – Official website. Ministry of Foreign Affairs of the Czech Republic. Архивласан огноо 6 November 2011. Татаж авсан: 14 November 2011.
  2. 2.0 2.1 "Národnost". Census 2021 (чех хэлээр). Czech Statistical Office. Archived from the original on 15 Нэгдүгээр сар 2022. Татаж авсан: 13 January 2022.
  3. "Náboženská víra". Census 2021 (чех хэлээр). Czech Statistical Office. Archived from the original on 22 Нэгдүгээр сар 2022. Татаж авсан: 13 January 2022.
  4. 4.0 4.1 "Land use (as at 31 December)". Public database. Czech Statistical Office. Татаж авсан: 11 May 2023.
  5. "Population of Municipalities – 1 January 2023". Czech Statistical Office. 23 May 2023.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database July 2023". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 19 June 2023.
  7. "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 21 June 2022.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 8 September 2022.
  9. Citizens belonging to minorities, which traditionally and on a long-term basis live within the territory of the Czech Republic, enjoy the right to use their language in communication with authorities and in courts of law (for the list of recognized minorities see National Minorities Policy of the Government of the Czech Republic Архивлагдсан 7 Зургаадугаар сар 2012 at the Wayback Machine, Belarusian and Vietnamese since 4 July 2013, see Česko má nové oficiální národnostní menšiny. Vietnamce a Bělorusy Архивлагдсан 8 Долоодугаар сар 2013 at the Wayback Machine). Article 25 of the Czech Charter of Fundamental Rights and Freedoms ensures the right of the national and ethnic minorities to education and communication with the authorities in their own language. Act No. 500/2004 Coll. (The Administrative Rule) in its paragraph 16 (4) (Procedural Language) ensures that a citizen of the Czech Republic who belongs to a national or an ethnic minority, which traditionally and on a long-term basis lives within the territory of the Czech Republic, has the right to address an administrative agency and proceed before it in the language of the minority. If the administrative agency has no employee with knowledge of the language, the agency is bound to obtain a translator at the agency's own expense. According to Act No. 273/2001 (Concerning the Rights of Members of Minorities) paragraph 9 (The right to use language of a national minority in dealing with authorities and in front of the courts of law) the same also applies to members of national minorities in the courts of law.
  10. The Slovak language may be considered an official language in the Czech Republic under certain circumstances, as defined by several laws – e.g. law 500/2004, 337/1992. Source: http://portal.gov.cz Архивлагдсан 10 Дөрөвдүгээр сар 2005 at the Wayback Machine. Cited: "Například Správní řád (zákon č. 500/2004 Sb.) stanovuje: "V řízení se jedná a písemnosti se vyhotovují v českém jazyce. Účastníci řízení mohou jednat a písemnosti mohou být předkládány i v jazyce slovenském ..." (§ 16, odstavec 1). Zákon o správě daní a poplatků (337/1992 Sb.) "Úřední jazyk: Před správcem daně se jedná v jazyce českém nebo slovenském. Veškerá písemná podání se předkládají v češtině nebo slovenštině ..." (§ 3, odstavec 1). http://portal.gov.cz
  11. "Základní výsledky". Czech Statistical Office. Архивласан огноо 28 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 11 Наймдугаар сар 2015.