Jump to content

Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(1368-1691 оны Монгол-с чиглүүлэгдэв)
Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс
ᠳᠥᠴᠢᠨ
ᠳᠥᠷᠪᠡᠨ
ᠬᠣᠶᠠᠷ ᠤᠨ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ

(1388-1635)
Умард Юань
ᠤᠮᠠᠷᠠᠳᠤ
ᠶᠤᠸᠠᠨ

(1368-1388)
Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
Цаг тооны хэлхээс
1368—1691 он
Дай Өнь Их Монгол Улс Дөрвөн Ойрад
Монгол Манжийн эрхшээлд
Хар Дэлийн Хант Улс
Хууль цааз Их Засаг
Албан хэл Монгол, хятад, манж
Нийслэл Шанду (1368–1369)
Инчан (1369–1370)
Хархорум (1371–1388)
Төрийн хэлбэр Хэмжээгүй эрхт хаант засаг
Төрийн тэргүүн
– 1368–1370 он
– 1370–1378 он
– 1378–1388 он
– 1388–1391 он
– 1480–1517 он
– 1603–1634 он
Хаан (алтан ургаас сонгоно)
Тогоонтөмөр хаан
Аюушридар хаан
Төгстөмөр хаан
Есүдэр Зоригт хаан
Батмөнх Даян хаан
Лигдэн Хутагт хаан (бүрэн жагсаалтыг үзэх)
Нутаг дэвсгэр
– 1550 он[1]

5.000.000 км²
Түүхэн он
– 1368 он
– 1388 он
– 1483–1510 он
– 1634 он
– 1691 он

Юань Улс мөхөв
Төгстөмөр хаан алагдсан
Даян хаан Монголчуудыг дахин нэгтгэв
Сүүлчийн хаан Лигдэн нас барав
Долоннуурын чуулган
Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр  Монгол,  Хятад,  Орос,  Казахстаны хэсэг

Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс[2] нь Юань гүрний дараа 1368-1691 он хүртэл оршин тогтнож байсан монголчуудын улс өөр өөр нэртэй байдаг. 1388 он хүртэл "Их Юань" нэрийг хэрэглэж байсан ба бусад үед Дөчин Дөрвөн хоёр буюу бүрнээрээ Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс (дөчин түмэн Монгол, дөрвөн түмэн Ойрад гэх үгнээс товчлон ингэж хэрэглэж байж) гэсэн албан ёсны нэртэй байжээ, харин Эсэн тайш хаан болсны дараа Их Юань гэж нэрлэгдэх болсон. Үүнийг Хятадыг захирч байсан Юань улсаас ялгахын тулд түүхчид "Умард Юань" гэж нэрлэдэг.[3] Мөн түүхийн судалгааны ном зохиолуудад энэ үеийг «Бага хаадын үеийн Монгол», «Улс төрийн бутралын үеийн Монгол», «14-17-р зууны Монгол» гэж нэрлэдэг. 14-17-р зууны Монголын түүхэн сурвалж номнуудад "дөчин дөрвөн хоёр" гэж бичсэн байдаг тул "Дөчин дөрвөн хоёр" гэж бас нэрлэдэг.[4] 14-р зуунаас 1691 он хүртэл Монголын ноёд хоорондоо байнга хагаралдан тэмцэлдэж байлдаж байсан учир энэ үеийг улс төрийн бутралын үе гэдэг байна. Коммунист түүхийн шинжлэх ухааны үзлээр феодализмын буюу дундад зууны хамжлагат ёсны хөгжил тодорхой шатанд хүрмэгц хаад ноёд ийнхүү эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлдэг бөгөөд үүгээр тухайн улсын феодализмын үе төгсч капитализмд буюу хөрөнгөтний нийгэмд шилжин ордог ажээ.

Их хаан Монголд эргэн ирсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Тогоонтөмөр хааны үед Монголын байлдан дагуулагчид Хятад, Монгол болон бусад Азийн орнуудын ард түмнийг ихээр дарангуйлснаас тэдний амьдрал хэцүү болж, бослого хөдөлгөөн ихээр гарах болсон. Өдрөөс өдөрт хүчээ авсан бослого хөдөлгөөн нь Хятадад төвлөрсөн байсан Юань гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагасан байна. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр бараа бологч сайд, ноёд, торгон цэргээ дагуулан 1368 онд Монголдоо эргэж иржээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Хархорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд XVI-XVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ. Минд хотуудаа сүйтгүүлэн шатаалгасны улмаас монгол ноёд дахиж хот барилгүй нүүдэллэн амьдрах болсон бололтой. Энэ нь дайсны довтолгооноос хамгаалах ач холбогдолтой байсан ба дайсан довтолсон тохиолдлолд хүн, мал, эд хөрөнгөө аваад хойд зүгт Сибирь рүү холдон нүүдэг байв. Ийнхүү монголчууд нүүдэллэн амьдарч ухрах, довтлох аль аль аргуудыг хэрэглэж байсан тул Хятадын Мин улс Монголыг бүхэлд эзэлж чадаагүй юм.

1368 онд Тогоонтөмөр хаан, өвөг дээдсийнхээ байгуулсан уугуул нийслэл Дайду хотоос зугатан гарч, эх монгол нутагтаа ирснээр Монгол улсын түүх шинээр эхлэв. Тогоонтөмөр хааны ахмад хүү Аюушридар 1370 онд Хархорум хотноо нийслэн сууж, улсаа “Ар Юань” буюу “Умард Юань” хэмээн нэрийдсэн байна. Ингэж нэрлэсэн нь цаанаа учиртай байв. Жу овогтны Мин төрд авагдсан Их Юан улсыг дахин сэргээх бодлогыг Билэгт хаан гол зорилгоо болгожээ. Энэ зорилт хэдийгээр биелээгүй ч Төв Азийн элгэнд язгуур монголын төрт улс уг хэвээр оршин тогтнож эхэлжээ. Монгол улс эхэндээ Хятадыг эргүүлж эзлэх зорилготой дайтаж байсан ч 14-р зууны сүүлээс Хятадад уугуул нутгаа алдаж эхэлсэн тул Хятадын эдийн засгийн хавчлага хяхлага, Монголын хүчийг бутарган доройтуулах үйл ажиллагааг нь зогсоох болон хилээ хамгаалах зорилготой цэрэг, улс төрийн бодлогийг 17-р зуун хүртэл явуулжээ. Тэр үед Монголын хил өмнүүрээ Цагаан хэрэм, зүүн биедээ усны гурван зүрчид буюу манж нартай хиллэж, зүүн өмнөд тал нь Ляо-дунгийн хойгийг эзэлж, Бохайн тэнгисээр Номхон далайд тулж байв.

Энэ үед Хятадын хаан монголчуудыг нутагт нь буцаахгүй байх, устгах тушаал гаргажээ. Юннань зэрэг өмнөд мужуудад байсан монголчууд болон Юаний лал цэргүүд хамтран Хятадтай байлдсан ч давуу хүчинд дийлдэн ялагдав. 1382 онд Лян ван Басалавармигийн цэрэг Мин гүрэнд ялагдаж Жү Юаньжан Юньнанийг Хятадад нэгтгэв. Бууж өгсөн монгол цэргүүд нэгэнт гэр бүлтэйгээ хамт нутаг буцаж чадаагүй тул Хятадын армийн бүрэлдэхүүнд орж Монголын эсрэг байлдах болов. 1387 онд Ляодуний урианхайн Нагачу ноён олон мянган цэргийнхээ хамт Минд бууж өгсөнөөр Монгол улс зүүн өмнөд нутгаа алджээ.

1380-1410-аад оны хооронд Хятадын Мин улсын (1368-1644) цэрэг Монгол улсыг удаа дараа довтолж, дээрэмдэн өвөлжөө билчээрийг шатаахын зэрэгцээ Мингийн засгийн газраас Монголчуудыг өөр хороондоо эвдрэн хямрах бодлогыг идэвхтэй явуулж байсан 14-р зуун 15-р зуунд Монголын улс төр туйлын донсолгоотой байв. 1388 онд Төгстөмөр Буйр нуурын ойролцоо Мин улсын жанжин Лань Юй-гийн удирдсан цэрэгтэй тулалдаж, ялагджээ. Хархорумын зүг одох замд нь Туул голын орчимд түүний түшмэл Есүдэр гэгч довтлон цохьжээ. Есүдэрийн цэрэг Төгстөмөрийг гүйцэж очоод түүнийг хөвгүүний нь хамт хороожээ.[5]

1388 онд Есүдэрийг Зоригт хаан гэдэг болсон. Түүний дараа Монгол «Юань улс»-ын нэрийг хэрэглэхээ больж, «Их Монгол Улс»-ын нэрийг сэргээв. 1388-1408 онд Есүдэр, Энх (Монголын түүхийн эх сурвалжид Энх, Зоригт хоёрыг Энхзоригт хаан гэж нэг хүнээр бичдэг, харин хятад болон дундад азийн эх сурвалжид хоёр өөр хүнээр тэмдэглэдэг), Элбэг, Гүнтөмөр, Өрөгтөмөр зэрэг таван хаад суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгджээ.[6]

Дундад зууны монгол сурвалжуудад Тогоонтөмөр 40 түмэн монголоос 6 түмэнг (Ар, Өвөр Монголын 6 түмэн) авч гарав гэсэн байдаг ч ихэнх монголчууд уулаасаа Монголдоо байсан бололтой. Харин Хятадад 250,000-с[7] доошгүй монголчууд Хятадын хойд, төв, өмнөд хэсгээр байсан нь нилээд нь алагдаж үлдсэн нь Минд дагаар ороход хүрчээ. Юань улсад нийтдээ 1,5 саяаас доошгүй монголчууд байсан бололтой. Монгол байн байн Хятад руу довтолж, тэр нь дотоодын ноёдод дарамт болж, эзэнт улсын улс төрийн бутрал улам хүчтэй болоход нөлөөлсөн байна. Энэ хооронд (1388-1453 онд) Ойрадын тайшууд Монголын хаадын эрх мэдлийг сольсон. 1450-иад онд ойрдын Эсэн тайш бүх монголыг нэгэн удаа нэгтгэж өөрөө хаан ширээнд суусан боловч алтан ургийн ноёдын эсэргүүцэлтэй тулгарч 1455 онд алагдсанаар Монгол улс дахин задарч, хүчирхэг вассал ноёдын эзэмшилд хуваагджээ. Ноёд хааны захиргаанаас гарч, бие даахыг хичээн, эрх мэдэл, газар нутгийн төлөө тэмцэлдэж эхэлснээр хоорондоо эв эегүй болж, энэ нь бутралд хүргэсэн байна. Энэхүү бутрал нь 300 орчим жил үргэлжлэн Монголчууд болон Монгол орныг туйлдуулсан. Дөчин түмэн Монгол[8] улсын төрийг 22 хаан солигдон барьсан ч тэдний олонх нь хорлогдож, цаг бусаар хорвоог орхижээ. Хятад руу довтлох нь нэгд тэнд үлдсэн монголчуудаа чөлөөлөх хоёрт Хятадыг дахин эзлэх зорилготой байв. Хятад Өмнөд Монголыг бүхэлд нь эзэлсэн ч Монгол улс Өмнөд Монголыг 15-р зуунд эргүүлэн авчээ. Хятадад 15-р зууны дунд хүртэл монгол сургууль ажилладаг, монгол хэлээр ном гаргадаг байсан байсан ба тэд яваандаа уусан алга болсон бололтой. Тэднээс үлдсэн цөөн тооны хүмүүс нь Сычуань, Юньнань мужийн монголчууд болно.[9]

1550-иад онд Түмэдийн Алтан хан Бээжинг довтлоход Мин улс монгол гаралтай цэргүүдийг түүний эсрэг тулалдуулсан байна. Эдгээр хүмүүс хавлага хяхалтаас болгоомжилж нэрээ хятад болгон өөрчилж өөрсдийн гарлаа хэдэн зуун жилийн турш нууж иржээ. 1950-иад оноос хойш тэдний зарим хэсэг нь монгол гэдгээ батлахын тулд нилээдгүй хөрөнгө зарж шүүхээр хөөцөлдсөний эцэст Хятадын засгийн газраас монгол гэдгийг нь хүлээн зөвшөөрчээ.[9]

Ойрадуудын хүчирхэгжилт

[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуухай Даюугийн хүү Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан “дөрвөн ойрад” болсон. 1393 онд үхсэн Дөрвөн Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван залгамжлагч Махмуд, Эсэхү, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Мин улсын шинэ хуанди Юнлө Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юнлө хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Дэлбэгийг хаан болгож, өөрөө тайш мэт улсыг захирч эхлэв. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Мин улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Ойрадай хаан нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Эсэхү байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хорчины Адай хаан болж Дөрвөн Ойрадыг бут цохижээ.

1418 онд Тогоон тайш Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тогтобухыг Тайсун хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайш нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.

Монголын нэгдмэл байдал сэргэсэн нь

[засварлах | кодоор засварлах]
Монгол орон 14-17-р зуунд: Монгол улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Монгол улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан

Монголыг дахин нэгтгэж чадсан хүн бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Бутралын үеийн Монголын хамгийн хүчирхэг байсан үе нь Батмөнхийн үе бөгөөд энэ үед Хятад улс Монголд алба барьж байв. 1470-аад оноос Батмөнх Даян хаан монгол аймгуудыг нэгтгэж XVI зууны эх гэхэд хүчирхэг нэгдсэн төрийг тогтоож чаджээ. Энэхүү нэгдэл нь 1630-аад оныг хүртэл тогтвортой байснаар Монгол улсын соёл, эдийн засаг эрчимтэй хөгжжээ.

Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Монгол судар бичигт: "Тогоонтөмөр хаанаас хойш хэд хэдэн хаадын үе тасарч явахад" Мандухай хатан Мандуул хааны дүү, Баянмөнх жононгийн 7 настай өнчин хүү Батмөнхийг Монголын нөлөө бүхий ноёдтой хамтран 1470 онд хаан ширээнд өргөмжилж, "Даяарыг эзлэх болтугай" хэмээн даян хаан цол олгожээ. Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс Мандухай бага залуу Батмөнхийн хатан болсон. Батмөнх даян хааны төр барьж байх эхний үед улс төрийн үйл ажжиллагаанд Мандухай сэцэн хатны үүрэг их байсан. Тухайлбал: Мандухай Монгол ноёдын саланги, бутархай байдлыг арилгахын тулд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалд үзэн өөрийн биеэр цэрэглэн дайрч хааны захиргаанд оруулсан байна.

Батмөнх хааны үйл ажиллагаа нь:

  • Монголын нутаг дэвсгэрийг хураан захирах
  • Төрийн нэгдлийг хангахад чиглэгдсэн байсан.

Батмөнхийг төр барьж байх үед биеэ дааж орших гэсэн ноёдын эсэргүүцэл ихээр гарч байсан ч тэдгээрийг цаг тухайд нь дарж байсан байна. Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа дараах шинэчлэлийн бодлогыг явуулсан.

  • Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэх
  • Эзэлсэн газраа өөрийн хөвгүүддээ хуваарилан өгөх гэх мэт. Эзэмшил нутгаа хөвгүүддээ хувь болгон таслан өгсөн нь Монголын үйлвэрлэх хүчинд эерэгээр нөлөөлжээ. Малчид эзэн ноёны тодорхой нутагт нүүдэллэж, мал аж ахуйг хөтлөх шинэ арга барил нэвтэрч, ноёнд ноогдуулах алба нарийн болж, улсын санг нэмэгдүүлж байжээ.

Батмөнх даян хаан 1470 - 1517 онд Монголын төрийг барьснаар олон жил үргэлжилсэн феодалын хямрал дажин, гадаадын довтолгоо дайралтыг зогсоосон байна. Батмөнх халх түмний эзэн байгаад зогсоогүй бараг бүх Монголыг нэгтгэн захирсан их хаан билээ. Монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь Монголыг тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, үйлдвэрлэх хүчний хөгжилд түлхэц болсон.

Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.

XVI зууны үед Монголын Халх, Цахар, Түмэд, Ордос, Харчин, Юншээбүү зэрэг аймаг, хошуудыг Мандухай хатны 7 хөвгүүдийн үр удмууд хуваан захирхах болжээ. Даян хааны ач нараас Барсболд жононгийн хүү Алтан (1507-1582) хэдийгээр хаан ор залгаагүй боловч ихэд хүчирхэгжиж их хаанаас хан цол хүртжээ. Тэрээр Хятадад олон удаа довтолж, 1550 онд Бээжин хотыг бүсэлж байв. Аргагүй байдалд орсон Мин улсын эрх баригчид хилийн боомтоо нээхийг зөвшөөрч буулт хийж байж Монгол цэргийг буцаасан байна. Алтан хан 1557 онд Хөх хотыг байгуулжээ. Тэрээр 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзан Бурханы шашинд оржээ. Алтан хан Содномжамц ламд анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ үед бас Халхын Автай сайн хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх том толгой ноёд Бурханы шашинд орж Монголын овог аймгуудын дунд Бурханы шашны Шар Малгайтны урсгал эрчимтэй дэлгэрэв. Автай хан 1585 онд хуучнаар Хархорин хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ.

XV-XVI зууны эхэн үе бол монголын соёл урлагийн хөгжил дэвшил сэргэн мандалтын үе юм. Энэ хөгжлийн үед архитектур, торгон зээгт наамал, мартан, нагтан шүтээн зурагнууд болон сийлбэрүүлд илүү хөгжсөн юм. Өргөмөл хүү Зая бандид Намхайжамц монголын үсэг тод бичгийг зохиосон юм. Халхын Бурханы шашны тэргүүн Анхдугаар Богд Занабазар Монголын ардын урлагийн сор болсон алдарт хорин нэгэн дарь эхийн баримлаа урлан бүтээсэн юм. Түүний уран бүтээлийн оргилууд нь Цагаан Дарь Эх болон Ногоон Дарь Эхийн баримлууд юм. Энэхүү уран бүтээлүүдээрээ монголын үзэсгэлэнт бүсгүйн төрхийг илэрхийлж өгчээ. Цагаан Дарь Эхийн зүүн мөрөн дээр лянхуа цэцэг байдаг бөгөөд дэлбээлж буй лянхуй байдаг юм. Харин Ногоон Дарьт байдаг лянхуа цэцэг нь аль хэдийн дэлбээлчихсэн байдаг бөгөөд тун үзэсгэлэнтэй бүсгүйн дүрийн гаргажээ. Тэрээр өөрийн үзэсгэлэнт төрх байдалд сэтгэл хангалуун байдаг аж. Тэрээр бясалгалаас сэрж буй байдалтай лянхуа цэцгийн суудал дээр баруун хөлөө доошлуулан хүүхдээ хөхөөрөө хооллосон байдалтай суудаг. Олон олон сүм дуган Занабазарын төслөөр хэрэгжиж бүтээгдсэн байдаг. Тэрээр монголын соёмбо үсгийг зохиожээ.

14-17-р зууны Монгол улс нь Хүннү, Сяньби, Жужан, Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын алтан ургийн хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино.

15-р зуунд Монголын баруун талд Сибирийн ханлиг (15-р зуунаас-1598 он) байгуулагдан хиллэх болсон бөгөөд урьд нь Алтан Ордод харъяалагдаж байсан нутаг Сибирийн ханлигийн бүрэлдэхүүнд орсон бол Сибирийн ханлиг 16-р зууны сүүлээр Орост цохигдон хүч нь суларсан үеэс газар нутаг нь Казахын Хант Улс, Дөрвөн Ойрадын хилд оржээ.

XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Хотгойдын Алтан ханы улсын хойд хил өнөөгийн Оросын Красноярск хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд тэд Тува, Енисейн киргизүүдийг нэг хэсэг захирч байв. Ойрад, хотгойдууд Баруун Монголд ноёрхохын төлөө тэмцэлдэн хотгойдууд ойрадуудыг баруун тийш шахсан боловч 17-р зуунд хотгойдын хүч буурч Красноярск хавийн нутаг ойрдын захиргаанд оржээ.[10]

Засаг захиргааны зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Монгол энэ үед Алтайн нуруунаас баруун тийш орших Баруун Монгол буюу Дөрвөн Ойрад, түүнээс зүүн тийш орших Зүүн Монгол гэсэн 2 хэсэгт хуваагджээ. Зүүн Монгол нь баруун 3 түмэн, зүүн 3 түмэн нийт 6 түмэнтэй байсан бол Ойрад буюу Баруун Монгол 4 түмэнтэй байв.

  • Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
  • Баруун түмэн: Түмэд, Ордос, Юншээбүү

Урианхай түмэн Өвөр Монголын зүүн урд нутаг, Ляонин мужид (Манжийн үеийн Зостын чуулган), Цахар түмэн Урианхайн хойно одоогийн Өвөр Монголын Шилийн Гол аймагт, Юншээбүү түмэн Түмэд, Цахарын дунд, Хаалган (Жанчхүү) хотын зүүн хойно, хойд талаар, Ордос түмэн Шар мөрний урд эрэг буюу Ордосын тохойд, Түмэд түмэн Хөх хот орчимд байв. Юншээбү харчинтай ижилсэн сууж мөн адил харчин гэгдэх болж байв.

Халх түмний баруун хэсэгт баяд, хотгойд, зүүн хэсэгт барга нар ордог байв. Цахар түмний хойд хэсэгт урад, муумянган, дөрвөн хүүхэд (зүүн дөрвөд), авга, авга нар, үзэмчин, хуучид зэрэг аймаг амьдарч байв. Цахарыг харьяанд Их Хянганы нурууы зүүн, зүүн урд талаар байсан хорчин, дагуур, жарууд, жалайд, горлос, аохан, найман, баарин, хишигтэн, онгуд нар бүрэлдүүлдэг байсан байна.

1600-1680 оны үед Монгол

Дөрвөн Ойрадын нутаг Увс нуур, Алтайн нуруу, Шинжааны хойд хэсэг, Казахстаны зүүн хэсгээр байв. Хошууд Ойрадын нутгийн баруун өмнө талд (Хами орчим буюу Шинжааны зүүн хэсэгт), Цорос, Өөлд хоёр Или мөрний эхэнд, Торгууд Тарвагатайн нуруунд, Дөрвөд, баяд хоёр хамгийн хойно Зайсан нуур орчимд Эрчис мөрний эхээр нутаглаж байв. 14-17-р зууны үед одоогийн монгол үндэстний байршил, газар нутгийн хил, монгол гэсэн үзэл үндсэндээ тогтвортой болж тогтсон байсан ч 17-р зууны үеэс харийн түрэмгийлэлд өртөн тэр үеэс монголчуудын тоо цөөрч газар нутгаа алдан нутгаасаа шахагдахад хүрчээ. Энэ үед халх, өвөр монголчууд, буриадуудын байршил ерөнхийдөө тогтвортой байсан бол ойрадын хил хамгийн их өөрчлөгджээ. Буриадууд голчлон Байгаль нуурын баруун талаар Ангар мөрнөөс Монголын хил хүртэлх нутагт байсан бололтой бөгөөд 17-р зууныг хүртэл Байгалийн зүүн талаар байсан буриадуудын талаар бага мэдээлэл үлджээ.

Харийн түрэмгийллийн эсрэг тэмцэл

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Монгол Манжид эзлэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]

16-р зууны сүүлээр дорно зүгт манж нар хүчирхэгжиж, хөрш монгол аймгуудтай ураг барилдах замаар өөртөө татаж эхэлсэн нь Монголын тусгаар тогтнолд аюул занал учруулав. Монгол улсын сүүлчийн хаан Лигдэн энэ аюулыг ухаарч сөрөн тэмцсэн боловч бусад ноёдын дэмжлэгийг авч чадалгүй 1634 онд тэнгэрт халив.

Буриад Орост эзлэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Оросын хаант улс хүчирхэгжихийн хэрээр газар нутгаа тэлж өргөжүүлэх түрэмгий бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Оросын баруун талд хүчирхэг хөршүүд байснаас уламжлан дундад зууны үед газар нутгаа тэлж чадаагүй бөгөөд зөвхөн Их Петр хааны шинэчлэлийн үр дүнд шинэчилсэн армийн хүчээр түрэмгий дайнуудыг хийсэн байна. Баруун талын хүчирхэг хөршийн эсрэг биш харин зүүн талын нүүдэлчдийн сул талыг анзаарсан оросууд өөрсдийн галт зэвсгийн давуу тал, хүний нөөцөд түшиглэн түрэмгийллийг ээлж дараалан шатлан өргөжүүлэх аргаар гүйцэтгэсэн. Эхний шатанд хүчээр сул Сибирийн ханлигийг бут цохин газар нутгийг нь эзэлсэний дараа Зүүнгарын хүчирхэг хаант улстай шууд хил залгах болсон ба Красноярскийн чиглэлд хйисэн түрэмгийлэл нь Зүүнгарын цэргийн хүчтэй хэд хэдэн удаагийн тулалдаанаар ялагдсан тул зогссон байна. Харин зүүнгарын харъяатуудын хойгуур тайгын отог овгуудын нутгийг эзлэн дорно зүг ахисаар Байгал нуур хавийн буриадуудын нутагт буюу Монгол улсын хойд хилд тулж иржээ. Орост хийгдэж буй газрын зурганд бутралын үеийн Өвөр Монгол, Зүүнгарын хилийг зөв зурдаг боловч 14-17-р зууны Монголын газрын зурганд өмнөд Сибирийг оруулалгүй зурдагаас орос иргэд тухайн үед Монголын хил өмнөд Сибирийг хамарч байсныг мэддэггүй байна.

Монгол 17-р зуун
Монгол 17-р зуунд
1533-1896 оны Оросын байлдан дагуулал
Баруун Сибирь 16-17-р зуун
Сүйрсэн орос суурин. Сэргээн зурсан нь
Баруун Сибирь дэх орос бэхлэлтүүд 16-17-р зуун
Төв Сибирьт оросын бэхлэлтүүд байгуулагдсан нь
Алс Дорнод Орост эзлэгдсэн нь XVII
Сибирь XVI-XVII зуун
Сибирь Орост эзлэгдсэн нь 16-17-р зуун

1570-аад онд Оросын эзэнт гүрний Ермак хэмээгч оргодол Уралыг даван зугтаж, 600-гаад хүнтэй бүлэг байгуулан Тобол хотыг эзлэн, гэмээ наманчилж Иван хаандаа өргөн барьснаар Монгол гүрний хоймроор Оросын колоничлолын гар орж ирээд түйвээхийн эхлэл боллоо. Оросууд 1620-иод онд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байв. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ. Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр, хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгаль нуурын хоёр талаар буриад монголчуудын нутагт гүн орсон аж. Буриадын зарим овгууд хүчинд автан тэдний эрхшээлд орж, алба төлж эхэлсэн бол зарим нь Монгол нутаг руу зугтах болжээ. Гэвч тухайн үед Монгол нутагт үймээн самуун ихтэй байсан тул тэдгээр нүүдэлчид эргэж нүүх болсон байна. Зүлгэ мөрнийг өгсөж ирсэн оросууд Верхоленск бэхлэлтийг барьжээ. Тэдэнд Онгой сэсэн, Ойлонго бөө тэргүүтэй абзай овгийнхон эеийг хичээн анх оросуудад алба барих болжээ. Харин эхиридийн шоно овгийнхон оросуудын эсрэг эрс тэмцэж эхэлсэн болно. 1628 онд Пётр Бекетовын казах цэргүүд Ангар мөрнийг өгсөн ирж бэхлэлт барин, Ока голын буриадуудаас алба авч эхэлжээ.

1630-аад онд Оросын засгийн газраас бэлтгэн илгээсэн колоничлогчид Байгаль далайн баруун эрэгт ирж нутгийн монголчуудтай цус асгаруулсан байлдаан хийлээ. Тэр тухай Оросын судлаачид бичихдээ "Ангарыг өгссөн цаашдын довтолгоон ихэд саатсан нь ангарын харгиа зэрэг байгалийн саадаас шалтгаалсан төдийгүй ихэнхдээ Ангарын эхэнд оршин суудаг монгол аймгийн буриад буюу "братские люди" хэмээгчдийн шаргуу эсэргүүцлээс шалтгаалсан юм. 1631 онд тэднийг эзлэх зорилгоор байгуулсан Братскийн (Буриадын-Д.Б) бэхлэлт цайз нэг бус удаа аюулд орж байсны дотор 1635 онд бүх гарнизон хядагдаж, зөвхөн 1636 онд оросын захиргааг сэргээж байлаа. Цаашдаа Ангарын эхэнд оршин суугчдыг дагуулах үйл явц тасралтгүй тэмцэлтэй тулгарч үргэлжилсээр тэдний олонхийг өмнө зүг халх монгол руу нь түрэн шахсанаар дууслаа. Ангарын эхэнд бэхжихийн тулд Братскийн цайзаас урагш 1654 онд Балаганы бэхлэлт байгуулав. Түүнээс 2 жилийн өмнө Похабов Эрхүү гол Ангарт цутгах газар өвөлжөө байгуулсанаар Ангар-Окийн буриадуудыг эзлэх үйл явц дуусав" гэжээ. Буриадыг эзлэх анхны цэрэгжүүлсэн экспедицийг 1623 онд Ждан Козлов, Василий Лодыгин, Ананий Ивановоор толгойлуулан явуулж, цаашид ээлжлэн зүтгэсээр 1628 онд Яков Хрипуновоор толгойлуулсан эзлэн түрэмгийлэгчид анхны дайн хийж "эмс, охид, хүүхдийг олзлон " аваачаад, мөн онд Петр Бекетовынхон 40 буриадыг алж яргалсанаар колонийн байлдан дагуулалт эхэлсэн юм.

1631 онд буриадууд Братскийн бэхлэлтийг довтолж шатаасан байна. 1641 оны 04-р сарын 30-нд буриадуудын тэмцлийн томоохон удирдагч эхиридийн буур аймгийн тэргүүн Шэбшэй баатар тулалдаанд амь үрэгдсэнээр оросууд давамгайлж эхэлжээ. 1640 онд Максим Перфильев Витим голоор дамжин Байгалийн зүүн талд гарчээ. 1645 онд Василий Колесников тэргүүтэй орос казах цэрэг Байгаль нуурыг гатлан Сэлэнгэ мөрний адагт гарч ирсэн боловч бэхжиж чадалгүй буцсан байна. 1646 онд дахин оролдлого хийж, Дээд Ангарын адагт бэхлэлт барьжээ. 1645 онд 2000 гаруй буриадууд Зүлгэ мөрний эрэгт баригдсан Верхоленскийн бэхлэлтийг гурван удаа довтолжээ. 1647 онд Енисейскээс илгээгдсэн Похабов тэргүүтэй цэргүүд Байгалийг гатлан ирж Үд, Сэлэнгэ мөрний хавиар ирэн буриадуудтай тулалдсан хэдий ч эрхшээлдээ оруулж чадалгүй 70 гаруй эхнэр, хүүхдийг олзлон авчээ. Буцах замдаа Байгалийн өмнө этгээдэд Култукийн бэхлэлтийг барьжээ.

1641 оны 4 дүгээр сарын 30-нд Эхирисийн Шэвшэй баатар тулалдаанд алагдсанаар колоничлогчид Эхирис, булгадыг байлдаанд ялах боломж олсоныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1645 онд Зүлхийн эхирисүүд бослого гарган татвар төлөхөөс татгалзаж, түүнийг дарахаар явуулсан А.Бедаревын зэвсэгт отрядтай 50-аас доошгүй хүнтэйгээр өдөржин тулалдсан түүх нь буриадыг колончилсон үйлс цусан мөртэй байсны баримт юм.

1648 онд Похабовт туслуулахаар Иван Галкин тэргүүтэй 60 цэрэг илгээжээ. Иван Галкин Баргажин адагт бэхлэлт барин Баргажин, Сэлэнгэ, Хёлго голоорх буриадуудыг довтолж эхэлжээ. 1654 онд Братскийн бэхлэлтээс урагш Балаганы бэхлэлтийг барив. 1658, 1696 онуудад мөн оросуудын эсрэг бослого гарсан хэдий ч төдийлөн амжилт олсонгүй. 1661 онд Иркут голын эрэгт оросууд бэхлэлт цайз барьж эхэлсэн бөгөөд энэ нь 1686 онд Эрхүү хот болон өргөжжээ. 1665 онд Нэршүү болон Сэлэнгийн, 1666 онд Үдийн бэхлэлтүүдийг барьжээ. 1675 онд Сэлэнгийн бэхлэлтэд 30 гаруй хашаа байшин, 200 гаруй оросууд оршин суух болж. Энэхүү бэхлэлтээс гурав хоногийн газарт Түшээт ханы чулуун өргөө байжээ.

Ийнхүү Халхын хойд хязгаарыг оросууд эзэлж дууссан энэ үед л Халхын хан нар оросуудын эсрэг тэмцэх оролдлого хийж эхэлжээ. Хойд халхын томоохон овог болох табангууд нартай тулснаар оросууд хүчиндээ эрдэх нь багассан байна. 1682 оноос табангууд нар Сэлэнгэ, Үдийн бэхлэлтийн орчим ирж малыг туун одох, оросуудыг зодох зэргээр авирлах болсон тухай Иван Власов хэмээгч бичжээ. 1684 онд Сэлэнгийн бэхлэлтэд Очирой ханы элч ирж, өөрсдийн албат буриад нарыг чөлөөлөхийг оросуудаас шаарджээ. 1685 онд Сэлэнгийн бэхлэлтийг бүслэн хаасан байна. 1687 онд Очирой ханы цэрэг Сэлэнгийн бэхлэлтийг бүсэлсэн хэдий ч ялагдал хүлээжээ.

Энэ үед Манж Чин улстай хилийн хэлэлцээр хийхээр 2000 цэрэгтэй явж байсан Федор Головин энэ тэмцэлд хүч хавсран табангуудын тайш Сэрэн-Сэкулайг бут цохижээ. Мөн бусад Монголын тайш нарыг Сэлэнгэ, Үд, Ильины замд тулалдаж ялжээ. 1688 онд Түшээт ханы дүү Шигшид баатар Хотгойдын Гэндэн баатрын дүүгийн хамт цэрэг хөдөлгөж Үд гол дахь орос бэхлэлтийг дайрч байв.

Энэ үед Монгол улс дотоодын хямрал, Манжийн түрэлтэд сульдан хойд хязгаараа өмгөөлөх чадвар мөхөс байсан бөгөөд 1667 онд Зүүн гарын Сэнгэ тайж Красноярскийн бэхлэлтийг эзлэн колончилогчдод заналхийлж, 1669-70 онд Дайхан тайжийн монголчууд 15 мянган цэргээр Нерчийг эзлэн буриадуудыг хураан буцааж, 1674 онд Тавнангийн Гэгээн тайж цэрэглэн хөдөлж байв. 1684 онд Эрхүүд Очир-сайн ханы элч илгээж, Эрхүүгийн буриадууд монголын иргэд болохыг тайлбарлан хэлэлцээ хийхэд "Танай монголын Очир сайн хан манай их эзний эртний албат буриадуудаас татвар авна гэдэг ухаан санаанд багтамгүй" хэмээн дээрэлхээд элчийг хөөж буцаасан билээ.

1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш зургаан зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт Оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар Оросын харьяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар Оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн рүү нүүж одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ. 1689 оны 08-р сарын 25-нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийш нутгийн хилийг тогтжээ.

1688 онд Баатар хун тайжийнхан 4 мянган цэргээр Уд хот болон сэлэнгийн хотыг дайрч байх үед Галдан бошигт Түшээт ханыг довтолсоноор монголын цэрэг нутаг буцаж. буриад нутгаа Орос гүрний колончилолоос өмгөөлөх хүч мөхсөн билээ. Оросууд үүнийг нь ашиглан 1688 оны 9 дүгээр сарын 16-нд тавнангуудыг довтолж 200 хүнийг алж, олон хүнийг мал хөрөнгөтэй нь олзолсон юм. Ойрад болон Халхын хооронд байлдаан болж, манжууд халхыг дагуулан эзэлсэн нь буриад түмэн харийн эзлэгчдийг эсэргүүцэх үндсийг таслаад зогсоогүй манжийн дарлал, дотоодын дайны хүнд дарамтад дургүйцсэн монголчууд умард зүг нүүж, Оросын харъяат болох нөхцлийг бүрдүүлж байлаа. Ийнхүү 1680-аад оны сүүлчээс эхлэн Алтай, Хангайн уулсаар нутаглаж байсан Атаган, Ашабагад. Сонгоол, Үзөөн, Юншөөбү, Өөлд, Сартуул, Хатагин овгийнхон хойшоо нүүж Орост дагаар оржээ. Үүний нэг баримт нь эдүгээ Монгол Улсын иргэн 84 настай Ш. Тэрбиш гуайд хадгалагдан буй ХҮIII зууны үеийн гар бичмэл "Туршихи-ийн намтар" билээ.

Тэнд өгүүлэхдээ, "Ашабагад яст Байбилгэ омогийн Туршихи Молхааны эрт төрсөн газар хэмээвээс Алтай, Хангай газраас Сайн ханы албат бөгөөд тэр орноос Бошигт ханд гахай жилийн өвлийн дунд сард цэрэг мордоод Бошигтын хоёр (хэсэг) цэргийг нь довтлоод чинагшид Бошигтод очиж дүрвээж орхиод хоол хүнс тасалдан буцаж иртэл хойт хулгана жилд Бошигт цэрэглэн биднийг довтолсон босгуулагсан...

1686 онд Их дээд император Цагаан хаанд залбиран ирж, Эрхүү хотноо айлтган мэдүүлж энэ их далайн хойтод Худайн гол хэмээх нутагт суусаар..." гэхчилэн өгүүлжээ. 1690-ээд онд Түшээт ханы Охин тайжийнхан Сэлэнгийн тавнангуудтай нийлж, 1722 онд Сэцэн ханы Ээж гүнжийн албат болгож Түшээт ханаас өгсөн гурван тавнангийн отог Онон голын Биндэръяа нутгаасаа Хэнтийн хөвчийг нэвтлэн зугтаж Хёлго, Цөхийн голд суурьшсан юм.

Монгол улс манжид дагаар орж, Галдан бошигт ялагдсаны дараа Орос, Манж гүрнүүд шууд хиллэж, хилийг тогтоох асуудал Монгол төрийн мэдлээс давж, 1727-28 оны Буурын гэрээгээр буриадыг өгөөд зогсоогүй. Халхын бүрэлдэхүүнд орж байсан хатагин, салжиудын хойт үзүүрийг сартуулын хамт таслан Орост өгсөн юм. Ийнхүү "буриад" гэдэг нэр нэгэн овог ястны нэр байснаа эртний өвөг монголын олон овог, аймгаас бүрдсэн нэгдэхүүний ерөнхий нэр болж.

Харин 1727 оны 08-р сарын 20-нд Хиагт хотоос холгүй Буур голын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын Түшээт хан уулзаж Буурын гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр Хиагтаас баруун тийш Енисей мөрний эх хүртэл, зүүн тийш Нэрчийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ. Ийнхүү хойд монголчууд бусад монголчуудаасаа таслагдан буриад хэмээх нэгэн нэрэн дор нэгдэх үйл явц эрчимжсэн байна.

Халх Монгол Манжид эзлэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]

Халхын ноёд 1688 он хүртэл алдсан нутгаа эргүүлэн авахын төлөө Оростой дайтсаар байжээ.

1639 онд шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Өргөөг байгуулж өгчээ. Энэ нь чухамдаа нийслэлийг Хархорумаас шилжүүлэн Өргөөг нийслэлээ болгож, шарын шашин, улс төрийн төв болгосон үйл явдал байлаа. Халх, Ойрадын ноёд 1640 оны чуулганаар Монголыг шашны хүчээр нэгтгэн харийн түрэмгийллийн эсрэг тэмцэхээр зорьж халх, ойрад гаралтай Занабазарыг шашны тэргүүнээр өргөмжилжээ. Занабазар 1680-аад онд Халх, Ойрадыг эвлэрүүлэхээр "Жанлавцогзол" номоо бүтээжээ.

Лигдэн хааны хүү Эжээ Хонгороос хойш Халхыг хан цолтой ноёд буюу Түшээт хан, Сэцэн хан, Засагт Хан гурав толгойлон харийн түрэмгийллийн эсрэг тэмцсээр байсан тул эн үеийн Монгол улсыг 1635 онд биш 1691 он хүртэл оршин тогтносон гэж үзэж болох юм. Бутралын үеийн Халхыг Халхын ханлиг, Халхын хант улс гэж нэрлэдэг ба Халхын удирдагчид бүх Монголыг удирдаж байсан ч 17-р зууны дунд үе гэхэд захиргаанд нь байсан Ойрад, Буриад, Өвөр Монгол бүгд захиргаанаас нь гарч зөвхөн Халхын нутаг л тэдний захиргаанд үлджээ.

Чахундорж 1688 онд Галданг довтлох хүртэл Манжид дагаар орох бодолгүй байсаныг Манжийн хааны хэлсэн үг гэрчилдэг. Тэрээр галт зэвсэгтэй Оростой Буриадыг буцааж авахын төлөө олонтоо дайтсан ч цөөн хэдэн ялалт байгуулжээ. Чахундорж Галдангийн дүүг алсан нь Галдан Халхад довтлох шалтгаан болсон юм. Галдан довтлохын өмнө 1000 лам тагнуулыг Халхад илгээн Галдан ер бусын хувилгаан хүн тул эсэргүүцэн тэмцэх нь үр дүнгүй, халхын хүн ардад аюул учируулахгүй хэмээн ухуулжээ. Зүүнгарын довтолгоонд сандарсан халхуудын нилээд хэсэг нь Өвөр Монгол руу дүрвэж харин Буриад руу дүрвэсэн хэсгийнх нь нилээд нь тэндээ үлдэж буриадуудтай холилджээ. Галданг Засагт хан дэмжиж байсан ч нас барсан байна. Галдан Сэцэн ханд захиа илгээн та надад дагах эсэх өөрөө мэд, дагахгүй ч байсан болно гэж хэлүүлсэн байдаг бөгөөд харин Чахундорж, Занабазар хоёрыг өөрт нь тушаан өгөхийг Манжаас шаардаж байв. Занабазар эвийн хүчээр Монголын нэгдлийг сэргээхийг зорьж байсан бол Галдан цэргийн хүчээр Монголыг нэгтгэх нь зөв зам гэж үзэж байсан бөгөөд түүнийгээ биелүүлэхийн тулд хангалттай цэрэг, эдийн засгийн хүчтэй болохыг зорьж байв. Галдан Казахстан, Киргиз, Уйгур зэрэг Төв Азийн орнууд, чухал худалдааны замуудыг эзэлсэний дараа хэдэн арван сая хүнтэй Хятадыг эзэлсэн Манжийн хүчтэй тулахад бэлэн болсон байна.

Чахундорж Манжтай харилцаж Оростой дайтаж байсан бол Галдан Оростой харилцаа тогтоож Манжаас Монголыг чөлөөлөхийг зорьж байв. Ийм ч учираас Чахундоржид нэгэнт дайтаж байсан Орост дагах бодол огт байсангүй. Галдан Цэвээнравданд Зүүнгарын төрийн эрхийг алдсаны дараа Оросоос зэр зэвсэг авахыг оролдсон ч эхэн үедээ Галданг дэмжиж байсан Орос шинэ хаан Цэвээнравданг дэмжин элчээ илгээсэн бөгөөд мөн манж нар ч Цэвээнравданг дэмжин элч илгээжээ. Учир нь Зүүнгарын хүч бутран хуваагдах нь Халхыг эзлэхийг зорьж байсан Манж, Буриадыг эзлэхийг зорьж байсан Орос хоёрт ашигтай байв.

Галдан өвөр монголчуудад хандан "Та бүхэн эртний өвгөдийн нэрийг гутаан бусдын боол болж үүрд дарлагдахыг хүлээлгүй миний их цэргийг угтан ирж, нийт хүч нэгэн сэтгэлээр улс гэрийг батлан сахиваас зохино. Бидний Монголчууд эрт урьдаас (Манж-Хятадыг) ээлжлэн эзэлж хүчирхэг идэрхэг байсаныг та бүхэн цөм мэдмой" гэсэн захиа илгээж тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалж байсан ба зарим Өвөр Монгол ноёд түүнийг дэмжин хүнс, бусад бараа илгээж байв. Мөн Моголистаны зарим ноёд түүнийг дэмжиж байв. Төвдүүд мөн түүнийг дэмжин зөвлөгөө өгч байсан ч Галдан дан ганц Төвдийн ятгалга, саналыг дагах бус өөрийн гэсэн зорилгоор үйл ажиллагаа явуулж байжээ. Төвдүүд нэгэнт тулан ирсэн манжийн түрэмгийллийг зогсоохын тулд Монголыг халхавч болгон ашиглахыг зорьж байсан гэж одоо үзэх болжээ.

Зүүнгарын дараагийн хаад Монголыг чөлөөлөхөөр тулдалдаж байсан бөгөөд тэд Халхийн ард иргэдэн хандан захиа илгээж байв.

Занабазарын шийдвэрээр Халх Манжид дагаар орох шийдвэр гаргасан байдаг ч түүнд өөр бодол байсаныг түүний үг гэрчилдэг. Тухайлбал тэр "мандах төрийг (Орос) дагаснаас мөхөх төрийг (Манж) дагасан нь дээр", "Манж 200 жилийн унахад Монгол тусгаар тогтноно" гэж хэлсэн байдаг. 1712 онд Энх-Амгалан хаан ойрадуудыг хядах шийдвэр гаргахад Энх-Амгаланы лам багш болсон Занабазар болиулж байв. Хожим нь өндөр настай болсон Занабазар Бээжинд нас баржээ.

Ийнхүү 1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид бууж өгснөөр 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд Манж Чин улсад дагаар орж, Монгол улс бүхэлдээ Манжид дагаар оржээ. Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 24 хаан үе залгамжилж 323 жил Монгол улс (Зүүнгар бүрмөсөн унах хүртэл 390 жил) оршин тогножээ.

14-17-р зууны нийгэм

[засварлах | кодоор засварлах]

Энэ үед холбогдох зохиолууд бол Гэсэр, Хув Нагварал, Убаши Хун тайжийн тууж, Жангар юм. 14-16-р зуунаас үлдсэн монгол ном байдаггүй учир энэ үеийг монголын түүхийн харанхуй үе гэдэг бөгөөд 14-17-р зуун, манжийн үеийг тодруулахад хэрэглэж байгаа халх, ойрад, өвөр монголын түүхэн сурвалжууд 17-19-р зууны үед зохиогджээ. 18-19-р зуунд Монголын эрдэм шинжлэх ухааны төв нь Өвөр Монгол руу шилжиж тэндээс олон эрдэмтэд мэргэд төрөн гарч зохиол бүтээлээ туурвиж байсан юм. Мөн буриадууд өөрсдйин хэл аялгуун дээр ном бичиж байв.

Алтан хан бол Буддын шашны бэлгэ тэмдэг юм.
Важраяна буюу төвдийн шарын шашин Монгол, Төвдөд, махаяна урсгал Хятад, Солонгос, Япон, Вьетнамд, теравада урсгал ЗӨА-д тархжээ.

14-17-р зуунд өрнөсөн дотоодын хямралын улмаас ард түмэн доройтон зовж, улс орон сульдаж байх үед монголын хаад ноёд улс үндэстнээ итгэл бишрэлээр дахин нэгтгэж болох арга зам хайж байв. Монголд буддизмыг хөгжүүлэх үндсийг Түмэдийн Алтан хан (1507-1582) тавьсан бөгөөд тэрбээр Батмөнх Даян хааны гуравдугаар хүү Барсболд жононгийн хоёрдугаар хүү ажээ. Алтан хан Ойрд болон Хөхнуурыг эзлэн Төвдөд довтолж Баянтал гэдэг газар Байшин хэмээх хот байгуулснаар одоогийн Хөх хотын суурь тавигдсан байна. Төвдийн их хамбад “Далай лам Очирдара” цол өргөмжилж, шашны хууль цаазыг хамтран гаргаж, бөөгийн ёсыг халан, шарын урсгалыг дэлгэрүүлэн хөгжүүлэх хөрс суурийг тавьсан юм. Түүний дараа Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар гол төлөөлөгч болон тодорч, лам нарын номт хувцас, уншлага, хурал номын дэг ёс, ая эгшиг бүхнийг Монгол орны эрс тэс цаг уур, газар зүйн байршил, монгол хүний зан заншил, ахуй нөхцөлийн онцлогтой уялдуулан “монголын” гэх өвөрмөц хэв шинжтэй бурханы шашныг үндэслэн хөгжүүлсэн гэдэг.[11]

Буддизм Монголд орж ирээд шууд бөө мөргөлийг халах боломжгүй байсан тул алгуур аажмаар үзэл номлолоо дэлгэрүүлж, Бурхан багшаас гадна Жигжид, Гомбо, Дамдинчойжоо гэх мэт олон бурхадыг номлож, монголын тахилгат уул ус болгонд тохирох уншлагыг төвд хэлээр зохиож, уг ажиллагаагаа лам нараар удирдуулан хийлгэжээ. Буддын лам нар шарын бөө гэдэг дүрээр ард түмний дунд нэвтэрч мал муулан цусаар тахил өргөхийг хориглож, тэр тохиолдолд арав нугалан төлүүлдэг байжээ. Харин хойд хэсгийн тайга бүхий Хөвсгөлд жинхэнэ бөө нар нуугдан үлдсэн нь тэр зүгт бартаа ихтэй, сүм хийдийн нөлөө бага байсантай холбоотой.

Улс төрийн бутрал нь түүхэн хөгжлийн тодорхой нэгэн үе бөгөөд улс бүхэнд урт богино хугацаагаар үргэлжилдэг.Энэ нь монголд 14-17р зууны үедтохиож 300 орчим жил үргэлжилсэн.

  1. Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly 41 (3): 475–504.
  2. Монголын түүх 10 (Memento 4. Наймдугаар сар 2022 цахим архивт) Боловсрол, шинжлэх ухааны яам, 2021
  3. In the Shadow of the Mongol Empire: Ming China and Eurasia (October 2019) by David M. Robinson
  4. "Монгол улсын түүх-3-р боть". Archived from the original on 2022-07-28. Татаж авсан: 2022-07-28.
  5. Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992
  6. Буяндэлгэр. The Lineage and Political Situation of the Northern Yuan Khans Before the Middle of the 15th Century, Volume 6, Research on Mongolian History
  7. Ч.Далайн "Хятад дахь монголчууд"
  8. ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ УЛС ХЭМЭЭХ НЭРИЙН ТУХАЙ[permanent dead link] Ш. Нацагдорж. 1994
  9. 9.0 9.1 Wrath of the Khans: Ming Border Policy, 1368-1574 (Memento 14. Дөрөвдүгээр сар 2017 цахим архивт) Ben Sinvany. Emory Endeavors in History 2013
  10. Краснояркаас Монгол цэргийн булш илрүүлэв (Memento 4. Арванхоёрдугаар сар 2017 цахим архивт) (2015-09-29) Оросын Шинжлэх ухааны академийн археологичид Красноярын хязгаарын Унюк уулнаас XVII зууны үеийн Монгол суурин илрүүлжээ. Суурингийн ойролцоох гурван булшийг малтан судлах ажил эхэлсэн аж. Археологичид нэгдүгээр булшнаас 350 гаруй жилийн тэртээх хуяг, махир сэлэм олсон байна. Унюк уулын малтлагыг хийсэн археологичид эдгээр булшийг ойролцоогоор 1650-аад оны үед холбогдох монгол цэргийн оршуулга болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Красноярын хязгаар нь XVII зууны үед Монголын газар нутагт хамаарч байсан ба хожим оросууд түрж нутаглах болсон юм байна. Малтлага энэ улирал дуустал үргэлжлэх ба XVII зууны үеийн монголчуудын угсаатны зүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах олдворууд илэрсэн ажээ. Х.Эрдэнэ Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
  11. Монголын Бурханы шашны түүх
Өмнөх
Юань улс
Монгол Улс
1368-1691
Дараах
Дөрвөн Ойрад
Манж Чин улс