Умард Алтан улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

17-р зуунд айшин гиоро овгийн Нурхайч жүрчидийг нэгтгэн 1616 онд хожмын Алтан буюу Жин улс, манжаар Амага айшин гүрүн улсыг байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол” гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхайч Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа монголтой худ ураг болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлрос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхайч Нанжин хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ. Хаан ширээний тэмцэлд 8-р хүү нь болох Хун тайж амжилт гарган1627 онд Абахай хэмээгдэн хаан суув. 1628 онд Лигдэн хаан Мингийн хязгаарын Сюан-фу, Да-тунг довтлон мөн Хянганы нурууг давж Хорчин, Түмэдийг эзэлжээ. Энэ нь Галдан бошигт халхыг шахамдуулсантай адил явдал болсон юм. 1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. Лигдэн Хөх нуурт зугтан ирж халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай ханы Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ. 1636 онд Солонгост довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхайчийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж (манж хэмээх нэрний тухайд Нурхайчийг манзуширийн хувилгаан гэдгээс үүссэн гэх боловч зарим судлаачид түнгүс хэлний их гол буюу манжунг хэмээхээс үүссэн гэх нь бий) Лигдэн хааны хүү Эжэй хан Юан гүрний Чингэсийн тамгыг Абахайд өргөлөө хэмээн 1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж Абахай ханыг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингэс хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа. Мөн онд халхын ноёд Абахайтай хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ. 1643 онд Абахай гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүж болон эцэг нэгтэй дүү Доргон нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Абахайн 5 настай хүүг хаан өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд Шүн жи хаан болж эеээр засагч гэгдвэй. Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонзэн амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч Вү Сангуйн зүг хөдлөгжээ. Вү жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. (зарим сурвалжид түүний гэр бүл бээжинд алагдсан учир гэх нь бий) Урдын дайсан шинэ холбоотнууд Чонзэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм.(энэ хугацаанд хятадууд асар их хохирсон жишээ нь 1645 оны Яанжоу-ийн аллага-10 өдөрт Додо хунтайжийн зөвшөөрлөөр 800.000 хүн) Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч Вү-ийн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. Эеээр засагчийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Тэрээр Вү-тэй холбоолон бээжинг эзэлснийг дээр өгүүлсэн билээ. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна. 1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Шүн жи хаан 12 настай тул түүний эх Довагэр хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүн жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна. Энх Амгалангийн үед 1673 онд өмнөд хятадын Юанань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон мөнөөх Вү Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.