Jump to content

Өмнөд Солонгос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Солонгос Улс
대한민국 (Солонгос)
大韓民國 (Ханжа)
Тэхань миньгүг (ШЛ)
Төрийн дуулал: 
애국가
Эгүгга
"Эх орончдын дуу"
Duration: 58 seconds.
  Хянадаг нутаг дэвсгэр
Нийслэл
ба томоохон хот
Сөүл
37°33′N 126°58′E / 37.550°N 126.967°E / 37.550; 126.967
Засаг захиргааны төвСэжун[a]
36°29′13″N 127°16′56″E / 36.487002°N 127.282234°E / 36.487002; 127.282234
Албан ёсны хэлСолонгос хэл (стандарт)
Солонгос дохионы хэл[1]
Албан бичигХангыл
Угсаатны бүлгүүд
(2019)[2]
Шашин
(2023)[3]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Юн Сок Ёл (Бүрэн эрх, үүргийг түдгэлзүүлсэн)
Чой Сан Мок (үүрэг гүйцэтгэгч)
Хан Док Су (Бүрэн эрх, үүргийг түдгэлзүүлсэн)
Чой Сан Мок (үүрэг гүйцэтгэгч)
У Вон Сик
Чо Хи Дэ
Мун Хён Бэ (үүрэг гүйцэтгэгч)
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
МЭӨ 2333 (домгийн)
МЭӨ 57
668
918
7 сарын 17, 1392
10 сарын 12, 1897
8 сарын 22, 1910
3 сарын 1, 1919
4 сарын 11, 1919
• Япон бууж өгөв
9 сарын 2, 1945
• 38-р өргөргийн өмнөд Солонгосын АНУ-ын захиргаа
9 сарын 8, 1945
8 сарын 15, 1948
2 сарын 25, 1988
9 сарын 17, 1991
Газар нутаг
• Хойд Солонгосгүй
100,363[4][5][6] км2 (107)
• Усны эзлэх талбай (%)
0.3
Хүн ам
• 2024 тооцоо
Neutral increase 52,081,799[7] (28)
• Нягтаршил
507/км2 (15)
ДНБ (ХАЧП)2024 тооцоо
• Нийт
$3.258 их наяд[8] (14)
• Нэг хүнд ноогдох
$62,960[8] (28)
ДНБ (нэрлэсэн)2024 тооцоо
• Нийт
$1.869 их наяд[8] (14)
• Нэг хүнд ноогдох
$36,131[8] (33)
ОТББИ (2021)  33.3[6]
дундаж
ХХИ (2022) 0.929[9]
маш өндөр · 19
Мөнгөний нэгжБНСУ-ын вон (₩) (KRW)
Цагийн бүсUTC+9 (Солонгосын стандарт цаг)
Огнооны формат
  • жжжж년 с월 ө일
  • жжжж. с. ө. (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+82
Домэйн нэр

Өмнөд Солонгос, албан ёсоор Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ; сол. 대한민국 Тэхань миньгүг) — Дорнод Ази болон Солонгосын хойгийн өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм. Хойд талаараа Умард Солонгостой газраар хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисээр Хятад, зүүн зүгт Япон тэнгисээр Япон улсуудтай хиллэлдэг байна.

Эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,210 ам дөрвөлжин километр газар нутаг, 51 сая хүнтэй. Чэжү зэрэг олон жижиг аралтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Сөүл.

Солонгос орон (умард, өмнөд хамтдаа) эртний иргэншилт нутаг бөгөөд НТӨ 2333 онд анхны төрт улсаа үүссэн гэж үздэг. Шилла улс нь 660-676 онд Когурё, Пэгжэ хоёр хөрш улсын газрыг нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Улмаар 10-р зуунд Гуулин улс, 14-р зуунд Чусонь улс, 1895 онд Солонгосын эзэнт улс болон нэр өөрчлөгдсөн солонгос улс оршин тогтнож байв. 1910-1945 онд Японы эзэнт гүрний эзэмшилд орж, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа солонгос үндэстэн нь Зөвлөлт Холбоот Улс, Америк хоёр улсын үзэл бодол, цэргийн хяналтаар хоёр хуваагдсаны тул 1948 онд Америкийн талыг барьсан Бүгд Найрамдах Солонгос Улс нь хойгийн өмнөд хэсэгт тусгаар тогтносон байна. 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд Солонгосын дайн болсон ба цэргийн өндөр хамгаалалт бүхий Солонгосын цэрэггүй бүсээр хил тогтоод байгаа.

1960-1987 оныг хүртэл Өмнөд Солонгост цэргийн эрхтэн төрийг барьж байсан ба өдгөө ардчилсан сонгуулиар төрийн эрх шилжиж байна. Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд сүлийн жилүүдэд эдийн засаг нь асар хурдацтай өсч байгаа орон юм. ХАЧ-аарх ДНБ-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) дэст эрэмбэлэгдэх хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, ДХБ болон Их 20 зэрэг олон улсын холбоодын гишүүн орон.

Бүгд Найрамдах Солонгос Улс (대한민국 — Тэхань миньгүг - [тэаань мингүү])-ын оноосон нэрийг монголоор хоёр янз товчилж байна. Үсгээр товчилж БНСУ, байрлалаар нь Өмнөд Солонгос гэдэг. «Солонгос» гэж монгол хэлээр оноосон нэр юм. Солонго гэсэн үгний олон тоо, дундад зууны солон аймгийн зүгт байснаас ийн нэр авсан гэдэг.

Монголын Юань Улстай дотно холбоотой байсан 10-14-р зууны Курё улсыг нь монгол хэлээр «Гуулин» улс гэж нэрэлдэг байжээ. Хятадаар «Гаоли» гэснээс монгол хэлэээр ийнхүү нэрлэн бичих болсон. Өдгөө албан бусаар энэ түүхэн Гуулин нэрийг монголчууд ашиглах нь бий.

Солонгос хэлээр 1948 оноос умард улсад нь «чусонь» (조선), өмнөд улсад нь «хань» (한) гэж нэрийдэж болсон байна.

Өмнөд Солонгос 100,210 хавтгай дөрвөлжин километр нутагтай, Унгараас том буюу 108-р том орон юм. Монголын Дорнод аймагтай ойролцоо газар нутагтай.

Физик газар зүйн зураг
Сансраас авсан зураг

Хойд өргөргийн 33° — 39°, зүүн уртрагийн 124° — 130° дотор Ази тивийн дорнод зах болсон Солонгосын хойгийн өмнөд хагасыг эзлэн оршдог. Хойд талаараа 238 км үргэлжлэх Солонгосын цэрэггүй бүсээр зааглагдаж Умард Солонгос улстай хуурай газраар хиллэнэ. Баруун талаараа Шар тэнгис (солонгосоор Өрнөд тэнгис), урд талаараа Дорнод Хятадын тэнгис, Солонгосын хоолой (Өмнөд тэнгис), зүүн талаараа Япон тэнгист (Дорнод тэнгис) тулна. Эргийн нийт урт нь 2413 км.

Өмнөд Солонгос ерөнхийдөө уулархаг. Тариаланд тохиромжтой газар 30%-ийг эзэлнэ. Орныг газрын тогтоцоор дөрвөн хэсэг хувааж болно. Дорнод тал нь өндөр уулын нуруу (Тэбэг, Субэг), тэнгисийн нарийн зурвас эрэгтэй бол өрнөд тал нь нам доор, өргөн тал газар, гол мөрний сав, тэнгисийн эрэг, бага шиг уулстай. Өрнө өмнөд хэсэг нь уулархаг, дорно өмнөд хэсэг нь Нагдун голын сав, өргөн нам доор газар байна.

Хамгийн урт гол нь Пүсань орчмоор Солонгосын хоолойд цутгах Нагдун (521 км). Сөүл орчмоор Шар тэнгист цутгах Хань (514 км урт), Күньсань орчмоор Шар тэнгист цутгах Кым (401 км), хоёр Солонгосын хилээр урсах Имжинь зэрэг гол мөрөн байна.

Баруун болон урд эргийн дагуу 3000 гаруй арал, хад байна. Өмнөд эргээс 100 км зайтай Чэжү арал (1845 км²) хамгийн том нь юм. Тус арал дээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр уул Халла хэмээх унтарсан галт уул (1950 м) байдаг. Хамгийн өмнөд зүгийн арал нь Мара, дорнод зүгийн арал нь Үллын юм.

Канвонийн Сораг уул (Сораг-сань)
Сөүлийн Чонгечонь

Дөрвөн улиралтай. Өвөл 1-р сард дунджаар -7°C -аас +1°C хүрч хүйтэрнэ. Зун 7-р сард дунджаар +22°C -аас +29°C байна. Уулархаг газраар өвөл илүү хүйтэн байх ба 6-9-р сарын хооронд бороо их орно. Өмнөд эрэг орчмоор аадар бороо бүхий хар салхи зуны сүүл саруудад үзэгдэнэ. Жилийн дундаж хур тунадас 1370 мм-1470 мм-т хэлбэлзэнэ.

Байгаль хамгаалал

[засварлах | кодоор засварлах]

Чири уулын, Сүньчонь эргийн гэх мэт 20 байгалийн цогцолборт газартай. Хүн ам их хотуудын агаар, ус бохирдож байгаа. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, сэргээн босгох талаар томоохон ажлууд хийж байгаагийн жишээ нь Сөүл хотын төвд байгуулсан цэвэр уст, тохижуулсан Чонгечонь горхи юм.

Нас хүйсийн суварга
Аньсанийн буддын, христийн сүм

Өмнөд Солонгос улс 2020 онд 51,829,023 хүнтэй байв. Дэлхийн 194 улсаас хүн амын олноор 24-р байрт байна. Дайны дараа хүн амын тоо огцом өсч жилийн дундаж өсөлт 2.8% байсан бол аж үйлдвэржихийн хэрээр өсөлт удааширч 0.26%-д хүрээд байна. Мянган хүн тутамд 8 төрж, 5 нас нөхцдөг.

Хүн амын 14 хувь 0–14 насны багачууд, 74% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 12% нь 65-ээс дээш өндөр настан байна. Хүн амын нягт — 198.3 хүн/км², хүйсийн харьцаа - жигд, залуу насныханд эрэгтэй 4% давамгайлна, бичиг үсэг тайлагдалт — 98%, дундаж наслалт — 79 жил.

Өмнөд Солонгос бараг нэгэн төрлийн ард түмний орон. 97 хувь солонгос үндэстэн. Гадаадын иргэн 1,576,034 хүн 3%-ийг эзэлж байна. Хятадын иргэн 1 сая (ихэнх нь солонгос үндэстэн), Японы хүн байхаас гадна Зүүн Өмнөд Ази, Төв Азийн орноос ажиллахаар ирдэг. Сүүлийн жилүүдэд хөдөөний солонгос эр Азийн бусад орноос эхнэр буулгах болсон нь жилийн нийт гэрлэлтийн 10%-ийг эзэлдэг болов.[10] Англи хэлний багшаар ирсэн 22000 хүн, Америкийн 31,000 цэрэг байнга байрладаг.[11]

Зарим талаар алтай язгуурт багтах, зарим талаар өнчин бүрэлдсэн хэмээх солонгос хэл улсын албан ёсны хэл бөгөөд солонгос үсгээр (энд хань-гыль гэнэ) бичнэ. Төв (Сөүл хавийн), Чолла, Кёнсангийн аялгуу ялгарна. Гадаад хэлнээс англи хэл дэлгэрсэн.15-аас дээш насны иргэдийн 98% бичиг үсэгтэй байна.

Хүн амын 46 хувь шашин шүтдэггүй, 29 хувь христ, 23% будда, 2% бусад шашны шүтлэгтэй. Хамгийн эрт үед бөө мөргөл (одоо ч энд байгаа), 372 онд буддын шашин дэлгэрсэн бол Чусонь улсын үед күнзийн суртал улсын шашин байжээ. 1790 оноос христийн шашин танилцуулагдсан бөгөөд Солонгосын дайны дараа 1970-аад оноос ихээр дэлгэрчээ. Протестант, католик урсгал зонхилно. Гадаад руу номлогч явуулдаг. Өмнөд Солонгост мөн шинэ шашин хэд хэдээр үүсч байгаа.

Сөүл
Иньчонь
Пүсань
Тэгү

1985 онд улсын хүн амын 65.4% хот газар амьдарч байсан.

2014 оны хүн амын тоогоор жагсаасан 20 том хот:
Когурё улсын үед хамаарах
булшны дотор ханын зураг

Солонгосын хойгт хүний үлдээсэн эртний судлалын олдвор хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй. Анхны солонгос улс болох Кужусонийг Таньгүнь гэгч МЭӨ 2333 онд үүсгэсэн гэж солонгос домогт өгүүлдэг.[12] Кужусонь Умард Солонгос, хаяа залгаа Манжуурт буюу Шар тэнгисийн эрэг нутагт оршин байв. Хятадын Хань улстай эе эвдрэн мөхсөн ба Хань улсын Наннан хязгаар байгуулагдав.

Кужусонийг залгаж нийтийн он тооллын эхэнд Пүё улс, Угжо, Тунъе, Самхань зэрэг овог аймгийн холбоод оршин байж байгаад гурван улсын үетэй золгожээ. Өмнөд этгээдийн Пэгжэ, Шилла, умардын Когурё гэх гурван улс болж, нэг улс үндэстэнд дөхөж хэдэн зууныг үдсэний эцэст Тан улстай холбоолсон Шилла 676 онд бусад хоёрыг мөхөөж газар нутгийг нь эрхшээж нэгдсэн Шилла улс болжээ.

Дараах үед яруу найраг, дүрслэх урлаг, буддын соёл дэлгэрэн хөгжив. Шилла (Солонгос) - Тан (Хятад) найрамдалтай байв. 10-р зуунд Шилла дотоодын хямралаас сулран Гуулин улсаар солигджээ. Манжуурт Кугурёгийн өвийг залгасан Пальхэ улс оршиж байгаад 926 онд Кидан Улсад мөхөөгджээ.

Гуулин улс. 1374 он.

936 онд солонгос үндэстний Курё буюу Гуулин улсыг Ван Гонь үүсгэн байгуулав. Энэ улсад Шиллагийн адилаар суурин соёл урлаг, эрдэм сэхээрэл лавшран тогтсон. Тухайлбал 1377 онд буддын «Чигжи» номыг төмрөөр барласан нь дэлхийн анхны төмөр бар байжээ.[13] 13-р зуунд Гуулин улс Их Монгол улсын довтолгоонд өртөж байв. 30 жил дайтсны эцэст хараат, үнэнч холбоотон нь болжээ.

Юань улс мөхөхөд Курёгийн гадаад бодлого зөрчилдөж, хятадын Минтэй байлдахаар мордсон И Сонге жанжин цэргээ Ялу голоос нийслэл рүү буцаан довтолгож 1388 онд Ү ванг унагаад 1392 онд төр эргүүлэн улсын ван болж, Чусонь улсыг (1392-1897) үндэслэжээ.

Вангийн Кёньбүг ордон

Чусоний түрүү 200 жилд нийслэл Кэгёнгоос Ханьсонд шилжиж, дайн дажингүй амгалан байв. Сэжун ван солонгос үсгээ зохиож, күнзийн суртал улсын шашин болов. 1592-1598 оны хооронд Японы Тоёотоми Хидёши халдаар ирэхэд усан цэргийн И Сүньшинь жанжны яст мэлхий онгоц, Мин улсын цэргийн тусламжтай байлдан дийлэв. Мин улстай найрсаг Чусонь 1627, 1636 онд умардаас мандсан манжтай байлдаж ялагдан Чингийн хараат улс болон найрамдаж амаржсан. Өрнө дахинд хаалттай байв.

1870-аад оноос Япон Солонгост нөлөөлж эхэлсэн ба 1895 онд Чусоний хатны амийг хорлож[14] 1897 оноос Солонгосын эзэнт улс болгов. Солонгос 1905 онд Японы ивээлт орон (протекторат) болж,[15] 1910-1945 оны хооронд харьяа нутаг нь болж эзлэгдэв. Дэлхийн II дайны төгсгөлд Японоос Солонгосыг чөлөөлөхдөө Америк Зөвлөлт хоёр уралдан, таллан хуваажээ.

Дайны дараах гурван жил Солонгосын өмнөд хэсэг АНУ-ын цэргийн хяналтанд байж, капиталист (хөрөнгөт) эдийн засаг, ардчилсан дэглэмээр замнахад бэлтгэгджээ. Японоос Солонгосыг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж явсан нөхдөөс АНУ-д гойд таалагдсан И Сынмань 1945 онд АНУ-аас ирж, 1948 оны 8 сарын 13-нд БНСУ тунхаглагдахад анхны Ерөнхийлөгч болжээ. Хүйтэн дайны тэмцэлийн анхны дайн болох Солонгосын дайн 1950-аас 1953 оны хооронд дэгдэв. ЗХУ-, БНХАУ-аар дэмжигдсэн Умард Солонгос эхний үед амжилттай давшиж, зорьсоноороо Солонгосыг бүхэлд нь коммунист улсдаа нэгтгэх шахсан ч АНУ, НҮБ-ийн хүчний тусламжаар Өмнөдийнхөн буцаан түрж умардын холбоотон БНХАУ-ын 1 сая цэргийн хүчтэй тулж дайн зогсчээ. 1953 оны 38-р өргөргөөр хил тогтоож, харилцан галаа зогсоох Гэрээнд АНУ, Умард Солонгос хоёр гарын үсэг зуралцжээ. Өмнөдийнхөн гарын үсэг зураагүй учраас хоёр Солонгос одоо ч дайны байдалд байгаа гэж үзэж болно.[16]

Паг Жонхи
Хань мөрний гайхамшиг. Жилийн ДНБ-ийн 10% өсөлт, экспортын 20% өсөлт.

1960 оны хавар оюутны эсэргүүцлийн жагсаалаар 85 настай И Сынмань огцорч, тэр самуун цагт генерал Паг Жонхи цэргийн хүчээр төрийн эрхийг авч 1979 онд алагдах хүртлээ БНСУ-ын Ерөнхийлөгч байв. Түүний үед улс төрийн дарангуй дэглэмтэй боловч эдийн засаг экспортод чиглэн үсрэнгүй хөгжсөн. Пак Жонхигийн дараа Куанжү хотын гэх мэт ардчиллыг хүссэн оюутан, хөдөлмөрчдийн хөдөлгөөнийг нухчан дарж байж бас нэгэн цэргийн эрхтэн Чон Дүхуан 1987 оны оюутны амь эрсдэлт хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллажээ. Дараа нь ардчилсан сонгуульт 6-р Бүгд найрамдах улсын үе эхэлжээ.[17]

1988 оны зуны олимпын наадмыг Сөүл хүлээн авч зохион байгуулсан. 1996 онд Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллагын гишүүн болсны дараа жил Өмнөд Солонгос Азийн санхүүгийн хямралд дайрагдаж өнгөрсөн. 1998-2003 оны ерөнхийлөгч Ким Дэжүн хоёр Солонгосыг эвлэрүүлэх дорвитой ажил санаачилж байснаараа Нобелийн энхтайвны шагнал хүртэв.[18]

2002 онд Японтой хамтран хөлбөмбөгийн ДАШТ-ыг хүлээн авсан. 1990 оноос хойш дуу бүжиг, кино их хөгжиж олон улсын үзвэр болсон.

Мүнь Жэ-инь
ерөнхийлөгч
Чон Се-гюнь
ерөнхий сайд

Одоогийн үндсэн хууль нь 1987 онд Ну Тэ-вү ерөнхийлөгчийн үеэс тогтсон бөгөөд 6-р Бүгд найрамдах засаг гэж нэрийддэг. Ардчилсан дэглэмийн жишгээр төрийн эрх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван хэсэгт хуваагддаг. Хууль тогтоох, гүйцэтгэх засгийн газар улсын түвшинд ажиллах ба орон нутагт салбар хэсэг нь байна. Орон нутаг нь өөрийн нутгийн засгийн газар ба нутгийн хууль тогтоох байгууллагтай байна. Шүүх байгууллага мөн улсын болон орон нутгийн түвшинд ажиллана.

Өмнөд Солонгос улсын хууль тогтоох байгууллага нь «Улсын хурал» бөгөөд 300 гишүүнтэй нэг танхимт парламент юм. Парламентын сонгууль 4 жил тутам болдог бөгөөд сүүлийн сонгууль 2020 онд болж Ардчилсан нам бусдаас олон санал авчээ.

Төрийн тэргүүн, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь «Улсын ерөнхийлөгч» байна. 1948 оноос Ерөнхийлөгч сонгогдсон бөгөөд 1960-1980-аад онд цэргийн дарангуй эрхтнүүд улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 1987 оны үндсэн хуулиар ерөнхийлөгчийн сонгууль 5 жил тутамд ард түмний саналаар сонгогдох ба улиран сонгогдох эрхгүй юм. Сүүлийн сонгууль 2017 онд болж Ардчилсан намаас нэр дэвшсэн Мүнь Жэ-инь сонгогдон ажиллаж байна. Ерөнхийлөгч «Хөх ордон»-д байрладаг. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид тусалж сайд нарыг удирдана.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
II зэргийн нутгийн хуваарь
Зэрэг Засаг захиргааны нэгж Солонгос Галиг Нутгийн
тоо
Нийт
Нэгдүгээр аймаг ту 8 17
өөртөө засах онцгой аймаг 특별자치도 тыгбёльжачиду 1
онцгой хот 특별시 тыгбёльши 1
өөртөө засах онцгой хот 특별자치시 тыгбёльжачиши 1
өргөн хот 광역시 куанъёгши 6
Хоёрдугаар хот, хошуу, дүүрэг 시, 군, 구 ши, күнь, кү 77, 82, 104 263
Гуравдугаар балгас, сум, хороо 읍, 면, 동 ыб, мёнь, тун 216, 1198, 2073 3487
Дөрөвдүгээр суурин, тосгон 통, 리 тун, ри
Тавдугаар баг пань

Солонгосын нэгдүгээр зэргийн газар нутагт дараах 17 нутаг байна.

Газрын зураг # Нутгийн нэр Засаг захиргааны нэгж Солонгос бичиг Латин галиг Хүн ам
1 Сөүл онцгой хот 서울특별시 Seoul 9,794,304
2 Сэжун өөртөө засах онцгой хот 세종특별자치시 Sejong 122,263
3 Пүсань өргөн хот 부산광역시 Busan 3,635,389
4 Тэгү өргөн хот 대구광역시 Daegu 2,512,604
5 Инчон өргөн хот 인천광역시 Incheon 2,628,000
6 Тэжонь өргөн хот 대전광역시 Daejeon 1,442,857
7 Куанжү өргөн хот 광주광역시 Gwangju 1,456,308
8 Үлсань өргөн хот 울산광역시 Ulsan 1,087,958
9 Кёнги аймаг 경기도 Gyeonggi 10,415,399
10 Канвонь аймаг 강원도 Gangwon 1,592,000
11 Умард Чүнчон аймаг 충청북도 North Chungcheong 1,462,621
12 Өмнөд Чүнчон аймаг 충청남도 South Chungcheong 1,840,410
13 Умард Чолла аймаг 전라북도 North Jeolla 1,890,669
14 Өмнөд Чолла аймаг 전라남도 South Jeolla 1,994,287
15 Умард Кёнсан аймаг 경상북도 North Gyeongsang 2,775,890
16 Өмнөд Кёнсан аймаг 경상남도 South Gyeongsang 2,970,929
17 Чэжү өөртөө засах онцгой аймаг 제주특별자치도 Jeju 560,000
Galaxy S6 Edge гар утас
Хагас дамжуулагч
Тэүгээс гарсан хөлөг онгоц

БНСУ-ын 2015 оны нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 1.393 тэрбум ам.доллар, худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ 1.849 тэрбум $-оор хэмжигдсэн ба дэлхийд 13-р байрт байна. Өмнөд Солонгос бол аж үйлдвэржсэн, хөгжингүй орон бөгөөд Их хорьд багтдаг. Хань мөрний гайхамшиг хэмээн алдаршсан их өсөлт буюу 1960-1990 онд Өмнөд Солонгосын эдийн засаг хурдацтай буюу жилийн 10%, экспорт 20% өсч байсан бөгөөд Хонконг, Сингапур, Тайваний хамтаар «Азийн дөрвөн бар» хэмээх хоч авчээ.

Өмнөд Солонгос дэлхийд экспортын хэмжэээгээр 5-р, импортын хэмжээгээр 7-р байр эзэлдэг. Өмнөд Солонгост төвтэй үндсэн дамнасан корпорациуд бий. Samsung (Самсон), Hyundai (Хёньдэ), SK (СК), LG (ЛЖ), Lotte (Лотте), Hanjin (Ханьжинь), Kumho (Кымху), Doosan (Түсань) зэрэг экспортод чиглэсэн хэдэн компани ДНБ-ийн 90%-ийг бүтээдэг.

Нарийн технологи хөгжсөн. Цахилгаан бараа үйлдвэрлэлээр Самсон дэлхийд тэргүүлж, LG бас хувь нэмрээ оруулж байна. Пухангийн ган төмрийн үйлдвэр (POSCO) ажиллаж байна. Өмнөд Солонгос хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд 1-р байр эзэлнэ. Тус салбарын дэлхийн зах зээлийн 51%-ийг Хёньдэ, Самсон, Дэү, STX компаниуд хийж байна. Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд 5-р байр. Хёньдэ-Киа салбартаа тэргүүлдэг. Ханьжинь, Кымху нь иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг.

1997 оны Азийн санхүүгийн хямралд өртсөн. Daewoo (Тэү) компанийн дампуурал[19] том сургамж болсон.

Өмнөд Солонгос дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага түвшин, экспорт, орлогын тэгш байдалтай.[20][21][22]

Нисэх онгоц

Өмнөд Солонгос хурдны төмөр зам, хурдны зам, зам тээвэр хөгжсөн орон юм. Төрийн өмчит хурдны замын компани, төмөр замын компани хоёр улсдаа том нь юм. Төмөр замаар гол хотууд холбогдсон. Хурдны төмөр замын Кёнбү шугам Сөүлийг Пүсаньтай, Хунам шугам Сөүлийг Чоньжү-Мугбутай холбоно. Хурдны зорчигч тээврийн автобус хот хооронд явна. Замын зангилаа нь Тэжонь болно.

Өмнөд Солонгосын хамгийн том нисэх буудал Иньчоньд 2001 онд баригдсан. Жилдээ 30 сая хүн зорчдог. Иньчониос гадна Кимпу, Пүсань, Чэжүгийн олон улсын нисэх буудлууд байна. Ханьжинь компанийн 1962 онд байгуулагдсан Korean Air (Өмнөд Солонгосын иргэний агаарын тээвэр компани), Кымху компанийн 1988 онд үүсэн байгуулагдсан Asiana Airlines (Азийн иргэний агаарын тээвэр компани) гэсэн хоёр гол компани байна.

Өмнөд Солонгос 1962 оноос цөмийн эрчим хүчний бодлого хэрэгжүүлсэн. Одоо эрчим хүчний 45%-ийг цөмийн урвалаас гаргаж авдаг. Одоо ажиллаж байгаа 4 атомын цахилгаан станц байна. Нэг станц 4-6 реактортой. Өмнөд Солонгос АНЭУ, Турк, Аргентинд реактор барьж өгөхөөр ажиллаж байна.

Сансрын хөтөлбөр

[засварлах | кодоор засварлах]

Өмнөд Солонгос 1992 оноос хойш гадаадын пуужин ашиглан 10 хиймэл дагуул сансарт хөөргөсөн. 1999 онд хөөргөсөн Ариран-1 2008 онд алга болсон бол 2006 онд Оросын пуужинг ашиглан хөөргөсөн Ариран-2 одоо ажиллаж байгаа.

2008 онд Өмнөд Солонгосоос анх удаа хүн, эмэгтэй хүн, И Суёнь Оросын Союз-ТМА12 хөлгөөр сансарт нисжээ.

Нару хэмээх сансрын буудлыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа.

Уламжлалт хурим. Шинэ бэр

Өмнөд Солонгост уламжлалт соёл, орчин үеийн соёл байна. Уламжлалт соёл буддын шашин, күнзийн суртлын ёсны суурьтай. Уран зураг, шаазан эдлэл, уран баримал, жүжиг, бүжиг эртнээс ялгаран хөгжсөн байдаг. Солонгос цайлах ёс байна.

Орчин үеийн соёлд аж үйлдвэржилт, хотжилт, техник технологийн дэвшил нөлөөлж байна.

Солонгосын эртний барилга байшин урлал дорнын хийцтэй. Ордон, сүм хийд хээ угалз, олон давхар, үелээ хийц бүхий дээвэртэй. Өрнийн барилгын хийц 19-р зуунаас эхлэн нэвтэрсэн. Их сургууль, албан газрын байшин барилга орчин үеийн хийцтэй.

Солонгос хоолонд цагаан будаа, гоймон, хүнсний ногоо, загасны мах, үхрийн мах голлодог. Кимчи хэмээх халуун ногоотой онцгой амтлагч байна. Сүмс, саримс зэрэг амтлагч хэрэглэнэ. Бүльгуги, кимбаб зэрэг олон төрлийн хоол байна. Жижиг аяганд хольц хачираа тус тусад нь хийж ширээ засдаг. Сужү, магголли гэх архи байна. Өмнөд Солонгос архины хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа.

Дуучин Рэйн

Өмнөд Солонгост орчин үеийн кино, дуу бүжиг ихээр хөгжиж Дорно дахин, дэлхий дахины үзвэр болж «Солонгос давалгаа» гэх болов.

Уянгын дуу, зохиолын дуу голлодог байснаа 1990-ээд оноос огцом өөрчлөгдөж рэп, поп, техно, бүжиг хосолсон солонгос дуу бүжгийн урсгал хөгжөөд (K-pop) байна. Рэп дуучин Сайн 2012 оны «Gangnam Style» (Каннам маяг) дууны бүжиг дэлхий дахиныг хуйлруулсан.

1990-ээд оны сүүлээс солонгос уран сайхны кино, олон ангит кино их үйлдвэрлэгдсэн. «Өвлийн хайрын дуу», «Зүрхэнд шингэсэн намар», «Миний байшин», «Хотын ангууч», «Нууц цэцэрлэг», «Нар сарны тэврэлт» зэрэг ОАК олон улсын дуртай үзвэр болжээ.

Өмнөд Солонгосын бэйсболын шигшээ баг

Тэгвоньду Солонгост үүссэн. Хүүхэд залуус хөлбөмбөг, бэйсбол, сагсан бөмбөг сонирхож тоглодог. Мөн байт харваа, буудлага, тэшүүр, шорт трейк, бадминтон, ширээний теннис, бөх барилдаан, жүдо сайнаар хөгжсөн.

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 1986 оноос ДАШТ-д анх орж, 2002 онд шөвгийн дөрөвт үлдэж, 2012 оны олимпын хүрэл медаль хүртсэн. Бэйсболын шигшээ баг 2008 оны олимпын алтан медаль хүртсэн. Сагсан бөмбөгийн баг Азийн хоёр удаагийн аварга.

Өмнөд Солонгос 1988 оны зуны олимпыг зохион явуулсан ба 2018 оны өвлийн олимпыг хүлээн авах гэж байгаа.

1948 оноос олимпод оролцож, 1976 онд анхны алтан медалиа авсан (Ян Жон-му бөх). Нийт зуны олимпоос 243 медаль, өвлийн олимпоос 53 медаль хүртээд байгаагийн 81 нь алт байна. Буудлагын тамирчин Чинь Жун-у дөрвөн олимпын алтан медальтай.

  1. 2012 оноос хойш де-факто засаг захиргааны нийслэл
  2. 21% нь протестант, 10% нь католик.
  1. [시행 2016.8.4.] [법률 제13978호, 2016.2.3., 제정] [Сахиулалт 2016.8.4. 2016 оны 2 сарын 3-ны өдөр хэрэгжиж эхэлсэн 13978 дугаар хууль] (солонгос хэлээр). 2016. Архивласан огноо 2016-03-11. Татаж авсан: 2017-07-26.
  2. "Солонгос дахь гадаадын хүн ам 2.5 саяыг давлаа". The Korea Times. 2020-02-24. Архивласан огноо 2020-07-16. Татаж авсан: 2021-06-03.
  3. 통계청 제19차 인구주택총조사(2015) [Өмнөд Солонгос дахь шашны хүн ам, шашны үйл ажиллагааны байдал (2023)] (солонгос хэлээр). 2023-12-12. Татаж авсан: 2024-11-09.
  4. "Өмнөд Солонгос". Тагнуулын төв газар. 2023-02-27. Архивласан огноо 2021-01-10. Татаж авсан: 2023-02-24 – via CIA.gov.
  5. "Өмнөд Солонгосын улсын танилцуулга". BBC News. 2023-10-17. Архивласан огноо 2024-01-27. Татаж авсан: 2023-10-17.
  6. Jump up to: 6.0 6.1 "Тэгш бус байдал – Орлогын тэгш бус байдал – ЭЗХАХБ-ын мэдээлэл", Тэгш бус байдал – Орлогын тэгш бус байдал – ЭЗХАХБ-ын мэдээлэл, ЭЗХАХБ, <https://data.oecd.org/inequality/income-inequality.htm> (retrieved on 2021-07-17)
  7. "Korea South". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 2022-09-24. (Archived 2022 edition)
  8. Jump up to: 8.0 8.1 8.2 8.3 "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын мэдээллийн сан, 2024 оны 10-р сарын хэвлэл. (Өмнөд Солонгос)". www.imf.org. Олон Улсын Валютын Сан. 2024-10-22. Татаж авсан: 2024-10-22.
  9. "Хүний хөгжлийн тайлан 2023/2024" (PDF) (англи хэлээр). НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр. 2024-03-13. Архивласан (PDF) огноо 2024-03-13. Татаж авсан: 2024-03-13.
  10. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2880519
  11. US military figures as of 2005, from Archive copy (Memento 9. Хоёрдугаар сар 2010 цахим архивт) (Excel file) Tim Kane Global US Troop Deployment, 1950-2003
  12. Korea's History (Ko-Choson, Three Kingdoms, Parhae Kingdom, Unified Shilla, Koryo Dynasty, Colonial Period, Independence Struggle, Provisional Government of Korea, Independence Army, Republic of Korea,)
  13. URL_ID=3946&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html World's oldest printed Doc
  14. Murder of Empress Myeongseong
  15. Forced Annexation[permanent dead link]
  16. "South Korea". U.S. Department of State. Татаж авсан: 2006-09-16.
  17. Archive copy (Memento 3. Наймдугаар сар 2016 цахим архивт) Yolsa.org Information on Anti-Yushin protests
  18. "The Nobel Peace Prize 2000". The Nobel Foundation. 2000. Татаж авсан: February 17, 2009.
  19. [1] Paper: Economic Reform in South Korea: An Unfinished Legacy
  20. "Field Listing - Inflation Rate - (consumer prices)". CIA Factbook. Эх хувилбараас архивласан: 2018-10-24. Татаж авсан: 2006-09-15.
  21. "Field Listing - Unemployment Rate". CIA Factbook. Эх хувилбараас архивласан: 2019-01-06. Татаж авсан: 2006-09-15.
  22. "Field Listing - Exports". CIA Factbook. Эх хувилбараас архивласан: 2012-05-04. Татаж авсан: 2006-09-15.
 Commons: South Korea – Викимедиа зураг, бичлэг, дууны сан